| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1522/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1787 |
| Огноо | 2025-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1787
2025 7 21 2025/ШЦТ/1787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Б.Б-д холбогдох эрүүгийн “2506028301287” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ......... дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч Г.Я тай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх.зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Насанд хүрээгүй хохирогч Г.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3125 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч Г.Я-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Насанд хүрээгүй хохирогч Г.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхий боловсролын сургуулийн ... дугаар сургуулийн спорт зааланд заал аваад танихгүй 17-20 орчим насны 7, 8 хүнтэй тавын эсрэг тав тоглоод нөгөө нэг залуу нь талбайн хажуу талаас бөмбөг гаргахаар нь би таслаад довтолсон чинь араас ирээд намайг түлхэхээр нь би чи яагаад байгаан тоглож чадахгүй бол хожигдож сураач гэж хэлсэн чинь миний хамар руу гараараа цохиод, тэгээд тонгойсон чинь хөлөөрөө хамар руу нэг удаа өшиглөөд цус гараад ээж эгчийгээ дуудаад гомдол гаргасан. Тухайн үед хамар өвдөөд амьсгалахад хэцүү байсан толгой бага зэрэг өвдсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3125 дугаартай “...Г.Я-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхйй хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Г.Я-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд насанд хүрээгүй хохирогч Г.Я-ын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Б-гийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Г.Я, түүний хууль ёсны төлөөлөгч С.Болормаа нараас “...Бид нэн даруй зохих арга хэмжээг авч эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Одоо Г.Я-д өвчин зовиур үгүй болсон. Б.Б гэх хүүхэд эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Гомдол саналгүй.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 53 дахь тал/ гэж мэдүүлсэн ба насанд хүрээгүй хохирогч Г.Я-ын эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 480,616 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ..................... дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................... овогт Б.Б /РД:......................./-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 480,616 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .................. дугаартай дансанд төлүүлсүгэй
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ