Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Улсын яллагч: Н.Зулаа,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 25140000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн авто машины зогсоол орчмоос хохирогч *******гийн гээгдүүлсэн Галакси А55 5Жи загварын гар утсыг олж аван улмаар өөрийн 88105215 дугаарыг хийж ашиглан бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Миний бие 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн эмнэлгийн” орчмоос “Самсунг галакси А55” маркийн загварын гар утсыг олсон юм. Тэгээд өөрийнхөө ******* дугаарыг хийж ашигласан. Би олж ашигласан гар утсаа хохирогч *******д бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байгаа. Одоо бусдад  төлөх ямар нэгэн хохирол төлбөрийн  асуудал байхгүй. Цаашид гээгдэл эд хөрөнгийг олсон тохиолдолд хэрхэх талаар ойр дотны хүмүүстээ анхааруулж хэлж ярина. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт манай ээж хэвтэн эмчлүүлж байсан. Би ээждээ оройн цай өгчхөөд хувцсаа өмсөөд гарахдаа хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг эргэж ирж байгаа иргэдийн хүлээлгийн өрөөнд мартаж гарсан. Удаагүй эргэж орж ирээд үзэхэд миний утас байхгүй байсан. ...Миний гээсэн Галакси А55 5Жи загварын гар утасны имэй код *******, ******* дугаартай утас байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

.... Би тухайн үед утсаа нэгдсэн эмнэлгийн яг хаана хаяснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан нэгдсэн эмнэлгийн орчимд л хаясан. Би 2025 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ээждээ хоол өгч яваад гээсэн гар утас мөн байна. Би имэй кодтой нь тулгаж үзэхэд мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

4. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн:....Самсунг Галакси А55 5Жи” загварын гар утас 1.050.000 төгрөг,

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 28-29/  болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 03/, “Юнител” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 05-07 /, эд зүйл баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 08-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн авто машины зогсоол орчмоос хохирогч *******гийн гээгдүүлсэн “Галакси А55 5Жи” загварын гар утсыг олж аван улмаар өөрийн 88105215 дугаарыг хийж ашиглан бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон  нь хохирогч *******гийн мэдүүлэг үнэлгээний шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь бусдын гээсэн гар утсыг олсон бөгөөд уг гар утас бусдын өмч гэдгийг мэдсээр байж зохих хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй шунахай сэдэлтээр уг гар утсыг өөрийн өмчлөл, эзэмшилд авч ашигласан байгаа нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж  дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь гар утсаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн  байгаа зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан эрүүгийн хариуцлагаас  чөлөөлж шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид гар утсыг буцаан өгсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн учир түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ