| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/06196/И |
| Дугаар | 101/ШШ2022/05347 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/05347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын 7 дугаар баг, ******* тоот хаягт оршин суух А-ын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух С-ын З-т холбогдох,
Гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, хариуцагч С.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Би Орхон аймагт амьдардаг. Хотод 2021 оны 08 сард 1 жилийн хугацаатай дэлгүүр түрээслэхээр ирсэн. Дэлгүүр түрээсэлснээс хойш цагаан сар өнгөрснийд дараа С.З******* хамаатнуудтайгаа манай дэлгүүрээр байнга орч, гардаг тул таньдаг болсон. Би С.З*******ийг 2022 оны 02 сард 1 сарын хугацаатайгаар 1,000,000 төгрөгийн цалинтайгаар дэлгүүртээ худалдагчаар суулгасан. Би 3 сард эмнэлэгт хэвтэхээр Эрдэнэт рүү явсан. Заримдаа бараануудаа бэлэн аваачиж өгдөг, гэхдээ ихэнх бараа нь хүргэлтээр ирдэг байсан. 2022 оны 04 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирж тооцоо нийлүүлж авсан, тухайн өдөр оройтсон тул хариуцагч, түүний нөхөр нь яараад байна, 200,000 төгрөг өгчих бид 2 маргааш хүрч ирээд тооцоогоо хийе гэсэн, тухайн үед бага мөнгө юм чинь гэж бодож 200,000 төгрөгийг нь данс руу нь шилжүүлсэн. Маргаашаас нь 5 хоног залгахад өөрсдөө ирээгүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Урьдчилаад тооцоог нь гаргачихсан байвал амар байдаг тул би хариуцагчийн дэлгүүрт сууж байхдаа хөтөлсөн тооцоог харж орлого, зарлагыг гаргасан. Дараа нь тооцоо нийлээгүй байж яагаад ирэхгүй байгаа юм бэ гэхэд манай хадам аав өнгөрөх гэж байна, бие нь муу байна 600,000 төгрөг өгчих гэж утсаар ярьсан. Би 04 сарын 02-ны өдөр хүлээн аваад 04 сарын 06-ны өдөр дансаар 600,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийг дансаар ажлын хөлсөнд шилжүүлсэн. Намайг дэлгүүртээ очиход зарим үед согтуу байдаг байсан.
Тооцооллын хувьд анх 17,973,550 төгрөгийн барааг би хүлээлгэн өгсөн, нэмж 19,539,100 төгрөгийн бараа өгсөн, үүнд 185,600 төгрөгийн жимс, мөн би 3,516,000 төгрөгийн барааг авч дэлгүүр рүү явуулсан, нийт 41,215,100 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн. Надад дэлгүүрийг хүлээлгэж өгөхдөө 11,945,230 төгрөгийн бараа, 13,259,930 төгрөгийн барааны мөнгө төлсөн, мөн пос машинаар 11,800,000 төгрөгийн орлого над руу орсон, 1,082,000 төгрөгийн барааг зээлээр хүмүүст өгсөн байсан ба нийт 38,714,800 төгрөгийн барааг би авсан. Миний хүлээлгэн өгсөн барааны үнээс 2,500,300 төгрөгийг дутагдуулсан байсан тул дутагдуулсан барааны төлбөр 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Анхны тооцооны баримтад хэдэн төгрөгийн бараа авсныг би санахгүй байна. 2022 оны 4 сарын 06-ны өдөр тооцоо нийлэхэд зөрүү 1,900,000 төгрөгийн илүүдэлтэй буюу ашигтай гарсан гэж байснаа буруу бодсон байна дутагдсан гэж хэлсэн. Надад 600,000 төгрөг шилжүүлж, 115,000 төгрөгт би дэлгүүрээс бараа авсан, гэтэл намайг 195,000 төгрөгийн бараа авсан гэж ярьж байна. Би цалингийн урьдчилгаа 200,000 төгрөг авсан. Өмнө нь авчирсан барааг надтай сууж тооцоо нийлээгүй. Тухайн үед 1,500,000 төгрөгийг хуваагаад төлье гэсэн тул би хүлээн зөвшөөрөөгүй, тэгэхэд 500,000 төгрөг өгчих гэсэн, тухайн үед нь би ажилгүй жирэмсэн болсон байсан. Манайд пиво барьсан орж ирсэн, орж ирэхдээ надад 500,000 төгрөгийг хэзээ ч хамаагүй ажилд орсон үедээ өгчих гэхэд нь би зөвшөөрч гарын үсэг зурсан, гэтэл тухайн гарын үсэг зурсан баримтад 2,500,000 төгрөг болгож нэмж бичсэн байна, мөн тухайн баримтын доод хэсэгт нь юм нэмж бичсэн байна. Намайг архи уусан байсан гэж байна гэтэл хэрвээ би архи уудаг байсан бол энэ дэлгүүр нь ямар орлого орохгүй байсан.
Тухайн үед хоёр дэвтэр хөтөлдөг байсан. Дэвтэр нь одоо байхгүй би ажиллахаа болихдоо дэвтрийг тэнд нь үлдээсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс 2022 оны 4 сарын 10 гэх огноотой гар бичмэл, тооцоо гэх нэртэй гар бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагчаас 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дутагдуулсан барааны үлдэгдэл төлбөрт 2,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Хариуцагчаас бараа, бүтээгдэхүүн дутагдуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.Зохигчдын хэн алиных нь тайлбараар 2022 оны 2 дугаар сард хариуцагч С.З******* нь нэхэмжлэгч А.*******тай уулзаж, худалдагчийн ажилд орохоор тохиролцон 2015 оны 2 дугаар сараас эхлэн худалдагчаар ажилласан гэх үйл баримт тогтоогдож байна..
4.Нэг талаас тохиролцсон ажил үүрэг гүйцэтгэх, нөгөө талаас тухайн ажил үүрэгт тохиролцсоны дагуу хөлс төлөх үүргийг талууд харилцан тохиролцож аман хэлбэрээр хийсэн гэрээ нь агуулгаараа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар, хөлсөөр ажиллуулах гэрээний агуулгад нийцэж байна гэж үзэв.
Гэрээний зүйл нь тодорхой ажлын үр дүн биш байх бөгөөд ажил үйлчилгээний хэлбэрээр тодорхой цаг хугацаанд үргэлжлэх шинжтэй, ажиллагч зөвхөн өөрөө хийж гүйцэтгэх агуулгын хувьд Хөлсөөр ажиллах гэрээний агуулгад нийцэж байх бөгөөд, гэрээг бичгээр байгуулаагүй нь талуудын хоорондох харилцааг энэ гэрээгээр зүйлчлэн зохицуулахад саад болохгүй байна.
Нөгөө талаас дэлгүүрийн худалдагчийн орон тоо нь хөдөлмөрлөх агуулгын хувьд байнгын ажлын байр гэж үзэх эсэх нь ажиллуулагчийн субьектив байдлаар тодорхойлогдож байгаа тул эл харилцааг хөдөлмөрийн гэрээ байгуулж, зохицуулаагүй нь талуудыг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын агуулгад нийцэж байна гэж үзэв.
5.Хариуцагчаас цалин хөлсөнд 800,000 төгрөг дансаар хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн гаргасан дутагдуулсан гэх барааны тоцоололыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
6.Нэхэмжлэгч худалдагчийн ажлаар ажиллах явцдаа дутагдуулсан гэх барааны тооцооллыг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Анх хүлээлгэн өгсөн бараа 17,973,550 төгрөг, нэмж авсан бараа 19,539,100 төгрөг, жимс 185,600 төгрөг, бэлэн аваачиж өгсөн бараа 3,516,850 төгрөг нийт 41,215,100 төгрөгийн барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Ингээд хүлээ авсан бараа нь үлдэгдэл бараа 11,945,230 төгрөг, 13,259,930 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан зарлага, Пос машинаар орж ирсэн мөнгө 11,800,000 төгрөг, бусдаас авах авлага 1,709,650 төгрөг /1,082,000+627650/ нийт 38,714,810 төгрөг болсон. Зөрүү болох 2,500,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан гэж үзжээ. /хх-ийн 5 дугаар тал/
7.Гэрээний агуулгын хувьд, худалдагчаар ажиллагчийн хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ нь, ажиллуулагчийн хүлээлгэн өгсөн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулсан үнийг ажиллуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан, түүнчлэн борлуулсан бараа, бүтээгдэхүүний орлогоос тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг ажиллуулагчийн зөвшөөрлөөр банкны харилцах дансанд шилжүүлэх үйлдэл хийж байсан болох нь зохигчдын тайлбар, бараа бүтээгдэхүүний тооцооны баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд хариуцагчид өгсөн хөлс ороогүйтэй талууд хэн аль нь маргаагүй.
8.Дээрх тооцоолол бүхий бичгийн баримт дахь үнийн дүн болох 2,500,000 төгрөг нь 2022 оны 4 сарын 10-ны өдөр гэх огноотой ...С.З******* А.*******гийн түрээслэж байсан Талын төгөл дэлгүүрт 1 сар ажиллах хугацаандаа 2,500,000 төгрөгийн дутагдал гаргасан нь үнэн болно. С.З*******, тооцоо бодсон А.*******... гэх бичилт бүхий бичгийн баримт дээр бичигдсэн үнийн дүнтэй тохирч байна. /хх-ийн 4 дүгээр тал/
9.Хариуцагч энэ шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй, тооцоололыг хамт сууж бодоогүй, нэхэмжлэгч нь дэвтэрт бичилт хийсэн боловч түүнийг тулгах, шалгах боломж олгоогүй, 500,000 төгрөг өгөх үнэн гэсэн баримт дээр зурсныг 2,500,000 төгрөг болгосон гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа нотлох үүрэгтэй.
Нотлох үүргийн хуваарилалтын дагуу эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн үйлдэл хийсэн тал тухайн үйлдлээ нотлох үүрэгтэй байх бөгөөд нотолгооны хэрэгсэл болох бичмэл нотлох баримтууд нь хариуцагчийн гарын үсэг бүхий байна.
Иймд хэрэгт авагдсан баримтаар бараа бүтээгдэхүүн шилжүүлсэн үйлдэл болон дутагдуулсан гэх тооцоололыг нэхэмжлэгч талаас нотолсон гэж үзэхээр байна.
Тодруулбал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.З******* нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч А.*******д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
10.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.З*******ээс 2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэв.
11.Хавтаст хэргийн 8, 9 дүгээр талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд тус нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах, үзлэг хийлгэж бэхжүүлэх хүсэлтийг талууд хэн аль нь гаргахгүй гэсэн бөгөөд шүүхээс тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.З*******ээс 2,500,000 төгрөг /хоёр сая таван зуун мянга/-ийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч С.З*******ээс 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА