Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2017/0131

 

          

 

 

 

 

 

 

“Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат, гуравдагч этгээд “Тамэд-Эрдэнэ” ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.3, 60 дугаар зүйлийн 60.2, Тариалангийн тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргахаас татгалзсан, дээд шатны Засаг дарга Д.Эрдэнэбат өмнө өгсөн үүргийнхээ биелэлтийг хангуулах боломжгүй шүүхэд ханд гэж албан ёсоор мэдэгдсэн тул манай компани 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот нэхэмжлэлээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэгт холбогдох материалуудыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгсөн. Ийм учраас биднийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл байхгүй. Шүүх бидний нэхэмжлэлийн дагуу газар дээр нь ажиллах комисс байгуулан үзлэг хийж фото зургаар баталгаажуулж, шинжээч томилж, талбайд хэмжилт хийж, манай компанийн кадастрын зураг болон талбайд давхардсан аж ахуйн нэгж, иргэдийн кадастрын зураглал захирамжийг хавсаргаж өгсөн. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 тоот шийдвэр нь хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг бүхэлд нь зөв харьцуулан үнэлж чадаагүй, шүүх хуралдаанд оролцсон хариуцагч болон гэрчүүд, гуравдагч этгээдүүд холбогдох асуудлаа мэдэхгүй байсан, шүүгчийн асуултанд хариулж чадахгүй буюу үндэслэлгүй хариулт тайлбар өгснийг харгалзан үзэлгүй, нэг талыг барьсан, орон нутгийн хандлага гаргасан үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Манай компани эзэмшихээр авсан газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Манай компани Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 тоот захирамжаар 3 хэсэг нийт 471,6 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмших эрх авч мөн газар дээрээ тухайн өдөр буюу 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0208158, 0258159, 0258160 тоот гэрчилгээ авч, кадастрын зураглал хийлгэж авснаар газар эзэмших эрх үүссэн байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа бол 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс сумын газрын даамал Ж.Ганбат зохих шалгалт хийж, газар эзэмшигчийн газрыг ашиглах талаар явуулсан үйл ажиллагаа, зарцуулсан хөрөнгө, цаашид газар ашиглах төлөвлөгөө, боломж зэргийг судлах, эсхүл хугацаа дуусахаас өмнө танай газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдэж хугацаа дуусаж байгааг мэдэгдэх сануулах, хэрвээ газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бол албан ёсоор албан тоотоор мэдэгдэх ёстой. Ийм зүйл болоогүй Бугат сумын Засаг дарга Б.Бадарч, газрын даамал Ж.Ганбат нар хулгайгаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг шүүх зөвтгөж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах биш, албан тушаалтны талд шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Нөгөө талаар Газрын тухай хуулийн дээр дурдсан 40.1.6-д заасан хугацааг тоолох нийтлэг зохицуулалтаар 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох байтал 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 жил болсон гэж үзэж А/109 дүгээр захирамж гаргасныг зөвтгөснөөрөө хуулийг дур зоргоороо хэрэглэж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримт болон Булган аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/556 тоот албан бичгээр манай компани 2011 онд 182192 төгрөг, 2012 онд 182192 төгрөгийн газрын төлбөр төлсөн нь тодорхой бөгөөд төлбөр төлсөн баримт нь байхад эдгээрийг харьцуулан үзэж магадлахгүйгээр, хариуцагч талын лавлагаагаар асуудлыг шийдсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Харин 2013-2015 онд газрын төлбөрөө төлөх гэхээр газрын даамал Ж.Ганбат нь А/109 тоот захирамж хүчингүй болоогүй тул танай компаниас газрын төлбөр авч болохгүй гэж төлбөр авахаас татгалзаж байсныг бид тайлбарласан нь хэрэгт байгаа болно. Манай компанийн шаардлагаар хариуцагч зөвшөөрснөөр Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот шүүгчийн захирамжаар манай компанид олгогдсон 100 га газрыг Бугат сум талд байгаа 262439 кодтой 100 га /93 га/ тариалангийн талбайд зааж өгч, кадастрын зураглалд оруулан газрын мэдээллийн болон бүртгэлд оруулахаар болсон 100 га газрын хувьд эсрэг утгатай 2 өөр шүүхийн шийдвэр гарч байгаагийн учрыг ойлгохгүй байна. Үүнээс гадна манай компани өөрийн эзэмшлийн нэгж талбарын 184114396066445 дугаартай 148.8 га газрынхаа 100 га-д нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2014 оны тариалалтад дизель түлш олгох зээлийн ТШ-2014/75 дугаартай 5.400.000 төгрөгийн үнийн дүнтэй 2014 оны тариалалтад шаардагдах үрийн будааг зээлээр олгох Үр-2014/21 дугаартай 12.240.000 төгрөгийн зээлийн гэрээгээр нийт 17.640.000 төгрөгийн зээл авч уринш хийж, хөрөнгө оруулалт хийснийг үл харгалзан үзэж, хөрөнгө оруулалт хийгээгүй гэж үзсэн. 2004 оны Тариалангийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлээс үзэхэд энэ хууль нь Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх харилцааг биш нэгэнт өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн эргэлтэд орсон газрыг зүй зохистой ашиглах харилцааг зохицуулж байх тул А/109 тоот захирамж гарах үед эзэмших эрх үүсээд 2 жилийн хугацаагүй болоогүй газарт энэ хуулийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл бий болохооргүй байна. Иймд шийдвэрт хууль хэрэглээний болон шийдлийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үнэхээр иргэдийн эрх ашиг байгаа тохиолдолд манай компани нийгмийн хариуцлагын үүднээс газар эзэмших эрх нь давхардсан Ж.Ганзориг, М.Гочоодорж, Д.Сайнхүү, Ц.Наранбаатар, Б.Баянбулаг нарт газрыг нь буцаан өгөх асуудлыг тохиролцох боломжтой болно.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал бий болоогүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх, уг зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэхэмжлэгч шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодорхойлж чадаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал,

Маргаан бүхий Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар “Ачлалт сэлэнгэ” ХХК-ийн 472 га газар эзэмших эрхийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг газраас Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар “Сэцэд” ХХК-д 80 га, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар “Та-мэд эрдэнэ” ХХК-д 223 га, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Г.Баярмаад 20 га, Д.Одхүүд 40 га, С.Лхагвасүрэнд 40 га, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/48 дугаар захирамжаар Ж.Ганзоригт 5 га, Ц.Наранбаатарт 5 га, М.Гочоодоржид 5 га, Д.Баянбулагт 5 га тариалангийн газрыг  тус тус эзэмшүүлсэн үйл баримт нотлогджээ.

Ийнхүү “Ачлалт сэлэнгэ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Бугат сумын Засаг даргын захирамжаас хойш тухайн газрыг өөр бусад этгээдүүдэд хуваан эзэмшүүлсэн, уг захирамжууд хүчин төгөлдөр байх атал Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн яаж сэргээгдэх эсэх нь тодорхойгүй, дээрх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмших эрх олгосон захиргааны акттай маргаагүй байхад энэ талаар баримтууд цуглуулж тэдгээр иргэд, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн эзэмшиж байсан 471 га газартай давхцалтай эсэхийг тодруулах ажиллагаа хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ.

Зүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “шүүх нотлох зарчим” буюу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлснээр нэхэмжлэгчийн шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой болох учиртай бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж хэргийг шийдвэрлэснээр захиргааны хэргийн шүүхийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үндсэн чиг үүрэг, зорилготой нийцнэ.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар дүгнэлт хийсэн атлаа “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй бөгөөд хавтаст хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар нотлох баримт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар “Ачлалт сэлэнгэ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар гомдол гаргасны дагуу Булган аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 дугаар албан бичгээр Бугат сумын Засаг даргад А/109 дүгээр захирамжаа хүчингүй болгохыг мэдэгдсэн, уг албан бичгийн дагуу А/109 дүгээр захирамжаа хүчингүй болсонд тооцсон талаар хариуцагч хариу тайлбартаа дурьдсан, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тухайн үед  “Ачлалт сэлэнгэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ганхуяг, Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Бадарч нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... уулзалт хийж анх олгосон газраас малчид тэжээл тариалах газаргүй болчихлоо гэхээр нь зөвшөөрч аман гэрээ байгуулсан, 250 га газар ашиглахаар тохирсон” гэж тайлбарласан байхад энэ талаар нотлох баримт цуглуулж, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаж дүгнэлт өгөх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар Булган аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 дугаар албан бичгээр мэдэгдсэнээс хойш Бугат сумын Засаг дарга А/109 дүгээр захирамжаа хүчингүй болсонд тооцсон эсэх, хэргийн оролцогчдын тухайд өөр тохиролцоо хийгдсэн эсэх, сумын Засаг дарга дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргах боломжтой байсан эсэх, хариуцагч талаас нэхэмжлэгчийг хүлээлтийн байдалд оруулж итгэл найдвар төрүүлснээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэр нь хэрэгт бүрдүүлсэн баримтыг харьцуулан зөв дүгнэж чадаагүй, шүүх хуралдаанд оролцсон хариуцагч болон гэрчүүд, гуравдагч этгээдүүд холбогдох асуудлаа мэдэхгүй байсан, үндэслэлгүй хариулт, тайлбар өгснийг харгалзан үзээгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                              

                                 ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                  Э.ХАЛИУНБАЯР   

                                     ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН