Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Цогжавхлан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514001640154 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч,  ******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бор үзүүр” гэх газарт DAEWOO маркийн жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,05 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 755.132 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 132-133 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Бор үзүүр гэх газарт үйл ажиллагаа явуулсан ******* нь ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, бичил уурхайн зориулалтаар ямар нэг гэрээ Засаг даргатай хийгээгүй байгаа. Тус газар нь лицензтэй талбайд ордоггүй, эвдэгдсэн газар байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 53 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2025 оны 02 сарын 01-ний өдөр ******* над руу утсаар залгаад чи Байдрагийн гүүрэн дээр хүрээд ир хоёр шөнө ахтайгаа цуг ажиллаадах ах нь хөлсийг нь өгнө гэсэн. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 02-ны орой Байдрагийн гүүрэн дээд ирээд шөнө ******* ахтай тракторыг нь аваад Байдрагийн гүүрний доод руу Бор үзүүр гэх газар очоод 04 цагаас ажиллаж эхэлсэн. Би тухайн газар хажууд нь дээл нөмрөөд сууж байгаад унтсан байсан. Тэгээд ******* ах намайг сэрээгээд гидрын шаланк цоороод трактор эвдэрчихлээ гэсэн. Тухайн газар трактороо үлдээгээд явсан. Гэгээ орж байсан хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Тэгээд тэр өдийн шөнө 00 цагийн үед трактор байсан газраа очоод бид 2 гидрын шаланк сольсоор байгаад бараг 03 цагийн үед дуусаад өглөө 06 цаг хүртэл ажиллаж байгаад трактороо дэнж дээрээс буулгаад жалга руу оруулах гээд явж байсан чинь гидрийн шингэн нь дуусаад явж болохгүй болохоор нь үлдээгээд явсан. ...Тухайн газар ******* ах хүний машин гуйж аваад машин дээр нь Трактор цахилгаан үүсгүүр мотор зэргээ ачаад шороо угаах төхөөрөмжөө машиныхаа араас чирээд авч явсан. Очоод техник хэрэгслээ буулгаад ******* ах бид хоёр машиныг нь хүргэж өгөөд буцаад мотоцикл унаад ирсэн. Би ******* гэдэг хүнийг тань нь нэг нутгийн хүмүүс харин хамаатан садны хамаарал байхгүй. Тухайн талбайд зөвшөөрөл авсан зүйл байхгүй байхаа тийм талаар нь би мэдэхгүй байна. Тухайн газар өмнө нь эвдэгдэж уурхай ухсан газар байсан. Бууцагаан сумын 5-р багийн "Бор үзүүр" гэх газар миний харснаар хааш хашаа 2 м орчим гүн нь Зм нүх ухсан байсан байх би трактор барьж чадахгүй шөнө би унтаад өгсөн байсан ******* ах трактороо барьж ажилласан. ...Би ******* ахтай хамтарч ажилласан зүйл байхгүй надад хөлс мөнгийг нь өгнө гэхээр нь цуг ханьтай байж цуг байсан тэрнээс ямар нэг үүрэг оролцоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Бууцагаан сумын 5 дугаар багийн "Бор үзүүр" гэх газар манай өвөлжөө байдаг өвөлдөө нутагладаг. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу уурхайн жолооч нар хүргэж өгөх ажлаар явсан. Харин эхнэр хүүхдээ аваад аймагт үлдээгээд явсан. манайд хүн үлдээгүй, эзгүй үлдээсэн малаа Байдрагийн гүүрний айлд орой хотлуулаад харж байгаарай гээд явсан байсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтсан. Харин шөнө юм түчигнээд трактор ажиллаад байх шиг дуу гараад байсан. Өглөө босоод байж байсан чинь манай хойд дэнж дээр сумын тамгын газрын машин ирсэн явж байсан. Дараа нь манай доод талд жижиг оврын трактор дуугараад байсан. Хэзээ ирсэн хэдий хугацаанд ажилласан талаар мэдэхгүй. Манай өвөлжөөний тэр хавиар өмнө нь уурхай ороод эвдэгдсэн газар байгаа юм. Харин тухайн трактор ажилласан газрыг очиж хараагүй, холоос харахад уурхай ажиллаж байсан. Газрын урд талд ухсан байгаа харагдаж байсан. Өмнө нь манай тэрүүгээр ямар нэгэн техник хэрэгсэлтэй хүмүүс ажиллаж байгаагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

6.  Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Бууцагаан сумын Засаг даргын даамлаар 1 жил ажиллаж байна. Бууцагаан сумын 5-р багийн нутаг Бор үзүүр гэх газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох Засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл олгосон газар байхгүй. Бууцагаан сумын "Бор үзүүр" гэх газар өмнө нь алтны компаниуд үйл ажиллагаа явуулж эвдэгдсэн газар байдаг. Харин байгаль орчин, ан амьтан, ус гол мөрөн, хүн малд их бага хэмжээгээр хохирол учирч байгаа би нарийвчилсан зүйлийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

7. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 13/005 дугаартай... 1. Иргэн *******ын Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг "Бор үзүүр" нэртэй газар нь ашигт малтмалын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.

2. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 755.132 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 624.122 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 86-112/,

8. Ашигт малтмал, Газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/272 дугаартай “...албан бичигт дурдсан солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гаргаагүй байна...гэх албан бичиг /хх-ийн 36/ болон  хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг илрүүлсэн талаарх илтгэх хуудас /хх-ийн 11/,  хэргийн  газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-27/,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол /хх-ийн 30-34/, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                                                                                                     

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бор үзүүр” гэх газарт DAEWOO маркийн жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,05 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул явуулж, байгаль орчинд 755.132 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь  гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 02 сарын 01-ний өдөр ******* над руу утсаар залгаад чи Байдрагийн гүүрэн дээр хүрээд ир хоёр шөнө ахтайгаа цуг ажиллаадах ах нь хөлсийг нь өгнө гэсэн. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 02-ны орой Байдрагийн гүүрэн дээд ирээд шөнө ******* ахтай тракторыг нь аваад Байдрагийн гүүрний доод руу Бор үзүүр гэх газар очоод 04 цагаас ажиллаж эхэлсэн. Би тухайн газар хажууд нь дээл нөмрөөд сууж байгаад унтсан байсан. Тэгээд ******* ах намайг сэрээгээд гидрын шаланк цоороод трактор эвдэрчихлээ гэсэн. Тухайн газар трактороо үлдээгээд явсан. Гэгээ орж байсан хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Тэгээд тэр өдийн шөнө 00 цагийн үед трактор байсан газраа очоод бид 2 гидрын шаланк сольсоор байгаад бараг 03 цагийн үед дуусаад өглөө 06 цаг хүртэл ажиллаж байгаад трактороо дэнж дээрээс буулгаад жалга руу оруулах гээд явж байсан чинь гидрийн шингэн нь дуусаад явж болохгүй болохоор нь үлдээгээд явсан. ...Тухайн газар ******* ах хүний машин гуйж аваад машин дээр нь Трактор цахилгаан үүсгүүр мотор зэргээ ачаад шороо угаах төхөөрөмжөө машиныхаа араас чирээд авч явсан. Очоод техник хэрэгслээ буулгаад ******* ах бид хоёр машиныг нь хүргэж өгөөд буцаад мотоцикл унаад ирсэн. Би ******* гэдэг хүнийг тань нь нэг нутгийн хүмүүс харин хамаатан садны хамаарал байхгүй. Тухайн талбайд зөвшөөрөл авсан зүйл байхгүй байхаа тийм талаар нь би мэдэхгүй байна. Тухайн газар өмнө нь эвдэгдэж уурхай ухсан газар байсан. Бууцагаан сумын 5-р багийн "Бор үзүүр" гэх газар миний харснаар хааш хашаа 2 м орчим гүн нь Зм нүх ухсан байсан байх би трактор барьж чадахгүй шөнө би унтаад өгсөн байсан ******* ах трактороо барьж ажилласан ...гэх мэдүүлэг,

 Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Бууцагаан сумын 5 дугаар багийн "Бор үзүүр" гэх газар манай өвөлжөө байдаг өвөлдөө нутагладаг. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу уурхайн жолооч нар хүргэж өгөх ажлаар явсан. Харин эхнэр хүүхдээ аваад аймагт үлдээгээд явсан. манайд хүн үлдээгүй, эзгүй үлдээсэн малаа Байдрагийн гүүрний айлд орой хотлуулаад харж байгаарай гээд явсан байсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтсан. Харин шөнө юм түчигнээд трактор ажиллаад байх шиг дуу гараад байсан. Өглөө босоод байж байсан чинь манай хойд дэнж дээр сумын тамгын газрын машин ирсэн явж байсан. Дараа нь манай доод талд жижиг оврын трактор дуугараад байсан. Хэзээ ирсэн хэдий хугацаанд ажилласан талаар мэдэхгүй. Манай өвөлжөөний тэр хавиар өмнө нь уурхай ороод эвдэгдсэн газар байгаа юм. Харин тухайн трактор ажилласан газрыг очиж хараагүй, холоос харахад уурхай ажиллаж байсан. Газрын урд талд ухсан байгаа харагдаж байсан. Өмнө нь манай тэрүүгээр ямар нэгэн техник хэрэгсэлтэй хүмүүс ажиллаж байгаагүй.....гэх мэдүүлэг,

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 13/005 дугаартай... 1. Иргэн *******ын Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг "Бор үзүүр" нэртэй газар нь ашигт малтмалын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.

2. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 755.132 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 624.122 төгрөг болж байна....” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “ 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно....” гэснийг зөрчиж тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг өөрийн эзэмшлийн “Доосан”-55 маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглаж явуулсан байна гэж дүгнэлээ..

Иймд шүүгдэгч *******ыг  гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан болон нөхөн сэргээлтийн зардалд нийт 1.510.500 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг хэрэгт хавсаргасан тул  шүүгдэгчийг хохирогч иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй   гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн “Доосан-55” маркийн тракторыг болон өөрийн эзэмшлийн шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрийг ашигласан нь тогтоогдсон байна.

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд дээрх “Доосан-55” маркийн трактор, болон шороо угаах төхөөрөмж зэрэг нь гэр бүлийн хэрэгцээ болон өөрийн хувийн ямар ажилд хэрэглэх талаар нотолж чадаагүй, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд дээрх техник төхөөрөмжүүдийг ашигласан гэж үзэж “Доосан-55” маркийн тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллага буюу хот тохижуулах газар эсхүл бусад хэрэгцээтэй газар нь шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Цахилгаан үүсгүүрийг Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн гэх бөгөөд уг цахилгаан үүсгүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож харин цахилгаан үүсгүүрийн үнэ 200.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шороо угаах төхөөрөмж болон “Доосан-55” маркийн трактор нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Цагдаагийн тасгийн техник хэрэгсэл түр саатуулах байранд битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шороо угаах төхөөрөмж нь хууль бусаар үйлдвэрлэгдэж ашиглаж байгааг харгалзан уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасан болно.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах   үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч   шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу зургаан сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ын  гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийг хэрэгцээний дагуу эзэмшигчид нь буцаан олгосугай.

10. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийн үнэ 200,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ