2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2068

 

 

 

 

                                                                                                                                              

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Е.Хулан,

шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 2510015290989 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ********* дугаар цэцэрлэгч тогооч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **********,*************,,,***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Цагаан сар болоод ажил маань хэд хоног амарсан байсан. 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажил буцаад орсон. Ажилдаа яваад орой нь тараад ирсэн чинь ээж маань архи уусан байсан. Хөл гар муутай байж уулаа гэж загнасан. Битгий дахиж уугаарай гэж хэлчхээд гарахад янз янзын үгээр намайг хэлээд байсан. 07-ны өглөө ажилдаа явахдаа битгий уугаарай гэж хэлээд 10 цагийн үед залгахад мөн уусан байсан. Тэгэхээр нь ажлынхаа хүнийг машинтай нь гуйгаад гэртээ очсон. Ээжийг орон дээр гаргаад гар, хуруу, хөлийг нь цохисон. Картыг  нь аваад ажил руугаа буцаад явсан. Явахдаа хойд талын дэлгүүр рүү ороод ээжид битгий архи өгөөрэй гэж хэлээд явсан. Орой нь манай ажлынхан караоке оръё гэхээр нь цуг гарсан байсан. Дунд ах руугаа 10 цагийн үед ярихад ах нь ороод гал түлчихсэн. Гэрээр битгий ороорой, ээж уусан байна гэсэн. Намайг шууд гэр рүүгээ ороод унтчих гэж хэлсэн. Өглөө 9,10 цагийн үед сэрээд ямар орой сэрчхэв ээ гээд гэр рүү нь гал түлэхээр орсон. Гэр рүү нь орох үеэр ээж маань баганаа өнгөрөөд хэвтсэн байсан. Ээж гээд дуудаад байсан чинь сэрэхгүй болохоор нь ах руугаа залгасан. Ээж сонин байна гэсэн чинь эмнэлэг, цагдаа руу залгачих гэсэн ...” гэв.

 

Эрүүгийн 2510015290989 дугаартай хэргээс:

           Улсын яллагч: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн  32-33, 50-51 дэх тал), гэрч ********  мэдүүлэг (хавтаст хэргийн  39-40 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0625/1058 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн  76-81 дэх тал),        2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд ирүүлсэн “...********* 64 настай эмэгтэй нас барсан, архи уусан байна”, “...********* хашаан дотроо нас барсан байна...”, “...64 настай хүн архи уугаад байна...” гэх дуудлагын лавлагааны хуудаснууд (хавтаст хэргийн 5-6 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2510015290989 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч ********** нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ********* дүгээр хороо Хивсний гудамж ********* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх ********* “архи уулаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний гар, хөл, цээжин тус газарт гараараа цохисон,

 мөн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Хивсний гудамж ********* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх *********** “архи уулаа, өөдөөс хэрэлдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр, гар, цээжин тус газарт хэд хэдэн удаа цохих, хөлийн гуя хэсэгт өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар, баруун тохойд няцарсан шарх, дух баруун шилбэнд цус хуралт , зулгаралт, хоёр хацар, шанаа, эрүү, цээж , хэвлий, баруун доод зовхи, мөр, бугалга, шуу, сарвуу, ташаа, гуя, өвдөг, шилбэ, хоёр цавинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* “...******* нь миний төрсөн эх байгаа юм. …дүү ******* нь Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо **** тоотод байх монгол гэрт ээжтэй хамт амьдардаг. Тус тоотод байгаа байшин нь манай дүү ******** бөгөөд, харин гэр нь манай ээжийнх юм, манай дүү ******** гэр бүлийн хүнээсээ салаад ээжтэй хамт нэг гэрт амьдарч байгаа юм. Миний хувьд хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19:00 цагийн орчим тус тоотод байх ээжийн гэрт очиход ээж ********** ганцаараа байсан, харин дүү ********** нь нийслэлийн 243 дугаар цэцэрлэгт ажилдаг, ажлаасаа ирээгүй байсан. Тухайн намайг гэрт ороход ээж ******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нилээн муудсан ярих чадваргүй, гэрийн зүүн талын орных нь урдуур халуун сав чихрийн таваг нь унасан байдалтай байхаар нь би бодохдоо уучихсан унаж, эмх замбараагүй болгосон юм болов уу гэж бодчихоод гэрт нь орж галыг нь түлж өгчхөөд гэртээ харьж амарсан, орой 22:10 цагийн орчим манай дүү ******* над руу утсаар залгаад би ажил дээрээ мартын 8 байр тэмдэглэж байгаад харих гэж байна гэж ярьж байсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагийн орчим манай дүү ***** залгаад орой ирсэн чинь ээж согтуу байхаар нь байшиндаа орж унтчихаад өглөө гэрт орж ирсэн чинь галынхаа хажууд уначихсан байна, амьсгалахгүй байх шиг байна гэхээр нь шууд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлчхээд очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан. ...ээжийн хувьд 2024 оны сүүлээр архи ууж явж байгаад халтирч унаад сүүжний яс нь хугарчихсан эмнэлэгт хэвтээд гарч ирээд тэргэнцрээр явдаг байсан, 2025 оны 02 дугаар сарын 25, 26-ны орчим таяг тулаад явдаг болсон бөгөөд гэрээсээ гарч, гэрийн ар талд байрлах дэлгүүрийн орчим явж байгаад өмнө нь хамт ажилдаг байсан хүмүүстэй /тухайн хүмүүсийг нь бол мэдэхгүй/ архи ууж байгаад шургаж унаад духны зулгаралт, гарны хөх няц, нүд хамрын орчим хөхөрсөн гэмтлүүдийг авсан байсан. Ер нь үүнээс хойш хүмүүстэй нийлж ууж мэдэгдээгүй, миний хувьд хааяа нэг ирдэг бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөн гэртээ ганцаараа архи уусан байсан, өчигдөр бас архи уусан байсан. Намайг өчигдөр ирэхэд гэрт хүмүүстэй нийлж архи уусан зүйл ажиглагдаагүй, гэрийнх экс нэртэй 0.5 литрийн архины шил бол харагдаж л байсан. Ямар ч байсан ороход хуучин духны зулгаралт, хоёр нүдний хөхрөлт, гарын хөлийн хөх харагдаж л байсан....” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн  32-33, 50-51 дэх тал)

                   мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********* “...*******г нь  бөөрний дутагдалтай тэтгэвэрт байдаг, хааяа нэг архи уудаг. Харин охин ******** нь өдөр болгон архи уудаг, архины хамааралтай, одоо 38 настай байх, нөхөр хүүхдүүдээ хөөгөөд явуулчихсан. Архи дарс ууж төрсөн эхийгээ их дарамталдаг, зоддог гэж ээж Оюунбилэг нь ярьдаг байсан...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн  39-40 дэх тал),

                  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0625/1058 дугаартай “...Амь хохирогч ******** цогцост хамар, баруун тохойд няцарсан шарх, дух баруун шилбэнд цус хуралт , зулгаралт, хоёр хацар, шанаа, эрүү, цээж , хэвлий, баруун доод зовхи, мөр, бугалга, шуу, сарвуу, ташаа, гуя, өвдөг, шилбэ, хоёр цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.. Элэг, нойр булчирхай, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчин нь үхэлд хүргээгүй байна. Томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх, судасны цочмог дутагдлаар нас баржээ. Цогцост хийсэн 2025.03.08-ны 16 цаг 01 минутын байдлаар нас бараад 13-15 цаг орчим хугацаа өнгөрсөн байна. Цусанд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 1.6, цөсөнд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн  76-81 дэх тал)

                   2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд ирүүлсэн “...******* 64 настай эмэгтэй нас барсан, архи уусан байна”, “...********** хашаан дотроо нас барсан байна...”, “...64 настай хүн архи уугаад байна...” гэх дуудлагын лавлагааны хуудаснууд (хавтаст хэргийн  5-6 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

-

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

       Амь хохирогч ******* эрүүл мэндэд нас барахаас өмнө учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** нь хохирогчийн нүүр,гар, цээжин тус газарт гараараа цохих, хөл хэсэг рүү өшиглөж зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махбодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

        Шүүгдэгч ******** нь төрсөн эх ****** хамт амьдардаг бөгөөд удаа дараа маргалдаж, хэл амаар доромжлох зэргээр таарамжгүй харилцаатай байсан талаар мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан, зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид  тусгайлан заажээ.

 

Иймд шүүгдэгч ********* үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2510015290989 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч ******** 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

 Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

 Гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, хайрлах, халамжлах үүрэг нь өргөн утгаараа хуулиар хязгаарлагдахгүй, ямар нэгэн хууль, дүрэм журамд үндэслэж үүсдэггүй, илүү ёс суртахуун, жам ёсны шинжтэй бөгөөд шүүгдэгч *********** төрсөн эхийнхээ  биед халдаж байгаа үйлдлийн арга нь түүний нийгэмд аюултай зан төлвийн илрэл гэж дүгнэв.

 

Иймд ********** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Эрүүгийн 2510015290989 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

     ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ********,*********** үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ