| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2020/0262/З |
| Дугаар | 128/ШШ2023/0039 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2023/0039
2023 01 09 128/ШШ2023/0039
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэболд
Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох шаардлагаар маргаж байна.
2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр "" ХХК-д Ө аймгийн Х сумын нутаг ******* нэртэй 16028.97 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
2.2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр Өргөдлийн бүртгэлийн ЕХ-007315 дугаарт бүртгэгдсэн “” ХХК-ийн эзэмшлийн Ө аймгийн Х сумын нутаг ******* нэртэй 16014.00 гектар талбай бүхий ХV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.
2.3.Ашигт малтмалын газрын тосны газарт хандаж ”” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18/85, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/13, 20/15 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгүүдээр ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт тус тус гаргажээ.
2.4.Ашигт малтмалын газрын тосны газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8/1391 дүгээр албан бичгээр “...Ө аймгийн Х сумын нутагт байрлах ******* нэртэй "" ХХК-ийн эзэмшилд байсан XV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Иймд танай компанийн эзэмшилд байсан ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтын дагуу дуусгавар болгосон тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн хариу өгчээ.
2.5.“” ХХК-аас Ашигт малтмалын газрын тосны газарт холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2010, 2020 оны 04 дүгэр сарын 02-ны өдрийн 20585 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.
2.6.Тус шүүх “” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагаар Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.7.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7882 дугаар шүүгчийн захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг хамтран хариуцагчаар татсан.
3.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/13 тоот албан тоотоор лицензээ тодорхой шалтгаанаа дурдан сунгуулахаар хандсан гэтэл тус газраас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8/1391 тоот албан бичгээр манай хүсэлтийг хүлээн авч шийдэж сунгах боломжгүй гэж хариуг өгсөн ба манай тодорхой шалтгаануудын улмаас лицензээ алдсан болон үүнийгээ сэргээлгэх нөхөн авах эрх ашиг сонирхлыг хөндсөн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар бидний 9н жил татвараа төлж Хайгуулын ажлаа хийчихсэн XV-0******* тоот Хайгуулын лицензийг сунгах хугацаа сэргээгдэж бид Хайгуулын лицензээ буцаан авах боломжтой болно.
Бид жил бүрийн 7 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусаж сунгуулах хүсэлтээ өгөх ёстойг мэддэг даан ч уг өдрөөс өмнө иргэн С.******* манай компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, лиценз зэргийг 2017 онд захирал Ш*******ийн хүү Б*******ын гэрээс авчихсан байсан. Ингээд бидэнд лицензээ сунгуулах юу юу ч байхгүй учир сунгуулж чадаагүй.
Хуульд зааснаар 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс сарын өмнө буюу 2018 оны 06 дугаар 16-ны өдөр сунгуулах хүсэлтээ өгөх ёстой гэтэл дээрх өдөр “” ХХК-ийн тамга, тэмдэг гэрчилгээ, лиценз зэрэг нь иргэн С.*******д байсан нь түүний хууль бусаар манай тамга гэрчилгээг ашиглан 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр К******* банканд данс нээж байсан баримтуудаар нотлогдож байна. Мөн иргэн С.******* нь хууль бусаар өөрийгөө манай компанийн захирал болгон бусдын /“” ХХК/ компанийн бичиг баримтуудыг ашиглан Оюу толгой ХХК-тай хууль бус гэрээ байгуулан бас К******* банканд мөн хууль бусаар данс нээсэн, бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулан чулуу зарсан зэрэг хэргүүддээ одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр яллагдагчаар татагдаад байгаа ба тэнд байгаа гэрчилгээ зэрэг нь иргэн С.*******д байсныг нотолж байна. Энэхүү хамтран ажиллах гэрээн дээрх огноо нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байна. Үүн дээр С.******* манай компанийн захирал гээд манай тамгыг ашиглан дарсан байна. Тэгвэл С.******* гэж захирал “” ХХК- д байхгүй болох нь Улсын бүртгэлийн лавлагаа болон манай шинээр авсан гэрчилгээгээр давхар нотлогдоно. гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаан дэр гаргасан тайлбартаа: Манай компани нь хувьцаа эзэмшигчдийн маргаантай байсан бөгөөд С.******* гэх 20 хувийн хувьцаа эзэмшигч нь гарын үсэг дуурайлган зурснаас үүдэн маргаан үүссэн. Уг үйл явдлаас шалтгаалж компанийн лиценз, тамга, тэмдгийг Ш.Б******* гэдэг хүнээс авсан. Үүнээс шалтгаалж 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрийн хоорондох лиценз, жилийн төлбөр, хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байсан ч өгч чадаагүй. Үүнд С.******* гэдэг хүн нь өөрийгөө компанийн гүйцэтгэх захирал гэж танилцуулан хамтран ажиллах гэрээ байгуулж, К******* банканд хууль бусаар данс нээлгэсэн, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт би тамга, тэмдэг өгөхгүй, өөрт нь байгаа гэдгээ нотолсон мэдүүлэг байдаг. Улсын ерөнхий прокурорын газраас тамга, тэмдгээ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.А*******од хүлээлгэж өгсөн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. С.*******гаас компанийн тамга, тэмдгийг 2020 онд буцаан авсан. Тамга, тэмдэг байхгүй учраас компанийн үйл ажиллагаа зогсож ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинэ тамга, тэмдэг авах хүсэлт гаргасны үндсэн дээр шинээр тамга, тэмдэг авсан. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт тамга, тэмдгээ авч чадахгүй байсаар хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргаж чадахгүй байсан гэж тайлбарлаж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ өгсөн. гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаандаа өгч чадаагүй нь хуулийн этгээдийн хувийн үйл ажиллагаанаас шалтгаалж өгч чадаагүйг мэтгэлцээний явцад нотлох баримтаар нотолно. Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэс нь тухайн хугацаанд лицензийн хугацааг дуусгах үйлдэл хийх ёстой. Захиргааны үйлдэл хийх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийж ийм үндэслэлээр танай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаагаа мэдэгдэх ёстой байсан. Захиргааны үйл ажиллагааг гүйцэтгэх үйлдэл хийгээгүй. Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор нөөцөд авсан гэсэн боловч Ашигт малтмалын тухай хуулиар тусгай нөөцөд авсан газрын хугацаа дуусаж өмнөх этгээдэд тусгай зөвшөөрөл шилжинэ гэж зохицуулсан. Монгол Улсын Засгийн газар нөөцөд авч бусдад шилжүүлэх үед нэхэмжлэгч компанийн эрх сэргээгдэх ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн эрх дээрх хуулийн заалтаар сэргээгдэх учраас эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. гэв.
4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ө аймгийн Х сумын нутаг ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХѴ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 365 дугаар шийдвэрээр 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “” ХХК-нд олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан ба “” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг хавсаргахаар заасан.
“” ХХК нь нэхэмжлэлдээ “Иргэн С.******* нь манай компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ, лиценз зэргийг 2017 онд захирал Ш*******ийн хүү Б*******ын гэрээс авчихсан байсан.Ингээд бид нар лицензээ сунгуулж чадаагүй” талаар дурджээ.
Гэтэл “” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18/85 дугаартай албан бичгээр “С.******* нь тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ.... зэргийг 2014 оны 12 дугаар сард авч зугтаасан” талаар дурдаж захирал Ц.А******* гээд компанийн тэмдэгтийг дарсан байна.
Энэ байдлаас харахад “” ХХК нь 2018 онд тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах боломжтой байсан нь харагдаж байна.
Мөн тухайн компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18/87 дугаартай албан бичгээр "С.******* нь компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензүүдийг 2014 оны 12 сард авч зугтаасан..... компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал П.Ш******* нь нас өндөр болсон, хөдөлмөрийн чадвар дутмаг, эрүүл мэндийн тодорхой шалтгаантай зэргийг хүндэтгэн үзэж манай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болох ХV-0******* дугаартай лицензийг сунгаж өгнө үү" захирал Ц.А******* гээд компанийн тамга тэмдэгтийг дарсан байна. Мөн нэхэмжлэл дээр "Бид жил бүрийн 7 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусаж сунгуулах өргөдөл өгөх ёстойг мэддэг" гэжээ.
Энэ бүгдээс харахад нэхэмжлэгч "" ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг 2018 онд гаргах байсан гэдгийг мэдэж байсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба "" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг хавсаргахаар заасан.
Эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд тухайн үед тамга, тэмдэг, компанийн лицензээс гадна бусад үйл баримтууд нь бүрдсэн байсан эсэхийг тогтоох ёстой. Гэтэл одоогийн байдлаар нэхэмжлэгч компани нь 2018 оны байдлаар үйлчилгээний хөлс төлсөн баримт байхгүй бөгөөд энэ тамга, тэмдгээс шалтгаалахгүй, тайлан төлөвлөгөө хийсэн тодорхойлолт авсан байх ёстой бөгөөд мөн тамга, тэмдгээс шалтгаалахгүй К14 гэсэн маягт бөглөсөн байх ёстой. Зөвхөн лицензийн хуулбар гэж байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байхыг шаардах бөгөөд үүнд мөн тамга, тэмдэг шаардахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д засаг дарга батлахаар заасан байгаа. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр компаниас шалтгаалах үйл ажиллагаанд тамга, тэмдэг ямар ч шаардлагагүй. Тамга, тэмдгээс гадна бусад шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөөгүй байж эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь учир дутагдалтай. Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход шийдвэр гардаггүй учир сонсох ажиллагаа хийхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь “компанийн хувьцаа эзэмшигч С.*******, Ш.Б******* нарын хууль бус үйлдлийн улмаас компани тамга, тэмдэггүй болж үүний улмаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан” гэж, хариуцагчаас “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр компаниас шалтгаалах үйл ажиллагаанд тамга, тэмдэг ямар ч шаардлагагүй. Тамга, тэмдгээс гадна бусад шаардлагатай баримтыг бүрдүүлж хуулийн хугацаандаа хүсэлт гаргаагүй” гэж тус тус маргасан.
3.Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2020/2969 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “” ХХК-аас Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан “... “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын хүрээнд, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 365 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “” ХХК-д Ө аймгийн Х сумын нутаг “*******” нэртэй газарт 1602.9 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэжээ.
5.Дээрх шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газраас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “” ХХК-д Ө аймгийн Х сумын нутаг “*******” нэртэй газарт 16028.97 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.
6.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар бүртгэл хийжээ.
7.Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 533 дугаар шийдвэрээр мөн маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
8.Нэхэмжлэгч “”-аас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ... :” гэж заасны өргөдлөө гаргаагүй тул тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж заасны дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болжээ.
9.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1.“хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2.“үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3.“байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4.“хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “” ХХК-аас хариуцагч нарт болон шүүхэд дээрх хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
10.Нэхэмжлэгчээс “... Компанийн хувьцаа эзэмшигч С.*******, Ш.Б******* нарын хууль бус үйлдлийн улмаас компани тамга, тэмдэггүй болж үүний улмаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан.” гэж тайлбарлан маргажээ.
11.Нэхэмжлэгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.А******* нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хүсэлт гаргах нь” 18/85 дугаар албан албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт “... Дээр нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал болох П.Ш******* нь нас өндөр болсон, хөдөлмөрийн чадвар дутмаг, эрүүл мэндийн тодорхой шалтгаантай байсан болно.
Мөн “” ХХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш ашиг орлого олоогүй ба ирээдүйд олох орлого үр ашгийн төлөө компанийг тогтвортой оршин байлгахын тулд холбогдох татварыг төлж ирсэн зэргийг хүндэтгэн үзэж манай лицензийг сунгаж өгнө үү.
Миний бие компанийн гүйцэтгэх захирлын ажлыг 2018 оны 08 дугаар сард авсан ба 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр лиценз сунгах өргөдөл өгөх сүүлийн өдөр байсныг мэдээгүй болно.” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.
12.Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн агуулгаас үзвэл нэхэмжлэгчийн “... Компанийн хувьцаа эзэмшигч С.*******, Ш.Б******* нарын хууль бус үйлдлийн улмаас компани тамга, тэмдэггүй болж үүний улмаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан.” гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна.
13.Нэхэмжлэгч “” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт гаргах нь” 18/87 дугаар албан албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18/85 дугаар албан албан бичгээр гаргасан хүсэлтээ дахин гаргажээ.
14.Дээрх хүсэлтийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/6762 дугаар албан бичгээр шийдвэрлэж, хариуг өгсөн байна.
Уг албан бичигт: “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж гаргах ёстой байдаг.
Иймд дээрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг ирүүлээгүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.
15.Дээрхээс үзвэл, хариуцагч нь хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар буюу тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй талаарх хариугаа дээрх албан бичгээр өгсөн байна.
16.Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх татгалзсан хариутай холбоотой асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасны тус шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байжээ.
17.Гэтэл нэхэмжлэгч нь уг хариуг авснаас хойш 1 жил 5 сарын дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд “... “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.“Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1.“дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;” гэж заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
18.Нэхэмжлэгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.“Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.”, 52.5.3.“нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг;” гэж тус тус заажээ.
20.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох онцгой ашиг сонирхол үүссэн байхаар байна.
21.Онцгой ашиг сонирхол үүссэн гэдэг нь нэхэмжлэгчид зайлшгүй шаардлагатай бөгөөд цаг хугацааны хувьд нэн даруй шийдвэрлүүлэх шаардлагатай ашиг сонирхол үүссэн байхыг ойлгохоор байна.
22.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгчид дээрх онцгой ашиг сонирхол үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
23.Мөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд уг нэхэмжлэлийг гаргахаар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хүчингүй болгох, эсхүл даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсэн тохиолдолд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргахаар байна.
24.Маргаан бүхий тохиолдолд мөн дээрх нөхцөл байдал үүсээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар даалгах нэхэмжлэл гаргах боломжтой байсан байх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэл гаргах хугацаагаа нэхэмжлэгч өөрөө хэтрүүлснээс үүдэлтэйгээр даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор хариуцагч буюу захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм.
25.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “” ХХК-ийн хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ