Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч,  ******* овогт *******ийн *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 08- ны өдөр Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Ихэр гэх газар хохирогч *******тэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутаг Жарантай хөхийн урд талд манай хонь байсан. Тэгээд би хонин дээрээ очсон чинь манай хонь ******* ахын хаваржааны ойролцоо оччихсон байсан. Тэгээд би хонин дээрээ дөнгөж очсон чинь ******* ах манай хонийг эргүүлээд ширүүн хөөсөн. Тэгээд надтай ирж уулзсан. Тэгээд намайг хонио хаваржаа руу орууллаа гэж загнасан. Тэгэхээр нь би өмнөөс нь юм хэлээгүй. Тэгээд дахиад манай хонийг ширүүн туугаад манай нэг ямаа сөхрөөд унахаар нь би араас нь очоод хээлтэй мал ширүүн хөөлөө гээд уурласан. Тэгсэн чинь намайг юу гэнээ муу чацга гээд мотоциклтойгоо хүрч ирээд дайрангаа алдаад зогссон. Тэгээд намайг заамдаад: өмсөж байсан нүүрний багаар миний нүдийг хаагаад байсан. Тэгээд намайг боогоод байхаар нь би түлхсэн. Тэгээд тавихаар нь 2 удаа цохисон. Тэгээд би яваад өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Жарантай хөх гэх газар хонио хариулаад явж байтал ******* гэх айлын хонь манай хаваржааны ойролцоо бэлчиж байсан. Тэгэхээр нь тэр хонийг гэрийнх нь зүг туусан. Тэгтэл *******гийн дүү нэг зүс мэдэх 20 гаран насны залуу ирэхээр нь хаваржаа руу хонио оруулчих юм, хонио ав, наагуурыг чинь хэдэн хургатай хонь иддэг юм гэсэн. Тэгсэн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан. Би тавьчих, үгээр учраа олъё, чи өөрөө мэдэж байгаа байлгүй гэсэн чинь миний нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Тэгсэн чинь миний нүд харанхуйлаад явчихсан. Тэгээд баахан орилж байгаад яваад өгсөн. Гэртээ ирээд толинд харсан чинь миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын араа хөдөлсөн байсан. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн тал тэр чигтээ өвчтэй байна. Мөн зүүн талын доод талын хойд араа хугарч унасан......гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

....2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн “...200.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12/

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тэр өдөр манай хүү ******* манайд ирчихсэн хонио сувай, хургаар нь ялгаж байгаад хойд хамар дээр гараад хонио харчихаад цаад талд нь айлын хонь явж байна гээд мотоциклоо унаад явсан. Би юу болов чи чинь гэсэн чинь *******гийн хонь хаваржаан дээр явж байхаар нь би цаашлуулж байсан чинь *******гийн дүү гээд нэг залуу ирээд тэрэнтэй муудалцаад барьцалдаад авсан. Тэгээд барьцалдаж байгаад тэр залуу намайг цохих гээд байхаар нь чи юмаа мэдэж байгаа бол тэгээд цохичихгүй юу гэсэн чинь намайг цохичихлоо гэсэн. Тэгээд манай хүү *******гийн толгой тархи нь өвдөөд байхаар нь би өвчин намдаах эм өгсөн. 2 хоногийн дараа би хүүтэйгээ хамт аймаг орж эмнэлэгт үзүүлсэн. Бас тэр зодуулсан орой нь зүүн талын доод араа нь хугараад өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

5. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 211  дугаартай шинжээчийн:......1.3. *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн доод 8 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй,

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

5. Дээрх цус хуралт, зулгарал гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх зүүн доод 8 дугаар шүдний хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй......гэх дүгнэлт / хх-ийн 27-28/  болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 08- ны өдөр Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын 1 дүгээр баг, “Ихэр” гэх газар хохирогч *******тэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******гийн мэдүүлэг,  гэрч *******гийн мэдүүлэг, шинжээчийн 211 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар малын бэлчээрийг булаацалдан маргалдан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар  зүйлийн 3-д  “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн газар ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно” гэж хуульчилсан байхад шүүгдэгч, хохирогч нар бэлчээрийн газрын талаар маргаж, өмчлөх эрхгүй гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй байгаа мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ