Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00079

 

 

 

 

 

 

 

2022 12 27

101/ШШ2023/00079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 71-7 тоот хаягт оршин суух А-ын Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхон, 205 дугаар байр 11 тоот хаягт оршин суух Ц-ийн Т-д холбогдох,

Зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Галбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

Хариуцагч Ц.Төвшинбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Галбадрах миний бие 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ц.Төвшинбатад 6,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Анх хариуцагч нь мөнгө хэрэгтэй байна зээлээч гэсэн, адилхан багшаар ажилладаг юм чинь мөнгө өгчих байх гэж бодож 9,000,000 төгрөгийг 1 жилийн өмнө зээлсэн. 3,000,000 төгрөгийг хариуцагч нь төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй удаж байх тул үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 05 сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээл өгсөн тухай хэлцлийг нотариатаар баталгаажуулсан. Иймд Ц.Төвшинбатаас 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Галбадрах миний бие 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Ц.Төвшинбатд 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаатай зээлдүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Тайлбар: Ц.Төвшинбат миний бие А.Галбадрахаас нийт 9.000.000/есөн сая/ төгрөг ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр зээлсэн бөгөөд 3,000,000 /гурван сая/ төгрөгийн төлөлт хийсэн. 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр үлдсэн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан нь үнэн.

Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд ар гэрийн гачигдалаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөх боломжгүй болсон. Одоогийн байдлаар зээлийг их хэмжээгээр төлж барагдуулж чадахгүй. Учир нь ээж минь хүнд өвчтэй хорт хавдартай хэвтэрт байдаг олон сар сахиад ажил хийх боломжгүй өдөрт 100,000 гаруй мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Цаашид сар бүр 300,000 төгрег төлж зээлээ барагдуулах тул нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 3 дугаар сарын 13-ны огноотой Мөнгө төлөх тухай баримт гэх гар бичмэлийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүхэд хариуцагчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Галбадрах нь хариуцагч Ц.Төвшинбатад холбогдуулан зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу 6,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ц.Төвшинбат, А.Галбадрах нарын хооронд хийгдсэн Мөнгө төлөх тухай баримт гэх гар бичмэлээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв. /хх-ийн 3 дугаар тал/

3.Нэхэмжлэгчээс дээрх хэлцлийн дагуу 9,000,000 төгрөгийг хүлээлгэн өгснөөс 3,000,000 төгрөгийг нь авсан, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байх бөгөөд дээрх үйл баримтын талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Төвшинбатаас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Галбадрахад олгохоор шийдвэрлэв.

6. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэхь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Төвшинбатаас 6,000,000 төгрөг /зургаан сая/-ийг гаргуулж, нэхэмжлэгч А.Галбадрахад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА