Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01052

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ү” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  Үинд 2016.01.06-ны өдрөөс 2018.11.15-ны өдөр хүртэл  Бизнес, хамтын ажиллагааны газрын Маркетингийн хэлтэст маркетингийн дизайнераар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажил үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.О-н 2018.11.06-ны өдрийн Б/349 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дизайнерын орон тоог хассан гэх  үндэслэлээр гэрээг цуцалж, ажлаас халсан. Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажил олгогч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын зөвхөн нэршлийг өөрчилсөн, орон тоо бодитой хасагдаагүй. Иймд урьд эрхэлж байсан бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн албаны дизайнерын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийхийг  даалгаж өгнө үү.

Хариуцагч 2018.10.15-ны өдөр бүтэц орон тоогоо өөрчлөөд, дизайнерын орон тоог алга болгоод, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэсэн 2 орон тоотой болсон. Ямар ажил үүргийг ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Чиг үүргээ ажилтнуудад гүйцэд хуваарилаагүй.  Чиг үүрэг, ажлын байр, орон тоо хасагдсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 2019.02.18-ны өдөр дахин бүтэц өөрчлөгдсөн. Дахин бүтэц өөрчлөлтөөр орон тоо нь нэмэгдэж 3-4 хүнтэй болсон. 3-4 сарын зайтай хугацаанд бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаа нь тодорхой хүмүүсийг  л  зөвхөн ажлын байрнаас нь  чөлөөлөх зорилго харагдаж байна. Маркетингийн мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг харахаар нэхэмжлэгчийн үндсэн чиг үүрэг байна. Маркетингийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтод мэдээ мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, зар сурталчилгаа, реклам, салбар тохижилтын стандарт болон хэвлэлтэд хяналт тавина гэсэн. Гэтэл энэ чиг үүрэг нь байгаа, компанид шаардлагатай нь харагдаж байна. Чиг үүрэг огт алга болсон зүйл байхгүй. Энэ үндэслэлээр орон тоо хасагдсан, ажлын байр огт байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй  гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Азжаргал, Б.Болоржаргал, В.Гэрэлт-Од нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТУЗ-ын 2018.10.10-ны өдрийн 18/14 дугаар тогтоолоор тус банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн. Гүйцэтгэх захирлын 2018.10.15-ны өдрийн Б/303 тоот тушаалаар  2018.10.15-ны өдөр Б.Бт ажлаас халах тухай  мэдэгдээд, 11 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон.Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогчид олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Компанийн тухай хуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан.  Хавтаст хэрэгт 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн акт авагдсан. Нэхэмжлэгч сахилгын шийтгэл авагдсан баримт хэрэгт байгаа. Мөн 2019.02.18-ны өдрийн шинэчилсэн бүтцээр 4 орон тооны хувьд ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт нь дизайнерын албан тушаалаас өөр, тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага нь өөр болсон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, марктенгийн албаны дизайнерын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллага нь бүтцийн өөрчлөлт хийхдээ санхүүгийн байдлаа сайжруулах зорилгоор хийсэн үү, тодорхой  ажилтнуудыг халах зорилготой юу гэдгийг тодруулахаар бизнесс төлөвлөгөө, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тодотголыг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ТУЗ-ын тэмдэглэл, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн ТУЗ-ын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхээр гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч нь вэб сайттай холбоотой ажил хийдэг байсан тул 2018.10.15-ны өдрийн бүтцийн өөрчлөлтөөр Мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн албаны ахлах ажилтан, программист, мэргэжилтэн, Мэдээлэл технологийн системийн албаны ахлах инженер, өгөгдлийн сангийн администратор, техник, программ хангамжийн инженер, 2019.02.18-ны бүтэц өөрчлөлтөөр Мэдээлэл технологи хөгжүүлэлтийн албаны ажилтан, программист, Мэдээлэл технологи системийн албаны ахлах инженер, системийн администратор, өгөгдлийн сангийн администратор, техник программ хангамжийн инженер зэрэг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтуудыг гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх мэдээлэл технологийн албатай хамааралгүй байх тул гэсэн үндэслэлээр тус албаны ажил, албан тушаалын тодорхойлолтуудыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан Бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн албаны дизайнерын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ. /хх 1,2, 22/

 

Хэргийн баримтаас Б.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ү” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Маркетингийн хэлтэст дизайнерын албан тушаалд ажиллаж байжээ. Ү” ХХК-ийн  ТУЗ-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/14 дугаар тогтоолоор тус банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх үед нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан ба энэ тухай ажилтанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  мэдэгдэж, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажилтанд 1 000 000 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогджээ./хх 4-7, 23,24 /

Дээрх үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэнтэй нийцжээ.

 

Талууд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд заасан үйл баримт бодитой болсон эсэх, тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Хэргийн баримтаас үзэхэд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18-03 дугаар хурлын шийдвэр, гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаар тушаалаар хариуцагчийн орон тоо, цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн баталж, маркетингийн алба нь 2 орон тоотой болж, дизайнерын орон тоо хасагдсан байна.  /хх 50-53, 68-73/

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд гүйцэтгэх захирал орох бөгөөд компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах эрхтэй юм. Компанийн дотоодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан бүтэц орон тоогоо өөрчлөх нь ажил олгогчийн эрх юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байр, орон тоог бүтцийн өөрчлөлтөөр хасаагүй, зөвхөн албан тушаалын нэршлийг өөрчилсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн уг тайлбар хариуцагч байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18/03 дугаар ээлжит хурлын шийдвэр, гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаар тушаалын хавсралтад “маркетингийн алба нь ахлах мэргэжилтэн, мэргэжилтэй” гэж зааснаар үгүйсгэгдэж байна. /хх 50-53, 68-73/ Түүнчлэн дизайнерын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн, маркетингийн ажилтны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн, маркетингийн мэргэжилтний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн буюу дизайнерын ажлын чиг үүрэг нь маркетингийн ажилтан мэргэжилтний чиг үүрэгтэй давхардсан, шинээр баталсан бүтцийн өөрчлөлтөөр дизайнерын ажлын байрыг хасч дээрх чиг үүргийг маркетингийн ажилтан, мэргэжилтэнд шилжүүлсэн болох нь дээрх ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна. /хх74-75, 97-100, 118-125/

 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэх байдал тогтоогдоогүй, санхүүгийн байдлаас шалтгаалан дотооддоо бүтцийн өөрчлөлт хийх  нь ажил олгогчийн бизнес санхүүгээ удирдах, хуулиар олгогдсон эрх хэмжээ тул  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь дээрх баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД