Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2022/0330/З |
Дугаар | 128/ШШ2023/0023 |
Огноо | 2022-12-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0023
2022 12 27 128/ШШ2023/0023
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.А
Хариуцагч: дүүргийн Засаг дарга
Хариуцагч: дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагч: дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэрийг гаргахыг даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, шүүх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад, иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах шаардлагаар маргаж байна.
2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтыг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ... гарааш ... барьсан байгаа учир энэ тухай албан ёсоор анха*******ж 14 хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардаж байна” гэх агуулга бүхий шаардах хуудсаар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгч Т.Агийн эзэмшиж байсан автомашины гараашны хаалган дээр нааж мэдэгджээ.
Нэхэмжлэгч нь “гараашийг буулгахыг түр хүлээж, зайлшгүй буулгахаар бол нөхөх олговор олгохыг хүсэж” дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, дүүргийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус өргөдөл гаргажээ.
2.2. дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ... татгалзсан хариу өгсөн.
2.3. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,27.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зохих зохих зөвшөөрөлгүйгээр .дур мэдэн газар ашиглаж байх тул 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэх Мэдэгдэх хуудсыг дахин дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгч Т.Агийн эзэмшиж байсан автомашины гараашны хаалган дээр нааж мэдэгджээ.
2.3. Засаг даргаас “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох талаар холбогдох хэлтэстэй хамтран ажиллаж байна” гэсэн хариу өгсөн.
2.4.Нэхэмжлэгчээс дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “ дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 тоот тогтоолоор батлагдсан буулгах 1000 гаруй зөвшөөрөлгүй гэх гараашнаас Т.А миний зөвшөөрөлтэй баригдсан гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зохих зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудын эздэд уг газрыг сайн дураар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх, эс чөлөөлбөл албадан чөлөөлөх тухай шийдвэрийг Т.А миний зөвшөөрөлтэй гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эсвэл нөхөн олговор олгосны үндсэн дээр гараашийг буулгуулахыг даалгах” 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “.. Засаг даргын 1998 оны А/122 тоот захирамж, Хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтсийн 1999 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2/951 тоот албан бичгийн дагуу дүүргийн 3-р хорооны Засаг дарга Ц. захиалан бариулж, төр иргэддээ худалдсан тоосгон гараашийг нөхөн олговоргүйгээр нураах шийдвэрийг хүчингүй болгуулах, эсвэл нөхөн олговор олгуулах, шүүгчийн захирамжаар дүүрэг дэх 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-р байрны урд талын автомашины тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх үйл ажиллагааг яаралтай зогсоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал түдгэлзүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1847, 03 дугаар сарын 31-ний өдрийн 2476 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар тус тус хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
2.5.Тус шүүх нэхэмжлэгч Т.Агаас гаргасан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ олгохгүй, нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг даалгах, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Т.Атай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгөх, кадастрын зураг гаргах, хуульд заасны дагуу нөхөн олговор олгогдсоны дараа гараашийг буулгахыг даалгах, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дугаар заалтаас Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олгогдтол түр хасахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ”Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад, иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах” гэж тодруулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн тусгай зарчмыг хариуцагч нар хэрэгжүүлээгүй 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэнэт “Шаардах хуудас”-ыг гараашны хаалган дээр наасан байсан. Дээрх шаардах хуудас болон “Мэдэгдэх хуудас”-д Манай гарааш болон доорх газар нь зөвшөөрөлгүй тул чөлөөлөхийг эс биелүүлбэл албадан чөлөөлөхийн сануулсан байсан.
Тэгвэл өнгөрсөн 23 жил надад хууль бусаар зөвшөөрөлгүй газар эзэмшсэн, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, эрхийн гэрчилгээгүй газар эзэмшсэн гэсэн асуудал, шаардлагыг төр нэг ч удаа тавьж шаардаж байгаагүй бөгөөд харин эсрэгээрээ миний бие газрын гэрээ, гэрчилгээ гаргуулахаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандахад “гарааш бол үл хөдлөх эд хөрөнгө биш, газрын гэрээ, гэрчилгээ олгогдохгүй” Газрын төлбөрийн актаар төлбөрөө төлөөд, хугацаагаа сунгуулж, газар эзэмшинэ” гэдэг байсан.
Иймд хэдийгээр хариуцагч нар өнөөдрийн хүртэл, газрын гэрээ, гэрчилгээ гаргаж өгөөгүй байгаа ч миний өөрийгөө газар эзэмшигч гэж үзсэн. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл, акт, шаардлагыг бүрэн биежүүлж, жил бүр 105,600 төгрөг, нийт 1 сая гаруй төгрөгийг 2022 оны хүртэл тасралтгүй төлж ирсэн.
Гараашийн тухайд анх дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ч. нь Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлд заасан засаг төрийн төлөөлөгчийн хувьд хавтаст хэргийн 232, 233 дугаар хуудаст авсанд “Гараашийн барилга барих тухай гэрээ”-г төрийг төлөөлж Батлав дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч. гэж албан тушаалаа дурдаж, газрын үсгээ зуран, тамга, тэмдэг дарж, захиалагчаар оролцон байгуулж, захиалагч буюу төрийн хүлээх үүргийг гэрээний нэгдүгээр зүйл Захиалагчийн үүрэг 3-т нэгэнт уг барилгатай холбогдох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хөрөнгийг гүйцэтгэгчээр гаргуулах, 4-т гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр барьж дууссан тохиолдолд хамтран борлуулалт хийж болох хохиролгүй байлгахад туслах, 5-т гарааш бариулаад зарж борлуулж байх явцад ажил олгогчийн хувьд гүйцэтгэгч буюу “Дек” ХХК борлуулалтын 10 хувийг буюу ойролцоогоор 500,000 төгрөг авна, 6-т ажил гүйцэтгэж байх хугацаанд гүйцэтгэгчид тохиолдох саад бэрхшээл, оргин суугчдын зүгээс эсэргүүцэл гарвал захирамж, шийдвэрийн дагуу зохицуулж өгөх гэх мэтээр төрийн үүрэг хариуцлагыг тусган, нутаг дэвсгэртээ буюу дүүргийн 3 дугаар хорооны нутагт харьяалах дээд шатныхаа байгууллагын буюу захирамж, Хот байгуулалт, инженерийн байгууламжийн 1999 оны 2/951 тоот албан бичиг нь архитектурч Д.С******* гаргасан зургийн дагуу 17 дугаар байрны урд талд Засаг даргын А-122 тоот захирамжийн 4 дэх заалтад дурдсанаар Хот байгуулалт, инженерийн байгууламжийн дарга Л.Н*******, МХХ-ийн дарга Т******* нарын архитектур техникийн хяналт дор төвлөрсөн тоосгон гараашнуудыг бариулан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг дээд шатны засаг даргын өмнө хариуцан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд зааснаар төрийн удирдлагыг хэрэгжүүлэн оршин суугчдадаа худалдахад миний бие тэр үеийн 1,6 сая төгрөг хавтаст хэргийн 142-155 дугаар хуудаст авагдсан “Үнэлгээний тайлан”-аар бол өнөөгийн 11,2 сая төгрөгөөр 29 тоот гараашийг худалдан авч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу өмчийн эзэн болсныг хавтаст хэргийн 16, 17, 18, 231 дүгээр хуудаснуудад авагдсан гүйцэтгэгч “Дек” ХХК-ийн компанийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, МАЭ архитектур Д.С зураг “Дек” ХХК-ийн захирал З.Ч******* гэрчийн мэдүүлэг зэргүүд нотолно.
Өөрөөр хэлбэл, төр өөрөө захирамж гарган, өөрийн өмчийн газар дээр өөрөө мэдэн өөрөөсөө зөвшөөрөл авалгүй өөрөө захиалан хяналтаа тавьж бариулж төрд орлого оруулж иргэддээ хугацаагүй гэж худалдчихаад эс үйлдэл буюу газрын гэрээ хийхгүй, гэрчилгээ олгохгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах боломжийг бүрдүүлж, өгөхгүй, нөхөх олговор авах боломжийг үгүй хийж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-р заалтуудыг миний бие зөрчиж буй мэт зөвшөөрөлгүй газар, гарааш эзэмшиж буй мэт дураар гарааш барьсан мэт зохиомол байдлыг үүсгэн, иргэнээ гөрдөж хохироож болохгүй гэж үзэн, газар эзэмших шийдвэр гаргуулах, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг олгохыг хариуцагч нарт даалгуулах, нөхөх олговор олгох шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч буюу төр нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу надад газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөх үүрэгтэй. Мөн энэ тухай Засаг даргын А-122 тоот захирамжийн 4 дүгээр заалтад үүрэг болгожээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцлийг бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ.
2 дахь хавтаст хэргийн 64 дүгээр хуудаст газрын албадын иргэдтэй байгуулж буй стандарт гэрээгээр бол газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх мөн адил шилжих болно гэж шийдвэрлэнэ гэсний дагуу гарааш худалдаж авсан тэр мөчөөс эхлэн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг өмчлөгчөөс миний нэр лүү шилжүүлэх ёстой байсан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэсний дагуу дүүргийн Засаг даргын, газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх шийдвэр гарган газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг гаргаж өгөх ёстой. Учир нь манай гараашны газрын нэгж талбарын дугаар 18******* болохыг 2009, 2011 онуудын кадастрын зургууд гэрчилнэ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т иргэд аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэснийг хариуцагч нар биелүүлэхгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байна.
Анх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гараашны хаалган дээр шаардах хуудас нааж, гараашийг буулгана гэх үеэс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өргөдлийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн Засаг даргад, Засаг даргад тус тус гаргаж гараашийг буулгахыг түр хүлээж, зайлшгүй буулгахаар бол нөхөх олговор олгохыг хүсэхэд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Засаг дарга нар татгалзаж, харин Засаг даргын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан шийдвэр гарган 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн хариундаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгож шийдвэрлэснийг дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба биелүүлээгүй.
Хэрвээ шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг биелэгдэж эс үйлдэл арилж, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг миний нэр дээр бичигдэж, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заагдсаны дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны болж, 2 дахь хавтаст хэргийн 65 дугаар хуудаст буй дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлийг дурдсан бичиг баримтын зөрүү арилж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, төрөөс нөхөх олговор олгох боломжтой бол Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг, Засаг даргын нөхөх олговор олгох боломжтой тухай шийдвэр, Газар зохион байгуулалтын албаны хариу зэргүүд биелнэ.
Газрын гэрээ гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэж оролдсоны нотолгоо нь 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өргөдөл, гараашны бүрдүүлэх материалын нэрс, 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүүргийн 3 дугаар хорооны дүүргийн Засаг даргын тодорхойлолт, Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөл, Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газраас гараашд хаяг авах гэсэн хандалт, хариуцагчийн хүсэлтээс санаа авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад юу саад болж байгааг мэдэх зорилгоор дүүргийн Улсын бүртгэлийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хандахад Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж тухай мэдэгдэл, мэдүүлэг зэрэг болно.
Эцэст Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ үл хөдлөх эд хөрөнгө шуудангаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хүний өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үүнийг төлнө гэсэн Үндсэн хуулийн зүйл заалт биелэгдэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Газрын тухай хуульд Засаг дарга газрын доод шугам сүлжээ байрлаж байгаа байршилд газар олгох бөгөөд түүнээс бусад газарт дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлнэ гэж заасан. Маргаан бүхий гарааш нь дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, холбогдох төлөвлөлт байгаагүй. Хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол дулааны шугам сүлжээ орсон эсхүл оруулахаар төлөвлөж байгаа газар биш учраас Засаг дарга газар эзэмшүүлнэ. Түүнээс бусад газар дүүргийн Засаг дарга олгоно гэж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. гэв.
4.Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шаттай төсөлд Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ болон бүх сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байх ёстой. Энэ нь дүүргийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор өрсөлдөж байгаа газруудад газар эзэмшүүлэх эрхгүй гэсэн үг. Энэ асуудлыг Засаг дарга шийдвэрлэдэг байгаа. Иймд дүүргийн Засаг даргаас газрын гэрчилгээ олгох, гэрээ хийх, нөхөн олговор олгох боломжгүй. гэв.
5.Хариуцагч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.А нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олгогдтол түр хасахыг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 тоот тогтоол нь дүүргийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний 13 дахь заалтад 1-8 хорооны орон сууцны хороолол дундах авто машины гараашийг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэх гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан Т.А нь өөрийнхөө нэрийг хасуулах гэсэн. Харин дээрх тогтоолын 13 дах заалтад Т.А, Н.Д******* гэх мэт тусгайлан нэр заагаагүй. 1-8 болон 10 дугаар хороо гэж хороогоор бүсчилж заасан. Уг тогтоолыг батлахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 201.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн баталсан төлөвлөгөөг тухайн хуралд өргөн мэдүүлдэг. Тухайн хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар төлөвлөгөөг баталдаг. Тэгэхээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25.1 дэх хэсэгт заасны дагуу уг тогтоолыг баталсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сард гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж тухайн гараашийг буулгасан учраас нөхөн олговор олгогдтол иргэн Т.Агийн нэрийг хасаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
6.Хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах гараашт гэрээ гэрчилгээ бичиж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Иргэн Т.Агийн гараашийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/124, Засаг даргын А/388 захирамж, 2022 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөвлөгөөг үндэслэж гараашийг буулгасан. Иргэн хуулийн этгээд заасан хугацаанд буулгаагүй тул манай газраас албадан чөлөөлж гараашийг буулгасан. Тус газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон Засаг даргын бүрэн эрхийн дагуу газар олгох байршилд байгаа учраас тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Т.Агийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээ бичиж өгөх ямар ч боломжгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчээс “Гарааш худалдаж авсан тэр мөчөөс эхлэн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг өмчлөгчөөс миний нэр лүү шилжүүлэх ёстой байсан.
Төр өөрөө захирамж гарган, өөрийн өмчийн газар дээр өөрөөсөө зөвшөөрөл авалгүй өөрөө захиалан хяналтаа тавьж бариулж төрд орлого оруулж иргэддээ хугацаагүй гэж худалдчихаад эс үйлдэл буюу газрын гэрээ хийхгүй, гэрчилгээ олгохгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах боломжийг бүрдүүлж, өгөхгүй, нөхөх олговор авах боломжийг үгүй хийж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-р заалтуудыг миний бие зөрчиж буй мэт зөвшөөрөлгүй газар, гарааш эзэмшиж буй мэт дураар гарааш барьсан мэт зохиомол байдлыг үүсгэн, иргэнээ хохироож болохгүй,... Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл, акт, шаардлагыг бүрэн биежүүлж, жил бүр 105,600 төгрөг, нийт 1 сая гаруй төгрөгийг 2022 оны хүртэл тасралтгүй төлж ирснийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгож шийдвэрлэснийг дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба биелүүлээгүй” гэж, хариуцагчаас “маргаан бүхий гараашийг 1998 онд худалдаж авсан гэдэг ч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад хандаж эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж аваагүй, зөвшөөрөлгүй. Засаг даргын албан бичиг нь эд хөрөнгийн бүртгэлтэй тохиолдолд нөхөн олговор олгох боломжтой гэсэн агуулгатай тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шаттай төсөлд Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ болон бүх сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. дүүргийн Засаг даргаас газрын гэрчилгээ олгох, гэрээ хийх, нөхөн олговор олгох боломжгүй.” гэж тус тус маргасан.
3. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хариуцагч дүүргийн Засаг даргад холбогдуулан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах” гэж, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг даалгах” гэж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг даалгах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулсан бөгөөд дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн дүүгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэрийг гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
5. Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгч Хурлын 2021 оны 11/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, захирамжийн 2.1 дэх заалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа, энэ захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын албанд, 2.6 дахь заалтаар газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, шаардагдах зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.
6. Дээрх захирамжийн хавсралтын 84-т дүүргийн 3 дугаар хороо, С******* худалдааны төвийн хойд талд 14 гарааш гэжээ.
7. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл. “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах”, 42.1. “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.” гэж заажээ.
8. Дээрх хуулийн заалт болон Засаг даргын захирамжийн агуулгаас үзвэл газар эзэмших гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд газар эзэмшигч нь нөхөн олговор авах эрхтэй байна.
9. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Т.А нь газар чөлөөлөлтөд хамрагдсан гараашийг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр ашиглаж байсан байх тул газар чөлөөлсөнтэй холбоотойгоор нөхөн олговор авах эрхгүй байна.
10. Нэхэмжлэгч нь маргаан бүхий гараашийг худалдаж авсан, тус гараашийг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр ашиглаж байсан гэх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл. “ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх”, 21.2.“ Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3.“нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;” гэж тус тус заажээ.
12. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг Засаг дарга шийдвэрлэхээр байна.
13. Маргаан бүхий дүүргийн 3 дугаар хороо орчмын газар нь хотын суурьшлын бүс, инженерийн шугам, сүлжээ бүхий газар тул тухайн орчмын газрыг Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж, ашиглуулахаар байна.
14. Иймд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудал нь хариуцагч дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудалд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн дүүгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “газар эзэмших шийдвэр гаргаж, гэрээ, гэрчилгээ бичиж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна.
15. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэрийг гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
15. Нэхэмжлэгчийн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “иргэн Т.А надтай газрын эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
16. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл.“Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ”, 23.4.“Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.1.“сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах;”, 23.4.2.“Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;” гэж заажээ.
17. Хуулийн дээрх заалтаас үзвэл дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг бичиж олгохоор байна.
18. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Т.Ад маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр гараагүй, тийм шийдвэр байхгүй байх тул хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг бичиж өгөх үндэслэлгүй юм.
19. Иймд мөн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “иргэн Т.А надтай газрын эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
20. Нэхэмжлэгчийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
21. дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “ дүүргийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөө батлах тухай” 3/02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсан байна.
22. Дээрх тогтоолын хавсралтаар батлагдсан дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний 13-т “1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах авто машины гараашнуудыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэх” гэжээ.
23. Төлөвлөгөөний дээрх заалт нь нэхэмжлэгч рүү шууд чиглээгүй, дүүргийн газар чөлөөлөлт, бүтээн байгуулалттай холбоотой заалт байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд тус заалт нь хэрэгжчихсэн үр дагаваргүй болсон байх бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчид хамгаалагдах эрх байхгүй байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд маргаан бүхий гарааш нураагдаж, газар чөлөөлөгдөж, чөлөөлөгдсөн газарт дүүргээс тохижилтын ажил хийгдэж, төлөвлөгөөний дээрх заалт хэрэгжсэн байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсноор төлөвлөгөөний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түр хасах боломжгүй байна.
24. Иймд мөн нэхэмжлэгчийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
25. Дээрх үндэслэлүүдээр иргэн Т.Агаас дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад, иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.4.1, 42 дугаар зүйлийн 42.1, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Т.Агаас дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад, иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ