Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01090

 

Д.Б, Г.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/01075 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б, Г.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-89,

 

Ц-89ийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/11, Б/12, 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/20, Б/21 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-89ийн эрхлэгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 тушаалаар Г.Бийг, Б/12 дугаар тушаалаар Д.Бг тус тус ажлаас нь халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тушаалд дурдсанаар ажлын байранд удаа дараа архидан согтуурч, сахилгын зөрчил гаргаагүй. Цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.14 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг ажлаас халсан, уг зохицуулалт нь хөдөлмөрийн тухай хуульд байхгүй, илт худал тушаал гарсанд гомдолтой. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2019.3.01-ний өдөр тушаалуудаа залруулж Б/20, Б/21 тоот тушаалуудыг гаргаж, нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн халсан гэж өөрчилсөн. Эдгээр тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагатай. 2019.1.31-ний өдрөөс 2 дугаар сарын 01-нд шилжих шөнө Д.Б болон Г.Б нар нь н.Цаас ажлын байран дээрээ зөвшөөрөл авч хоносон. 2 дугаар сарын 01-ний өдөр захирал нь 3 хүнийг байлцуулан камерын бичлэг шүүсэн. Гэрч нар камерын бичлэг устсан, бичлэг дээрх хүнийг таниагүй гэсэн мэдүүлгүүд өгсөн. Ажлын байранд архи уусан гэдгээ нотолж чадаагүй. Эрхлэгч ажлын байранд хонох үндэслэлгүй тул хүсэлт бичиж өг гэсэн. Нэхэмжлэгч нар ажлын байранд хоносон болохоос архидан согтуураагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээ нотолж чадаагүй тул мөн хуулийн 40.1.1 буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр халсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал нь ажил олгогч болон ажилтан гэсэн хоёр талын санаачлагаар хийгдэх ёстой. Тушаалууд хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч талын гаргаж өгч байгаа нотлох баримтууд нь хариуцагчийн өөрсдөө бий болгох боломжтой баримтууд. Тэр баримтууд нь өөр эх сурвалжийн нотлох баримтаар нотлогдоогүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө нар шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчиж ажлын байранд архидан согтуурч ноцтой зөрчил гаргасан. Хүүхдийн байгууллага тул ажлын байранд архидан согтуурах асуудал байж болохгүй,ноцтой зөрчилд тооцдог. 2019.2.01-ний өглөө Г.Б нь жижүүр багшаар ажиллах хуваарьтай байсан боловч ажлын байран дээр байхгүй байсан. Ажлын байрандаа согтуу явж байгааг тус цэцэрлэгийн арга зүйч М.О анх мэдэж, сургуулийн захиргаанд мэдэгдсэн. Уг зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр захиргааны хурал тухайн өдрийн 9:00 цагт зарлаж хуралдсан. Хурлаар Г.Бийг ажлаас халахаар, ажлын байранд согтуу хүн нэвтрүүлсэн зөрчил гаргасан манаач Ж.Цд цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулахаар шийдвэрлэж, холбогдох шийдвэрийг гаргасан. В.Энхсайхан багш өөрийн ажлын байранд согтуу хоёр хүн байлгаж байсныг ноцтой зөрчил гэж үзэн түүнд 3 сарын хугацаанд цалинг бууруулах арга хэмжээ авсан. Камерын бичлэгээр тухайн шөнө Д.Б, Г.Б нар 01:47 цагт тус цэцэрлэгийн байранд согтуу орж хоносон. Д.Б нь 89 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллах хугацаандаа цөөнгүй удаа ажлын байрандаа согтуу байдалтай ирдэг байсан ба, энэ талаар тухай бүр сануулж, өөртэй нь ярилцаж хэлдэг байсан. Тушаалуудын хувьд зарим нэг техникийн алдаа гарсан байсан тул техникийн алдааг засаж, нэхэмжлэгч нарт хүргүүлж танилцуулсан. Хөдөлмөрийн дотоод журамд архидах нөхцлийг бүрдүүлсэн бол ажлаас халах заалтыг маш тодорхой тусгасан. Ажил дээр хоносон нь ноцтой зөрчил болохгүй ч, согтуу хоносон учир ноцтой зөрчил болно. Гэрчүүд  мэдүүлсэн, нэхэмжлэгч нар ч өөрсдөө буруугаа хүлээж бичиж өгсөн. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц-89ийн эрхлэгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/11, Б/12 тоот, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/20, Б/21 тоот тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б, Г.Б нарыг Ц-89ийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 746 210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт, 2 708 187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б, Г.Б нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ц-89т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Ц-89ээс улсын тэмдэгтийн хураамжид 102 220 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт нотлох баримтаар гаргасан хурлын тэмдэглэлд багш Г.Б, Д.Б нар ажлын байранд удаа дараа архи уусан болох нь нотлогдож байна. 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 01-нд шилжих шөнийн камерын бичлэгээр Д.Б, Г.Б багш нар ажлын байранд архи уусан болох нь нотлогддог бөгөөд энэ тухай тэмдэглэлийг нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх цэцэрлэгийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, камерын бичлэгт хийсэн үзлэг, гэрч нарын мэдүүлэг зэргийг үнэлээгүй нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч тал  нотлох баримтыг  няцааж үгүйсгэж чадаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй алдаа гаргасныг зөвтгөж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б, Г.Б нар нь хариуцагч Ц-89т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ нэхэмжлэгч нар сахилгын ноцтой зөрчил гаргасан “ гэж маргажээ. /хх1, 18-20, 33-44, 109/

 

Нэхэмжлэгч Д.Б нь Ц-89ийн эрхлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/39 тоот тушаалаар тус цэцэрлэгт багшаар томилогдон, мөн өдөрт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан, нэхэмжлэгч Г.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан багшийн ажилд томилогдож, цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Биеийн тамирын багшийн ажилд томилогдсон болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх 5-12/

 

Ц-89ийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/11, Б/12 дугаар тушаалаар Д.Б, Г.Б нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийг гэрээг цуцлахаар гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажлын байранд, согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр ажлаас халсан байна. /хх-3-4, 25, 27 /

 

Тус цэцэрлэгийн захиргаанаас  2015 оны 11 дүгээр сарын 02, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр багш Д.Б, Г.Б нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 4.3-д, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.11-т ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ. / хх 5-10, 48 /

 

Нэхэмжлэгч Д.Б, Г.Б нар нь 2019 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 01-нд шилжих шөнө ажлын байранд буюу цэцэрлэг дээр согтууруулах ундаа хэрэглэснээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг нотлохоор хариуцагч талаас камерын бичлэгт авагдсан нөхцөл байдлын талаар баримт үйлдэж, Б.Ц, М.О, С.Нарантунгалаг, Ж.Ц нар гарын үсэг зурж баталгаажуулж, ирүүлсэн. Камерын бичлэгээр илэрсэн нөхцөл байдлыг баримтжуулсан тэмдэглэлд гарын зурж оролцсон дээрх хүмүүс шүүхэд зохих хууль тогтоомжоор хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасантай нийцсэн./хх 64, 101/ Хэрэгт авагдсан гэрч М.Оийн “биеийн тамирын заалны хаалга онгойгоод Г.Б гарч ирсэн. Гарч ирэхдээ согтолтын байдалтай, архи үнэртүүлсэн” гэх, гэрч Ж.Цы “Д.Б, Г.Б нар нь нэлээн согтуу орж ирсэн, ..., хоёулаа улам их согтсон байсан” гэх, гэрч С.Нарантунгалагийн “Г.Б, Д.Б нар нь согтуу байсан. Тэр дундаа Г.Б нилээн согтуу байдалтай байсан” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нар нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. /хх 101-108/

 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй байна. /хх 122-125/ Хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тодорхой зааж, эрх үүргийг танилцуулан авсан гэрчийн мэдүүлгийг худал, буруу, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин анх ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.14 гэж  техникийн алдаатай гаргаж уг алдаагаа залруулсан талаарх тушаал хэрэгт авагдсан, тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил буюу ажлын байранд архи уусан зөрчлийг нэрлэн зааж, энэ талаарх нотлох баримт  гаргаж   байх тул тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх, буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/01075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц-89ийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/11, Б/12, 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/20, Б/21 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай Д.Б, Г.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД