Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б*******т холбогдох эрүүгийн 2515000000156 дугаартай, 304/2025/0159/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Д*******гийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1967 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 58 настай, ам бүл 4, эхнэр, ээж, дүүгийн хамт, Булган аймгийн ..................... газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар *******, урьд

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60 мянган төгрөгөөр торгох ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэн 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэж байсан.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Булган сумын ******* 4 дүгээр баг ******* ******* гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Э*******тай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдан улмаар гэрийн гадна гарч хохирогчийг өөрийг нь цохисонд уурлаж хохирогчийн баруун гуя хэсэгт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь баруун гуянд шархбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

         1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Булган сумын ******* 4 дүгээр багийн ******* ******* хөдөө гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Э*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний баруун гуя хэсэгт 2 удаа хутгалж “баруун гуянд шархбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, хохирогч Б.Э*******ын өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дэх тал/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/, хохирогч Б.Э*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25, 28 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Д.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн БУЛ0725/249 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, яллагдагч Д.Б*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б******* нь бүрэн дунд боловсролтой, өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Б*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Э*******ын  биед халдаж , хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн БУЛ0725/249 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Э******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Э*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 168,696 төгрөг нэхэмжилснийг  шүүгдэгч Д.Б******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан байх тул түүнийг бусад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг танилцуулахад зөвшөөрсөн тул ялын саналыг батлуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...:байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Б******* нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Д.Б*******ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б*******т тусгайлан сануулав.

2.3.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.5 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, ажлын хэсгийн өргөн нь хамгийн өргөн хэсэгтээ 2 см өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, хар өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг зэргийг хохирогч Б.Э*******т буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгаж, шүүгдэгч Д.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Д*******гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б*******т сануулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, хар өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг зэргийг хохирогч Б.Э*******т буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус  даалгасугай.

5.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ