Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХК 

Хариуцагч: улсын байцаагч Н.Х*******, Ц.А******* нарын хооронд үүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Т.А*******, Ж.Э*******, О.Т*******, хариуцагч Ц.А*******, Н.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Б******* ХК-ийн 2016-2019 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.А*******, Н.Х******* нар хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татварын улсын байцаагчийн 2120801995 дугаар актаар 61,539,044,588.16 төгрөгийн зөрчилд 182,414,365.45 төгрөгийн нөхөн татвар, 11,684,423,893.06 төгрөгийн торгууль, 6,307,180,471.92 төгрөгийн алданги нийт 18,174,018,730.43 төлбөр ногдуулсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, 6,949,288,173.23 төгрөгийн торгууль, 393,833,581.02 төгрөгийн алданги, нийт 7,353,434,663.34 төгрөгийн төлбөрийг бууруулж, 61,435,915,497.25 төгрөгийн зөрчилд ногдох 172,101,456.36 төгрөгийн нөхөн татвар, 4,735,135,719.83 төгрөгийн торгууль, 5,913,346,890.90 төгрөгийн алданги нийт 10,820,584,067,09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулжээ.

3. Процессын түүх: Б******* ХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч Б******* ХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй тухайд, 2016 онд борлуулсан үнийн зөрүү 1,029,361,363.60 төгрөгийн, 2019 онд Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691,653,200.0 төгрөгийн нийт 1,721,014,563.63 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд Зөрчлийн тухай хуулийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 74,1 дэх заалтыг үндэслэн 172,101,456.36 төгрөгийн нөхөн татвар, 31,636,387.14 төгрөгийн алданги, 51,630,436.91 төгрөгийн торгууль нийт 255,368,280.41 төгрөгийн төлбөр ногдуулсан.

4.2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 11-д Шүүгдэгч Л.Г, Н.Д нараас 1,132,297,500.0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Б******* ХК-д олгох гэж тогтоосон бөгөөд шүүхийн тогтоолын дагуу Эм ХХК-аас 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалын бүртгэлд орлогод авч, нягтлан бодох бүртгэлдээ тусгасан. Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд 150973 тн нүүрсийг худалдан борлуулсан бөгөөд шүүхээс энэ нүүрсний үнийн зөрүү 150973*7500=1,132,297,500.0 төгрөгийн хохирлыг Б******* ХК-д шүүгдэгч Л.Г, Н.Д нараас гаргуулах тогтоол гаргасан. Гэтэл татварын улсын байцаагчид орлого олсон гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан акт тогтоосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

4.3. Энэхүү нүүрсний үнийн зөрүүг татварын улсын байцаагчийн тодорхойлсноор 2013-2014 онд хийсэн нүүрс борлуулсны орлогод нөхөн олгож байгаа орлого гэж үзвэл Татварын ерөнхий хуулийн /2008 оны 11 дүгээр зүйлийн 11.1-д "11.1. Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй" гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

"Б*******" ХК нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 11-д "Шүүгдэгч Л.Г, Н.Д нараас 1,132,297,500.0 /Нэг тэрбум нэг зуун гучин хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж "Б*******" ХК-д олгох" гэж тогтоосон бөгөөд шүүхийн тогтоолын дагуу "Эм " ХХК-аас 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалын бүртгэлд орлогод буюу ДТ ҮХХ орлого 900,411,120.0 төгрөг, ДТ бараа материал худалдан авалт 231,886,380.0 төгрөг, КТ Өглөг 1,132,297,500.0 төгрөгийн бичилтээр нягтлан бодох бүртгэлдээ бүртгэсэн бөгөөд ДТ 1,132,297,500.0 төгрөг, КТ үйл ажиллагааны бус орлого 1,132,297,500.0 төгрөг гэсэн бичилтээр ашгаа өсгөсөн нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хийсэн болно.

4.4. Нүүрсний борлуулалт 2013-2014 онд хийгдсэн бөгөөд нүүрсний үнийн зөрүү болох 1,132,297,500.0 төгрөг нь нүүрс борлуулсны орлого биш бөгөөд "Эм " ХХК-аас шүүхийн шийдвэрээр "Б*******" ХК-д олгогдож байгаа нөхөн олговор юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Бараа, ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ". 5 дугаар зүйлийн 5.2-т "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" гэж албан татвар төлөгч болон суутган төлөгчийг ялгаатайгаар хуульчилсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын 2006 оны/ хуулиар борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж төлдөг байсан бол 2016 оноос мөрдөгдөж байгаа хуулиар суутган авч төсөвт төлөхөөр хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл "Эм " ХХК-аас "Б*******" ХК-д нүүрсний үнийн зөрүү гэж 1,132,297,500.0 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа материалыг шүүхийн шийдвэрээр гаргуулж өгч байгаа нь "Эм " ХХК-ийн борлуулалтын орлого болохоос "Б*******" ХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлого биш, харин манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч тул "Эм " ХХК нь нүүрсний үнийн зөрүүд өгч байгаа 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалыг шүүхийн шийдвэрээр тус компанид шилжүүлсэн орлогодоо ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг харин худалдан авалтаар тайлагнах байсан боловч энэхүү шилжиж ирсэн бараа материал, үндсэн хөрөнгө шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдэж ирээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжиж ирсэн тул худалдан авалтын тайланд хасалтаар тайлагнаагүй болно.

4.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг" гэж заасны дагуу "Эм " ХХК нь "Б*******" ХК-д хөрөнгө, бараа материалыг шилжүүлсэн тул тус компанийн борлуулалтын орлого юм. Гэвч тус компани нь нягтлан бодох бүртгэлдээ бараа материал, үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж орлогод авсныг татварын улсын байцаагч акт тогтоохдоо "Б*******" ХК-ийн борлуулалтын орлого гэж акт тогтоосон нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого мөн үү биш үү гэдгийг тодорхойлоогүй, орлогын талаар зөрүүтэй ойлголттой байгаа бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэсэн заалтыг зөрчөөгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрээр "Эм " ХХК-аас олгосон нөхөн олговрын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого гэж тооцсон нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, борлуулалтын орлого нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого тодорхойлогдохгүй, хуульд нийцэхгүй байгаа бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 74.1 дэх заалтыг үндэслэн ногдуулсан 102,936,136.36 төгрөгийн нөхөн татвар, 21,296,171.80 төгрөгийн алданги, 30,880,840.91 төгрөгийн торгууль нийт 155, 113,149.07 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

4.6. Б******* ХК нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2019 онд 31,553.0 тн нүүрс 1,135,779,500.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулалт, 113,577,950.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 1,249,357,450.0 төгрөгийн борлуулалт хийж, борлуулалтын орлого Кт 1,135,779,500.0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар өр Кт 113,577,950.0 төгрөг, авлага Дт 1,249,357,450.0 төгрөг гэж нягтлан бодох бүртгэлд бүртгэсэн нь Даймонд программын журналын бичилт өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна. Гэтэл татварын улсын байцаагчид 2019 оны 10, 11, 12 дугаар сард нийт 19,042.4 тн нүүрсийг 691,653,200.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулалт, 69,165,320.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 760,818,520.0 төгрөгийн борлуулалт буюу авлага үүсгэж бичсэн нь программын журналын бичилтээс батлагдаж байхад татварын нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо падаан бичигдээгүй байна гэсэн үндэслэлээр акт тогтоосон нягтлан бодох бүртгэл болон татварын хуульд нийцэхгүй байна.

4.7. Учир нь У ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлгүй бөгөөд 2019 онд борлуулалтын падаан шивэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш газар нь эцсийн хэрэглэгчээр бүртгэгддэг байсан болно /2020 онд татварын багц хууль шинэчлэгдсэн хэрэгжиж эхэлснээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4 доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх" гэсэн заалтын дагуу татвар төлөгчөөр бүртгэлтэй иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй, бүртгэлгүйгээс үл хамаарч борлуулалт шивэхэд шууд шивэгддэг болсон.

4.8. Улаанбаатар төмөр зам нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 537,177,651.99 төгрөгийн авлагын эхний үлдэгдэлтэй байсан бөгөөд 1,289,578,342.0 төгрөгийн авлага үүсгэсэн бөгөөд 1,283,727,566.99 төгрөгийн авлагыг барагдуулж, 543,028,427.0 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаа нь авлага өглөгийн товчоогоор харагдаж байна.

4.9. Нөгөө талаас борлуулалтыг нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тулгаж шалгаагүй падаан бичээгүй гэж зөвхөн 2019 оны 10, 11, 12 дугаар сарын борлуулалтад акт тогтоосон нь үндэслэлгүй байх бөгөөд 2020 онд Уд падаан бичигдсэн нь ебаримт сайтаас нотлогдож байна. Иймд "У" хувь нийлүүлсэн нийгэмлэгт худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691,653,200.0 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх зөрчилд ногдуулсан 69,165,320.0 төгрөгийн нөхөн татвар, 20,749,596.0 төгрөгийн торгууль, 10,340,215.34 төгрөгийн алданги нийт 100,255,131.34 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

4.10. Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны тухайд 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын хий бичилт хийсэн "Эм " ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103,129,090.91 төгрөгийн шатахуун авсан гэх худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд Зөрчлийн тухай хуулийн 11.19.1, 11.19.4. 11. 19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 74.1 дэх заалтыг үндэслэн 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, 2,062,581.82 төгрөгийн алданги, 3,093,872.73 төгрөгийн торгууль нийт 15,469,363.64 төгрөгийн төлбөр ногдуулсан.

4.11. 2020 онд татварын албаны цахим системд 2017 оны "Эм " ХХК-аас хийсэн худалдан авалтын дүнг залруулахгүй бол нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээгдэхгүй төлөвт оруулж, татварын албанаас цахим хэлбэрээр шаардлага ирүүлсэн тул "Б*******" ХК нь 2020 оны 4 сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн 60 дугаар мөр худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүн 113,442,000.0 төгрөг, 61 дүгээр мөр хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвар 10,312,909.0 төгрөг дүн тайлагнаж, төсөвт төлөх татвараа нэмэгдүүлж татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлж ажилласан байтал татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актаар татвар, алданги, торгууль ногдуулсан нь 2 дахин татвар ногдуулсан байна.

4.12. Маргаан таслах зөвлөлөөс татварыг давхардуулан ногдуулсан байна гэсэн үндэслэлээр нөхөн татварыг хүчингүй болгож, алданги торгуулийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь "Б*******" ХК-ийн хувьцааны 75 хувийг төр эзэмшдэг төрийн өмчит компани тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө" гэж заасны дагуу 10 сая төгрөгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлаж худалдан авдаг бөгөөд 2017 онд нь "Эм " ХХК-аас энэ хуулийн дагуу шатахуун худалдаж авсан. Гэтэл Татварын албанаас борлуулалт хийсэн "Эм " ХХК-д хариуцлага тооцох биш худалдан авалт хийсэн манай компанийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. "Эм " ХХК нь Б******* ХК-д түлш шатахуун нийлүүлсэн бөгөөд тус компанийн борлуулалт байтал худалдан авалтын хасалт хийсэн манай компанийг буруутгаж хариуцлага ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

4.13. "Эм " ХХК нь борлуулалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүйгээс хий бичилттэй падаан байна гэсэн үндэслэлээр худалдан авалт хийсэн манай компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг буцааж засвар хийхийг татварын албанаас шаардсан бөгөөд "Б*******" ХК нь тайлангаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа татварын албаар баталгаажуулахын тулд нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа засвар хийсэн болно. Гэтэл "Б*******" ХК-ийн төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэж хариуцлагыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

4.14. Нөгөө талаас татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актдаа 2017 онд 103,129,090.91 төгрөгийн хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийсэн гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглэсэн нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар хариуцлага тооцож, хууль буруу хэрэглэжээ. Учир нь энэхүү зөрчил нь 2017 онд хамаарагдах бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 9-нд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталж 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан тул хууль буруу хэрэглэсэн шийдвэр гаргажээ.

Иймд Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д "Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 76.1.1.хууль дээдлэх; 76.1.3.татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 15,469.363.64 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

4.15. Татварыг хуулийн хугацаанд төлөөгүй тухайд 2017 онд 474,470,889.44 төгрөгийн 2018 онд 525,764,673.9 төгрөгийн, 2019 онд 527,576,804.70 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 2016 онд 3,629,376,763.80 төгрөгийн 2017 онд 9,273,369,147.0 төгрөгийн 2018 онд 13,944,754,054.61 төгрөгийн, 2019 онд 20,244,705,269.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн Албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 2016 онд 1,206,225,668.30 төгрөгийн 2017 онд 2,026,539,053.72 төгрөгийн, 2018 онд 3.266,753,524.62 төгрөгийн 2019 онд 4,595,368,083.85 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дах заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд Зөрчлийн тухай хуулийн 11.19.1. 11.19.4. 11.19.1.2. Татварын ерөнхий хуулийн 73.2.1. 74.1 дэх заалтыг үндэслэн 6,273,481,502:96 төгрөгийн алданги, 11,629,699,583.42 төгрөгийн торгууль нийт 17,903,181,086.38 төгрөгийн төлбөр ногдуулсан.

4.16. Татварын улсын байцаагч нь Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд нөхөн ногдуулалтын актаар хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2-т "Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно: 73.2.1. татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор" гэж заасныг үндэслэн алданги тооцох байтал 11,629,699,583.42 төгрөгийн торгууль ногдуулж, эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн алданги, торгууль ногдуулахдаа ямар хуулийн заалтаар торгууль, алданги ногдуулсан нь тогтоох хэсэгт дурдаагүй, нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.2. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн" гэж хариуцлага тооцсон боловч эдгээр хуулийн заалтаар торгууль, алданги тооцох хуульд заасан үндэслэл байхгүй байна.

4.17. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлээр алданги ногдуулах байтал торгууль, алданги ногдуулж эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэж Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 заалтыг зөрчсөн байна.

4.18. Шалгалтаар 2017-2019 онд 1,527,812,368.02 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль, нийт 400,360,369.71 төгрөгийн хариуцлага тооцсон. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 1,527,812,368.02 төгрөгийн татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэсэн нь зөрчлийн дүн бөгөөд 527,576,804.60 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа төсөвт төлөөгүй байхад 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль нийт 400,360,369,71 төгрөгийн хариуцлага буюу төлөөгүй татварын 46.9%-ийн алданги, 28.9%-ийн торгууль ногдуулж, төлөх үүргээ биелүүлээгүй, төлөх үүргээ биелүүлээгүй төлөө. 75.8%-ийн хариуцлага ногдуулсан.

4.19. Гэтэл Татварын ерөнхий хуулийн /2006 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна." гэж заасан бөгөөд энэ хязгаарлалтыг хэрэглээгүй байна. "Б*******" ХК-ийн төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг төрийн өмчит хувьцаат компани бөгөөд 43 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нүүрсний борлуулалтын үнийг Засгийн газраас тогтоож өгдөг бөгөөд нүүрсний үнийг өөрийн өртгөөс доогуур үнээр тогтоосон нь компани үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр дутагдаж, зээлийн хүү болон татвар төлөх төлбөрийн чадваргүй байдалд хүргэдэг, мөн "Б*******" ХК нь стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг буюу цахилгаан станцуудад нүүрсний нийлүүлэлт хийхгүй бол төвийн эрчим хүчний систем зогсох аюултай байдалд хүргэдэг юм.

4.20. Улсаас тус компанид нүүрсний үнийн зөрүүгийн татаас, санхүүжилт олгодоггүй болно. "Б*******" ХК-ийн 75 хувийг төр эзэмшдэг бөгөөд татвар төлж төсөв бүрдүүлэхэд оролцдог боловч татварын алба нь татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж акт тогтоосон нь эргээд төрд үүрүүлж байгаа дарамт юм. Өөрөөр хэлбэл төр нэг талаасаа аваад нөгөө халаас руугаа хийж байгаа үйлдэл юм. Hөгөө талаас Б******* дүүргийн Татварын хэлтэс болон Том татвар төлөгчийн газар нь татварын өрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д "мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага" гэсэн заалтын дагуу татварын өр төлөх мэдэгдэх хуудсыг тус компанид ирүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ", 62 дугаар зүйлийн 62.1-д Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна: 62.1.1.үл маргах журмаар гаргуулах: 62.1.2, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах; 62.1.3.шүүхэд нэхэмжлэл гаргах" гэсэн заалтын дагуу тус компанийн харилцах банкин дах дансыг хааж, барьцааны гэрээ байгуулан шүүхэд өгч манай үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарлаж, хуульд заасан арга хэмжээ авсан болно.

4.21. Гэтэл Татварын алба нь хяналт шалгалт хийхдээ шүүхэд шилжсэн, хуульд заасан арга хэмжээ авсан байхад дахин хяналт шалгалтын актаар ихээхэн хэмжээний торгууль, алданги ногдуулсан нь татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй, мөн эрхийг хязгаарлачхаад үүргээ биелүүлэхийг шаардсан нь эрх зүйн суурь зарчимд нийцэхгүй байна. "Б*******" ХК нь Эрчим хүчний сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн 158 дугаар тушаалаар батлагдсан "Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам"-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг болно.

4.22. Татварын хууль нь стратегийн салбарын бодит байдалд нийцдэггүй, зөрчилтэй, үнийг чөлөөлөхгүй улсаас тогтоодог боловч татаас, санхүүжилт олгодоггүй, түлшний нийт өсөлт, цар тахлын нөлөө зэрэг гадаад хүчин зүйлүүд компанийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна. Хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас компани эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, компанийн үйл ажиллагаа алдагдалтай, ашиггүй ажиллах хүнд нөхцөл байдал бий болж, татвар төлбөрийг төлөх боломжгүй байдал бий болдог бөгөөд улсаас зохицуулалттай нүүрсний салбарт татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж их хэмжээний торгууль, алданги ногдуулж байгаа нь татварын дарамт үүсгэж байна. Иймд татварыг хуулийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 6,273,481,502.96 төгрөгийн алданги, 11,629,699,583,42 төгрөгийн торгууль нийт 17,903,181,086.38 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Н.Х*******, Ц.А******* нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны илэрсэн зөрчил хэсгийн 1-д 2016 онд борлуулсан нүүрсний үнийн зөрүү (Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор нотлогдсон) 1,029,361,363.60 төгрөг, 2019 онд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691,653,200.00 төгрөг, нийт 1,721,014,563.63 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.1.1. "Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;" гэж заасныг зөрчсөн гэж үзэж нийт 1,721,014,563.63 төгрөгийн зөрчилд 172,101,456.36 төгрөгийн нөхөн татвар, 31,636,387.14 төгрөгийн алданги, 51,630,436.91 төгрөгийн торгууль, нийт 255,368,280.41 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон.

5.2. Энэ нь дараах үндэслэлтэй гэж хяналт шалгалтын баг үзсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тоот тогтоолд нүүрсний үнийн зөрүү болох 1,132,297,500.00 төгрөгийн хохирлыг Эм ХХК-ийн удирдлагуудаас хувь тэнцүүлэн гаргуулж "Б*******" ХК-д төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна. Эм ХХК нь дээрх төлбөрийг төлж барагдуулахдаа хөдлөх хөрөнгө буюу 13,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 25-02УНГ Т.Crown маркийн суудлын автомашин, 18,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 18-09 УНГ Т.Harier маркийн автомашин, 246,565,200.00 төгрөгийн үнийн дүнтэй Экскаватор /CLG925D/, 98,626,080.00 төгрөгийн үнийн дүнтэй Авто ачигч /ZL50CN/, 507,219,840.00 төгрөгийн үнийн дүнтэй Шигшүүр /ангилан ялгагч/ Keestrack Novum 17,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 66-28УНЦ улсын дугаартай T.Hiace маркийн ачааны автомашин, зэрэг нийт 900,411,120.00 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлж, 231,886,380.00 төгрөгийн үнийн дүнтэй ЭКГ 8и экскаваторын гуя /хос/ нийт 1,132,297,500.00 төгрөгийн эд хөрөнгө шилжүүлснийг Б******* ХК нь дээрх хөрөнгүүдийг үндсэн хөрөнгийн орлогод бүртгэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтын дагуу тус тайланд борлуулалтын орлогоор тайлагнаагүй байсан.

5.3. Б******* ХК нь "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2019 онд 1,135,779,500.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулалт хийж журналын бичилтээр өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна гэх гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

"Б*******" ХК нь 2019 онд "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-д нийт 31553 тн нүүрсийг 1,135,779,500.00 төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулсан нь борлуулалтын дэлгэрэнгүй тайлангийн 510000000000000000001 тоот дансанд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайланд тайлагнасан байна. Дээрх борлуулалтын орлогоос өртгийн албан татварын тайланд 444,126,300.00 төгрөгийг тайлагнаж, зөрүү 691,653,200.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй байгаа нь 2019 оны аж ахуй нэгжийн орлогын албан татвар тайлан болон нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогын зөрүүнээс харагдаж байна.

5.4. Дээрх орлогын зөрүүг тус компанийн ерөнхий нягтлан бодогч П.Ээгээс тодруулахад 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр цахим шуудангаар УБТЗ ХНН нь нэмэгдүүлсэн үнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд манай компанийн 2019 оны 10, 11, 12 сард худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691,653,200.00 төгрөгийн борлуулалтын тооцоог хүлээн зөвшөөрөхгүй, борлуулсан нүүрсний тооцоог нийлж чадахгүй байгаа тул Б******* ХК нь борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 691.6 сая төгрөгийн борлуулалт дутуу тайлагнасан гэх тайлбар ирүүлсэн зэргээс нотлогдож байсан тул борлуулсан нүүрсний орлого болох 691,653,200.00 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй байсанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж хариуцлага тооцсон болно

5.5. Хоёрдугаарт: Нөхөн ногдуулалтын актын "татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны илэрсэн зөрчил" хэсгийн 2, 3, 4-д тайлангаар ногдуулсан албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. "Албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д "Албан татвар суутган төлөгч нь тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.", Нэмэгдсэн өртгийн албан борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана. 16.1.1 тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө; Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20- ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана", "Татварын ерөнхий хууль / шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дах хэсгийг буцаан хэрэглэж тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.". Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж заасныг тус тус үндэслэн хариуцлага тооцсон.

5.6. Цагдаагийн ерөнхий газрын ЭЗГХТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1143/6734 тоот албан бичгийн хавсралтад дурдагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад Б******* ХК-д борлуулалт хийсэн гэх "Э*******" ххк байсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй талаар хэрэг бүртгэлийн 200200545 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгаж байсан. Б******* ХК нь дээрх компаниас 2017 оны 12 сарын 11-ний өдөр дээрх компаниас 61 тн 300 литр дизелийн түлш худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан ба 2019 оны 12 сарын 31-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт залруулж тайлагнаагүй байсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.А*******, Н.Х******* нар Б******* ХК-ийн 2016-2019 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 61,539,044,588.16 төгрөгийн дүн бүхий 5 төрлийн зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нийт 18,174,018,730.43 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор 103,129,090.91 төгрөгийн зөрчилд ногдуулсан 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, мөн бусад зөрчилд ногдох 6,949,288,173.23 төгрөгийн торгууль, 393,833,581.02 төгрөгийн алданги нийт 7,353,434,663.34 төгрөгийн төлбөрийг хасч, 61,435,915,494.25 төгрөгийн зөрчилд холбогдох 10,820,584,067.09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тус актад өөрчлөлт оруулжээ.

3.  Нэхэмжлэгч Б******* ХК-аас нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд зөрчил тус бүрээр дүгнэвэл:

4. Б******* ХК нь 1,721,014,563.63 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн тухайд,

5. Нэг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор ...Эм ХХК-ийн Б******* ХК-аас худалдан авсан 150973 тонн нүүрсний 1 тонноос үүсэх 7500 төгрөгийн үнийн зөрүү 1,132,297,500 төгрөгийг хохиролд тооцож, шүүгдэгч Н.Г, Н.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Б******* ХК-д олгох...-оор шийдвэрлэсэн.

6. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Эм ХХК-аас 1,029,361,363.60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б******* ХК-д шилжүүлснийг үндсэн эд хөрөнгөд бүртгэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй.

7. Харин шүүхийн шийдвэрийн дагуу Б******* ХК-д шилжсэн 1,029,361,363.60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчээс ...шүүхийн шийдвэрийн дагуу авсан нөхөн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого биш... гэж маргажээ.

8. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолд Б******* ХК-аас худалдан авсан 150973 тонн нүүрсний 1 тонноос үүсэх 7500 төгрөгийн үнийн зөрүү 1,132,297,500 төгрөгийг хохиролд тооцон Б******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл Б******* ХК-ийн олох ёстой байсан нүүрсний борлуулалтын орлогыг буцаан олгосон байна.

9. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:,  7.1.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж зааснаар нэхэмжлэгч Б******* ХК нь нүүрсний борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй.

10. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1.-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй., 11.3.-д Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:, 11.3.3.-д борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс;, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б******* ХК нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр борлуулалтын орлогод шилжүүлэн авсан эд хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тайлагнах ёстой, тус хугацаанаас тооцоход 5 жилийн дотор нөхөн татвар ногдуулж торгууль, алданги тооцсон нь дээрх хуульд заасан хугацаанд багтаж байх тул төлбөр ногдуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

11. Хоёр. Нэхэмжлэгч Б******* ХК нь 2019 оны 10, 11, 12 дугаар саруудад Улаанбаатар төмөр зам ХНН-т борлуулсан нүүрсний боруулалтын 691,653,200 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох зүйлийн талаар хэргийн оролцогчид маргаангүй.

12. Нэхэмжлэгчээс ...Улаанбаатар төмөр зам ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлгүй, эцсийн хэрэглэгч гэж үзэх тул нүүрсний боруулалтын 691,653,200 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёсгүй... гэсэн агуулгаар маргасан.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хэнд борлуулсан эсэхээс үл хамаарч Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнах ёстой, Улаанбаатар төмөр зам ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэх нь татвар ногдуулах зүйлийг өөрчлөхгүй тул энэ үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргах үндэслэлгүй.

14. Иймд татварын улсын байцаагчийн тус орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзсэн нь зөв байна.

15. Хуульд заасан хугацаанд татвар төлөөгүй зөрчлийн тухайд, маргаан бүхий актаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 2017-2019 оны 1,527,812,368.02 төгрөгийн зөрчилд 152,781,236.80 төгрөгийн торгууль, 247,579,132.91 төгрөгийн алданги, нийт 400,360,369.71 төгрөгийн төлбөрийг,

Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 2016-2019 оны 47,092,205,235.11 төгрөгийн зөрчилд 10,367,429,713.53 төгрөгийн торгууль, 5,043,052,585.95 төгрөгийн алданги, нийт 15,410,482,299.48 төгрөгийн төлбөрийг,

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй 2016-2019 оны 11,094,883,330.49 төгрөгийн зөрчилд 1,109,488,633.09 төгрөгийн торгууль, 982,849,784.10 төгрөгийн алданги, нийт 2,092,338,417.19 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулсан, нэхэмжлэгчээс зөрчлийн дүн, тооцооллын талаар маргаангүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглээгүй гэж маргасан.

16. Хариуцагч нараас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. гэж, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1-д "Татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хуулийн этгээдийг хугацаа ... хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж тус тус заасны дагуу алданги, торгууль ногдуулсан гэж тайлбарласан, энэ талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай тогтоолд дэлгэрэнгүй тусгаж, торгууль, алдангийн хэмжээг илүү тооцсон 6,949,288,173.23 төгрөгийн торгууль, 393,833,581.02 төгрөгийн алданги нийт 7,353,434,663.34 төгрөгийн төлбөрийг нийт төлбөрөөс хассан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчээс энэ талаар тухайлан маргаагүй.

17. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасан нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн зөрчилд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд татвар төлөгчийн эрх зүйн байдал дордохоор бол өмнө үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гэж ойлгогдохоор байна.

18. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1.-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар;, 84 дүгээр зүйлийн 84.1.-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:, 84.1.3.-д нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй гэж зааснаар торгууль, алдангийн хэмжээ нь зөрчил үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19-д зааснаас хөнгөрөөгүй байх тул нэхэмжлэгчийн ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглээгүй ... гэх тайлбар үндэслэлгүй.

19. Харин маргаан бүхий актын тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн хэмээн алданги, торгуулийг аль хэм хэмжээнд үндэслэн тооцсон нь ойлгомжгүй байх боловч тайлбар хэсэгт дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг тэмдэглэсэн байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй.

20. Хий бичилттэй падаан ашигласан зөрчлийн тухайд, маргаан бүхий актаар хий бичилттэй падаан ашиглаж, татвар ногдох орлогыг бууруулсан гэх үндэслэлээр 15,469,363.64 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитоор хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон гэж, хариуцагчаас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийгээгүй болох нь эрүүгийн журмаар тогтоогдсон гэж тус тус маргаж байна.

21. Татвар төлөгч Б******* ХХК нь 103,129,090.91 төгрөгийн дүн бүхий хий бичилт-тэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, татвар ногдуулах орлогыг бууруулах зөрчил үйлдсэн нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6734 дугаартай албан бичгээр Эм ХХК нь хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй гэснийг болон Б******* ХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан-д тусгасан байдлаар тухайн сарын худалдан авалт, үүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, тухайн сард хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн зэргээр уг зөрчлийг нотолсон гэж татварын улсын байцаагч нараас үзжээ.

22. Гэтэл, уг тайланд тусгасан 103,129,090.91 төгрөгийн худалдан авалт, уг худалдан авалтаар төлж, улмаар хасагдах татвараар тодорхойлсон 10,312,909,9 төгрөгт холбогдох баримтыг шалгаагүй, өөрөөр хэлбэл татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэдэг нь уг тайлангаар нотлогдохгүй, Эм ХХК нь хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй нь шүүхийн журмаар тогтоогдоогүй байхад татварын улсын байцаагч нар нь татварын зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

23. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий актын тус хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй үзлээ.

24. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актын Б******* ХК-аар төлүүлэхээр тогтоосон нийт төлбөрөөс хий бичилттэй падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, 3,093,872.73 төгрөгийн торгууль, 2,062,581.82 төгрөгийн алданги нийт 15,469,363.64 төгрөгийн төлбөрийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ