Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01105

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/01011 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 436 998 486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 572 369 786 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны гаргасан тайлбартаа: Талууд 2014.05.11-ний өдөр 2014/01 тоот 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Талууд ажлын хөлсийг төсөвт өртгөөр тооцохоор тохиролцож төсвийг З ХХК-иар гаргуулсан. Гэтэл барилга барих явцад төсөвт өртөгт ороогүй ажлуудыг хийх шаардлагатай болж нэхэмжлэгч компани өөрийн хөрөнгөөр туслан гүйцэтгэгч нараар гүйцэтгүүлсэн. Үүнд: 166 айлын орон сууцны барилгыг гадна дулаанаар хангах улсын шугамыг өргөтгөх ажлыг захиалагч "Х ХХК-тай ярилцаж тохиролцсоны дагуу нийт 52 992 140 төгрөгийн өртөгөөр Хайрхан бар ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн. Мөн тус компанитай орон сууцны барилгын гадна дулааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 145 277 000 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Э ХХК-тай орон сууцны барилгын гадна цэвэр, бохир усны шугамын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 33 188 055 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Эн Би Би Жи ХХК-тай гадна холбоо дохиоллын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 15 541 291 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Х ХХК-тай орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 190 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Хийсэн ажлаа 2015.11.06-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015/640 дугаартай актаар хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн зардлуудыг төлөөгүй. Нэхэмжлэгч нь эдгээр ажлуудыг холбогдох хууль тогтоомж, стандарт хийгээд норм, дүрмийн дагуу шуурхай хийж гүйцэтгэсний үндсэн дээр барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчаас нэмэлт ажлын хөлс 436 998 486 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014.05.01-ний өдөр гэрээ байгуулж, уг барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэрээ байгуулахдаа тухайн барилгын ажлын нийт төсөвт өртгийг төсөвт заасан хэмжээгээр тогтоохоор зааж, З ХХК-иар 18 028 984 715 төгрөгийн төсөвт гаргуулсан. Гэрээт ажлын хөлстэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж, энэ гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 тэрбум гаран төгрөг нэхэмжилснийг УДШ-ээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Ажлын төсвийг нийт 18 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, ажил гүйцэтгэх явцын дунд хоёр удаа нэмэгдэл зардал өгсөн Нэмэлт ажлыг хийсэн техникийн нөхцөл байхгүй. Техникийн нөхцөл огт өөрчлөгдөөгүй. Техникийн нөхцөлүүд ямар байдлаар хэрхэн өөрчлөгдсөн тодорхой биш. Мөн энэ талаар захиалагч талд мэдэгдэж тохиролцсон зүйл байхгүй. Эдгээр туслан гүйцэтгэгч нартай энэ гэрээ байгуулж ажилласан харагдаж байна. Нэмэлт ажлыг хийх шаардлага байсан гэдгийг тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй. Гэрээний нийт гүйцэтгэл нь шүүхийн шийдвэрээр дүгнэгдээд энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээр орон сууцыг бариулж ашиглалтад хүлээн авсан боловч их хэмжээний доголдолтой байснаас оршин суугчдаас гомдол ирж байна. 2019.1.25-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас тухайн барилгын доголдлыг тогтоож дүгнэлт гаргасан. Үүний дагуу бид Хөрөнгийн үнэлгээний газраас доголдлыг арилгахад 1 572 369 786 төгрөгийн зардал гарна гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлттэй нэхэмжлэгч тал маргаагүй. Иймд гэрээнээс учирсан хохирол гарсан зардал болох 1 572 369 786 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь барилгын ажлаа гэрээнд заасны дагуу чанартай гүйцэтгээд 2018.1.27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисс хүлээж аваад ямар нэгэн доголдол байхгүй, барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой гэж хүлээн авсан. Актаар 2016 онд хүлээлгэн өгөхөд захиалагчийг төлөөлж Номинцэцэг, Баасандорж, слесарь Мөнхболд, цахилгаанчин Ганхуяг, харуулын ахлагч Мөнхтөр нар хүлээн авсан. 2016.11.01-ний өдөр хүлээж авснаас хойш хариуцагч тал гомдлын шаардлага гаргаагүй. 2018 оны 9 сард сөрөг нэхэмжлэл гаргаад энэ шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2 удаагийн үнэлгээний тайлан байгаа. Үнэлгээний тайлан тухайн доголдол гэмтэл, алдаа дутагдлыг засаж арилгахад гарах үнийн дүнг хэлж байна. Энэ нь гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс үүссэн доголдол гэсэн үг биш, үүнийг нотлох баримт байхгүй байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй. Хариуцагчийн гаргасан албан бичгийг хуулж бичээд доор нь гарын үсэг зураад өгсөн үйл баримт байна. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэдгийг нотлох баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 436,998,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийн Ц ХХК-нд холбогдуулан гаргасан 1 572 369 786 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 342 942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 336 665 төгрөгийг татварын албанаас гаргуулан Х ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэн нэхэмжлэлд дурдсан ажлуудын зардал “З” ХХК-ийн боловсруулсан төсөвт орсон байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хариуцагчийн өөрийн сонгосон “З” ХХК-ийн зохиосон төсөвт хариуцагчийн нэхэмжилж буй нэмэлт ажлын төсөв ороогүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаар хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн нэмэлт ажлын зардал, хөлс  436 998 486 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжилж буй ажлын хөлс нь нийт ажлын төсөвт өртөгт багтсан, гэрээгээр тохиролцоогүй нэмэлт ажил гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж маргаж, ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой учирсан  хохиролд 1 572 369 786 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлээр  шаарджээ.  /1хх 1-2, 168, 180-181, 4 хх13, 5 хх197-198/ /

 

Зохигч 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах хариуцагчийн эзэмшлийн газарт 166 айлын орон сууцны зориулалттай 16 давхар барилга барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /5хх 230-237/

 

Талууд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн гэх  нэмэлт ажлын хэмжээ, үнэлгээ зэрэгт маргажээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний явцад ажил гүйцэтгэгч хэдэн төгрөгийн төсөвт өртөг бүхий нэмэлт ажил хийсэн, уг хийсэн гэх ажлын хэмжээ, үнэ “З” ХХК-ийн гаргасан 18 028 984 715 төгрөгийн төсөвт багтсан эсэхийг тогтоох нь тусгай мэдлэг шаардсан асуудал байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасан байхад шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. / 5хх-ийн 96-98 /

 

Ажлын чанар, хэмжээ, үр дүнд шинжилгээ, үнэлгээ хийх нь хэргийн оролцогч болон шүүгч өөрөө тогтоох боломжтой нөхцөл байдал биш юм. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигджээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гүйцэтгэсэн ажлын хөлстэй холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гүйцэтгэсэн ажлын чанарын доголдолтой холбогдуулж гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрх бүхий хариуцагч мөн байхад түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д заасан нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд гэх дүгнэлтийг хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхээс талуудын маргаж буй нэмэлтээр гүйцэтгэсэн ажил байгаа эсэх, энэ талаар талууд тохиролцсон эсэх, гүйцэтгэгч нь ямар хэмжээний үнэлгээтэй ажлыг нэмэлтээр гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн, гэрээгээр тохиролцсон ажлыг доголдолтой гүйцэтгэсэн эсэх зэрэг хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсанаар эрх зүйн дүгнэлт хийхэд хангалттай үйл баримт тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/01011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 342 942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД