Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201705000134 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 03 дугаар сарын 05-наас 2017 оны 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг Ганганы арал газар нутаглах хохирогч *******гийн гэр дээр байсан цагаан өнгийн даавуун ууттай үхрийн махаар хийсэн 15 килограмм борцыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдожээ.    /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг Ганганы арал гэх газарт нутаглаж байсан О.Баясгалийн гэр дээр байсан 15 кг борцыг машин механизм хэрэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 05-ны шөнө би гэртээ согтуу унтаж байсан чинь манай гэрийн хаалгыг согтуу хүн нүдээд би Тогтохоо байнаа гээд байхаар нь манай хөгшин тайлж өгөөгүй юм гэсэн. Тэгээд өглөө нь сэрээд гарсан чинь гэр дээр байсан ууттай борц байхгүй болсон байсан.

Тэгээд энэ талаараа цагдаад хандсан. Би том цагаан даавуун уутанд 15 кг борц килограммлаж үзээд хийгээд хот руу хүүхэдрүүгээ явуулах гээд жаахан чийгтэй байх шиг байхаар нь гэр дээрээ тавьсан байсан. Шөнө нилээд аажуу болсон хойно манай хаалгыг согтуу хүн ирээд би Тогтохоо байна гээд нүдээд байсан гэсэн. Ганцаараа явсан байх гэж байсан. Энэ талаар манай эхнэр Даариймаа мэднэ. Бид хоёр хүүхдэд хот руу явуулах гээд хэмжээд хийсэн байсан юм . Борцны тал нь алга 4,5 кг борц ууттайгаа олдсон талаар хэсгийн төлөөлөгч ярьсан. Манай хашааны гадна талд мотоциклын мөр байсан. Манайх гэрийнхээ гадуур тойруулаад бэлчээрийн хашаа татчихсан байсан. Манай гэрээс өөр зүйлс алдагдаагүй. Тэр хүн мотоцикльтой ирээд манай борцыг гэр дээрээс аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/

гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 03 сарын 05-ны шөнө бид гэртээ унтаж байсан чинь шөнөө аажуу 01 цагийн орчим согтуу хүн ирээд хаалга нүдээд байсан. Энэ үедээ хаалгаа тайл, би Тогтохоо байна гээд байсан. Би согтуу хүнд дургүй унтуулж амраадаггүй болохоор хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгээд тэр хүн гэр тойроод яваад байснаа явчихсан. Тэгтэл гэр дээр байсан гэрийн цагаан бүрээсний даавуугаар хийсэн ууттай борц аваад явсан байсан. Том уутанд ЗОкг борц байгаад талыг нь хэмжээд хүүхдүүдрүүгээ хотруу явуулах гээд цагаан даавуун уутанд тасдаад хэмжээд хийчихсэн байсан юм. Тухайн алдагдсан ууттай борц болохоор 15кг болж байсан. Би нөхрийнхөө хамт хэмжээд хийсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манайх Жинст сумын 5 дугаар багийн нутаг болох Хөмөг гэх газар нутаглаж байсан юм. Гэтэл 2017 оны 03 сар гарчихсан байсан бөгөөд яг хэдэнд гэдэгийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш 17 цаг болж байхад би малаа хураахаар малруугаа яваад малаа хураагаад явж байсан чинь худгын таган дээр цагаан ууттай юм байхаар нь аваад үзсэнд борц байсан. Тэгээд би нөгөө борцыг гэртээ аваад ирсэн бод малын махаар хийсэн юм шиг байсан. Би тэр ууттай борцыг тухайн үед яг хэн тэнд хаясан талаар мэдээгүй харин сүүлд нь ******* манайд ирээд танай энэ хавьд ууттай борц хаясан юм та хараагүй биз гээд байсан. Харин би түүнд хараагүй гэж хэлсэн. ******* надад танайд ирж хонохдоо үлдээсэн гээд байсан. ******* манайд ирэхдээ мотоцикильтой ирсэн. Тэр манайд үдэш аажуу ирсэн ачаа ганзаглааг анзаараагүй маргааш өглөө нь яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйл үнэлэх орон тооны бус комиссын 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн "үхрийн махаар хийсэн 15 килограмм борц нь 300.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 хуудас/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйл үнэлэх орон тооны бус комиссын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "кенбо маркийн хуучин хятад мотоцикль 100.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 хуудас/

эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-12/

Хураан авах тогтоол, эд зүйлс хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн

13-17/

эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18/

-Жинст сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60/

-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 61/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 72/

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би энэ хэрэг болох өдөр Баянхонгор сумын Жинст сумын нутаг Цагаан ус гэх газраас ах Тойвын гэрээс гараад мотоцикльтой явж байгаад замаараа байсан айлуудаар орж архи уугаад яваад байсан. Тэгээд шөнө согтоод аажуу болсон хойно Баясгалан гэх айлаар очсон. Тэгээд гэрийн хаалгыг нь цохисон чинь тайлж өгөхгүй болохоор нь гэр дээр байсан ууттай борцыг нь аваад яваад мотоцикль дээрээ ганзагалаад цаашаа явсан санагдаад байгаа юм. Тэр үед би их согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ санахгүй байгаа юм. Цагаан ууттай борц авсан. Хичнээн килограмм байсныг мэдэхгүй. Би ганцаараа явсан. Би тухайн үед Цагаан уснаас Богдын баруун ууланд айлд очих гэж яваад замаараа Эрдэнээ гэх айлаар орж тэнд цагаан сарын архи гээд бүтэн шил архи өгөөд дараа нь ахиад тал архи өгөхөөр нь түүнийг нь уусан байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 03 дугаар сарын 05-наас 2017 оны 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг Ганганы арал гэх газар нутаглах хохирогч *******гийн гэр дээр байсан цагаан өнгийн даавуун ууттай үхрийн махаар хийсэн 15 килограмм борцыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохиролоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Харин шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь тогтоогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан кенбо маркийн улсын дугааргүй мотоцикль нь эвдэрсэн, явахгүй байгаа талаар шүүгдэгч мэдүүлж байх тул уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ 100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт "...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан хуулийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгсэл нь эвдэрч ашиглах боломжгүй байх тул шүүгдэгч *******ын унаж явсан улсын дугааргүй кенбо маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүний үнэ 100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн учир шүүгдэгчийн өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил тав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр жил тав хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 100.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр жил тав хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******од хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

7.Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ