Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/572

 

 

 

 

 

 

  2021             6              3                                          2021/ДШМ/572

 

 

Э.Эид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

хохирогч Б.Үийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,  

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Эид холбогдох 2110001470046 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Э, ___ оны _ дугаар сарын _-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ____________________________ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ____________________________________ оршин суух бүртгэлтэй боловч ________________________________х, ял шийтгэлгүй, /РД:________________/;

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 85 дугаар байрны 96 тоотод Б.Үтэй ажлын шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой руу аягаар цохисноос эрүүл мэндэд нь “духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Эрдэнэбатын Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Эид мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э нь эмчилгээний зардалд 490.047 төгрөгийг хохирогч Б.Үт нөхөн төлснийг, хохирогч Б.Ү нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Үийн биеийн эрүүл мэнд муудаж, тархины хөнгөн зэргийн цус харвалт гэсэн оноштойгоор Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмчилгээгээ гэрээр үргэлжлүүлэн хийлгэж байгаа билээ.

Хохирогч Б.Ү нь Өмнөговь аймгийн харьяат, Соёл урлагын их сургуулийг дизайнер мэргэжлээр төгсөөд “Анун” ХХК-ийн тавилгын үйлдвэрт сарын 750.000 төгрөгийн цалинтай жолоочийн ажил хийдэг ба нийгмийн даатгалын шимтгэл сар бүр төлдөг. /хх 55/ Энэ хэрэг гарсан өдрөөс хойш ажилдаа яваагүй, эмнэлгийн чөлөөтэй цалингүй амьдарч байна. Энэ талаар хавтаст хэрэгт ажлын газрын албан бичиг авагдсан байгаа юм. Хохирогч Б.Үт учирсан гэмтэл болон ухаан алдан унаснаас толгойдоо оёдол тавиулж, түүнээс үүдэлтэй гэм хорын хохирлыг шүүх эрүүгийн хэрэгтэй нь хамтатган нэг мөр шийдвэрлэх ёстой байтал зөвхөн гэм бурууг нь тогтоогоод хохирол нөхөн төлүүлэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуудсан юм. Учир нь, хохирогч Б.Үт шүүгдэгч Э.Эийн гэм буруугаас болж бодит хохирол болох эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.040.000 төгрөгийн гэм хорын хохирол учраад байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу шүүгдэгч Э.Э нь гэм хорын хохирлыг бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй байтал шүүх энэ асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй нь буруу гэж үзэж байна.

Хохирогч Б.Ү нь Өмнөговь аймагт эмчлүүлж байгаад энэ хэргийн улмаас Улаанбаатар хотод дуудагдан ирэхдээ эмнэлгийн магадлагаагаа аваагүй /эмчилгээ дуусаагүй байсан учир/ ирээд буцаж явж чадахгүй шүүх хуралд оролцсон юм.

Гэмт хэрэг, гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй, зөвхөн гэм хорын хохирлын асуудлыг л хэрэгтэй нь хамт шийдвэрлүүлхээр давж заалдах гомдол гаргаж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/171 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм хорын хохирлын 4.040.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар тусгаж өгөхийг хүсч байна. ...” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчийн зүгээс 4.040.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтаар 496.040 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Уг мөнгийг шүүгдэгч шүүх хуралдааны үеэр төлсөн. Гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 85 дугаар байрны 96 тоотод Б.Үтэй ажлын шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой руу аягаар цохисноос эрүүл мэндэд нь “духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Үийн “...Э.Э пиво ууж байсан аягаараа миний зүүн хөмсөгний дээр дух хэсэгт нэг удаа цохьсон. Тэгсэн миний духнаас цус гараад Мөнхчулуун миний толгойг угаана гээд угаалгын өрөө рүү орсон. ...” /хх 13/,

гэрч Л.Эын “...нэг сэртэл Б.Үийн толгойноос нь цус гарсан байсан, яасан гэж Мөнхчулуунаас асуусан чинь энэ 2 хоорондоо маргаад аягаар цохьсон, шидсэн ч гэл үү, ноцолдож байгаад салгаад Б.Үийг бие засах өрөө рүү оруулаад цусыг нь угаах гэж байтал гараад ухаан алдаад унасан. ...” /хх 21/,

гэрч О.Мы “...би доошоо хараад зүйрмэглээд сууж байсан чинь тас нис гээд чимээ гарахаар нь сэрсэн чинь пиво аягалж байсан аяга хагарсан, Б.Үийн толгойны зүүн хажуу хэсгээс цус гарсан зогсож байсан. …” /хх 25/,

шүүгдэгч Э.Эийн “...Б.Ү бид 2 ажлаа ярьж байгаад хоорондоо муудалцсан. ...Б.Ү миний толгойны зүүн хажуу хэсэг рүү гараараа цохихоор нь түлхээд пиво ууж байсан ширээн дээр байсан шинжтэй цагаан аягыг Б.Үийн толгой руу шидсэн чинь Б.Үийн толгойн зүүн хэсэг рүү оноод аяга хагарсан. ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 421 дугаартай “...Б.Үийн духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон ...” шинжээчийн дүгнэлт /хх 33/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эхүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Эийн хохирогч Б.Үийн дух хэсэгт аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Эийг 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар “...гэм хорын хохирлын 4.040.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд хохирлыг тооцож, уг хэмжээ нь шүүгдэгч Э.Эоос хохирогч Б.Үт эмчилгээний зардалд нөхөн төлсөн 490.047 төгрөгт багтаж байгааг харгалзан дээрх төлбөрийг төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй эмчилгээний төлбөр, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Хохирогч Б.Ү нь “АНУН” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд жолоочоор ажиллаж 750.000 төгрөгийн цалин авдаг гэсэн тус компаний захиргаа, хүний нөөцийн албаны дарга Э.Аззаяагийн тодорхойлолтоос /хх 100/ өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР