Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0776/З |
Дугаар | 128/ШШ2023/0124 |
Огноо | 2023-02-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Монголын төмөр зам” ТӨХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Отгонцэцэг, М.Баянзул, Б.Борхүү, О.Цогт
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Тогосмаа, У.Алтантуяа
Маргааны төрөл: “Монголын төмөр зам” ТӨХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 4,343,197,057.18 төгрөгийн төлбөр төлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, М.Баянзул, О.Цогт, хариуцагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218 дугаар тогтоолоор Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240” төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон нийт 107,856,889,187.62 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг “Монголын төмөр зам” ТӨХК-д бүртгэхийг зөвшөөрчээ.
3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2121501244 дүгээр томилолтоор “Монголын төмөр зам” ТӨХК-д татварын хяналт шалгалт хийхээр томилжээ.
Улмаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нар нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актаар
1/ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион бьюлдинг” төвийн А хэсгийн 701 тоот хаягт байршилтай 1504,4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зоорийн давхарт В19-В26 тоот тус бүр нь 14,4 м.кв талбайтай, нийт 115,2 м.кв талбайтай 8 авто зогсоолын хамт 2018 оны 03 дугаар сард худалдан авч өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан боловч 2018 онд 2,625,607,500.00 төгрөг, 2019 онд 3,500,810,000.00 төгрөг, 2020 онд 3,500,810,000.00 төгрөг, нийт 9,627,227,500.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөөгүй;
2/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийн болон бусад барилга байгууламжид 2019 онд 40,461,543,508.47 төгрөг, 2020 онд 66,463,360,300.24 төгрөгийн, тус суманд байрлах 1995 онд ашиглалтад орсон бусад барилга, байгууламжид 2017 онд 775,795,549.27 төгрөг, 2018 онд 775,795,549.27 төгрөг, 2019 онд 775,795,549.27 төгрөг, 2020 онд 775,795,549.27 төгрөг, нийт 110,028,086,005.79 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөөгүй;
3/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 1995 онд ашиглалтад орсон төмөр замын байгууламжид 2017 онд 4,202,142,254.00 төгрөг, 2018 онд 4,202,142,254.00 төгрөг, 2019 онд 4,202,142,254.00 төгрөг, 2020 онд 4,202,142,254.00 төгрөгийн, мөн тус сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сард ашиглалтад орсон “Бүс нутгийн логистикийн төв”-ийн төмөр замын байгууламжид 2019 онд 16,178,897,002.55 төгрөг, 2020 онд 27,735,252,004.37 төгрөг, нийт 60,722,718,022.98 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөөгүй;
4/ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Төмөртэй өртөөнд байрлах уурын зуух, гүний худаг, нүүрс буулгах бетон талбайд 2018 онд 163,719,288.00 төгрөг, 2019 онд 163,719,288.00 төгрөг, 2020 онд 163,719,288.00 төгрөг, нийт 491,157,864.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөөгүй;
5/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”, “Галба-Өөш, Долоодын говийн сав газар”-ын захиргаанаас 2019 онд Өмнөговь аймгийн төсөвт 15,332,721.93 төгрөг, 2020 онд Дорноговь аймгийн төсөвт 208,814,424.55 төгрөг, Өмнөговь аймгийн төсөвт 161,240,278.32 төгрөг, нийт 385,387,424.80 төгрөгийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан “Ус ашиглалтын төлбөр ногдуулах” дүгнэлт ирүүлсний дагуу ус ашигласны төлбөрийг төсөвт төлөөгүй;
6/ Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар ногдуулсан 2017 оны 337,340,435.00 төгрөг, 2018 оны 969,253,696.00 төгрөг, 2019 оны 1,778,063,938.00 төгрөг, нийт 3,084,658,069.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй;
7/ Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 2017 оны эхний үлдэгдэл болох 925,353,716.70 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй;
8/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2017 оны эхний үлдэгдэл болох 1,931,311,115.30 төгрөгийн албан татварын хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй гэх нийт 187,195,899,718.51 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2,192,114,687.28 төгрөгий нөхөн татвар, 1,259,885,304.5 төгрөгийн торгууль, 891,197,065.4 төгрөгийн алданги, нийт 4,343,197,057.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. “Монголын төмөр зам” ТӨХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актын 1, 4, 5-д заасан 10,503,772,788.80 төгрөгийн зөрчилд ногдуулсан 742,225,992.38 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 176,692,126,929.71 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,600,971,064.80 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актаар 187,195,899,718.51 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,192,114,687.28 төгрөгийн нөхөн татвар, 1,259,885,304.50 төгрөгийн торгууль, 891,197,065.40 төгрөгийн алданги, нийт 4,343,197,057.18 төгрөгийн төлбөрөөс 8,118,000,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 81,180,000.00 төгрөгийн нөхөн татвар, 28,413,000.00 төгрөгийн торгууль, 13,708,054.80 төгрөгийн алданги, нийт 123,301,054.80 төгрөгийн төлбөрийг бууруулж, 179,077,899,718.51 төгрөгийн зөрчилд ногдох 2,110,934,687.28 төгрөгийн нөхөн татвар, 1,231,896,002.38 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн байна.
Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр албан бичгээр дээрх тогтоолыг нэхэмжлэгчид хүргүүлснийг эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Манай компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам барьж байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг дуусч байгаа ба энэ хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-тай худалдан авалт хийсэн байдаг. Иймд харъяа татварын албанд хандаж НӨАТ-ын ногдуулалт төлөлтөө баталгаажуулах хүсэлт гаргасан.
Гэвч хувь хүн, хуулийн этгээдээс амаар болон бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, өргөдөл, гомдолд үндэслэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нар "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны бүх татварыг хамарсан иж бүрэн шалгалт хийж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НA-21210000065 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
1/ HA-21210000065 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн тэмдэглэлийн 2 ба 3 дахь хэсэгт тус компанийн харьяа Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Бүс нутгийн ложистикийн төв, Замын-үүд дэх Шилжүүлэн ачих цогцолборын үл хөдлөх хөрөнгө, тэдгээрт үл хөдлөх хөрөнгийн албан татвар (ҮХЭХАТ) ногдуулж төлж, тайлагнаагүй зөрчлийг дурдаж, нөхөн татвар торгууль алданги ногдуулжээ.
№ | Зөрчлийн агуулга | Он | Зөрчлийн дүн | Нөхөн татвар | Торгууль | Алданги | Бүгд |
2 | ҮХЭХАТ-Дорноговь-Замын-Үүд дэх Бүс нутгийн ложистик төвийн байгууламж бусад барилга | 2017 | 775,795,549 | 7,757,955 | 2,327,387 | 1,551,591 | 11,636,933 |
2018 | 775,795,955 | 2,327,387 | 2,327,387 | 1,551,591 | 11,636,933 | ||
2019 | 40,461,543,508 | 412,373,391 | 123,712,017 | 82,474,678 | 618,560,086 | ||
2019 | 775,795,549 | ||||||
2020 | 66,463,360,300 | 672,391,558 | 268,956,623 | 92,601,765 | 1,033,949,947 | ||
2020 | 775,795,549 | ||||||
Дүн | 110,028,086,006 | 1,100,280,860 | 397,323,414 | 178,179,626 | 1,675,783,900 | ||
3 | ҮХЭХАТ Замын-Үүд дэх төмөр замын байгууламж | 2017 | 4,202,142,254 | 42,021,423 | 12,606,427 | 8,404,285 | 63,032,134 |
2018 | 4,202,142,254 | 42,021,423 | 12,606,427 | 8,404,285 | 63,032,134 | ||
2019 | 4,202,142,254 | 42,021,423 | 12,606,427 | 8,404,285 | 63,032,134 | ||
2020 | 4,202,142,254 | 42,021,423 | 16,808,569 | 5,787,190 | 64,617,182 | ||
Бүс нутгийн ложистик төв | 2019 | 16,178,897,002 | 161,788,970 | 48,536,691 | 32,357,794 | 242,683,455 | |
Бүс нутгийн ложистик төв | 2020 | 27,735,252,004 | 277,352,520 | 110,941,008 | 38,196,989 | 426,490,517 | |
Дүн | 60,722,718,022 | 607,227,180 | 214,105,548 | 101,554,827 | 922,887,555 |
а. Компанийн хувьд эдгээр хөрөнгүүд нь гадаад улсын Засгийн газар болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан Монгол улсын төрийн өмч болохын хувьд Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан "нийтийн эзэмшлийн барилга байгууламж"-д хамаарч татвараас чөлөөлөгдөнө гэж үзэж байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль тогтоомж нь Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д "Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна", 99.2-т "Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэжээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"нийтийн хэрэглээний зам" гэж төмөр замын шугам, өртөөнд галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, ачаа, ачаа тээш хүлээн авах, олгох, зорчигчдод үйлчлэх зам, түүнчлэн нийтэд үйлчлэх зориулалттай бусад салбар замыг", 3.1.7-д “"нийтийн хэрэглээний талбай" гэж зорчигчийн тавцан болон үйлчлүүлэгчийн ачаа, тээш, ачаа тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах зориулалтаар нийтэд үйлчлэхээр тусгайлан гаргасан агуулах, талбайг", 3.1.18-д “"нийтийн хэрэглээний зам эзэмшигч" гэж эзэмшилдээ нийтийн хэрэглээний замтай хуулийн этгээдийг;”, 3.1.19-д “"нийтийн хэрэглээний талбай эзэмшигч" гэж эзэмшилдээ нийтийн хэрэглээний”талбай бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэжээ.
b. Татварын улсын байцаагч нар нь үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгалгүй данс бүртгэл дэх нэршлээр нь ялган татвар ногдуулсан нь алдаатай болсон. Иймд Маргаан таслах зөвлөл нь үл хөдлөх хөрөнгийн татвар нөхөн ногдуулсан байсан эзэмших эрхийн гэрчилгээтэй 50 га, 31 га газрын үнэлгээнд ногдуулсан татварыг хүчингүй болгосон. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөөр тооцсон зарим хөрөнгө, түүний дотор төмөр замын дохиолол холбоо, гүүрэн краны зам, нарийн болон өргөн царигийн төмөр замууд, ус, цахилгаан, дулааны шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний трансформатор, үерийн далан, ус зайлуулах шуудуу зэрэг газар, газрын хөрснөөс эвдрэлгүй салгаад зориулалтын дагуу дахин ашиглах боломжтой олон хөрөнгүүд багтсан байна. Иймд эдгээр хөрөнгүүдийг газар дээр нь очиж шалган дахин үл хөдлөх хөрөнгө болохыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна.
с. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн татвар нөхөн ногдуулсан хөрөнгүүдийг дахин нэг бүрчлэн нягталж үзвэл татвар ногдохооргүй хөрөнгүүд багтсан байгааг дахин шалгаж нягтлах шаардлагатай.
d. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйл 8 дугаар зүйл, “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуулийн 4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 100 дугаар зүйл, 101 дүгээр зүйлд заасны дагуу татварын улсын байцаагч нарын НА-21210000065 дугаартай актад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгч нь "Монголын төмөр зам” ТӨХК биш бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь төр юм.
2/ НA-21210000065 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн тэмдэглэлийн 6 дахь хэсэгт 2017-2019 онуудад НӨАТ-ыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 561 сая төгрөгийн торгууль алданги ногдуулжээ.
№ | Тайлант он | Зөрчлийн дүн | Нөхөн татвар | Торгууль | Алданги | Бүгд |
6 | 2017 | 337,340,435 | - | 22,946,254 | 34,754,397 | 57,700,651 |
2018 | 969,253,969 | - | 79,145,516 | 108,468,006 | 187,613,521 | |
2019 | 1,778,063,938 | - | 83,388,761 | 232,542,107 | 315,930,868 | |
Дүн | 3,084,658,069 | - | 185,480,531 | 375,764,509 | 561,245,040 |
Актад хавсаргасан "Хуулийн хугацаанд нь төлөөгүй НӨАТ-т торгууль алданги тооцсон тооцоолол" хүснэгтийг сар тус бүрээр шалгаж үзэхэд торгуулийн хэмжээ нь төлбөр зохих дүнгийн 10 хувиас хэтэрсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11619 дэх заалт, алдангийн хэмжээ нь төлбөр зохих дүнгийн 20 хувиас хэтэрсэн нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Иймд эдгээр тооцооллыг дахин нягтлаж торгууль алдангийн дүнг бууруулж өгөхийг хүсье.
3/ HA-21210000065 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 7 дугаар зүйлд 2016 оны жилийн эцэст Маягт ТТ-03/б/ тайлангаар тодорхойлогдсон оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ-ын 925,353,716 төгрөгийн өрийг 129 хоног хожимдуулж төлсөн, 8 дугаар зүйлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016 оны жилийн эцсийн тайлангаар тодорхойлогдсон 1,931,311,115 төгрөгийн өрийг 44-99 хоног хожимдуулж төлсөн тул торгууль алданги ногдуулжээ.
№ | Зөрчлийн агуулга | Тайлант он | Зөрчлийн дүн | Нөхөн татвар | Торгууль | Алданги | Бүгд |
7 | НӨАТ | 2017 | 925,353,716 | - | 92,535,372 | 64,460,140 | 156,995,512 |
8 | ААНОАТ | 2017 | 1,931,311,115 | - | 184,453,933 | 99,605,124 | 284,059,057 |
Дүн | 2,856,664,831 | - | 276,989,305 | 164,065,264 | 441,054,569 |
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна" гэж заасан ба акт тогтоосон 2021 оны 12 дугаар сарын 30-аас урагш 4 жил тооцож үзвэл татварын өрөнд торгууль алданги ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд Татварын улсын байцаагчдын үйлдсэн НА-21210000065 тоот нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх хөрөнгө татвар ногдох үл хөдлөх хөрөнгө мөн эсэхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Уг тогтоолд барилга байгууламж гэж Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 119.1 дэх хэсэгт заасан хөрөнгүүдийг хэлнэ гэж заасан. Байгууламжид үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө орж байгаа гэдгийг хэлмээр байна. Хөөн хэлэлцэх хугацааг яаж тооцох вэ гэдгийг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан. Татварын өр төлөхөд хөөн хэлэлцэх хугацааг тооцдоггүй. Манайх бусад этгээдээс суутгаж авсан 925 сая төгрөгийг заавал төлнө. Харин 4 жилээс өмнө үүссэн өр дээр торгууль, ногдуулж байгаа нь хууль бус юм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татвар сар болгон тайлан гаргаж төлөх үүрэгтэй. Жилийн эцсийн тайлан гэж байхгүй. Тийм учраас жилээр нь бодож өр гаргаж байгаа нь буруу. Сар болгон төлөх ёстой өрийг тогтоогоод өөрт ногдох торгууль, алдангийг сар сараар нь тооцох байсан гэж үзэж байна. “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын төсвийн санхүүжилт болон азийн хөгжлийн банкны зээл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан үл хөдлөх хөрөнгийг хүлээж авч Оросын Холбооны Улсын хамтарсан Улаанбаатар Төмөр замд эзэмшүүлэхгүйгээр төрийн өмчит компанид эзэмшүүлээд Улаанбаатар төмөр замд түрээсээр ашиглуулж байсан. Гэнэтийн шийдвэр байсан учраас 107 тэрбум төгрөгийг шууд тэр чигээр нь хүлээж аваад хөрөнгөөр бүртгэх боломжгүй. Хувь нийлүүлсэн хөрөнгийн дүрмийн санг нэмэгдүүлсэн. Төмөр замын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хуульд нийтийн эзэмшлийн зам тээвэр гэдэг ойлголт байгаа. Төмөр замын байгууламжийг хэн ч ашиглаж болно гэж байгаа.” гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөөгөөд өөр газар шилжүүлээд ашиглах боломжтой учраас үл хөдлөх хөрөнгө биш гэж үзэж хассан гэж татварын байцаагч хэлж байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “"суурь бүтэц" гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг” гэж заасан. Тэгэхээр төмөр замын нарийн өргөн царгиуд нь далан шороо бий болсон газар зөөгөөд ашиглах боломжтой хөрөнгө гэж үзээд үл хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.” гэв.
8. Хариуцагч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хедлех эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:... 4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд" гэсэн заалтад хамааруулан татвар ногдуулсан.
Төрийн өмчийн хорооны 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаар "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай" тогтоолын хавсралтын 1.3.“Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, банкинд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээдэг, өөрийн тусгаарласан хөрөнгөтэй, санхүүгийн тайлан гаргадаг, ашгийн төлөө хуулийн этгээд юм" гэж заасан байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө: 7.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө" гэсэн заалтад хамаарахгүй болно.
Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх "Бүс нутгийн логистикийн төв”-ийн болон бусад барилга байгууламжид; тус суманд байрлах 1995 онд ашиглалтад орсон бусад барилга, байгууламжид, 1995 онд ашиглалтад орсон төмөр замын байгууламжид, мөн тус сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сард ашиглалтад орсон "Бүс нутгийн логистикийн төв"-ийн төмөр замын байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөөгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: … 4.1.3.“төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.“Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дунгээр тус тус тодорхойлно.", 8 дугаар зүйлийн 8.2.“Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож телнө", Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/03 тоот тогтоолын тогтоох хэсгийн 1."Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан Үл хөдлөх хөрөнгийн хуульд заасан үнэлгээнээс ... Замын-Үүд суманд 1,0 хувиар ... тогтоосугай" гэсэн заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.
2/ Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхдээ Татварын өрөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын өрөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын өрөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг удирдлага болгон, Татварын өрөнхий газрын дэд даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/1577 дугаар “Чиглэл өгөх тухай” 4.“Татварын улсын байцаагч хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулна. Татвар төлөгч тайлангаар ногдуулсан татвараа хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Татварын өрөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1-д заасан алданги, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу торгууль ногдуулж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ" гэж заасны дагуу татвар төлөгчийн 2017-2019 оны нийт 3,084,658,069.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд торгууль, алданги тооцсон.
Татвар төлөгчийн тайлагнасан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй дүнд алданги тооцохдоо:
• Татварын өрөнхий хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу төлөгдөөгүй татварын зөрчлийн дүнд Засгийн Газрын тогтоолоор баталсан тухайн жилийн татварын алдангийн хэмжээг хоног тутамд 2017 онд 0.054 хувь, 2018 онд 0.050 хувь, 2019 онд 0.046 хувь байх гэсэн хувиар тус тус алданги тооцсон.
• Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай /2020.04.09, 2020.12.25/ хуулийн 1 дүгээр зүйл "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасны дагуу 2019 оны зөрчилд алданги тооцоогүй болно.
3/ Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 2121501244 тоот томилолтын дагуу "Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нар хяналт шалгалт хийж эхэлсэн нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.“Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна..." гэж заасан хугацаанд хамаарч байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.“ Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, 16.1.2.“оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө" гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 10-ны өдрийн дотор тайлагнаж, төлнө.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 21 дүгээр зүйл.ийн 21.4.“Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ" гэж заасны дагуу 2016 оны жилийн эцсийн тайланг 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлагнаж төлөхөөр хуульчилсан.
Иймд дээрх тайлангуудаар ногдуулсан татварыг төлөөгүй байгаад хуулийн дагуу торгууль, алданги ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн.” гэжээ.
9. Хариуцагч С.Гүнжинлхам шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Сар болгоноор тооцсон ч нийт дүнгээсээ 10 хувийг тооцсон учир ямар ч ялгаагүй гэж үзэж байна. Хоногоор тооцохоор 65 сая төгрөгийг тооцсон байгаа боловч нийт төлбөр дээр 222 сая төгрөгийн 10 хувиар 22 сая төгрөгийг нэхэмжлэгч төлөх ёстой гэж тооцсон байгаа. Тооцооллын ямар нэгэн зөрүү гарахгүй байх гэж бодож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч төлөхгүй гэж үзэж байгаа бол бид нар Төрийн өмчийн хорооны 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай тогтоолын хавсралтын 1.3-д “Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, банкинд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээдэг, өөрийн тусгаарласан хөрөнгөтэй, санхүүгийн тайлан гаргадаг ашгийн төлөө хуулийн этгээд юм” гэж заасан. Тийм учраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлнө гэж үзэж ногдуулсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Бүс нутгийн ложистикийн төв нь Маргаан таслах зөвлөл дээр тооцоолол хасагдсан байгаа. Бусад эд хөрөнгийн хувьд жагсаалтаараа үл хөдлөх эд хөрөнгө учир тооцсон. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасан учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзээд 2017 оны 01 дүгээр сарын үлдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн үлдэгдэл гэж тооцоолол гаргасан.
… Би сая тооцож үзлээ. 22 сая төгрөгөөс тооцсоноос илүү 29 сая төгрөг гарч байна. Татвар төлөгч нар өөрсдөө үүнийг тооцож үзсэн байх гэж бодож байна. Яагаад энэ дүн багассан гэхээр 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн буюу 11 дүгээр сард 150 сая төгрөгийн илүү төлөлттэй, буцаан авах татвартай гарсан учраас энэ хэмжээгээрээ багассан. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж тооцоолол бид нар хийсэн.” гэв.
10. Хариуцагч Ц.Базарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Царигийг газраас салгаад ашиглах боломжтой эсэхийг л хуульд заасан. Царигийг зөөгөөд өөр газар аваачсан ч гэсэн дахиад л тэр газраа очоод үл хөдлөх хөрөнгө болно. Тэгэхээр тэр царигийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй.” гэв.
11. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Татварын Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд актаар ногдуулсан дүнг бууруулж шийдвэрлэсэн. Шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авах урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэглэсэн эсэх асуудал байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн нөхцөлд нэхэмжлэлийг шүүх хүлээж авдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үед татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлаар маргаан гаргаж байгаагүй. Барилга байгууламж гэдэг хэсэгт оруулаад үндсэн хөрөнгийн хэсэгт байгаа албан татвар ногдуулсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын чөлөөлөлтийн зохицуулалтыг хэрэглээд нийтийн эзэмшлийн барилга байгууламж учир чөлөөлөгдөнө гэдэг гомдол гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөөр маргаж байна. Манайх үл хөдлөх хөрөнгийн чөлөөлөгдөх зохицуулалт буюу нийтийн эзэмшлийн барилга байгууламж хэсэгт хамаарагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Нийтийн эзэмшлийн барилга байгууламж гэдэг асуудал төмөр замын тухайд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан хөрөнгүүд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмч гэдгийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр заасан. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдох үндэслэлтэй. Татварын Маргаан таслах зөвлөлд чөлөөлөгдөнө гэж заасан учраас чиг үүргийн яамнаас тодруулах байдлаар тайлбар ирсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11.19.1 дэх заалтыг байцаагч нар хэрэглэсэн. Хязгаарлаж заасан 10 хувиас хэтрэхгүй байх гэдэг энэ зохицуулалтаар танайд хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцээ байна. Эрх зүйн байдлыг бол дээрдүүлсэн нь харагдаж байгаа. Дээрдүүлснийг буруутгаж байгаа бол энэнээс илүү хариуцлага хүлээх нөхцөл байдал бүрдэж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.”Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.”Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:”, 4.1.3.”төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;”, 9 дүгээр зүйлийн 9.1.“Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.”, Төрийн өмчийн хорооны 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын төмөр зам” төрийн өмчид хувьцаат компаний дүрмийн 1.3-д ”Компани нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан, банкинд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээдэг, өөрийн тусгаарласан хөрөнгөтэй, санхүүгийн тайлан гаргадаг, ашгийн төлөө хуулийн этгээд мөн.” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтуудад зааснаар татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төрийн өмчит хуулийн этгээд болохын хувьд үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгч юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 218 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөрөнгийн дансанд бүртгэхийг зөвшөөрч балансдаа бүртгэсэн болон худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, нөхөн ногдуулалтын актад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөөгүй нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нөхөн ногдуулалтын актын тэмдэглэлийн 2 ба 3 дахь хэсэгт заасан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийн болон бусад барилга байгууламжийн өмчлөгч нь төр учир Үл хөдлөх албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3.”нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэж зааснаар татвараас чөлөөлөгдөнө гэх боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 218 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөрөнгийн дансанд бүртгэхийг зөвшөөрсний дагуу тус компанийн хөрөнгөд бүртгэлтэй, тус “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагаанд зориулагдсан тул нийтийн эзэмшлийн барилга байгууламжид хамаарахгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлж татвар ногдох үл хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө биш гэх хөрөнгүүдээ ялган тодорхойлж татварын албанд тайлагнаагүй тул “...эдгээр хөрөнгүүдийг газар дээр нь очиж шалган дахин үл хөдлөх хөрөнгө болохыг нарийвчлан тодорхойлох, …үл хөдлөх хөрөнгийн татвар нөхөн ногдуулсан хөрөнгүүдийг дахин нэг бүрчлэн нягталж үзвэл татвар ногдохооргүй хөрөнгүүд багтсан байгааг дахин шалгаж нягтлах шаардлагатай. …“ гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 218 дугаар тогтоолоор трансформатор нь цахилгаан хангамж хэсэгт, төмөр замын цариг, дохиолол холбоо нь төмөр замын суурь бүтэц дохиолол холбоо хэсэгт тус тус шилжин ирсэн байх бөгөөд хариуцагч нар хяналт шалгалтын үед үл хөдлөх хөрөнгийн жагсаалт гаргаж, татвар ногдох үл хөдлөх хөрөнгө болон ногдохгүй хөрөнгийг ялган нөхөн татвар ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд;
2.1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.”Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл алданги, торгууль оногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахаар байх тул хариуцагчийн торгууль, алдангид хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэснийг хүлээн авах боломжгүй.
2.2. Нэхэмжлэгчийн “... акт тогтоосон 2021 оны 12 дугаар сарын 30-аас урагш 4 жил тооцож үзвэл татварын өрөнд торгууль алданги ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан …” гэх тайлбарыг хүлээн авах үндэлслэлгүй байна.
Учир нь нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн 6, 7, 8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэж алданги торгууль оногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.”Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:”, 15.3.1.”тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;”, 15.3.2.”тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.”Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.”Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гэж тус тус заасанд нийцсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хугацаа хэтрээгүй гэж үзлээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.”Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. … Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна.” гэж заажээ.
Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хавсралтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч компаний хуулийн хугацаа хэтрүүлэн төлсөн татвараас хугацаа хэтэрсэн хоногт тооцон торгууль ногдуулсан нь хуулийн дээрх заалтад заасан 10 хувиас хэтрээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.1, 15.3.2, 28 дугаар зүйлийн 28.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус баримтлан “Монголын төмөр зам” ТӨХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН