Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 551

 

С.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч С.Ж, хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар магадлалтай, С.П-д холбогдох 1731000820007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт С-ийн П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Б.Ганболд нар хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны  шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ”  гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг хянах үүрэгтэй байхад энэ үүргээ зөрчиж, хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж С.П-г гэм буруутай гэж шууд дүгнэлт хийж хууль зөрчсөн. Давж заалдах шатны шүүх С.П-г Цэргийн ангийн нууцын архивт гэрчилгээ хадгалагдаж байсан гэдгийг  мэдэж байсан гэж дүгнэж гэм буруутайд урьдчилан тооцсон дүгнэлт хийсэн нь “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. С.П байрны гэрчилгээг Цэргийн ангийн архивт хадгалагдаж байсныг мэдээгүй, нууцын архивт байсан материалыг мэдэх боломжгүй билээ. 2001 онд тэр байрыг П.Б худалдан авч өөрийнхөө өмч болгосон бөгөөд уг байр одоогоор Цэргийн ангийн өмчлөлд байхгүй болно. Иймээс уг байрны өмчлөлтэй холбоотой маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, С.П-г цагаатгаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар С.П гэмт хэрэг үйлдээгүй болох нь хангалттай тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүх ямар баримтыг онцгой ач холбогдолтой баримт гэж үзсэн үндэслэлээ заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа “2001 оноос эхлэн уг байрны өмчлөгч нь С.П болон түүний нөхөр Базаррагчаа нар болох нь тогтоогдсон байтал цэргийн ангийн өмчлөлд байсан мэтээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гарсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх хэлсэн саналдаа “Шүүгдэгч С.П нь байрны гэрчилгээ алга болсон мэтээр сонинд зарж өгч, шинээр гэрчилгээ авахдаа нөхөр Базаррагчаагийн нэр дээр авсан байдаг. Цэргийн анги болон С.П нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл муутай дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.П нь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг өөрийн нөхрийн нэр дээр бүртгэгдсэн гэж Ж.Уранчимэг гэгчийг төөрөгдөлд оруулан залилсан, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлджээ. Энэ гэмт хэргийн хохирогчоор Ж.Уранчимэгийг тогтоох ёстой байтал прокурор хэргийг буруу зүйлчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг зөв явуулаагүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.П-г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоотод байрлах 28.95 м2 талбайтай орон сууцыг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч гэдгийг мэдсээр байж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.У-т худалдан борлуулж, хилийн цэргийн 0101 дүгээр ангид 48,890,164 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Шүүгдэгч С.П нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоотод байрлах 28.95 м2 талбайтай орон сууцны гэрчилгээ нь нөхөр П.Б болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр байдаг боловч Хилийн цэргийн 0101 дүгээр ангитай өмчлөлийн асуудлаар маргаантай талаар хохирогч Ж.У-т үнэн зөвөөр нь танилцуулж байсан, Хилийн  цэргийн 0101 дүгээр анги байрны үнийн дүнгийн тодорхой хэсгийг төлсөн тохиолдолд өмчлөлөөс татгалзаж буцаан өгөхөд бэлэн байгаа талаар удаа дараа удирдлагатай уулзаж мэдэгдэж байсан зэргээс үзэхэд хохирогчоор тогтоогдсон Ж.У, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн аль нэгийг эсвэл аль алиныг нь төөрөгдүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймээс С.П-гийн үйлдэлд залилах гэмт хэргийн дээрх шинжүүд тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх тухай цагаатгагдсан этгээд болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх С.П, П.Базаррагчаа, Б.Хандсүрэн нарыг уг байрны өмчлөгч мөн гэж үзэж цагаатгах үндэслэлээ тодорхойлсон нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаараас хальсан дүгнэлт гэж үзнэ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоот 28.95 м2 талбайтай орон сууцын өмчлөх эрхийн талаар С.П болон Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь хоорондоо маргаантай байх бөгөөд энэ талаар маргалдагч талууд болон хохирогч Ж.У мэдээлэлтэй байсан тул уг орон сууцыг зарж борлуулсан гэх энэ тогтоолоор хэрэгсэхгүй болж буй эрүүгийн хэрэгт хэрэгт хамааралгүй, тусдаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хэлэлцэж шийдвэрлэвэл зохих хэрэг, маргаан атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг давж өмчлөх эрхийн маргааныг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхдээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоот 28.95 м2 талбайтай орон сууцын өмчлөлийг тогтоосон дүгнэлтийг зөвтгөн хасч, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН