Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2022/01094

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2022/01094

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс155/2022/01126/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Сарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Н.Бямбарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р.... сумын ... дүгээр багт оршин суух, Г.. Б.. Д...,

Хариуцагч:У... хотын ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар орцны ... тоотод оршин суух, Б. Х.Т....

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч: С.Х.

Нэхэмжлэгч: Б.Д.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Т.,

Хариуцагч: Х.Т. (цахимаар),

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д. нь хариуцагч Х.Т.холбогдуулан гэм хорын хохирол 8,944,000 (найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 533,000 (таван зуун гучин гурван мянга) төгрөгөөр нэмэгдүүлж, гэм хорын хохиролд 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Б.Д. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр миний дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан байшинг хүн дайрсан байна гэж сонсоод байшин дээрээ очиход хариуцагч Х.Т. миний байшинг дайрчихсан байсан. Байшингийн арын ханыг цөм дайрч орж, дэлгүүрийн дотор бүгд хэсгийг эвдсэн, пийшин нурж унасан байсан. Мөн хариуцагчийн машины ар цөмөрсөн байсан. Би дэлгүүрийн доторх эвдэрч, хэмхэрсэн зүйлүүдийн зургийг авч баталгаажуулан хэргийн материалд гаргаж өгсөн. Тухайн үед би цагдаа дуудаад манай сумын хэсгийн төлөөлөгч байхгүй байсан учраас цагдаа нь ирсэн. Би цагдаагаар асуудлаа шийдүүлэх гэхэд хариуцагч Х.Т... хоёулаа асуудлаа өөрсдөө тохиролцоод шийдье гэж хэлсэн учраас тохиролцохоор болсон. Би хариуцагчид намайг яаж хохиролгүй болгох юм бэ? гэхэд хоёулаа гэрээ байгуулъя, намайг хохиролгүй болгож өгнө гэсэн. Тэгээд би хариуцагчийг миний байшинг янзалж өгнө гэсэн учраас янзалж өгөхийг нь нилээд хүлээж байгаад хариуцагчаас янзалж өгөхгүй юм уу? гэж асуухад янзалж өгч чадахгүй гэж хэлсэн. Би аргаа бараад шүүхэд хандсан. Би тухайн хэргээс болж сэтгэл санаа, ажил төрөл, эдийн засгаараа маш их хохирч байна. Тухайн хэрэг гарснаас хойш бараг 1 жил 5 сар болж байна. Хэргийн газар дээр Б.Б. өмгөөлөгч, шүүгч С.О. очиж үзлэг хийсэн, одоо болтол би байшингаа янзлаагүй яг тэр хэвээрээ байгаа. Миний дэлгүүрийг хариуцагч машинаараа дайраад хохирол учруулсан байхад яагаад шүүхийн шийдвэр хариуцагчийн талд гараад байгааг би ойлгохгүй байна. Хариуцагчийн эхнэр их хэл амтай хүн байдаг, хариуцагчийн эхнэр нь цагдаа, шүүхийн байгууллагаар яваад мөнгө олж авахыг чинь харна гэж надад хэлсэн. Би аргаа бараад хууль хяналтын байгууллагад хандаж байна. Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Хариуцагч Х.Т. нь миний дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан байшинг өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас гэмтээсэн тул тухайн дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан байшингаа дахин барьж хэвийн байдалд нь оруулах шаардлагатай байна. Иймд миний дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан байшинд учирсан хохирол болох дээврийн төмөр 74 метр, 1 метрийн үнэ нь 16,500 төгрөг, нийт 1,221,000 төгрөг,

доторлогооны хавтан 44 ширхэг, нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, нийт үнэ 1,320,000 төгрөг,

брус 30 ширхэг, тоосго 300 ширхэг, нэг бүрийн үнэ 1,200 төгрөг, нийт үнэ 360,000 төгрөг,

30х30 плита 216 ширхэг, нэг бүрийн үнэ 4,500 төгрөг, нийт үнэ 972,000 төгрөг,

шалны хулдаас 6,5 метр, үнэ 143,000 төгрөг, их биений няцарсан мод 10 ширхэг, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт үнэ 400,000 төгрөг,

шон 1 ширхэг, үнэ 20,000 төгрөг, 30 мм-ийн хадаас 1 кг, нэг бүрийн үнэ 6,500 төгрөг,

80 мм-ийн хадаас нэг хайрцаг нэг бүрийн үнэ 5,500 төгрөг, нийт 27,500 төгрөг,

150 мм-ийн хадаас 2 кг, нэг бүрийн үнэ 5,500 төгрөг нийт үнэ 11,000 төгрөг,

цонхны шил 1 ширхэг, үнэ 150,000 төгрөг,

хар цаас 6 боодол, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 240,000 төгрөг,

дээврийн төмрийн малгай 2 ширхэг, 2 метрийн 4 ширхэг, нэг бүрийн үнэ 16,500 төгрөг, нийт үнэ 49,500 төгрөг, теннисний буу 1 ширхэг, үнэ 1,300,000 төгрөг,

шруп 2 хайрцаг, нэг бүрийн үнэ 33,000 төгрөг, нийт үнэ 66,000 төгрөг,

цагаан будаг 18 кг, нэг бүрийн 7,500 төгрөг, нийт 135,000 төгрөг,

будаг шингэлэгч 5 ширхэг, нэг бүрийн үнэ 4,500 төгрөг, нийт үнэ 22,500 төгрөг, нийт эд материалын үнэ 6,647,000 төгрөг, ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, тээврийн зардалд 350,000 төгрөг, нийт 9,497,000 төгрөг гарч байгаа. Надад хариуцагч нь гэм хорын хохирол учируулсан учраас төлбөрийг бүрэн төлж барагдуулан намайг хохиролгүй болгох үүрэгтэй...гэж тайлбарлалаа.

Хариуцагч Х.Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хөдөө явж байгаад тээврийн хэрэгсэлтэй өгсүүр газар өгсөж яваад машин маань хүч алдан ухарч нэхэмжлэгчийн байшингийн ар хэсгийг цөмлөж орсон. Тухайн үед би хажуу тийшээгээ рулиэ эргүүлэх гэсэн боловч баруун талд өндөр хүчдэлийн шон, зүүн талд нь айлын хашаа байсан. Тэгээд яах ийхийн завгүй машин маань хүч алдан ухарч нэхэмжлэгчийн байшингийн ар хэсгийг цөмлөж орсон. Би тухайн осол гарах үед өндөр настай ээж, бага насны хоёр хүүхдийн хамт явж байсан. Нэхэмжлэгчийн байшин руу цөмлөж орох үед байшингийн голд байсан шонг мөргөж, уг шон нь унахдаа пийшинг нураасан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг тухайн ослоос болж цонх хагарсан асуудал байхгүй. Мөн хавтангийн хадаас нь сөртийсөн харагдсан. Тэгээд би машинаа түлхэж нэхэмжлэгчийн байшингаас гаргаад байж байхад нэхэмжлэгч цагдаа дуудаж, өөрөө ирсэн байсан. Сумын хэсгийн төлөөлөгч байхгүй байсан учраас сумын цагдаа Х.С. ирээд нөхцөл байдалтай танилцсан. Болсон нөхцөл байдлын талаар хэлж та хоёр өөрсдөө мэдэх юм байна, нэг нутгийн хүмүүс эндээ асуудлаа шийдэх юм уу? өөрсдөө мэд гэсэн. Мөн намайг та архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм байна гэж хэлж байсан. Миний машин жижиг суудлын тэрэг бөгөөд машины минь ар тал цөмрч чихэгдсэн байсан. Би машинаа асаагаад гэртээ очиж хашаандаа оруулчихаад нэхэмжлэгч Б.Д. очиж уулзан нэг сумын хүмүүс байна, хоорондоо ярилцаж учраа олж болох байх гэж хэлсэн. Тухайн үед би хөдөө явах яаралтай ажилтай байсан учраас хөдөө явж 2 хоноод ирсэн. Тэгээд байшингаа янзлахаар болж нэхэмжлэгч Б.Д. уулзахад би байшингаа өөр газар луу зөөмөөр байна, энэ хэвээр нь босгоод би яах вэ дээ, харин чи надад туслаарай гэж хэлсэн. Би хариуд нь тэгье гээд 2 дүүгээрээ 2 өдөр байшингийн хана, таазны хавтанг хуулуулсан. Гэтэл одоо тухайн хуулуулсан зургаа нотлох баримтаар гаргаж өгөөд байна. Намайг байшинг цөмлөж орох үед байшингийн арын хавтан, пийшин, теннисний буу зэрэг л эвдэрсэн байх. Гэхдээ теннисний бууг хэрэглэж болохоор байсан. Би нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлтэй огт санал нийлэхгүй байна. Тухайн байшинг огт ашигладаггүй байсан. Мөн намайг мөргөхөөс өмнө өөр машины тухайн байшинг мөргөж байсан гэсэн. Энэ талаар нэхэмжлэгч ч бас өөрөө мэдэж байгаа байх. Тухайн хэргээс болж би маш их хямарч, сэтгэл санааны хүнд байдалд орсон, би маш их гомдолтой байна. Би ч гэсэн өөрийн машинаараа хохирсон. Тэгээд нэхэмжлэгч барих хүн байхгүй гээд байхаар нь байшин янзлах хүн олсон, тэр хүн нь 2,500,000 төгрөгөөр барьж өгнө гэсэн. Удалгүй нэхэмжлэгч над руу залгаад хоёулаа гэрээ байгуулъя гэхээр нь за тэгье гэсэн, нэхэмжлэгч цаасан дээр баахан юмнууд бичээд байсан. Нэхэмжлэгч надад байшингийнхаа түлхүүрийг өгөөд миний байшинг өмнөх хивэнд нь оруулж өгтлөө түлхүүрийг нь авч бай гэж хэлсэн. Би яагаад бүтнээр янзалж өгөх ёстой юм бэ? би зөвхөн эвдэлсэн эд зүйлсээ янзална гэж хэлээд байшингийн цөмөрч ороход хугарсан багануудыг сольж өгсөн. Ер нь бол өмнө тухайн байшинг дэлгүүрийн зориулалтаар ажиллаж байхад ачаатай том маяти ирж мөргөсөн, дараа ч гэсэн машинууд мөргөж байсан гэж манай сумынхан ярьдаг. Мөн би нутгийн удирдлагуудаас тухайн газрын талаар судлаад асуухад байшин байгаа газар нь өөрөө ямар нэгэн зөвшөөрөлгүй газар байсан. Тэгээд нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүй газар байшин бариад тэр нь хүмүүст гай болж байна, тухайн байшинг хэд хэдэн машин цөмлөж ороод байхад нэхэмжлэгч өөрөө буруу газар барьсан байна гээд ухамсраараа байшингаа буулгачих шаардлагатай байсан. Өөртөө ч гай болоод бусад хүмүүст ч гай болоод байх юм. Тухайн байшингийн зүүн талын моднууд бүгд хугарчихсан, хугарсан моднуудыг шахдаг хөөсөөр шахаад хооронд нь эвлүүлчихсэн байсан. Би зөвхөн байшингийн нэг хэсгийг машинаараа цөмлөж орсон байхад надаас бүтэн байшин бариулах мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа. Мөн би нэхэмжлэгчид мөнгө өгөх гэсэн боловч би чиний мөнгөөр яадаг юм бэ? гээд аваагүй. Нэхэмжлэгчийн байшин нь одоо бүрэн бүтэн хэвээрээ байтал намайг байшинг мөргөснийг далимдуулж, надаар байшингаа шинэчлүүлж авах гээд байна. Ийм муухай зүйл байж болохгүй гэж бодож байна. Тухайн ослоос болж миний машин эвдэрч бараг 2,500,000 төгрөгийн хохирол учирсан байх, би машинаа янзлуулах гэсэн боловч надад мөнгө байхгүй учир одоог хүртэл янзлуулж чадаагүй. Хүмүүс нэхэмжлэгч Б.Д. аймаар заргач хүн байдаг гэж байсан. Сумын газрын даамалтай би очиж уулзсан. Нэхэмжлэгч нь тухайн байшинд 2007 он, 2020 онуудад засвар хийсэн байдаг. Тэр үедээ янзалж амжаагүй зүйлээ надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв би том ачааны машинаар байшинг дайраад орсон бол өөр хэрэг байсан. Харин жижиг суудлын тэргээр байшинг мөргөсөн байхад тийм их зүйл эвдэрч хэмхэрнэ гэж байхгүй. Пийшин тухайн ослоос болж нурсан нь үнэн. Нэхэмжлэгч нь өнгөрсөн жилээс хойш надаас 8,000,000 төгрөг нэхсэн цаг өнгөрөх тусам уг мөнгөө 500,000, 500,000 төгрөгөөр нэмэгдүүлсээр байгаад 9,000,000 төгрөгийг одоо надаас нэхэмжилж байна. Би тухайн мөнгийг өгөх ямар ч боломжгүй, үндэслэл ч байхгүй. Энэ хэргээс болоод надад ч мөн адил хэцүү байна. Би өмнөх шүүх хуралдаанд өөрөө оролцож байгаагүй ажилтай байсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулдаг байсан. Дараа нь нэхэмжлэгч тал давж заалдаад мөн л хуралд оролцох шаардлага гарсан. Надад удаа дараа хуралд оролцоод байх нь хэцүү, ажил төрөлтэй байдаг учраас хүндрэлтэй байна. Байнгын сэтгэл зүйн дарамттай байна. Гаднаасаа бүтэн харагдаж байгаа байшин байхад яагаад надаас бүтэн байшин бариулах мөнгө нэхээд байгааг ойлгохгүй, үнэхээр дургүй хүрч байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх надад барилгын материалын төлбөрөө өөрөө төлнө, зөвхөн ачаа зөөх машин олоод өг гэж байсан. Би хоёр дүүгээрээ байшингийн доторх хавтангуудыг хуулуулсан. Энэ талаар нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байгаа. Би нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулсан гэж бодож байгаа. Мөн Б.Д.. мөнгө өгсөн боловч чиний мөнгөөр би яадаг юм, явдаг газраар нь явна гэж хэлсэн, тэгээд байхаар нь манай эхнэр би ч гэсэн явдаг газраар нь явна гэж хэлсэн. Гэтэл одоо манай эхнэрийг түрүүлж хууль шүүхийн байгууллагаар явна гэж хэлсэн юм шиг яриад байна. Ингэж худлаа тайлбар гаргаж болохгүй гэж бодож байна. Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр миний буруу байгаа боловч би тухайн ослоос болж эвдэрсэн зүйлүүдийг янзалж өгсөн гэж үзэж байна. Мөн теннисний буу эвдэрсэн гэж байна намайг харахад тийм эвдэрсэн зүйл харагдахгүй байсан...

...Миний гэм буруу тодорхой хэмжээгээр байгаа учраас би нэхэмжлэгчид 300 ширхэг тоосгоны үнэ 360,000 төгрөг, 5 плитаны үнэ 22,500 төгрөг,

шалны хулдаасанд 100,000 төгрөг, 1 кг 32 мм-ийн хадаасны үнэ 6,500 төгрөг,

1 кг 80 мм-ийн хадаасны үнэ 5,500 төгрөг,

2 кг 150 мм-ийн хадаас үнэ 11,000 төгрөг,

хоёр ширхэг хавтангийн үнэ 60,000 төгрөг,

нэг боодол хар цаасны үнэ 40,000 төгрөг,

теннисний бууны үнэ 1,000,000 төгрөг, 2 кг будагны үнэ 15,000 төгрөг,

нэг ширхэг будаг шингэлэгчний үнэ 4,500 төгрөг, хохирол учруулсан эд зүйлийг засах ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 2,125,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэв.

Иргэдийн төлөөлөгч С.Х.: Нэхэмжлэгч Б.Д.. эд хөрөнгөд учруулсан хохирол, уг хохирлыг засаж янзлахад зарцуулагдах зардалд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоход боломжтой гэж үзэж байна. Сая хариуцагч нь эд хөрөнгөд учруулсан хохирлыг засч янзлахад зарцуулагдах ажлын хөлсний мөнгийг 500,000 төгрөг гэж үнэлж байна. Энэ арай хүрэхгүй байх. Тийм учраас 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна. гэх дүгнэлтийг гаргав.

Нэхэмжлэгч Б.Д. болон түүний өмгөөлөгч Г.Т. нараас 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, гэрэл зургууд, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар Р.. сумын Цагдаагийн хэсгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Сэпрэнгийн тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл аймгийн Р... сумын Цэнгэл багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 248 дугаартай албан бичиг, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл, Хөвсгөл аймгийн Р... сумын Цэнгэл багийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 126 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Хуулбар үнэн 2022 оны 12-р сарын 13-ны өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 4 сарын 19-ний өдрийн 46/5-1343 дугаар албан бичиг, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт 2022 оны 11-р сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэрэг баримтуудыг,

Хариуцагч Х.Т...с хариуцагчийн хариу тайлбар, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн газрын даамал Б.А...н мэдэгдлийн хуулбар, гэрэл зургууд, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0298 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т...н хүсэлтээр Х.С...г гэрчээр асууж, Хөвсгөл аймгийн Р.. сумын 4 дүгээр баг Мааний бэл гэх газарт байрлах нэхэмжлэгч Б.Д... байшинд үзлэг хийж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаар Шинжээчийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 514 дүгээр Шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Эрх бүхий албан тушаалтын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагааг тус тус гаргуулж, нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийн жолоодож явсан автомашинаараа цөмлөсөн Хөвсгөл аймгийн Р... сумын төв Маанийн бэл гэх газар байрлах байшин нь нэхэмжлэгч Б.Д... өмчлөлийнх мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй боловч талууд уг байшингийн өмчлөгч Б.Д... гэдэгтэй маргаагүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Хариуцагч Х.Т... нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр миний эзэмшлийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв Маанийн бэл гэх газар байрлах байшингийн арын хэсгийг автомашинаараа мөргөсний улмаас байшингийн арын хэсэг цөмөрч миний байшинд болон эд хөрөнгөд 6,647,000 төгрөг бүхий хохирол учирсан. Энэ эвдэрсэн эд зүйлсийг засварлах ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, тээврийн зардалд 350,000 төгрөг, нийт 9,497,000 төгрөг шаардлагатай.

Хариуцагч миний эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул энэ гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй...гэж тодорхойлсон.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийн жолоодож явсан автомашинаараа нэхэмжлэгчийн дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан Хөвсгөл аймгийн Р... сумын төв Маанийн бэл гэх газар байрлах байшингийн арын хэсгийг мөргөж цөмлөсөн. Тухайн үедээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байшинг хэвийн байдалд нь оруулж өгье гэсэн боловч нэхэмжлэгч нь энэ байшинг буулгаж дахин барина. Тийм болохоор чи дахин барих ажлын хөлс 2,500,000 төгрөгийг өгчих бусад зардлаа би хариуцна гэж хэлсэн. Би байшингийн хугарсан шонг шинээр босгон өгч, байшингийн эвдэрч хэмхэрсэн зүйлийг 2 өдөр буулгаж, 2 дүүгээрээ туслуулсан. Нэхэмжлэгчид учруулсан гэм хороо барагдуулсан гэж үзэж байгаа. Гэтэл одоо нэхэмжлэгч нь надаас шинээр 1 байшин барих үнэ нэхээд байгааг ойлгохгүй байна...Гэхдээ би нэхэмжлэгчид 300 ширхэг тоосгоны үнэ 360,000 төгрөг, 5 плитаны үнэ 22,500 төгрөг, шалны хулдаасанд 100,000 төгрөг, 1 кг 32 мм-ийн хадаасны үнэ 6,500 төгрөг, 1 кг 80 мм-ийн хадаасны үнэ 5,500 төгрөг, 2 кг 150 мм-ийн хадаас үнэ 11,000 төгрөг, хоёр ширхэг хавтангийн үнэ 60,000 төгрөг, нэг боодол хар цаасны үнэ 40,000 төгрөг, теннисний бууны үнэ 1,000,000 төгрөг, 2 кг будагны үнэ 15,000 төгрөг, нэг ширхэг будаг шингэлэгчний үнэ 4,500 төгрөг, хохирол учруулсан эд зүйлийг янзлах ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 2,125,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар Р... сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.С... 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн фото зургууд, Хөвсгөл аймгийн Р... сумын Цэнгэл багийн Засаг даргын Хөвсгөл аймгийн Р... сумын Цэнгэл багийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 126 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 248 дугаар албан бичгүүд, гэрч Х.С... мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд авагдсан фото зургууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн баримтуудаар хариуцагч Х.Т... нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Р.. сумын төв Мааний бэл гэх газар байрлах нэхэмжлэгч Б.Д...эзэмшлийн байшингийн арын хэсгийг өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр мөргөж, байшингийн арын хэсгийг цөмлөсөн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Д.. нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Х.Т... шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 514 дүгээр Шинжээчийн дүгнэлтүүдээр надад эд материалын үнэ 6,647,000 төгрөг, байшинг засварлах ажлын хөлс 2,500,000 төгрөг, тээврийн зардал 350,000 төгрөг, нийт 9,497,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн шинжээчийн дүгнэлтүүдээр энэ байдал тогтоогдоогүй.

Тодруулбал нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр бүрдүүлсэн дээрх баримт нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг нотлохгүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т: ...нэхэмжлэлийн шаардлагыг...буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно. гэж зааснаар хариуцагч нь 300 ширхэг тоосгоны үнэ 360,000 төгрөг, 5 плитаны үнэ 22,500 төгрөг, шалны хулдаасанд 100,000 төгрөг, 1 кг 32 мм-ийн хадаасны үнэ 6,500 төгрөг, 1 кг 80 мм-ийн хадаасны үнэ 5,500 төгрөг, 2 кг 150 мм-ийн хадаас үнэ 11,000 төгрөг, хоёр ширхэг хавтангийн үнэ 60,000 төгрөг, нэг боодол хар цаасны үнэ 40,000 төгрөг, теннисний бууны үнэ 1,000,000 төгрөг, 2 кг будагны үнэ 15,000 төгрөг, нэг ширхэг будаг шингэлэгчний үнэ 4,500 төгрөг, хохирол учруулсан эд зүйлийг янзлах ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 2,125,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,125,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хариуцагч Х.Т... эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,125,000 (хоёр сая нэг зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,372,000 (долоон сая гурван зуун далан хоёр мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэдийн төлөөлөгчийн...Нэхэмжлэгч Б.Д.. эд хөрөнгөд учруулсан хохирол, уг хохирлыг засаж янзлахад зарцуулагдах зардалд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгоход боломжтой гэж үзэж байна. Сая хариуцагч нь эд хөрөнгөд учруулсан хохирлыг засч янзлахад зарцуулагдах ажлын хөлсний мөнгийг 500,000 төгрөг гэж үнэлж байна. Энэ арай хүрэхгүй байх. Тийм учраас 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэх дүгнэлт нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Тү...с зөвшөөрсөн үнийн дүн болох 2,125,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д...д, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс болох 150,000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Д...с үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс болох 150,000 төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгов.

Хэрэгт авагдсан газрын даамал Б.А....н 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар ХУУЛБАР ҮНЭН 2022 оны 12-р сарын 13-ны өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 46/5-1343 дугаар албан бичиг, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт 2022 оны 11-р сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Т....с гэм хорын хохиролд 2,125,000 (хоёр сая нэг зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Д..... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,372,000 (долоон сая гурван зуун далан хоёр мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Түмэннасангаас 48,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д.....д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д.....с эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс болох 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.САРАНТУЯА

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Н.БЯМБАСҮРЭН