| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/05468/И |
| Дугаар | 101/ШШ2022/05344 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/05344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах В******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, Баруун хүрээ 9 дүгээр байрны ******* тоот хаягт оршин суух, Н-ийн У-т холбогдох,
Гэрээний үүрэгт 2,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Хариуцагч манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авсан ба 2021 оны 5 сарын 07-нд тооцоо нийлэхэд үлэгдэл нь 3,097,720 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тус үлдэгдэлээ 2021 оны 6 арын 15-нд төлөхөө илэрхийлж тухайн төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол 0.5 хувийн алданги төлөхийг хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байдаг. Гэвч төлбөрөөс өнөөдрийн байдлаар 587,720 төгрөгийг төлж барагдуулсан боловч 2,510,000 төгрөгийг төлөөгүй байна.
Дээрх тохиролцооны дагуу талуудын тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсөн байна.
Бидний хооронд байгуулсан гэрээнд Манай дэлгүүр гэж бичигдсэн байгаа хэдий ч ийм нэртэй хуулийн этгээд байхгүй бөгөөд тухайн үед хариуцагч Н.У*******ийн түрээслэн ажиллуулж байсан дэлгүүрийн нэр юм.
Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг иргэн Н.У*******тэй байгуулсан тул хариуцагчаас гэрээний үүрэгт 2,510,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс 2022 оны 8 сарын 19-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.У*******тэй байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй төлбөр тооцооны гэрээ, авлагын товч тайлан, Н.У*******ийн В******* ХХК-нд гаргасан /төлбөр төлөх талаар/ хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч В******* ХХК нь хариуцагч Н.У*******т холбогдуулан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2,510,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талууд хооронд байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны гэрээний дагуу төлбөр гаргуулна гэж тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Н.У*******ийн В******* ХХК-нд гаргасан төлбөрийг хуваарийн дагуу төлөх хүсэлтээр зохигчдын хооронд бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа, Н.У*******ийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх талаар гаргасан хүсэлт зэрэг баримтаас дүгнэлт хийхэд худалдагч нь хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд үнэ төлөх үүрэг нь худалдан авагчид үүссэн байна.
Тодруулбал, тооцооны баримтаар талууд төлбөрийн үлдэгдэлийн тооцоог 3,097,720 төгрөг гэж тооцож хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд 2021 оны 5 сарын 07-ны өдрийн ...3,097,720 төгрөгийн төлөлтийг графикийн дагуу төлөх... хүсэл зоригийг хариуцагч Н.У*******ийн зүгээс илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна.
Үүнээс 500,000 төгрөгийг хариуцагч хуваарийн дагуу төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Иймд хариуцагч Н.У******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 2,510,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
5.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.У*******ээс 2,510,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6.Хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, маргаанд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.
Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.У*******ээс 2,510,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Н.У*******ээс 56,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА