| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0139/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Шүүгдэгч: Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514001040166 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ захын баруун талын Шөнийн захын замын эсрэг талд мал гаралтай түүхий эд авдаг газрын ойролцоогоос иргэн *******ын эзэмшлийн Самсунг Галакси А05 эс загварын гар утсыг олж өөрийн *******, ******* дугааруудыг хийж, гар утсыг дахин ачаалж, өөрийн хүүхдэд өгч ашигласан буюу гээгдэл хөрөнгийг олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын Номгон 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захын шөнийн захын ойролцоо, түүхий эдийн хашаан дотор эгчтэйгээ алхаж байгаад нэг гар утсыг газраас олсон юм. Дээрх олсон гар утсаа *******, ******* дугааруудыг хийж ашигласан. Мөн гар утасны программыг форматалсан юм. Гээгдэл гар утсыг ашигласан нь миний буруу болсон. Мөн гээгдэл эд зүйлийг олоод хэрхэхийг мэдэхгүй болохоороо ашигласан. Цаашид гээгдэл эд хөрөнгийг олсон тохиолдолд хэрхэх талаар ойр дотнын хүмүүстээ анхааруулж хэлж ярина. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг өнгөрч байх үед эхнэртэйгээ Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ захын баруун талын Шөнийн захын замын эсрэг талд мал гаралтай түүхий эд авдаг газар ирээд машинаасаа 2 борлонгийн арьс авч тушаасан. Тэр үед би гар утсаа жолоочийн эсрэг талын суудал дээрээ тавьчхаад буусан шиг санагдаж байгаа юм. Эхнэр буухдаа хаалгаа онгорхой орхисон гэсэн. Борлонгийн арьсаа өгчхөөд буцаад машиндаа суух гэтэл гар утас байхгүй байхаар нь хаалганыхаа орчмоор газар нэг харчхаад суудлын аль нэг талаар уначихсан байх гэж бодоод эхнэрийгээ явж байхдаа хайгаад олчих гээд хөдлөөд явсан. Тэндээсээ түйн голын гүүр хүртэл яваад олдохгүй байхаар нь буцаад иртэл байсан түүнээс хойш орой харанхуй болтол дуудаад холбогдохгүй болсон.....гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн үеийн сар өдрийг сайн санахгүй байна. Ч.******* бид хоёр Шөнийн захаас ертөнцийн зүгээр урд талд түүхий эд авдаг контейнерын урд байх хоосон зайнд машинаа байрлуулчхаад Чансаа гэх дэлгүүр лүү алхсан. Бид хоёр тухайн контейнерын зүүн талаар хойш явж байхад ******* энд нэг утас байна гээд газраас авч харагдсан. Тухайн утсыг түүнээс хойш хэн ашигласан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
5. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн:.... “Самсунг Галакси А05 эс” загварын гар утас 339.000 төгрөг,
Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 339.000 /Гурван зуун гучин есөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ болон эд зүйл баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Есөн-Эрдэнэ” захын баруун талын Шөнийн захын замын эсрэг талд мал гаралтай түүхий эд авдаг газрын ойролцоогоос иргэн *******ын эзэмшлийн “Самсунг Галакси А05 эс” загварын гар утсыг олж өөрийн *******, ******* дугааруудыг хийж, гар утсыг дахин ачаалж, өөрийн хүүхдэд өгч ашигласан буюу гээгдэл хөрөнгийг олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон нь хохирогч *******ын мэдүүлэг үнэлгээний шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.******* нь бусдын гээсэн гар утсыг олсон бөгөөд уг гар утас бусдын өмч гэдгийг мэдсээр байж зохих хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй шунахай сэдэлтээр уг гар утсыг өөрийн өмчлөл, эзэмшилд авч ашигласан байгаа нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.*******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь гар утсаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ч.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас хохирогчид гар утсыг буцаан өгсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн учир түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г дөрвөн / 04 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн / 04 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ