Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/00039

 

 

 

 

 

 

 

 

2022 12 22 101/ШШ2023/00039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-Уул 1ж гудамж-10 тоот хаягт оршин суух Д-ын Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж-5, өөрийн байранд байрлах, Ус Сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Д.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн, гэрч Ц.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Миний бие анх 1997 оны 10 сарын 01-ны өдөр Улаанбаатар ус сувгийн удирдах газар машинч мэргэжлээр ажилд орсоноос хойш тус байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан. Эрхэл байгаа ажилдаа сэтгэлээсээ хандаж ажиллаж байсны зэрэгцээ нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан, ажил мэргэжлийн аврага зэрэг шагнал урамшуулал авч байсан. Ингээд 2019 оны 4 сарын 08-ны өдөр миний албан тушаалыг дээшлүүлж Ус хангамжийн албан дээд эх үүсвэрийн станцын инженер албан тушаалд томилсон бөгөөд ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байсан.

Манай байгууллага дээр 805 дугаар анги харуул хамгаалалтаар гардаг. Намайг ажиллаж байх хугацаанд 1 дүгээр өргөгчөөс гарсан насосыг хаагаад цэвэр усны шугам хагарсан, бохирын шугам хагарсан. Хаалтыг нь шалгах гэхээр 805-ийн харуул нь оруулдаггүй. Машиныг тавиулахгүй, бүр дор тавиад бид дээшээ алхаж очдог зэрэг асуудал гараад байдаг болохоор нь Бөмбөг дэлбэрлээ аюул гэсэн бичиг бичээд хаячихвал харуулууд нь олохийг нь үзмээр санагдаад энэ бичгийг бичээд ажилтан Ц.Өлзийсайханд тавьчих гээд өгсөн. Тэгээд олохгүй байхаар нь Ц.Өлзийсайханыг ийм бичиг оллоо гээд аваад оч гэж хэлсэн.

Ингээд бөөн юм болж баахан газруудаас хүмүүс ирсэн байсан. Энэ үед нь би бичгийг тавьсан гэдгээ дарга нартаа хэлсэн.

Миний асуудлыг шалгаад прокурорын тогтоолоор гэм хэргийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.

Нөгөөтэйгүүр даргын тушаалын үндэслэлд дурдагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дах заалтыг тусгасан байдаг бөгөөд энэ заалт нь ажлаас чөлөөлөх хууль зүйн үр дагаваргүй заалт юм.

Миний гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эрх бүхий байгууллагаас ноцтой зөрчил гэж дүгнэн шийдвэрлэсэн ямар ч дүгнэлт байхгүй юм.

Иймд намайг Улаанбаатар хотын ус сувгын удирдах газарын Ус хангамжийн албаны дээд эрх үүсвэрийн Станцын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулалыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******нь Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн станцын инженер буюу тухайн станцын үйл ажиллагааг хариуцах бусад ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй байсан.

Гэтэл тэрээр хувийн сэтгэл хөдлөлд автан хөдөлмөрийн гэрээ албан тушаалын тодорхойлолтод тусгаагүй үйл ажиллагааг явуулж, Ус сувгийн удирдах газар улсын онцгой объект болох Дээд эх үүсвэрийн станцын үйл ажиллагаа, түүний хамгаалалтыг хариуцдаг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ажилтнуудын тавьсан доор машинаа тавьж зөвшөөрлийн дагуу нэвтрэн орох ёстой хууль журамд заасан шаардлагыг эсэргүүцэж Бөмбөг дэлбэрлээ гэх агуулга бүхий бичиг бичиж, өөрийн удирдлага дор ажилладаг хүнээр тавиулсан үйлдэл гаргасан.

Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.10, 2.2.14 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2б заалтуудыг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ...хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2022 оны 2 сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалаар цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн 2022 оны 2 сарын 28-ны өдөр Ус сувгийн удирдах газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд комиссоор гомдлыг авч хэлэлцээд 2022 оны 2 сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн.

Д.Жаргалсайханы энэ ноцтой үйлдлээс болж Дээд эх үүсвэрийн ажлын байранд Тагнуул, цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж ажилласан ба тухайн үед ээлжинд гарч байсан ажилтнуудыг байцаалт өгүүлэхээр удаа дараа авч явсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ундны ус аюулд орж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж бусад бүх эх үүсвэрийн цэг салбараар хяналт шалгалт хийх үүрэг чиглэл өгч ажилчид ажилласан.

Энэ үйлдлээс болж Улаанбаатар хотын ундны дээд эх үүсвэрийг аюулд өртсөн гэж үзэж төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас хамглаалалтанд авсан, Дээд эх үүсвэрийн бусад ажилтнууд ажлаа хэвийн хийх боломжгүй болж зарим ажилтныг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Бусад ундын усны эх үүсвэр болох Төв, Үйлдвэр, Яармаг, Нисэх, Гачуурт болон бусад усан сангуудад байгууллагаас хяналт шалгалт хийхээр болж ажилчид илүү цагаад шөнийн цагт ажилласан, мөн гэнэтийн шалгалт хийсэнтэй холбоотойгоор тухайн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд яаралтай нэвтрэх болсон зэргээр тухай өдөр байгуллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

Байгууллагаас гарсан 2022 оны 02 сарын 01-ний өдрийн Б/82 дугаартай тушаал үндэслэл бүхий гарсан, хуульд нийцсэн эрх зүйн акт тул нэхэмжлэлийг хэрэгсхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд

Нэхэмжлэгчээс Д.Жаргалсайханы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2022 оны 2 сарын 11-ний өдрийн 38 дугаартай Прокурорын тогтоол, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 2 сарын 01-ний өдрийн Д.Жаргалсайханы хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах, ажил хүлээлцэх тухай Б/82 дугаартай тушаал, 2019 оны 4 сарын 08-ны өдрийн №2019/357 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Мэргэшсэн инженерийн гэрчилгээ,

Хариуцагчаас Ус сувгийн удирдах газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, Ус сувгийн удирдах газрын даргын Б/82 тоот, 2022 оны 02 сарын 01-ний өдрийн Б/83 тоот тушаал, Ус сувгийн удирдах газраас Ажилтантай байгуулсан 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 2019/357 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Д.Жаргалсайханы ажлыг С.Шинэбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, албан тушаалын тодорхойлолт, Д.Жаргалсайханы Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, 2022 оны 3 сарын 03-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, тогтоол, тушаал захирамжийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн илтгэх хуудас, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 2022 оны 1 сарын 31-ний өдрийн 4/108 дугаартай албан бичиг, иргэн Ц.Болдын Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан тайлбар, Ус сувгийн удирдах газрын даргын 2019 оны 4 сарын 8-ны өдрийн Д.Жаргалсайханыг ажилд авах тухай тушаал, Улсын онц чухал объектын хамгаалалтын гэрээ, 2018 оны 2 сарын 14-ний өдрийн А/77, А/42 дугаартай журам шинэчлэн батлах тухай тушаал, Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд нэвтрэх шалган нэвтрүүлэх журам, хавсралт, Ус сувгийн удирдах газрын даргын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн А/221 дугаар тушаал, Ус сувгийн удирдаг газрын хөдөлмөрийн дотоод журам, Хүн шалган нэвтрүүлэх бүртгэл, Ус хангамжийн ашиглалтын албаны даргын 2015 оны 10 сарын 15-ны өдрийн Б/79 дугаар тушаал, албан тушаалын тодорхойлолт, 2021 оны 9 сарын 01-ний өдрийн А/200 дугаартай үйл ажиллагааны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлах тухай тушаал, Ус сувгийн удирдах газрын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, 2021 оны 6 сарын 14-ний өдрийн А/149 дугаартай зохион байгуулалтын нэгжүүдйн дүрэм шинэчлэн батлах тухай тушаал, Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дүрэм,

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэсэн материал, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 38 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогч, гэрчүүдээс авсан тэмдэглэл, торгуулын хуудас, шийтгэлийн хуудас, хариуцагчийн хүсэлтээр гэрч Д.Мөнхзулыг асуусан тэмдэглэл зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******нь хариуцагч Ус сувгийн удирдах газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон урамшуулалын мөнгө гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг ...ажил үүргээ гүйцэтгэхдээ гаргасан зөрчил нь ажлаас чөлөөлөх сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гарсан гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан хяналт шалгалтын дүгнэлтээр Д.Жаргалсайханы Бөмбөг дэлбэрлээ 2022 он аюул гэх бичвэрийг бичиж улсын онц чухал объект болох дээд эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд байршуулсан нь ноцтой зөрчил болох нь тогтоогдсон бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 2.2.10, 2.2.14 дэх хэсэгт заасны дагуу нотцой зөрчилд хамаарах тул тушаалд дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын даргын 2019 оны 4 сарын 08-ны өдрийн Б/304 дугаартай Д.Жаргалсайханы хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилд авах тухай тушаалаар Д.Жаргалсайханыг Ус хангамжийн албанд Дээд эх үүсвэрийн инженерээр 2019 оны 4 сарын 08-ны өдрөөс томилж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажилд томилсон тушаал, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 5-8, 167 дахь талд/

Ус сувгийн удирдах газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаартай Д.Жаргалсайханы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажил хүлээлцэх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтуудыг үндэслэн байгууллагын дээд эх үүсвэрийн ус хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн гэрээний 2.2.10, 2.2.14 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2б дахь заалтын дагуу Д.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 13 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус тус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болохоор зохицуулсан.

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилтан Д.Жаргалсайханыг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, удирдлага дахь ажилтанд хууль бус үйлдэл хийх үүрэг даалгавар өгсөн зэрэг нь хөдөлмөрин гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарласан тул шүүх уг үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Д. *******нь Ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа Бөмбөг дэлбэрлээ 2022 он аюул гэх бичвэрийг бичиж, байгууллагын ажилтан Ц.Өлзийсайханд өгч улсын онц чухал объект болох дээд эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд байршуулсан үйлдлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн Г-54 дугаартай материал, хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 44-46, 85-87, 108-160 дугаар тал/

Хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудаст Д.*******албан тушаалын байдлаа хэтрүүлэн улсын онцгой объект болох ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд өөрийн бичсэн гадна талдаа Аюул, дотор талдаа Бөмбөг дэлбэрлээ 2022 гэсэн бичвэрийг тавьсан үйлдэл нь Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийг аюулд өртсөн гэж үзэн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд хамгаалалтандаа авсан, Цагдаагийн байгууллага, Тагнуулын ажилчид үйл ажиллагаа явуулсны улмаас Дээд эх үүсвэрийн ажилтнууд ажлаа хэвийн хийх боломжгүй болгосон, зарим ажилтнууд цагдаагийн хэлтэс рүү явсан болон ундны усны бусад эх үүсвэрүүд болох Төв, Үйлдвэр, Нисэх, Яармаг, Мах, Гачуурт зэрэг усан сангуудад байгууллагаас хяналт шалгалт хийхээр болж ажилтнууд ажлын бус цагаар шөнийн цагт ажиллуулсан, уг цаасан дээрх зүйлээ засварчин Ц.Өлзийсайханд тухайн газар аваачиж тавих, цаас байна гэж харуулд мэдэгдэх үүргийг өгч өөрийн удирдлагад ажилладаг ажилтанд хууль бус үйлдэл хийх үүрэг даалгавар өгсөн нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн гэжээ. /х.х-ийн 85-87 дугаар тал/

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн Бөмбөг дэлбэрлээ 2022 гэх бичвэрийг бичиж, байгууллагын ажилтан Ц.Өлзийсайханд өгч улсын онц чухал объект болох дээд эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд байршуулсан үйлдэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэхээр байна.

Дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж нэхэмжлэгчээс тайлбарласан.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх, ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаар заасан.

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний 2.2-т Сахилгын ноцтой зөрчилд тооцон дараах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана. Үүнд: 2.2.10-т ...байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргах гэж, 2.2.14-т бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох гэж тус тус заасан байна. /хх-ийн 14-15 дугаар тал/

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.10, 2.2.14 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Д.*******нь өөрийн ажлын байрны онцлог, тус ажлын байр нь улсын онц чухал обьект гэдгийг мэдсээр байж өөрийн ажил үүргийн хуваарьт хамааралгүй байдлаар бусад ажилтаны сонор сэрэмжийг шалгах нэрийдлээр хөнгөмсөгөөр найдан болгоомжгүй үйлдэл гаргасны улмаас байгуулагын үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг үүсгэсэн, энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн Ус хангамжийн албаны дээд эрх үүсвэрийн станцын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жаргалсайханы хариуцагч Ус сувгийн удирдах газарт холбогдуулан гаргасан Ус хангамжийн албаны дээд эрх үүсвэрийн станцын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА