Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

     2025          08           22                                         2025/ШЦТ/152

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,  

Улсын яллагч                                                                        Б.Халиунгоо,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2404001920158 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн ******* сум, 2 дугаар багт оршин суудаг,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ******* ;

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь хохирогч 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Монос” дэлгүүрээс худалдан авалт хийгээд гарах үедээ гээгдүүлсэн Хаан банкны 5750415573 тоот дансны карыг олж аван 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн гүйлгээгээр 511,800 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2024 оны 8 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна шөнө гудамжнаас нэг карт олсон. Тэгээд дэлгүүрт орж тухайн картыг уншуулж архи авч уусан. Яг хэдэн удаа архи авсан гэдгээ сайн санахгүй байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - “Хаан” банкны 5750415573 тоот дансны хуулга /хх-ийн 4-р хуудас/,

            - Хохирогч мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Монос дэлгүүрээс худалдан авалт хийгээд гарах үедээ гээгдүүлсэн Хаан банкны 5750415573 тоот дансны карыг олж аван, улмаар тус картыг бусдын өмчлөл, эзэмшилийн зүйл гэдгийг мэдсээр байж 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн гүйлгээгээр 511,800 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж захиран зарцуулсан гэх үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/,

- Хаан банкны 5750415573 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хуудас/,

            - Хохирогч “...Би 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Монос эмийн сангаас эм авч картаа уншуулчихаад гэртээ харьж явах замдаа өөрийн 5750415573 тоот дансны картаа гээчихсэн. Тэгээд тухайн картаа маргааш нь Хаан банкинд очиж хаалгах гэтэл хагассайн өдөр байсан учир банк амарсан байсан. Тэгээд би нэг залуугаас киоск машин ашиглуулан дансны үлдэгдлээ шалгуулахад 40,000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Тухайн үед миний санаж байгаагаар дансанд 550,000 төгрөг байсан. Би гомдолтой байна, мөнгөө буцааж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

            - 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэлд: “...240400192 дугаартай хэрэгт Багануур дүүргийн 5 дугаар хороо “Найман наран” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг шалгахад хохирогчийн гээгдүүлсэн гэх Хаан банкны картыг ашиглан дэлгүүрээс бараа авч байгаа нь туссан байв” гэжээ /хх-ийн 33-р хуудас/,

            - 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *******ийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сард Багануурт байсан. Яг өдрийг нь санахгүй байна, шөнө гудамжнаас карт олоод тэрүүгээрээ дэлгүүрт уншуулаад архи авч ууснаа санаж байна. Би жилийн өмнөх үйл явдал болохоор аль дэлгүүрт уншуулснаа санахгүй байна. Хэрэгтэй танилцаад, камерийн бичлэг үзээд санаж байна, бичлэгт байгаа хүн би мөн байна. Дандаа архи авсан, гадуур хүмүүстэй уусан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Гээгдэл эд хөрөнгө гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлнэ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь бусдын гээгдүүлсэн банкны картыг олж аван өөртөө эд зүйл худалдаж аван бусдын өмчлөх эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч *******ийг Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

 Шүүгдэгч ******* нь хохирогчийн гээгдүүлсэн банкны картыг ашиглан Хаан банкны 5750415573 тоот данснаас 21 удаагийн гүйлгээгээр нийт  511,800 төгрөгийн худалдан авалт хийж өөртөө завшсан байх тул шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 511,800 /таван зуун арван нэгэн мянга найман зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч д олгуулах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хохирол төлбөр  болох 511,800 /таван зуун арван нэгэн мянга найман зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохиролыг нь төлж барагдуулна. Би хөдөө эгчийндээ мал маллах гэж байгаа энэ байдлыг минь харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү.” гэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдлыг хянаад, шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хаязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Төв аймгийн ******* сум, 2 дугаар багт оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******т 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хаязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* шүүхээс оногдуулсан 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Төв аймгийн ******* сум, 2 дугаар багт оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 511,800 /таван зуун арван нэгэн мянга найман зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН