| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2024/0328/Э/220/2024/0888 |
| Дугаар | 2024/ШЦТ/565 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/565
2024 07 25 2024/ШЦТ/565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, шүүгч Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Н.Түвшинбаяр /томилолтоор/,
иргэдийн төлөөлөгч Г.Ариунчимэг,
хохирогч З.А ,
шүүгдэгч Б.Ж , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан эрүүгийн 2411 0000 00126 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б.Ж, 19.... оны 2 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... тоотод оршин суух хаягтай,
урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн /уг ялыг эдлээгүй/, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хуйцаа зочид буудлын 402 тоот өрөөнд хохирогч З.А ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хохирогчийг зодож онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр найз О , Т , найз охин З.А ын хамт зочид буудалд орсон. Өрөө авч ороод 2 найзтайгаа ууж, идээд байж байх хооронд З.А миний утсаар чат ороод байж байсан. 1 найз маань явж Т гэх найзтайгаа юм яриад байж байтал З.А ын утсанд танихгүй хүнээс чат ирсэн. Түүнээс болж маргаан үүссэн. Надад жаахан хардалт байсан. Миний утсыг З.А аваад ариун цэврийн өрөө орсон. Тэгээд араас нь дагаад ороход надаас утсаа нуугаад байсан. Би “Утсаа авъя” гээд маргалдсан. Би тухайн үед бас согтуу, уур бухимдалтай байсан учраас З.А ыг цохисон. Тухайн үед утаснаас болж маргалдсан. Уураа барьж дийлэхгүй. Цохиж нүдсэн маань үнэн. Буруугаа хүлээж гэмшиж байна.” гэв.
Хохирогч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед авсан нүдний болон гарын гэмтлүүд нь халтирч унасных байгаа. Б.Ж миний нүүр лүү цохиогүй. Тухайн үед архи хэрэглэсэн нь миний буруу. Ам хэлнээсээ болсон байх гэж бодож байна. Гомдол саналгүй.” гэв.
Хавтаст хэргээс шинжлэн судлагдсан нотлох баримтууд: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч З.А ын мэдүүлсэн, гэрч Х.Д , З.М , С.Ө , Ч.Б , М.У нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 1839 дүгнэлт, шүүгдэгч Б.Ж яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 2024/ШЗ/794 захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Б.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгон мэдүүлэг авч холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн шүүхэд ирүүлэх шийдвэр гаргасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хуйцаа зочид буудлын 402 тоот өрөөнд хохирогч З.А ыг бусадтай хардаж улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож цохисны улмаас хүний дух яс, хоёр хацрын нум, хамар, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зовхины гадна булан, зүүн доод зовхи, доод уруулын дотор салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, дух, зүүн чамархай, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, хоёр шуу, хоёр сарвуу, нуруу, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, зүүн мөр нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дэх тал),
Хохирогч З.А мэдүүлсэн “...Миний бие Буянтогтохын Б.Ж гэх залуутай 2020 онд анх танилцаж энэ үеэс хойш үерхэж эхэлсэн. Энэ хүртэл хугацаанд салж нийлж явсан. Болсон агуулгын талаар гэвэл 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ж болон түүний 2 найзын хамт Чингэлтэй дүүрэгт байх хуйцаа гэх зочид буудлын 204 тоотод орсон. Буудалд байхдаа тэр 3 архи уусан бөгөөд би бага зэрэг уусан. Тэгэхэд Б.Ж ын утсаар фэйсбүүк чат орж байсан бөгөөд тэр үед Нандин-Эрдэнэ гэх найзаас чат ирээд намайг хүрээд ирээч гээд дуудсан. Тэр үед 7 цаг болж байсан. Б.Ж намайг явуулахгүй гээд уурлаад байсан юм. Тэр үед огт танихгүй хүнээс Hi гэх чат ирэхэд чат шалгаж үзээд хэнээс чат ирээд байгаа юм гээд намайг хардаж, нүүр нүдгүй гараараа нүдэж балбаад зодож цохисон. Тухайн үед би өөрийгөө хамгаалж чадаагүй. Тухайн үед нэг найз нь унтаж байсан нөгөө нь болиоч гээд л байсан. Тэгээд би зодуулсандаа ухаан балартсан байсан яаж гэмтлийн эмнэлэг ирсэн талаараа мэдэхгүй байна. ...Нүүр нүдгүй гараараа балбаж зодож цохисон хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна, зодуулж байхдаа ухаан балартсан тухайн үед биеэ хамгаалж чадаагүй. 2 шанаа, дух, шүд хугарсан байна гэж эмч хэлсэн, ерөнхийдөө нүүр хэсэгт битүү хаван хөхрөлттэй, зүүн нүдний доод талд оёдол тавьсан, 2 хөл хөхөрсөн байна. Баруун хавирга хэсгээр маш их өвдөлттэй алхаж чадахгүй хэвтрийн дэглэмтэй байгаа юм. Тухайн үед зодохдоо нүдийг минь ухна, тахир дутуу болгон гээд зодож байсан. Тухайн үед Б.Ж намайг ззодож гэмтэл учруулсан. ...Ер нь болсон болоогүй хий хоосон зүйлд утсанд чат ирэх зэргээр чат зэргийг шалгаж, хардаж дарамталж тахир дутуу болгож нүдийг чинь сохолно гэж дарамталж байдаг. Надаас байнга мөнгө нэхэж дарамталдаг юм. Урьд нь 2022 оны намар Төв аймагт байхдаа намайг бүх бие хөх няц болгон, цохиж зодож байсан, энэ асуудлаар төв аймгийн цагдаад шалгагдаж байсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал орно гэж мэдэгдэл ирж байсан. Ер нь цагдаад мэдэгдээгүй олон удаа цохиж зодож байсан. ...Миний гар утас болон дансанд байсан 400.000 орчим төгрөгийг 2024.01.05-ны өдөр авсан. Гар утсыг минь зарчихсан гэж хэлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон гар утас, 400.000 төгрөгөө нэхэмжилж байна.“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
Гэрч Х.Д ий мэдүүлсэн “...Би Улаанбаатар хуйцаа зочид буудалд ресепшнээр ажилладаг бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагт ээлжээ хүлээн авсан. 12 цагаас хүмүүсээ гаргах дөхөөд 11 цаг 40 минутын үед 402 тоот өрөө рүү ороход орон дээр нэг согтуу залуу унтаж байсан, надтай хамт орсон Булгаа гэж охин ариун цэврийн өрөө рүү ороод намайг дуудсан. Би араас нь ороход нэг эрэгтэй шалан дээр нэг эмэгтэйг унагаачихсан толгой дээр нь гишгэж байсан. Би салгах гэхэд тэр залуу та нар миний мөнгө авсан уу? Чи миний мөнгийг авсан уу? гэж дайраад байхаар нь доошоо буугаад Ууганаа гэх үйлчлэгч эгч дээр ирээд гурвуулаа хамт ороход нөгөө эмэгтэй ухаангүй ариун цэврийн өрөөний шалан дээр хэвтэж байсан. Бид гурав авч гарч ирээд 302 тоот өрөөнд оруулсан, хурхираад сэрэхгүй, архи үнэртэж байсан. Тэр эмэгтэйг авч гарч ирэхэд нүүр ам нь хавдаад цус гарчихсан зодуулсан байсан. Би бууж ирээд түлхүүр аваад 402 тоот өрөө рүү дахиад ороход Төгсөө ах та нар нэг тал уу? гээд надаас 65.000 төгрөг нэхээд байсан. Тэгээд өөрт миний мөнгө алга болсон гээд цагдаа дуудаад цагдаа ирээд авч яваад эмэгтэйг нь 103 ирж үзээд аваад явсан. Орон дээр согтуу байсан эрэгтэй нь хэсэг унтаж байгггаад гараад явсан. Зодсон эрэгтэй, эмэгтэй хоёр эхнэр нөхөр юм шиг байсан, голоосоо нэг хүүхэдтэй гэх зүйл ярьж байсан. Өрөөний ариун цэврийн өрөөнд шил нь цус болсон байсан, өдөр тэр өрөөнд өөр хүмүүс орсон байгаа. Намайг өрөөнд орох үед 2 ширхэг 0,75 граммын шилтэй архи байсан. Тухайн гурван хүн 2024 оны 01 сарын 19-ний өдөр гурвуулаа орсон гэж өмнөх ресепшн Оюунцэцэг хэлсэн. Бүртгэл дээр /НЭ93080117/ гэх регистрын дугаар бүртгүүлсэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Гэрч З.М мэдүүлсэн “...2023 оны 1 дүгээр сарын 20-нд Гэмтэл Согог судлалын үндэсний хүрээлэнд хүргэгдэн очсон З.А нь миний төрсөн эгч бөгөөд манай эгч нүүрний хацрын яс цөмөрсөн, нүүр хавдсанаас болоод нүд нээгдэхгүй байгаа, шүд нь хугарсан байдалтай хүргэгдэн очоод одоо сахиуртай хэвтэж байгаа юм. Сахиж байгаа Амаржаргал эгч юм ярьж чадахгүй байгаа нүүр нь маш их хавдар хүнд байгаа учраас манай ээж Сэлэнгэ аймгийн Дулаан хаан тосгоноос ирж байгаа юм. Манай эгч З.А ыг найз залуу болох Б.Ж гэх хүн зодож ийм байдалтай болгосон гэж З.А эгч өөрөө Амаржаргал эгчид хэлсэн байсан. Б.Ж гэх хүн урьд өмнө А эгчийг хэд хэдэн удаа зодож байсан бөгөөд миний мэдэж байгаагаар Төв аймгийн цагдаагийн газраас шалгагдаж байгаа одоо шийдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай төрсөн эгч А бие нь гайгүй болоод мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэнээр нь ярих байх гэж бодож байна. Төв аймгийн цагдаагийн газраас шалгагдаж байхдаа Б.Ж гэх хүн манай эгчийг зодчихоод зугтаагаад алга болоод олдохгүй удаан хугацааны дараа олсон гэж байсан.. энэ хүн одоо ч гэсэн явуулах юм зугтаагаад алга болох учраас явуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...Миний мэдэж байгаагаар эмнэлэгт хэвтэх хүртэл нь зодож байгаа нь 2 дахь удаагаа болж байна. Өмнө нь А эгчдээ уулзахад биед нь хөхрөлт үүссэн байдаг байсан яагаад хөхрөлт үүссэн талаар асуухад зүгээр ээ яагаа ч үгүй гээд байдаг байсан.“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
Гэрч С.Ө мэдүүлсэн “...Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтэл Согог судлалын үндэсний хүрээлэнд хүргэгдэн очсон З.А манай охин төрсөн юм. Манай охин А нь 2021 онд Дарханд амьдарч байгаад нөхрөөсөө салсан. Салсан нөхрөөсөө 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь аав дээрээ байдаг юм. 2021 оноос эхлэн А Улаанбаатар хотод найзындаа амьдарч байгаа гэж ярьдаг байсан. Манай охин А , Б.Ж гээд залуутай танилцсан гэж хэлж байсан. 2022 оны 10 дугаар сард төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт манай охины бүх бие хөхрөлт үүссэн хүргэгдэн ирсэн талаар надад мэдэгдээд, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахад Б.Ж гэх залуу Төв аймагт гэртээ 2-3 хоног гэртээ байлгаж зодсон байсан. Төв аймагт зодсон асуудал нь одоог хүртэл цагдаагийн байгууллагаас эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Түүний 2023 оны 4 сард над руу манай охины найз гэх Алтанзул гэх эмэгтэй залгаад Б.Ж гэх залуу Дархан-Уул аймагт А ыг зодоод шүдийг хугалаад царай зүс нь аймар болсон байдалтай байна. Б.Ж ална гээд байна та ирсэн нь дээр байх гэж хэлсэн. Над руу шөнө 00 цагийн орчимд залгасан учраас би машин байхгүй 2 жоохон хүүхэдтэй байсан учраас явж чадаагүй маргааш өглөө нь Дархан-Уул аймагт А ын байгаа зочид буудалд очиход 4 хүн байсан манай А , Б.Ж гэх залуу, над руу ярьсан Алтанзул гэх охин бас 1 танихгүй залуу байсан. А ын нүүр нь хөхрөлт үүссэн шүд нь хугарсан, үс нь зулгарч унасан байдалтай байсан боловч манай охин надад би зүгээр ээ гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би Б.Ж гэх залууд чи өмнө Төв аймагт бүх биеийг нь хөхрөлт үүстэл нь зодсон дахиад яагаад ингэж зодож байгаа юм бэ одоо цагдаа дуудаж шалгуулах болно гэхэд согтуудаа зодсон байна би юу ч санахгүй байна, дахиж ийм асуудал гаргахгүй та одоо ганц удаа уучилчих гэж хэлсэн. Мөн манай охин А надаас би ээжээ гээд гуйгаад байхаар нь цагдаагйн байгууллагад хандахгүйгээр Б.Ж гэх залуутай ярилцаад чи дахин битгий миний охиныг зодоорой гэж гуйсан юм. Би Сэлэнгэ аймгаас өчигдөр гараад оройдоо Улаанбаатар хотод ирээд охин дээрээ очиж уулзахад зүүн нүд нь нээгдэхгүй цус гарсан байдалтай, зүүн хацар хэсэгт оёо тавиулсан байсан. Би эмчтэй нь уулзахад дух, шанаа, хацрын яснууд хугаралттай байна гэж хэлсэн. Одоогийн байдлаар юм ярьж чадахгүй, хоол идэж чадахгүй, босоод явж чадахгүй байгаа юм. ...Би маш их гомдолтой байна, миний охин А ын царайг хүн харахаас нүд халтирмаар байдалтай болгосон байна хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Гэрч Ч.Б мэдүүлсэн “...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлах Улаанбаатар хуйцаа нэртэй зочид буудлын захирал Лхагва-Од нь манай төрсөн ах бөгөөд одоогийн байдлаар гадаад улсад явж байгаа юм. 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө Улаанбаатар хуйцаа нэртэй зочид буудалд ирсэн 12 цагаас өрөөнүүдийн хүмүүсийг гаргадаг учраас бүх өрөөний хүмүүсийг гараарай гэж хэлсэн. Харин 402 тоот өрөөнд хүмүүс архи уугаад байсан гэсэн учраас би ресепшин Д эгчийн хамт 402 тоотод орсон. Тухайн өрөөний орон дээр нэг согтуу хүн унтаж байсан. Өрөөнд өөр хүн байхгүй болохоор нь би ариун цэврийн өрөөг шалгахаар очиход нэг эмэгтэй доошоо харсан нүүрнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Түүний зүүн далан дээр нэг эрэгтэй хөлөөрөө гишгэсэн байдалтай байж байсан. Тэгэхээр Д эгчийг дуудаад бид хоёр айгаад хэсэг юм хэлж чадахгүй зогсож байгаад тухайн эрэгтэй хүнийг юу хийгээд байгаа юм гэж хэлээд доошоо буугаад өмнөх өдөр нь гарсан ресепшин рүү залгаад 402 тоотод ямар хүмүүс орсон бэ? Нэгнийгээ зодсон байна гэхэд эхнэр, нөхөр хоёр нэг эрэгтэй найзын хамт гурвуулаа орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д эгч болон үйлчлэгч Ууганаа эгчийг хамт дээшээ гараад дахин 402 тоот өрөө рүү ороход угаалгын өрөөнд байсан эрэгтэй хүн ороэ дээрээ сууж байсан. Бид гурав угаалгын өрөөнд ороод нөгөө эмэгтэйн царайг харахад дух хэсэгт хавдсан царай нь цустай холилдоод аймар болсон байсан. Д эгч, Ууганаа эгч бид гурав нөгөө зодуулсан эгчийг аваад 302 тоот өрөөнд оруулсан зодсон бдолтой эрэгтэй гар утсаар яриад байсан. Тэгээд бид гурав 103 дугаар түргэн тусламж дуудсан. ...Ариун цэдрийн өрөөнд ороход, өрөөний шал хэсэгт цус болсон тухайн эмэгтэй нүүр мөн цус болсон байдалтай байсан. Юм асуухад хариулж чадахгүй биеэ авч явах чадваргүй болсон байсан. ...Намайг 402 тоотын ариун цэврийн өрөөнд ороход зүүн дал хэсэгт гишгэж байсан хүн зодсон байх нөгөө хүн нь бол архи уугаад тасарсан байдалтай хэвтэж байсан дуудахад сэрэхгүй байсан юм.“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
Гэрч М.У мэдүүлсэн “...402 тоот өрөөний 00-н өрөөнд нэг эмэгтэй хүн доошоо харсан үс гэзэг нь сэгсийсэн нүүр нь цус болсон нүүрэн хэсэг нь байсан хэсэгт нь шал нь цус болсон орчиндооо ямар ч харьцаагүй ухаангүй юм шиг асуултанд хариулахгүй хөл гар нь хөдлөхгүй байсан болохоор Д , Б бид 3 хөл гарнаас нь өргөөд доош буулгасан. Өрөөнд 2 эрэгтэй байсан ба ажлын цэнхэр хувцастай залу нь урд талын орон дээр унтаж байсан нөгөө улаан малгайтай залуу нь миний мөнгийг авахаар нь зодож байна би өөрөө цагдаа дуудчихсан гээд орилоод байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 1839 дүгнэлт “...З.А ын биед дух яс, хоёр хацрын нум, хамар, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зовхины гадна булан, зүүн доод зовхи, доод уруулын дотор салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, дух, зүүн чамархай, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, хоёр шуу, хоёр сарвуу, нуруу, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, зүүн мөр нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. ...Дух ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, хоёр хацрын нумны хугарал нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хамар яс, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зовхины гадна булан, зүүн доод зовхи, доод уруулын дотор салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, дух, зүүн чамархай, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, хоёр зулгаралт, гэмтлүүд нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-61 дэх тал),
Шүүгдэгч Б.Ж яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн өдөр өөрийн эхнэр А , найз Т гийн хамт Улаанбаатар хуйцаа нэртэй зочид буудал руу орсон. Би буудал руу орохдоо л согтуу орсон. Урд өдөр нь манай нэг найзын төрсөн өдөр гээд би уучихсан байсан. Тухайн өдөр найз Т тэйгээ уулзаад тэр буудал руу орсон. Буудалд ороод А , Т бид гурав 3 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд нэлээн согтоцгоосон. Дараа нь Т бид хоёр ахиж дэлгүүр гараад 2 шил архи авсан. Тэрийгээ ууж байхдаа би А д 70, 80 мянган төгрөг хадгалуулсан байсан. Тэр үе би 00 орж бие засаж байхдаа, би А ын чатыг уншаад, бид хоёр маргалдаад байсан. Тэр өдөр би нэлээн согтуу байсан болохоор одоо орж гараад байна. үүнээс болоод А бид хоёр бие биенийхээ өөдөөс орилж хашгирч байгаад, А ын нүүр рүү 2 удаа нэлээн хүчтэй алгадсан. Тэгэхэд А 00-ын өрөөний плитан шалыг мөргөөд унасан. Тэр үед Т тасраад унтчихсан байсан. А бид хоёрын маргалдаж байхыг Т мэдэхгүй. Яг одоо Т гийн дугаарыг мэдэхгүй байна. Тэгээд би А д хадгалуулсан байсан мөнгөө хайгаад цагдаад дуудлага өгчихсөн юм шиг байна лээ. ...Буудалд орохоос өмнө А ын биед гэмтэл учирсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Би тэр үедээ 2-3 хоног архи уусан байсан тул маш их согтолттой байсан. Би А ыг алгадахад А газар унахад би шууд 00-ын өрөөнөөс гараад цагдаа руу залгасан болохоор ямар гэмтэл учирсныг нь хараагүй”,
“... 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Хуйцаа нэртэй зочид буудал руу 11 цагийн үед найз охин А , найз Т нарын хамт орсон. Тэгээд буудал дотроо бид нар ууж идэцгээсэн. Тэр үед А миний гар утсаар өөрийнхөө фэйсбүүк чат руу ороод байсан. Тэрэн дээр нь элдэв янзын чат ирээд, А бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. А өөдөөс чатаа нуух гээд хэрэлдээд, орилж хашхичаад, би гар утсаа авья гэхээр миний гар утсыг өгөхгүй байсан. Тэгээд А миний гар утсыг аваад 00 орсон байсан. 00 дотор би А аас гар утсаа авья гэсэн чинь миний утсыг өгөхгүй байснаас болоод бид хоёр хэрэлдэж муудалцсан. А өөдөөс орилж хашхичаад байхаар нт би уурандаа А ыг цохисон. Одоо санаж байгаагаар шанаа тус газар руу нь 2 удаа цохисон. Тэр буудлын 00 нь нэлэнхүйдээ плитатай байсан. Тэгээд А шүршүүрийн доод талын өнцөгтэй плита руу толгойгоороо уначихсан. А өөрөө босох гэж байхдаа дахиад хальтирч унасан. Тэгээд ер нь жоохон согтуу байсан болохоор А ыг босгох гэж байхад буудлын ресепшин эгч юу болоод байгаа юм бэ гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “Бид хоёр муудалцчихлаа” гэсэн чинь буудлын эгч шууд цаашаа яваад өгсөн. Тэгээд гарангуут нь би гар утсаа аваад, А ухаангүй хэвтээд байхаар нь би сандарсандаа цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хэсэгхэн зуур, хурдан болоод өнгөрсөн. А ын биед учирсан гэмтлүүдийн зарим нь бид хоёр өмнө нь муудалцаж байхад үүссэн, зарим нь тухайн үед муудалцахад үүссэн гэмтлззп байх гэж бодож байна. ...А ыг хардсанаас болоод, гар утсаа булаацалдаад, үл ойлголцсоны улмаас цохиж зодсон. ...Би гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисон гэж санаж байна. 2 цохиход А хойшоо савж унаад, шүршүүрийн өндөрлөсөн хэсгийн длитаг толгойгоороо мөргөж унасан. Тэгээд А бас над руу дайраад, намайг өшиглөхөөр нь би буцаагаад цохисон байж магадгүй. Тэр талаараа сайн санахгүй байна. ...Тухайн үед 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи авч ороод, 1 шилийг нь ууж дуусаад, 1 шилийг нь уугаад эхэлж байсан. Ер нь бол Т бид хоёр л голцуу уусан. Согтолтын хувьд юм хумаа санах хэмжээний байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68, 161-163 дэх тал) зэрэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байдал, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг, шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэгтэй танилцан нотлох баримтуудыг өөр бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрслэх замаар шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд нотлох баримтууд нь эргэлзээгүй, цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн үнэлж дүгнэн шийдвэр гаргасан болно.
Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч Б.Ж ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар гаргасан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Б.Ж ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Ж ын өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон ба шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хуйцаа зочид буудлын 402 тоот өрөөнд хохирогч З.А ыг бусадтай хардан маргалдаж улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдан зодож, цохихохдоо олон тооны шарх гэмтэл үүсгэсэн болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 1839 дүгнэлтээр тогтоогдсон. Мөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр энэ гэмтлүүдийг шүүгдэгч Б.Ж нь учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хуулийн заалтын дотор иш татан хэрэглэх системчилээр хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Б.Ж д холбогдох хэргийг прокуророос онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлон шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуульд тодорхойлон заасан онц харгис хэрцгий гэх үйлдлийн арга нь шүүгдэгчийн дээрх үйлдлийг хэрэгжүүлж буй объектив гадаад үйлдэл буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр бие махбодын хүч хэрэглэн санаатай халдсаныг хамааруулан ойлгохоос гадна тухайн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буйгаа ухамсарлан мэдэж, хохирогчид харгис хэрцгий хандаж бие махбодийн, сэтгэцийн болон сэтгэц-биеийн тарчлаан зовоохуйц хандлагыг мэдэж хүсэж үйлдсэн субъектив шинжээр мөн тодорхойлогдоно.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч З.А ын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч Б.Ж ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, мөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ. Шүүгдэгч Б.Ж нь хохирогч З.А ын эрүүл мэндэд олон тооны гэмтэл шарх учруулж үйлдсэн үйлдлээ тодорхой хугацаанд удтал үргэлжлүүлсэн байх тул онц харгис хэрцгийгээр үйлдэж буй гэмт үйлдлийн учир холбогдолыг ойлгон ухамсарлаж байсан гэж дүгнэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Энэ хэргийн улмаас хохирогч З.А нь эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй, З.А нь “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 66, 171 дэх тал) талаараа бичгээр илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ж ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ж ын үйлдсэн гэмт хэргийн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, залилах, хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, хохирогч З.А ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 39 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №10-01/709 албан тоот (хавтаст хэргийн 128 дахь тал)-оор тогтоогдоно. Шүүгдэгч Б.Ж д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Ж д Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 0 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснээс эдлээгүй үлдсэн 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж д оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/17-я захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (шүүгчийн захирамжид түүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчилагдсан 2 хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцсон). Баривчилсан хугацааг оруулан тооцвол нийтдээ 186 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх хорих ялаас цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцон хасаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Ж д Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 0 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснээс эдлээгүй үлдсэн 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж д оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Ж ын цагдан хоригдсон 186 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР