Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2022/00641

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, Б******* овогт М*******ийн Г******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, О сум, ** дугаар баг, Далтын **-** тоот хаягт оршин суух, Ч******* овогт Д*******ын Г******* холбогдох,

Гэм хорын хохирол 7,462,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Г*******оос 5,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2022/00433/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Г*******,

Хариуцагч Д.Г*******,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч О.Мөнх-Ирээдүй нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Г******* нь Д.Г*******д холбогдуулан гэм хорын хохиролд 7,462,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

        1.1.2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Булган аймгийн Орхон сумын гүүрний ойролцоо явж байхад зам дээр үхэр гарч ирээд осол гарсан. Зам дээр гэнэт үхэр гарч ирэхэд би шоконд ору зүүн гар тийш дарсан бол замын хөдөлгөөнд оролцож байсан бусад машинууд руу ороод тэнд маш ноцтой осол гарах байсан. Үхэр урд цонхыг цөм цохиод орж ирээд нүүрэн дээр дарчихсан. Шөнийн цагаар хотондоо байж байх ёстой мал машин л явах ёстой зам дээр явж байсан. Хариуцагч өөрөө би малаа бүртгээгүй, төвийн гэртээ амарч байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Энэ мэдүүлгээс харахад малчны хариуцлагагүй үйлдэл байсан. Ийм л үнэтэй цайтай үхэр байсан юм бол аминаасаа илүү хайрлаад байж байх байсан. Би тэнд үхэрт цохиулаад үхчихсэн бол бид ингээд байж байхгүй байсан. Үнэлгээний газраар үнэлгээг тогтоолгосон. **-** УБД улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2018 онд орж ирсэн, шинэ шахуу тэрэг байсан. Эрдэнэтэд би өөрөө амралтын үеэр их зардал гаргаж үнэлгээ тогтоолгосон. Тэр үеийн гарсан бодит зардлаа л нэхэмжилсэн. Өөр илүү дутуу нааш цаашаа явж байгаа замын зардал нэхэмжлээгүй. Би өөрөө группд байдаг. Улаанбаатар хотод таксины компанид бүртгэлтэй таксинд явдаг байсан. Амьжиргааны эх үүсвэрээ алдсан гэж хэлж болно. Бодит хохирол 7,462,000 төгрөгөө нэхэмжилж байгаа гэв.

2.Хариуцагч Д.Г******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай үхрийг нэхэмжлэгч замын хөдөлгөөний эрх, үүргээ ухамсарлаагүй дайрч алсан байсан. Тухайн өдөр орой 5 цагийн үед үнээгээ саачихаад тугалтай нь хэсэг явуулж байгаад тугалаа хашсан байсан. Зун үхэр эрт ирчихдэг. Тухайн орой эхнэр, хүүхэд маань үхрээ хараад үлдсэн, хонио манаж хонох гээд машин дотроо манай хэд сууж байсан юм байна лээ. Маргааш нь замын цагдаа ирж хэмжилт хийхэд дайрсан газраасаа 21 метр явсан. 5 метрт үхэр шидэгдсэн байсан. Замын зорчих хэсгээс гадуур явсан байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хариуцагч Д.Г******* нь нэхэмжлэгч М.Г*******т холбогдуулан 5,040,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

3.1.Нэг үнээ дайрахаар тугал нь үлддэг. Тугалаа өөр нэг үнээнд хөхүүлээд мөн 1 үнээний саалиа алдаж байгаа. Үнээний үнэ 1,200,000 төгрөг, 1 үнээ 1 удаагийн сааманд 8 л сүү гаргана гээд өдөрт 2 удаа сааж 16 литр сүү авдаг. 2012 онд тогтвортой амьжиргаа төсөлд хамрагдаад үхрүүдээ мах сүүний чиглэлийн болгож авсан байсан. Одоо улаан халзан бухтай болж байгаа. Ингээд нийт 5,040,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

4.Нэхэмжлэгч М.Г******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд үхрийн үнэ 1,200,000 төгрөг 2 үнээний сүүний мөнгө 3,840,000 төгрөг нийт 5,040,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн ба тус нэхэмжлэлийн шаардлагыг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гарсан ослыг Булган аймгийн замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж шалгаад, осол гарсан шалтгааныг тухайн үхэр зам руу орж ирснээс болсон гэж үзэж, Д.Г Зөрчлийн хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгосон. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. з/. Хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулагагуй мал, тэжээвэр амьтадыг оруулахгүй байх" гэж заасан. Хатуу хучилттай зам дагуу нутагладаг малчин өрхүүд Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелуүлж өөрийн эд малаа хамгаалах, бусдыг аюул осолд оруулах эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх үүрэгтэй. Д.Г******* нь дээрх үүргээ зөрчиж хатуу хучилттай замын 50 метрээс дотогш бүсэд буюу зам дээр малаа хариулагагүй орхисноос шалтгаалан түүний үхэр миний унаж явсан тээврийн хэрэгслийн урдуур орж ирснээс шалтгаалж тус осол гарсан.  Монгол Улсын иргэн бүр хуулиа дээдэлдэг байсан бол энэ осол гарахгүй байх байсан. Ирээдүйд гарах ашиг шимээ би яриагүй. Хэрэв яривал өдрийн 50,000-60,000 төгрөгөөр орлогоо тооцно. Тухайн үеэс хойш хэдэн төгрөгийн орлого олох байсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 134,342 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 дахь хуудас/, М.Г*******ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3 дахь хуудас/, М.Г*******ийн Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дэхь тал/, Д.Гантулгын Булган аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дахь тал/, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн үнэлгээний тайлан /хх-ийн 6-11 дэх тал/, зам тээврийн осол, тээврийн хэрэгслийн эвдрлийн харуулсан гэрэл зургууд /хх-ийн 12-18 дахь тал/, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 22171 дугаартай “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан хариу тайлбар /хх-ийн 27 дахь хуудас/, улсын тэмдэгтийн хураамж /хх-ийн 41 дэх хуудас/, Д.Гантулгын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 42 дахь хуудас/, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 43 дахь хуудас/, “Хулсан шарга” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 44 дэх хуудас/, гэрэл зургууд /хх-инй 45-48 дахь хуудас/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

        1.Хариуцагч Д.Г*******ас 6,646,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардалгаас 815,300 төгрөг гаргуулах, М.Г*******оос 5,040,000 төгрөг гаргуулах тухай Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Нэхэмжлэгч М.Г******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 40 минутын үед Toyota prius 30 маркийн **-** УНД улсын дугаартай суудлын автомашинаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар чиглэл рүү Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт явж байх үед иргэн Д.Гантулгын 1 тооны үхэр хариулагагүй явж байгаад асфальтан зам дээр машины урдуур гэрлийн гялбаанд орж ирж мөргүүлснээр зам тээврийн осол гарч, машинд их хэмжээний гэмтэл, эвдрэл гарсан. Үхрийн эзэн Д.Гантулгын буруутай үйлдэл нь Булган аймгийн замын цагдаагийн тасгийн дэслэгч А.Чинзоригийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдсон тул 7,462,000  төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1.Нэхэмжлэгч нь үнэлгээний хөлс 452,000 төгрөг, үзлэг дуудлагын хөлс 81,000 төгрөг, тээврийн хэрэгслийг зөөвөрлөсний зардал 800,000 төгрөг, эвдрэл гэмтлийн үнэлгээ 6,129,000 төгрөг гэж тодорхойлоод нийт 7,462,000  төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн энэхүү үнэд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 134,342 төгрөгийг төлсөн атлаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үнийг 7,596,342 төгрөг гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

3.Хариуцагч Д.Г******* нь М.Г******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны орой засмал замын хажуугийн шороон хөвөөн дээр явж байсан үхрийг өөрийн анхаарал болгоомжгүй байдал болон хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсноос үхрийг маань дайрч осол гаргасан. Жолооч М.Г******* хот суурин газар хурдаа тааруулж явах ёстой. Хүний мал дайрчихаад байхад жолоочийн зөв байх учиргүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М-1100-1841 дугаартай Д.Г*******д холбогдох зөрчил шалган шийдвэрлэсэн материал,  “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /М-1100-1841 дугаартай Д.Г*******д холбогдох зөрчлийн хэргийн 14-22 дахь хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / М-1100-1841 дугаартай Д.Г*******д холбогдох зөрчлийн хэргийн 1 дэх хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд / М-1100-1841 дугаартай Д.Г*******д холбогдох зөрчлийн хэргийн 2 дахь хуудас /, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн магадлагаа /хх-ийн 70-71 дэх хуудас/ зэрэг  хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.2022 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө М.Г******* нь өөрийн эзэмшлийн Toyota prius 30 маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд зорчиж замын хөдөлгөөнд оролцож Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт явахдаа Д.Гантулгын нэг тооны үхрийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

4.2.Дээрх зам тээврийн ослын улмаас зохигчийн хэн алины эд хөрөнгөд хохирол учирсан гэж харилцан маргаж байна.

4.3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 499 дүгээр зүйлийн 499.1-д  “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

4.4.“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр М.Г*******ийн эзэмшлийнToyota prius 30 маркийн 66-29 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг 6,195,000 төгрөг, Д.Гантулгын өмчлөлийн хязаалан дөнжин үхрийн зах зээлийн үнийг 1,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 6-20 дахь хуудас/ Мөн хариуцагч Д.Г******* нь хязаалан дөнжин үхрээ сүүний чиглэлийн үнээ бөгөөд өдөрт дундажаар 5-8 литр сүүний ашиг, шим гардаг талаар Булган айигийн Орхон сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 82, “Хулсан шарга” ХХК-ийн тодорхойлолт зэргээр баримтжуулжээ. /хх-ийн 43-44 дэх хуудас/

4.5.Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар: “1. Toyota prius 30 маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Г******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон. 2. Зам тээврийн ослын схем зураг, хэргийн газрын үзлэгт тоормосны мөр ирүүлээгүй тул хурдыг тогтоох боломжгүй. 3. Toyota prius 30 маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Г******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн” гэжээ. /хх-ийн 70 дахь хуудас/

4.6.Д.Г Замын хөдөлгөөний дүрмийн  27.2.з. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн гэж үзэж 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №00244561 тоот “Шийтгэх хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д “замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. /хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын 35 дахь хуудас/

5.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.  Зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хэргийн бодит нөхцөл байдал, зам тээврийн осол гарах болсон шалтгаан, нөхцөлтэй нийцээгүй байна. Харин  Д.Г******* нь Замын хөдөлгөөний дүрмийн  27.2.з. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.

7.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаас үзэхэд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байх тул нэхэмжлэгч М.Г******* нь Toyota prius 30 маркийн **-** УНД тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй болж тухайн тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол нь “Арвижих-Эстэймент” ХХК-ийн үнэлгээгээр 6,195,000 төгрөг, үзлэгийн дуудлага, үнэлгээний хөлс, бусад зардал нийт 7,462,000 төгрөг нэхэмжилж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

         8.Хариуцагч Д.Г******* нь өөрийн өмчлөлийн малыг хариулагагүй орхисон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 26.8.д. зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2.з. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Д.Гантулгын буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Г*******ийн эд хөрөнгөд нь хохирол учирсан байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон эд хөрөнгийн хохирлын үнэлгээ 6,195,000 төгрөг, шууд бус зардал 451,700 төгрөг, нийт 6,646,700 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар нотлогдоогүй 815,300 төгрөг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 5,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэгч М.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,342 төгрөг, хариуцагч Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 95,590 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******ас улсын тэмдэгтийн хураамжид 121,297 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г*******т  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г*******ас гэм хорын хохиролд 6,646,700 /зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 815,300 /найман зуун арван тав гурван зуу/ төгрөг, М.Г*******оос 5,040,000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулах тухай Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 134,342 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 95,590 /ерэн таван мянга таван зуун ер/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******ас улсын тэмдэгтийн хураамж 121,297 /нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                                     Л.ХИШИГДЭЛГЭР