Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0130

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0130

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Мөнх-Очирын Дамдинхорол /РД:ЧК63020215/,

Нэхэмжлэгч: Гүрбазарын Содгэрэл /РД:63061508/,

Нэхэмжлэгч: Найдангийн Төмөрбаатар /РД:ЧТ58101519/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Содгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх, нэхэмжлэгч М.Дамдинхорол, Н.Төмөрбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнхийн өмгөөлөгч Ш.Алтан-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, Д.Отгонбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Дамдинхорол, Г.Содгэрэл, Н.Төмөрбаатар нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 16 иргэн, 11 аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба тус захирамжийн хавсралтын 11 дүгээрт Г.Содгэрэл, 12 дугаарт Н.Төмөрбаатар, 13 дугаарт нэхэмжлэгч М.Дамдинхорол нарын нэр бичигдсэн байна.

3. Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/178 дугаар захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр анх шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Дамдинхорол, Г.Содгэрэл, Н.Төмөрбаатар бидэнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн A/112 дугаар захирамжаар тус дүүргийн Хуандайн адаг буюу 20 дугаар хороонд тус бүр 1 га газар эзэмшиж тухайн газар дээрээ гар худаг гарган, хүнсний ногоо тариалж байсан. Энэхүү газар эзэмших эрхээ үргэлжлүүлэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгуулсан. Төмс, хүнсний ногооны зоорь болон нарийн ногоо тариалах зорилгоор өвлийн хүлэмж бариулах гэрээ хэлцэл байгуулан 2020 оны хавраас үйл ажиллагаа эхэлж байтал, Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж, байгуулагдсан гэрээ хэлцлүүд цуцлагдсан болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А/178 дугаар захирамж гарган бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь бидний эрхийг зөрчөөд байна. Учир нь бид тус дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ хэлцэл байгуулан газрын төлбөрийг 2020 оныг дуустал цаг тухайд нь төлж байсан болно.

Иймд нэхэмжлэгч нарын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн адагт байрлалтай 000046590, 000046589, 000046588 дугаар бүхий иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А/178 дугаар захирамжийн бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй боловч нэхэмжлэгч Н.Төмөрбаатар, М.Дамдинхорол нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэхдээ хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн үзэж байна.

5.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн зохицуулалтыг хэрэглэхийн тулд газар эзэмшигч нар ямар зөрчил гаргасныг тогтоож, тэдгээрт мэдэгдэх ёстой. Гэтэл газар эзэмшигч иргэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн A/112 дугаар захирамжаар төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаас хойш болон өмнө нь Гачуурт тосгоны Захирагчийн 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар газар эзэмшиж байх үед ч Газрын тухай хууль болон гэрээний үүргээ зөрчөөгүй, зөрчсөн талаар захиргааны байгууллагаас нэг ч удаа шаардлага тавьж байгаагүй. Ийм учраас Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан гэж үзэж 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. Энэ шийдвэрийн дагуу тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд газар эзэмшигчийг Газрын тухай хууль болон гэрээний үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж ирсэн гэж үзсэн. Иймд захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэсэн нь буруу бөгөөд үндэслэх нөхцөл бүрдээгүй байна.

5.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байсан. Учир нь газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж ирсэн бөгөөд нэг ч удаа энэ талаар захиргаанаас ямар нэг шаардлага тавьж байгаагүй, нэхэмжилж байгаагүй болно. Төлбөрийн өргүй болохыг тооцоо нийлсэн актаар тодорхойлсон байгаа.

5.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан бөгөөд 2 жил гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийг ойлгохоор тусгасан. Иймд нэхэмжлэгч иргэдтэй газар эзэмших гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа болоогүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэж эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх дүүргийн Засаг даргад олгогдоогүй байна. Мөн энэ хугацаанд ковид-19 цар тахал гарсны улмаас манай улс төдийгүй дэлхий нийтээр хөл хорио тогтоож ямар нэг үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсныг Захиргааны байгууллага харгалзаж үзээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг өөрсдөө зөрчиж улмаар иргэний газар эзэмших эрхийг нь зөрчсөн байна

5.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэсэн зохицуулалтыг үндэслэл болгосон боловч энэхүү эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Маргаан бүхий захиргааны актын 2-т эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай газар эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэх асуудлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон боловч Захиргааны ерөнхий хуулийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга энэ асуудлыг хариуцах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Энэхүү зохицуулалтыг маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан Баянзүрх дүүргийн Засаг дарга тухайн асуудлыг өөрт хамаарах асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна.

5.5. Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэж, анх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгосон нь буруу байсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Учир нь маргаан бүхий газрыг анх Гачуурт тосгоны захирагчийн 1999 оны Б/13 тоот захирамжаар эзэмших эрх олгосон бөгөөд уг харилцааг зохицуулж байсан 1994 оны Газрын тухай хуульд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зохицуулалт байхгүй байна. Харин 2002 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Газрын тухай хуулийн 29.3-т нэг иргэнд төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг эзэмшүүлж болохоор заасан бөгөөд Газрын тухай хуулийн 33.1.2-т тус хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нарын хувьд тус бүр 1 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байгаа. Газрын тухай хуулийн 29.3-т заасан хэмжээнээс хэтрээгүй тул Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газарт хамаарахгүй байна. Ийм учраас Дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэхээр шаардах, түүнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын Захирамжийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нөгөө талаар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 49.1 буюу эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах зохицуулалтыг үндэслэсэн нь анх газар эзэмших эрх олгосон захиргааны актыг эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж үзсэн байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн A/178 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангахгүй байгаа тул хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү гэв.

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч М.Дамдинхорол, Г.Содгэрэл, Н.Төмөрбаатар нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/112 дугаар захирамжаар тус тус 1,000 м.кв газар эзэмших эрх олгож, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай Иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгасан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны талаар авах зарчим А/307, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай А/309, А/307, А/309 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамжуудыг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаар иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төрийн сангийн 100200000967 тоот /газрын дуудлага худалдааны орлого/ дансанд бүрэн төлүүлэх албан даалгавар ирүүлсэн. Албан даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч М.Дамдинхорол, Г.Содгэрэл, Н.Төмөрбаатар нарт 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 13/645 дугаар мэдэгдлийг, төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нар нь газар эзэмших хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2. газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх заалтуудыг биелүүлээгүй бөгөөд 36 дугаар зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон 2020 оны газрын төлбөрийг төлөөгүй.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, хяналт, шалгалт хийх явцад газрыг гэрээний дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасан үндэслэлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл, 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

7. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... 1999 онд нэхэмжлэгч нар тус бүр 1 га газрыг Баянзүрх дүүргийн газар нутагт эзэмшиж эхэлсэн. Үүнээс хойш 2014 он, 2019 онуудад хугацааг сунгасан. Энэ нь Газрын тухай хуульд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй гэдэг нөхцөлийг хангаж байна гэж үзэж байна. 1999 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй байдаг. Бид газрын үзлэг хийсэн бөгөөд холбогдох бичиг баримтыг үзэхэд 2018 онд худаг гаргасан. Үүнээс хойш төсөл боловсруулагдаж эхэлсэн байдаг. 2018 оноос өмнө нэхэмжлэгч нар тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан гэдэг үйл баримт огт тогтоогдоогүй. Тиймээс 2 жил ашиглаагүй гэдэг нөхцөл байдал аль хэдийнээ үүссэн байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд нэхэмжлэгч нарт газрыг сунгаж өгч байсан гэж харж байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний талаар А/307, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ төлүүлэх тухай А/309 дүгээр Захирамжийн биелэлтийг хангуулах талаар зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Иргэн, аж ахуйн нэгжийн газрын дуудлага худалдааны үнийг нийслэлийн төрийн сангийн тодорхой дансанд төвлөрүүлэх тухай албан даалгаврыг Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нарт 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 13/645 дугаартай албан бичгийг төлбөрийн нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн нь хавтаст хэргийн 136 дугаар хуудаст авагдсан байгаа. Төмөрбаатарын хүү Идэр ирж хүлээн авсан. М.Дамдинхорол, Г.Содгэрэл нар нь зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш 2 жил гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нар хамгийн сүүлд буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2 жил гэж тайлбарлаад байна. Энэ өдөр нь гэрээ сунгагдаж хийгдсэн. Анх гэрээ хийгдсэн тохиолдол биш юм. 1999 оноос тоолж үзэх нь зүйтэй. Тиймээс анхнаасаа гэрээний дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогдож байна гэв.

8. Иргэдийн төлөөлөгчөөс ...цаг хугацааны хувьд асуудалтай байна, нэхэмжлэгч талын гэрээг хүчингүй болгосон нөхцөл байдлыг харахад нэхэмжлэгч нарын зөв гэж үзэж байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гол шалтгаан дутмаг, 2019 онд сунгагдсан, 2020 оноос хойш газар ашиглаагүй гэдэгт төр засгаас ковид-19 цар тахлын үеийн гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг сэргээж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Дамдинхорол, Г.Содгэрэл, Н.Төмөрбаатар нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны захирагчийн 1999 оны Б/13 дугаар захирамжаар Гачууртын Хуандайн аманд нэхэмжлэгч М.Дамдинхорол, Н.Төмөрбаатар, Г.Содгэрэл нарт тус бүр 10000 м.кв газрыг хүнсний ногооны зориулалтаар анх эзэмшүүлсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/112 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж,

3. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай А/343 дугаар захирамжаар 32 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийн дагуу гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, баталгаажуулсан байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н.Төмөрбаатартай, 01110-2019/02383 дугаар газар эзэмшүүлэх тухай гэрээ, мөн өдөр Г.Содгэрэлтэй 01110-2019/02385 дугаар газар эзэмшүүлэх тухай гэрээ, М.Дамдинхоролтой 01110-2019/02386 дугаар газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулж, төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/178 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, б, г, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад заасан 16 иргэн, 11 аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Г.Содгэрэлийн төмс, хүнсний ногооны зориулалттай, газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 1333010362 дугаартай, Н.Төмөрбаатарын төмс, хүнсний ногооны зориулалттай, нэгж талбарын 1333002322 дугаартай, нэхэмжлэгч М.Дамдинхоролын төмс, хүнсний ногооны зориулалтай, нэгж талбарын 1333010363 дугаартайгаар тус тус бүртгэгдсэн, тус дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/343 дугаар захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

5. Маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар, б. нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, г. газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах, 29.2. Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 31 дүгээр зүйлийн 31.1.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 33 дугаар зүйлийн 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 33.2. Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна, 40 дүгээр зүйлийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2. Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, 60 дугаар зүйлийн 60.1. Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 49 дүгээр зүйлийн 49.3.1. цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол гэж хуульчилсныг тус тус үндэслэн гарсан ба үүнээс тухайлан мэдэгдэл хүргүүлсээр байтал дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн, Засаг даргаас Газрын тухай хуулийн тухайн заалтуудыг хэрэгжүүлж, маргаан бүхий захирамж гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан, энэ утгаараа газар эзэмшигч нар нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ...Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, газар эзэмших тухай гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн байтал тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал тархсаныг үнэлээгүй, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй... зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, ...газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмын дагуу эзэмшээгүй, газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, мэдэгдлийг хүргүүлсэн хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг түүнчлэн мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.1-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

8. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасныг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарлахдаа: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...удаа дараа... гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, ... мөн зүйл, хэсэгт заасан ...ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохионо хэмээжээ. Энэ үндэслэлийн тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайлан зөрчлийг илрүүлж маргаагүй, хуулийн энэ хэсгийн заалтыг тайлбарласан ...40.1.2-40.1.6-д зааснаас бусад... гэж тайлбарлан тодотгосонд заасан зөрчлийг нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

9. Газрын төлбөрийн зөрчил буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн талаар.

9.1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Төмөрбаатарын газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг дараах байдлаар ирүүлжээ. Үүнд:

- 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 420210027 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл, 2014 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2015 оны гэрээгээр 440,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны гэрээгээр 660,000 төгрөг төлсөн, 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны гэрээгээр 704,000 төгрөг төлсөн, 264,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2017 оны нөхөн төлбөр гэрээгээр 44,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны гэрээгээр 220,000 төгрөг төлсөн, 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны гэрээгээр 880,000 төгрөг төлсөн, 300,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2020 оны гэрээгээр 289,768 төгрөг төлсөн, 3193,768 төгрөг төлсөн, үлдэгдэл 0 төгрөг буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 80,000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж,

9.2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч М.Дамдинхоролын газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг дараах байдлаар ирүүлжээ. Үүнд:

- 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 420210025 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл, 2014 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2015 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2016 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2017 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2018 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2019 оны гэрээгээр 580,000 төгрөг төлсөн, 2020 оны гэрээгээр 289,768 төгрөг төлсөн, нийт 3,069,768 төгрөг төлсөн, үлдэгдэл 0 төгрөг буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэж,

9.3. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Содгэрэлийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг дараах байдлаар ирүүлжээ. Үүнд:

- 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4202100276 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл, 2014 оны гэрээгээр 440,000 төгрөг төлсөн, 2015 оны гэрээгээр 440,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны гэрээгээр 660,000 төгрөг төлсөн, 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны гэрээгээр 704,000 төгрөг төлсөн, 264,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2017 оны нөхөн төлбөр гэрээгээр 44,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны гэрээгээр 220,000 төгрөг төлсөн, 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны гэрээгээр 880,000 төгрөг төлсөн, 300,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2020 оны гэрээгээр 289,768 төгрөг төлсөн, нийт 3,069,768 төгрөг төлсөн, үлдэгдэл 0 төгрөг буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэжээ.

10. Энэ тохиолдолд маргаан бүхий захирамжийг гаргах нэг үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нар нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

11. Нэгдүгээр хавтаст хэргийн 114 дүгээр хуудаст шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... хашааг 3-4 удаа барьсан, гар худагтай, манаач 14 хоногийн өмнө нүүж ирсэн, газар дээр нэг гэр байна... гэж авагдсаныг, нотолгооны шууд хэрэгсэл болох шүүх хуралдааны тэмдэглэлд маргаан бүхий газар дээр юу юу байсныг тодруулж агаар сансрын зургийг судлуулж, нэхэмжлэгч нар нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь тусгагдсаныг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай дээр дурдсан дугаар бүхий гэрээ байгуулснаас хойших хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас олон удаагийн хөл хориог эрх бүхий этгээдээс тогтоож, энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын зүгээс газраа зохих ёсоор эзэмшихэд хүндрэл гарч байсан талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарласныг түүнчлэн хэрэгт авагдсан, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/2019 дугаар Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-ний Ерөнхий нөхцөл 1.1-д ...Захиалагчийн хүсэлтийн дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хуандайн ам, улсын бүртгэлийн 000046589, 000046590 дугаар бүхий 2 га газар дээр ногооны хүлэмжийн зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлөх... гэж, манаачтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 4 улирлын хүлэмж барих талаар Ажил гүйцэтгэх гэрээ, ахуйн хэрэглээний зориулалтаар Худаг өрөмдөх гэрээ зэрэг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан, үүгээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ...мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласны хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал нэхэмжлэгч нарын тухайд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн хариу тайлбар татгалзлын үндэслэлийг бичгээр ирүүлэхдээ түүнчлэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшсэн буюу мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар тухайн газраа эзэмшээгүй, дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй..., иймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болно хэмээсэнд шүүх дараах дүгнэлтийг өгөв.

13. Дээрх үндэслэлийг шалгаж, хэрэгт нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай А/307 дугаар захирамж, мөн Засаг даргын мөн өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай А/309 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамжуудыг цуглуулж шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ба,

- А/915 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг даргад тус тус үүрэг болгосон.

14. Энэхүү А/915 дугаар захирамжийн 1.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай А/307, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг ногдуулахдаа газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарсан үед мөрдөгдөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-аар төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг бүрэн төлсөн болон захирамжийн 1.2-т заасан нөхцөлийг хангасан этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах хугацааг сунгаж 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулах, 1.4. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх гэж шийдвэрлэсэн байна.

15. Үүнээс үзвэл, хариуцагч дүүргийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгч нарыг буруутгахдаа төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, мэдэгдэл хүлээн авсан боловч ... адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх зэрэг тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт байгаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл байхгүй, хаана, хэдэн төгрөг яаж төлүүлэх талаар мэдэгдэл ирээгүй гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

16. Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ-ний агуулга болон заалтад тусгайлан газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй нь зөрчил болох талаар дурдсан зүйл байхгүй нь хариуцагчаас гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, тэр дундаа газрын тухай хуульд тогтоомжид заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.

17. Иймээс хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

18. Сонсох ажиллагааны талаар.

18.1. Захиргааны байгууллага буюу Баянзүрх дүүргийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна.

18.2. Маргаан бүхий энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 13/646 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Содгэрэлд, 13/645 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Н.Төмөрбаатарт, 13/644 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.Дамдинхоролд тус тус ... иргэн та тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй бөгөөд дуудлага худалдааны үнэ төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 заалтуудын үндэслэл бүрдсэн, ... Газрын тухай хуулийн 40.2 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна гэх агуулгатай албан бичгийг тус тус хүргүүлсэн, ийнхүү албан бичиг хүргүүлснийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй.

18.3. Учир нь, дээрх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл буюу албан бичгийг нэхэмжлэгч нарт гардуулаагүй, н.Идэр гэх этгээдэд гардуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласныг нэхэмжлэгч нар нь мэдэхгүй гэж тайлбарласныг дурдаад дээрх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл буюу албан бичиг нь маргаан бүхий үйл баримттай шууд холбогдохгүй, өөр зохицуулалтаар гарсан, уг албан бичгийн дагуу нэхэмжлэгч нар нь мэдэгдлийг хүлээн авсан атлаа холбогдох төлбөрийг төлөөгүй нь маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл байж болох боловч тухайн мэдэгдлийг хүргүүлснээс хойш даруй 2 сарын дараа маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагч Засаг дарга нь дээрх үндэслэлээс гадна өөр бусад үндэслэлийн талаар оролцогчийг сонсож, хуульд заасан арга, журмын дагуу сонсох ажиллагааг явуулах ёстой байсан байна.

19.Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасантай нийцэхгүй, хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.

20. Ердийн ухамсрын түвшинд хууль хэрэглээний биш агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч Б.Жаргалын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дамдинхорол, Г.Содгэрэл, М.Төмөрбаатар нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/178 дугаар захирамжийн М.Дамдинхорол, Г.Содгэрэл, М.Төмөрбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА