Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/00774/и |
Дугаар | 001/ХТ2016/00774 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/00774
Г.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02044 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дүгээр магадлалтай,
Г.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй,
“МДТОФ” ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5.593.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогт, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнгийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний эгч Г.Энхтүвшин нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан цогцолборын 119 дүгээр байрны А байр, 1 дүгээр орцны 14 давхрын 257 тоотын 27 м.кв 1 өрөө орон сууцыг “МДТОФ” ХХК-тай 21-01 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан. Гэвч тухай байранд гарсан оршин суугчдын гомдлын дагуу өөрийн орон сууцны талбай хэмжилтийг “Гега гранд” ХХК-иар хийлгэхэд үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан 27 м.кв биш 22.59 м.кв байсан ба тухайн нэг өрөөнөөс 4.41 м.кв дутуу байна. Иймд “МДТОФ” ХХК-иас байрны дутуу шилжүүлсэн квадратын үнэ 5 553 333 төгрөгийг хэмжилт хийлгэсэн компанийн ажлын хөлс 40 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтын гаргасан хариу тайлбарт: “Иргэн Г.Энхтүвшинтэй орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Гэрээний 6.3-т орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно гэж заасан. Бид анх гэрээ байгуулахдаа орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно гэж гэрээндээ тусгаж байгуулсан. Үүнийг нь мэдсээр байж одоо ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээнд тусгагдсан 27 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн яриад байгаа стандарт нь хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02044 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “МДТОФ” ХХК-д холбогдох 5 593 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02044 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 …” гэснийг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4” гэж, “… нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнгийн …” гэснийг “нэхэмжлэгч Г.Энхтүвшингийн” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дүгээр магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч буюу худалдан авагч эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх дүгнэж, давж заалдах шатны шүүх анхаараагүй нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлыг мэдээгүй байсан. Учир нь нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжээ дутуу байгааг мэдээгүй ба бусад оршин суугч нар ярьж эхлэх үед “Гега гранд” ХХК-иар талбайн хэмжээг хэмжүүлсний дараа /хх-ийн 14-р тал/ буюу 2015 оны 02 дугаар сард мэдсэн ба тухайн сардаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягаа өөрчилсөн гэх мэт шалтгаар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүссэнээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Нэхэмжлэгч Г.Энхтүвшин эд хөрөнгийн доголдлыг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Учир нь нэхэмжлэгч Г.Энхтүвшинтэй хариуцагч “МДТОФ" ХХК-ийн байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 6.3 дахь заалтанд “Орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно” гэсэн нь орон сууцны талбайн хэмжээг ердийн буюу байвал зохих хэмжээнээс багаар тооцсон гэсэн утгыг илэрхийлээгүй болох нь ойлгогдож байна. /хх-ийн 11-р тал/. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний тухайн заалт нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ММ56058:2009 стандартыг зөрчсөн болох нь энэ хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтээр тогтоогдсон ба анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхээс тус компанийн бусдад орон сууц нийлүүлсэн мөн адил гэрээний тухайн 6.3 дахь заалт нь “МДТОФ” ХХК Монгол Улсын заавал мөрдөх стандартыг баримтлаагүйг тогтоосон, хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02044 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Г.Энхтүвшин нь хариуцагч “МДТОФ” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөрт 5 593 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалан бариулах нэртэй гэрээг байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч “МДТОФ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан цогцолбор хороолол, 119А дугаар байрны 257 тоотод байрлах, 27 м.кв, 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Г.Энхтүвшин нь 34 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 8-11 дүгээр тал/
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй орон сууцны барилга 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад орсон болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан цогцолбор хороолол, 119А дугаар байрны 257 тоотод байрлах орон сууцны талбайн хэмжээ 22.59 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй буюу хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгээ баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авснаар тэрээр шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2., 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар нэхэмжлэгч орон сууцны талбайн зөрүү 4.41 м.кв талбайн үнийг шаардах эрхтэй талаар дүгнэлт хийж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Энхтүвшингээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн атлаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага гэж хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх илрүүлж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 104.000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН