Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

2025         08          26                                    2025/ШЦТ/153

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

 

 Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,

Улсын яллагч                                                                        Б.Халиунгоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Л.Ганганбарс,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2318002270154 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 8 дугаар гудамжны 02 тоотод оршин суудаг, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* ******* ******* *******

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь фейсбүүк цахим орчинд “Супер портер машин зарна. Үнэ 3,500,000 төгрөг, утас: 95220713” гэсэн зар байршуулан хуурч, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч д “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас машинаа ирж аваарай” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 7 дугаар сарын 21-ний оройн 21 цагийн орчимд хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5644113029 тоот данснаас эзэмшлийн Хаан банкны 5042862163 тоот дансаар дамжуулан 3,500,000 төгрөг шилжүүлэн авч залилан, түүнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

мөн фейсбүүк цахим орчинд “Nissan patrol y60 загварын машин зарна” гэсэн зар байршуулан хуурч, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч “Булган аймгаас машинаа ирж аваарай” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5055606589 тоот данснаас эзэмшлийн Хаан банкны 5042862163 тоот дансаар дамжуулан 4,000,000 төгрөг шилжүүлэн авч залилан, түүнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  *******  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Цахим тоглоомонд донтоод тухайн мөнгөө өсгөөд, буцааж өгнө гэж байгаад алдсан. Зар байршуулсан “Boldoo Boldko” гэсэн Facebook хаягийг хүнээс худалдаж авсан. Хэнээс авснаа сайн санахгүй байна. Машин зарна гэсэн 2 зарыг хориод хоногийн зайтай байршуулж байсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 14-р хуудас/,

- Хаан банкны 5042862163 дугаартай дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19, 102-р хуудас/,

-  СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

- Хохирогч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 132-133-р хуудас/,

- Гэрч Н.Номин-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 186-188-р хуудас

- Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 198-р хуудас/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 14-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 44-64-р хуудас/,

- Гэрч Б.Отгончимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 89-р хуудас/,

- Хохирогч , нартай утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 20, 22-р хуудас/,

- Хохирол төлсөн баримтын хуулбар /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэгт холбогджээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг ба хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.

  Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ.

            Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “Супер портер машин зарна. Үнэ 3,500,000 төгрөг, утас 95220713” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч д “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас машинаа ирж аваарай” хэмээн хуурч 2023 оны 7 дугаар сарын 21-ний оройн 21 цагийн орчимд хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5644113029 тоот данснаас эзэмшлийн Хаан банкны 5042862163 тоот дансаар дамжуулан 3,500,000 төгрөг шилжүүлэн авч залилан, хохирол учруулсан,

           Мөн фейсбүүк цахим орчинд “Nissan Рatrol-У60 загварын машин зарна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч “Булган аймгаас машинаа ирж аваарай” хэмээн хуурч 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5055606589 тоот данснаас эзэмшлийн Хаан банкны 5042862163 тоот дансаар дамжуулан 4,000,000 төгрөг шилжүүлэн авч залилан, хохирол учруулсан гэх үйл баримтууд нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10, 121-124-р хуудас/,

- Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд би Facebook-ээр “Nissan patrol y60 загварын машин зарна” гэсэн зарын дагуу “Boldoo Boldko” гэсэн Facebook хаяг руу өөрийн “Ganaa Tsogtbayar” гэсэн хаягнаас чатаар холбогдож “Nissan patrol y60” загварын машин худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 4,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5055606589 дугаарын данснаас Хаан банкны Долгормаа гэсэн хүний 5042862163 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд машинаа хашаанаас очиж авах талаараа 80053808 дугаарын утсаар эрэгтэй хүнтэй холбогдсон. Харин тухайн хүн “Булган аймагт явж байна, ирээд аваарай” гэхээр нь машинаа авах санаатай Булган аймаг руу очоод 80053808 дугаарын утас руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Тэрнээс хойш надтай дахиж холбогдоогүй учраас би залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 14-р хуудас/,

- Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 21-ний орой Баруун-Урт сумын 4 дүгээр баг Овоотын 10-15 тоотод байх гэртээ өөрийн “Gomboragchaa Gansvh” гэх фэйсбүүк хаягаараа фэйсбүүк орж байтал Хэнтий аймаг Жаргалтхаан сумын зарын групп дээр /одоо ямар нэртэй хаягаас зар оруулсныг нь сайн санахгүй байна./ үл таних хүний "Супер портер машин зарна. Үнэ 3,500,000 утас: 95220713" гэсэн зарын дагуу тус дугаар руу өөрийн 90411112 дугаараас залгаж “зарын дагуу ярьж байна” гэхэд нэг эмэгтэй хүн аваад “нэг хүн бас хотоос тус машиныг авахаар гарсан. Уг хүн нь урьдчилгаа мөнгө төгрөгөө хийсэн. Яахав та хоёрын аль түрүүлж мөнгөө хийсэн нь авахгүй юу. Шөнө ч байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ирээд машинаа авч болно” гэж ярьсан. Тэгэхээр нь би итгээд тус хүний хэлсэн Долгормаа гэх хүний 5042862163 тоот данс руу 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 46 минутад өөрийн 5644113029 тоот данснаас 3,500,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь “90411112 mashiin awna” гэж бичээд шилжүүлсэн. Мөнгөө хийсэн оройноо Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу такси хөлслөөд үүрээр очоод залгатал гар утас нь холбогдохгүй байсан. Маргааш өдөр хүртэл нь Жаргалтхаан сум дээр хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Сүхбаатар аймагт ирсэн. Тэгээд би залилуулсан талаараа мэдэж цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 132-133-р хуудас/,

- Бат-Очирын Долгормаагийн Хаан банкны 5042862163 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 17:17 цагт 5055606589 дугаартай данснаас 4,000,000 төгрөгийг “80115109” гэсэн гүйлгээний утгатайгаар орлого хийсэн, мөн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21:46 цагт 5644113029 дугаартай данснаас 3,500,000 төгрөгийг “90411112 Машин авна” гэсэн гүйлгээний утгатайгаар орлого хийсэн” гэжээ /1-р хх-ийн 19, 102-р хуудас/,

- Цогбаярын Гансүхийн Хаан банкны 5644113029 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 127-р хуудас/,

- Гансүхийн Гомборагчаагийн Хаан банкны 5055606589 дугаартай депозит дансны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 17:17 цагт хийсэн гүйлгээний хуулга /1-р хх-ийн 15-р хуудас/,

- СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

           - Гэрч Н.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сард намайг Багануур дүүрэгт гэртээ байж байхад ******* нь өөрийнхөө 85198420 гэсэн дугаараас миний 95187660 гэсэн дугаар руу залгаад завтай бол бранкад хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд намайг бранкад очиход ******* нь ганцаараа байсан ба ******* нь ахынхаа портер машиныг зарах гэж байгаа талаар надад хэлсэн. Тэгээд ******* нь намайг миний эхнэр юм шиг болоод утсаар хүнтэй яриад өгөөч гэж хэлсэн. Тэгээд тухайн үед намайг ******* нь нэг хүнтэй утсаар яриулаад манай нөхрөөс машин авах гэж байгаа юм уу гээд нөгөө хүнтэй нь утсаар ярьсан. Тэгээд би тухайн ярьсан хүнд нь *******гийн бичиж өгсөн 50-аар эхэлсэн данс хэлж өгсөн. Тэгээд ******* нь надад тухайн үед 3,000,000 төгрөг орж ирнэ гэж байсан. Тэгээд удалгүй ******* руу нөгөө хүн нь мөнгө хийчихлээ гээд хэлсэн. Тэгээд ******* нь ганцаараа гараад удалгүй мөнгө аваад орж ирсэн. Тэгээд надад тухайн өдөр мөнгө өгөөгүй. Машинаа нөгөө хүндээ нэг мөсөн шилжүүлж өгөөд үлдэгдэл мөнгө авч байгаад надад мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш өдөр нь *******тай уулзахад *******гийн ах нь нөгөө портер машинаа өөр таньдаг хүндээ зарсан гэж хэлсэн. Тэгээд би өчигдрийн авсан мөнгөө хүнд нь буцааж өгсөн юм уу гэж асуухад өчигдөр тал мөнгийг нь өсгөх гэж байгаад покер тоглоод алдчихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 186-188-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагчаас: “...шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсаас: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу,  үйлдсэн гэмт хэрэг, прокурорын зүйлчилсэн хуулийн зүйлчлэл дээр маргах маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хувьд хохирогч гийн хохирол 3,500,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч ийн 4,000,000 төгрөгийн хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 3,500,000 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин үнэнчээр гэмшиж, өөрөө ажил хөдөлмөр эрхлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******гаас: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Одоо би дахин цахим мөрийтэй тоглоом тоглохгүй, бусдыг залилан мэхлэхгүй байж чадна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

           Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж “Boldoo Boldko” гэсэн Facebook хаягнаас “Nissan Рatrol-У60 загварын машин зарна”, “Супер портер машин зарна. Үнэ 3,500,000 төгрөг, утас 95220713” гэсэн заруудыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилж, хохирогч 4,000,000 төгрөгийн, хохирогч д 3,500,000 төгрөгийн хохирол тус тус санаатай учруулсан нь шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд ******* нь Залилах гэмт хэргийн улмаас хохирогч 4,000,000 төгрөгийн, хохирогч д 3,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирогч  д 3,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч 4,000,000 төгрөгийн хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,500,000 төгрөгийг төлөхөө бүрэн илэрхийлж шүүх хуралдаанд мэдүүлж байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч *******гаас 3,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Прокурорын саналыг миний зүгээс буруу санал тавилаа, хууль зөрчсөн, үндэслэлгүй санал гэж маргахгүй. Харин шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсан, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, цаашид шударгаар хөдөлмөрлөж олсон орлогоороо зөв амьдрах талаараа өөртөө дүгнэлт хийж чадсан зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү.” гэв,

              Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн тайлбарыг гаргав.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ёидиг хэрэгт хавсарган үлээх, мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 260 /хоёр зуун жар/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч ******* нь Залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч д 3,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч 4,000,000 төгрөгийн хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******гаас 3,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгосугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.ӨЛЗИЙ-ОТГОН