Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2022/00172

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг Холбоо, 47-р байрны 17 тоотод оршин суух, Ө овогтой Ц-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 1-р баг, 3..-р байрны 29 тоотод оршин суух, Явуунсумын Билгүүнбаатарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 8,520,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я-ын Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 20%-ийн хүүтэй, эхний 9 сарын хүү 1,800,000 төгрөг төлсөн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,700,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 20%-ийн хүүтэй зээлж, 5 сарын хүү 1,700,000 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн гэрээнүүдэд заасан хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулаагүй тул Я.Б-аас 2020-06-10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1,000,000 төгрөг, үлдэгдэл 3 сарын хүү 600,000 төгрөг, 2020-10-11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1,700,000 төгрөг, үлдэгдэл 7 сарын хүү 2,380,000 төгрөг нийт 5,680,000 төгрөгийг, мөн гэрээний 3.7 дугаар зүйлд "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө." гэж заасны дагуу алданги 2,980,000 төгрөг, /2020-06-10-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн ниит дүн 1,600,000 төгрөг бөгөөд 0,5% нь 8000 төгрөг, үүрэг гүйцэтгээгүй хоног нь 2021-06-10-ны өдрөөс 2022-02-10-ны өдрийг хүртэл 245 хоног болно. 245*8000=1,960,000 төгрөгт алданги, 2020-10-11-ний өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 4,080,000 төгрөг бөгөөд 0,5% нь 20,040 төгрөг, үүрэг гүйцэтгээгүй хоног нь 2021-10-11-ны өдрөөс 2022-02-10-ны өдрийг хүртэл 122 хоног болно. 122*20,040=2,444,880 төгрөгийи алданги, нийт алданги нь 4,404,880 болох боловч Иргэний хуулийн 232.4-т "анзын нийт дүн нь гүйщэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй"/ гэж заасан байх тул алданги 2,840,000 төгрөг, нийт 8,520,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Ц.Б Я.Б нар нь 3 удаагийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, нийт 2,700,000 төгрөгийг тус бүр 1 жилийн хугацаатай, сарын 20%-ийн хүүтэй, хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. ...Ц.Б нь Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба Я.Б-ын амьдралыг ойлгоод сарын 20%-ийн хүүг 10% болгон бууруулах, зээл төлөх хугацааг урт тавьж өгөхөөр ярилцсан боловч хүлээн зөвшөөрөөгүй юм. Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож бичгээр байгуулсан тул үндсэн зээл, хүү, алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу биелүүлэх нь зөв юм. Тиймээс Я.Б-аас үндсэн зээл 2,700,000 төгрөг, зээлийн хүү 2,980,000 төгрөг, алданги 2,840,000 төгрөг, нийт 8,520,000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Я.Бр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Я.Б нь Ц.Б-аас 2020 оны 6 дугаар сарын 10-нд 1 сая төгрөгийг 1 жилийн 20%-ийн хүүтэй, мөн 1700,000 төгрөгийг 1 жилийн 20%-ийн хүүтэй нэмж зээлсэн. Ингээд Билгүүнбаатар миний бие Ц.Б-т нийтдээ 3,500,000 төгрөг буцаан төлсөн. Миний цалин эрс багассан, банкны зээл төлөлт, бусад урсгал зардал гээд Ц.Б-ын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй болсон. Миний бие Ц.Б-аас авсан үндсэн мөнгөнөөсөө 800,000 төгрөг илүү төлсөн тул миний хувьд энэ хүнийг хохироогоогүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-аас нийт 2,700,000 төгрөгийн зээл авсан. Хүүнд 3,500,000 төгрөг төлсөн. Гэтэл үндсэн зээлээс хасагдахгүй, дахиад 5 сая гаруй төгрөг нэхэмжилж байгаа, зөвшөөрөхгүй байна. Бид үндсэн мөнгөнөөс хасуулах хүсэлтийг Ц.Б-т тавьж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Бидний цалин мөнгө багассан. Эвлэрүүлэн зуучлах хэсэгт яг ямар асуудал яригдсаныг нарийн мэдээгүй. Гэхдээ зээлийн хүүг 10%-аар бууруулсан ч эвлэрэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б суманд иргэдээс олгогдож буй зээл 15-20%-ийн хүүтэй байдаг. Үндсэн зээл 2,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас 2020 оны 6 дугаар сарын 10, 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээ” 3 ширхэг /3 хуудас/, ХААН банкны депозит дансны далгэрэнгүй хуулга-2 хуудас, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-1 хуудас, нийт 6 хуудас баримт гаргасан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Ц.Бадамгарав нь “Я.Б-т 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 1 сая төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн 1,700,000 төгрөг, нийт үндсэн зээл 2,700,000 төгрөг, зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан тул хүү 2,980,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 2,840,000 төгрөг, нийт 8,520,000 гаргуулж өгнө үү” гэж  шаардах эрхээ тодорхойлсон байна.

3.Хариуцагч Я.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар нь “3 удаагийн зээлийн гэрээгээр 2,700,000 төгрөг зээлж авсан, хүүнд 3,500,000 төгрөг төлж Ц.Б-ыг хохироогоогүй тул хүү, алдангийг төлөхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар:

4.1.Ц.Б, Я.Б нар нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулан 1,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ”-г мөн бичгээр байгуулан 1,700,000 төгрөгийг тус бүр  1 жилийн хугацаатай, 1 сарын     20%-ийн хүүтэйгээр, зээлийг хугацааны эцэст эргэн төлөх, хүүг сар бүр тогтмол төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

4.2.Зээлдүүлэгч Ц.Б нь зээлийн гэрээнүүдэд заасны дагуу өөрийн ХААН банкин дахь 5946100378 тоот данснаас 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5946181326 тоот дансанд 1,000,000 төгрөг, 5006619031 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14:47 цагт 1,000,000 төгрөг, мөн өдрийн  15:25 цагт 700,000 төгрөгийг тус тус  шилжүүлсэн.

4.3.Зээлдэгч Я.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 9 сарын хүү /1 сарын хүү 200,000 төгрөг/ 1,800,000 төгрөгийг,  2020 оны 10  дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 2 ширхэг зээлийн гэрээний үүрэгт 5 сарын хүү /1 сарын хүү 340,000 төгрөг/ 1,700,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг төлсөн гэх үйл баримтууд тогтоогдож байна.   

 

5.Талуудын маргааны зүйл нь хүү, алданги байх бөгөөд зээлийн гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулсан болон нийт 2,700,000 төгрөг зээлж авсан, зээлдэгч Я.Б нь Ц.Б-т 3,500,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

 

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ц.Бадамгарав, хариуцагч Я.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.

 

6.1.Зээлдүүлэгч Ц.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 20%-ийн хүүтэй, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 ширхэг гэрээ байгуулан 1,700,000 төгрөгийг сарын 20%-ийн хүүтэй, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Я.Б нь зээл 2,700,000 төгрөгийг зээлийн хугацааны эцэст харин зээлийн хүүг сар бүр тогтмол төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга, зорилго нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний зохицуулалтад нийцсэн, гэрээ нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 1.5-д 1,000,000 төгрөгийн зээлийг “2020.6.10-ны өдөр 5946181326 тоот дансаар” олгохоор, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-нүүдийн 1.5-д 1,700,000 төгрөгийн зээлийг “2020.10.11-ний өдөр 5006619031 тоот дансаар” олгохоор тус тус тохиролцсон байна.

Зээлдүүлэгч Ц.Б нь  өөрийн ХААН банкин дахь 5946100378 тоот данснаас 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5946181326 тоот дансанд 1,000,000 төгрөг, 5006619031 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14:47 цагт 1,000,000 төгрөг, мөн өдрийн  15:25 цагт 700,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь зээлдүүлэгч Ц.Б-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-7ху/ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Зээлдүүлэгч Ц.Б нь зээлийн гэрээний дагуу 2,700,000 төгрөгийг зээлдэгч Я.Билгүүнбаатарын өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор  биелүүлжээ.

Харин зээлдэгч Я.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10 болон 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд байгуулсан “Зээлийн гэрээ”-нүүдийг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээнүүдийн  1.6-д “Эргэн төлөх нөхцөл: Зээлийн хугацааны эцэст,...” гэж заасан байх ба гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 10, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд зээлж авсан 2,700,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Үүрэг гүйцэтгэх зарчим нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Я.Б-аас гурван удаагийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг шаардах эрхтэй.

 

6.2.Зээлдүүлэгч Ц.Б, зээлдэгч Я.Б нар нь 2020 оны 6 дугаар сарын 10, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нийт 3 удаагийн  “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж заасантай нийцэж байна.

Мөн зээлийн гэрээнүүдийн 1.4-т “...нэг сарын хүү нийт зээлийн үнийн дүнгийн 20% байхаар бид харилцан тохиролцов.” гэжээ. 

Зээлийн гэрээний талууд гэрээг харилцан тохиролцож байгуулсан талаар маргаагүй бөгөөд зээлдүүлэгч Ц.Б-т 3,500,000 төгрөг төлсөн, түүнийг хохироогоогүй тул зээлийн хүү төлөх боломжгүй гэж хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэтгэлцэж байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан байх ба өргөдөл гаргагч, уригдагч талуудын уулзалтын үеэр сарын 20%-ийн хүүг 10% болгон багасгах, зээл төлөх хугацааг урт хугацаагаар тавьж өгөх талаар ярилцсан боловч тохиролцоонд хүрэлгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүг багасгасан ч хүлээн зөвшөөрөхгүй, хүү төлөхгүй гэж тайлбарлав.

Хүү төлөх нь зээлдэгч буюу Я.Б-ын хариу үүрэг бөгөөд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зээлийн хүү өндөр байгаа тул багасгаж өгөх талаар хүсэлт гаргаагүй, манай суманд зээлийн хүү 15-20 хувийн хүүтэй байдаг гэж тайлбарлан зээлийн хүүг багасгах талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөгний зээлийн гэрээний дагуу төлөөгүй 3 сарын хүү болох /1,000,000*20%=200,000 төгрөг*3 сар/ 600,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1,700,000 төгрөгний зээлийн гэрээний дагуу төлөөгүй 7 сарын хүү болох /1,700,000*20%=340,000 төгрөг*7сар/ 2,380,000 төгрөг, нийт 2,980,000 төгрөгний хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Я.Б-аас шаардах эрхтэй байна.

 

6.3.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан ба зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл 2,700,000 төгрөг болон төлөгдөөгүй зээлийн хүү 2,980,000 төгрөгийн  нийлбэр дүн буюу 5,680,000 төгрөг юм.

Хариуцагч Я.Б нь үндсэн зээл 2,700,000 төгрөг болон зээлийн хүү 2,980,000 төгрөгийг төлөөгүй, шилжүүлэн авсан мөнгийг хугацааны эцэст буцаан төлөх, зээлийн хүүг сар бүр тогтмол төлөх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, “Зээлийн гэрээ”-ний 1.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх ба 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний алдангийн хоногийг хэтэрсэн хугацаа буюу 2021 оны 6 дугаар сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл 245 хоногоор, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний алдангийн хоногийг хэтэрсэн хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 2022 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл буюу 122 хоногоор тогтоосон байна. 

Иймээс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн 2021.6.10-ны өдрөөс 2022.02.10-ны өдрийг хүртэл 245 хоногоор гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /зээл, зээлийн хүү 1,600,000 төг/-гээс алдангийг тооцоход  1,960,000 төгрөг /1,600,000*0,5%=8000 төг*245 хоног=1,960,000 төг/ болж байна.

Харин 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн 2021.10.11-ний өдрөөс 2022.02.10-ны өдрийг хүртэл 122 хоногоор гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /зээл, хүү  4,080,000 төг/-гээс алдангийг тооцоход 2,488,800 төгрөг /4,080,000*0,5%=20,400 төг*122 хоног=2,488,800 төг/ болж байх ба нийт 4,448,800 /1,960,000+2,488,800/ төгрөг болж байна.

Хууль болон гэрээнд зааснаар алдангийг дээрх байдлаар тооцвол алдангийн хэмжээ /4,448,800 төг/ нийт гүйцэтгээгүй үүрэг болох 5,680,000 төгрөгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,680,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцоход 2,840,000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Я.Б-раас үндсэн зээл 2,700,000 төгрөг, зээлийн хүү 2,980,000 төгрөг, алданги 2,840,000 төгрөг, нийт 8,520,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Я.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 151,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Б-аас 8,520,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Я.Б-аас  улсын тэмдэгтийн хураамжид 151,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7  дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ