Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201705000180 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-1-196 тоотод оршин суудаг ******* овогт ******* ******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 05 сарын 18-ны оройн 18 цагийн орчим Пацага дуудлагатай 16 настай эр нохой нь иргэн *******ийн баруун шууны дотор хэсэг тус газар хазаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 05 сарын 18-ны өдөр 18 цагийн орчим гэрээсээ гараад 2-1-16 тоот айлаас юм авах гээд 18 тоот хашааны урд харалдаа явж байтал шонгийн модны хажуу талаас хар зүсмийн 19б тоот хашааны нохой гэнэт чимээгүй гарч ирээд миний баруун гарны судасны доод талаас хазаад тависнаа дахиад уг хэсгээс хазаад дахиад уг хэсгээс хазаад авсан. Нэг газар шахуу миний гарнаас уг нохой 3 удаа хазсан. Тухайн үед би нохойг гараараа түлхэх, чихнээс татах зэргээр салгах гэж үзсэн. Би эхний хазалтанд нь газар ойчсон байсан юм. Тэгээд байж байтал хажуу талын айлын хүмүүс гарч ирээд нохой цаашаа явсан.******* гэж хүн өөрөө гарч ирсэн. Эмнэлэг орж 3 оёдол тавиулж, цэвэрлүүлж боолгосон. Өвчин намдаах лаа, эм надад авч өгсөн.

Галзуугийн вакцин хийлгэсэн. Тэр айлын нохой ер нь хүн рүү давхидаг, хүүхэд өмнө нь урсан нохой байгаа юм. Нохойгоо ерөөсөө уядаггүй айл байгаа юм.

Намайг урсан нохойны эзэн *******тай би сайн дураараа эвлэрсэн. Надад цаашид гаргах санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

2017 оны 05 сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрөөд би гэрээс цэцэрлэгийн хүүхэд авах гэж гараад цэцэрлэгийн хүүхдээ аваад гэртээ 18 цагийн орчим ирсэн. Тэгээд би хашааны хаалгаа онгойлтол манай Пацага нэртэй хар зүсмийн нохой зөрөөд гараад явсан юм. Манай хашаанаас 2 дахь хаалганы харалдаа урд талын шонгийн модны хажууд байдаг харганы хажууд очоод хэвтэж байсан. Тэгээд би гэртээ ороод цай уугаад сууж байтал хүмүүс орлилдоод танай нохой хүн урчихлаа гэхээр нь гараад очтол Отгонцэцэг гэгч эмэгтэйн баруун гарны бугуй хэсгээс хазсан байсан. Тэгээд бид эмнэлэг орж оёдол хийлгэж, өвчин намдаах эм, тариа, галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн юм. Уг нь манайх байнга уядаг байсан юм. 2016 оны 11 сарын үед манай нохой машинд дайруулаад 3 хөл дээрээ бөгсөө чирж явдаг болсон юм. Тэрнээс хойш уяатайгаа орооцолдоод уяхаа байсан. Одоо байнгын уяж байх болно гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 23-ны өдрийн шинжээчийн: 1. *******ийн биед баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/

-Баянхонгор сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27/ -*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 28/

-нохой, муур эзэмшигчийн дэвтрийн хуулбар /хх-ийн 30/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 32-33/

-хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай баримт /хх-ийн / зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 05 сарын 18-ны оройн 18 цагийн орчим Пацага дуудлагатай 16 настай эр нохой нь иргэн *******ийн баруун шууны дотор хэсэг тус газар хазаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ийн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрсэн тухай хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ