Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2022/04285

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, **дүгээр хороо, г/с **** дүгээр байр, *** тоотод оршин суух, *** овогт /РД:ЙЖ......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, ** дугаар хороо, *** тоот хаягт байрлах, Х ХХК /РД:......./,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,** дугаар хороо, ** хороолол, ** гудамж, ** байр, ** тоотод оршин суух, ** овогт А.Д нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 47,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

гэрч Г.Д

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Б нь 2016 онд Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан байхдаа энэ компанийг 20 тонны контейнорт үйл ажиллагаа явуулдаг байхаас эхэлж ажилласан. Хариуцагч компанид С.Б нь жолооч, борлуулагч, түгээгч гэдэг 3 ажлыг зэрэг хийж байсан. С.Б нь энэ компани үүсгэн байгуулагдахад анхны ажилтан байсан учир ажлыг маш сайн хийдэг байсан. Эхний 2 жил нэхэмжлэгч нь тус компанид хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан, сарын 800,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч нь үндсэн ажилтан болсон бөгөөд ажлаа сайн хийж гүйцэтгэн, жил бүр шилдэг ажилтан болдог байсан.

Нэхэмжлэгчийг сайн ажиллавал урамшуулна гэж компани амлаж байсан тул 7 хоногийн 7 өдөр ажиллаж, амралтын цаг, өдөр гэж байгаагүй өдөр шөнөгүй ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч нь тус компанид 1 өдөр 88,000,000 төгрөгийн борлуулалт хийж, түүхэн амжилтыг бүтээж байсан.

2008 оноос эхлэн нэхэмжлэгч нь тус компанид жолооч, борлуулалтын менежер, түгээгч гэдэг гурван ажлын байранд зэрэг ажиллах болсон тул цалинг 200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, сарын 1,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллах болсон.

 

2019 оны 1 сарын 20-ны өдөр захиралдаа надад нэг байр өгчих гэж хэлсний дараа буюу 2019 оны 1 сарын 26-ний өдөр чи манай компаниас хулгай хийсэн байна, барааны мөнгийг өөрийн дансаар авсан гээд цагдаагийн байгууллагаар шалгуулж, улмаар ажлаас халсан. Цагдаагийн байгууллага шалгагдаад нэхэмжлэгчийг гэм буруугүй болохыг тогтоосон. Тухайн үед нэхэмжлэгчийг дутагдал гаргасан учраас ажлаас халсан гэж хэлсэн боловч ажлаас халсан тушаалыг өгөөгүй, өнөөдрийн шүүх хурал дээр анх удаа намайг ажлаас халсан тушаалыг харж байна.

Одоо С.Бнь нурууны суулттай болсон, хоёр хүүхэдтэй, эхнэр нь эмч хийдэг.

Иймд нэхэмжлэгч С.Б-г Х ХХК-ийн жолооч, борлуулалтын менежер, түгээгч гэдэг гурван ажлын байранд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 1 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон, нийт ажилгүй байсан хугацааны цалин олговорт 47,000,000 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч А.Д-ээс татгалзаж байна. Учир нь А.Д нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг гаргаагүй тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргахгүй гэв

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Х ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, худалдааны төлөөлөгчийн ажлын байранд авч ажиллуулсан. Нэхэмжлэгч нь энэхүү хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа барааны буюу 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд барааны борлуулалтын мөнгөнөөс нийт 8,690,300 төгрөгийг дутагдал гаргасан бөгөөд энэхүү дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч, тооллогын баримтууд дээр хүлээн зөвшөөрснөө баталж гарын үсэг зурсан. Компанийн зүгээс энэхүү өр төлбөрөө төлөхийг шаардахад ажилдаа ирэхгүй болсон. Бид түүнийг ирж тооцоогоо дуусгахыг удаа дараа шаардахад ирээгүй бөгөөд улмаар бид ажлаас халах тушаалыг гаргаж, тушаалаа ирж авахыг мэдэгдэхэд ирээгүй болно.

Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагаар гомдол гаргуулан, шалгуулж байгаагүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан ажлаас халагдсанаа мэдсэн үеэс эхлээд буюу 3 сарын хугацаанд холбогдох хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааны гомдлыг гаргах ёстой. Гэтэл 2019 оны 1 сард халагдсан С.Бнь одоо бараг 4 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрөөсөн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хэрэгт итгэмжлэл /хх-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, хөдөлмөрийн гэрээ /хх-8-10/, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг /хх-11/, нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Засан даргын тамгын газарт гаргасан гомдол /хх-12-13/, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 183/ШШ2021/01072 дугаар шийдвэр /хх-15-16/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01302 дугаар магадлал /хх-17-19/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-20-28/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2022/07308 дугаар шүүгчийн захирамж /хх-29-30/ зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

 

4.Хариуцагч талаас хэрэгт хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-55/, итгэмжлэл /хх-56/, гар бичмэл /хх-57/, хөдөлмөрийн гэрээ /хх-58-62/, тооллогын баримт /хх-63-80/, хариу тайлбар /хх-81/ зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Х ХХК-аас Х ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 01 дугаар ажлаас халах тухай тушаал /хх-124/, Х ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/001 дугаар ажилд томилох тухай тушуаал /хх-125/ зэрэг баримтыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч Х ХХК, А.Д нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 47,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А.Дгээс татгалзаж, түүнд холбогдуулан гаргах нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч А.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.Бнь 2014 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээгүйгээр Х ХХК-д ажиллаж байгаад 2016 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн байгууллагын мөнгө дутагдуулсан гэх үндэслэлээр ажлаас халж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч цагдаагийн байгууллага нэхэмжлэгчийг гэм буруугүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал өгөөгүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулж дуусаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийг тус компанийн жолооч, түгээгч, борлуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 47,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч С.Бнь Х ХХК-д худалдааны төлөөлөгчийн ажлын байранд ажиллаж байгаад 2019 оны 01 сарын 26-ны өдрийн байдлаар 8,690,300 төгрөгийн дутагдал гаргаж, уг дутагдлаа төлөхийг шаардахад ажлаа хаяж явсан тул ажлаас халсан. Нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаагүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд болох талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, гэрч н.Д-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн байдал, Х ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай Ажлаас халах тухай тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/001 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч Х ХХК-д 2014 оноос эхлэн ажиллаж байгаад талууд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид худалдааны төлөөлөгчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн байх бөгөөд энэхүү хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь бараа түгээлт борлуулалт хийх, автомашин жолоодох, орлого тушаах, тооцоо хийх үүрэг хүлээн ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

 

4.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үндэслэлийг ...намайг компаниас хулгай хийж, мөнгө дутагдуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгч, шалгуулж, тухайн үндэслэлээр намайг ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь ...нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад өгч, шалгуулаагүй, дутагдуулсан барааны үнийг төл гэж шаардахад ажлаа хаяж явсан тул 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг ирж аваагүй тул гардуулж өгөөгүй байсан гэж тайлбарлаж байна.

 

5.Талуудын дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай ажлаас халах тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өөрийгөө ажлаас халагдсан болохыг мэдсэн байх бөгөөд энэ үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

6.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

 

7.Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийг нь ажлаас халж байгааг мэдсэн гэж тайлбарлаж байх бөгөөд өөрийгөө ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээрх хуульд заасан хугацаанд маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хугацаанд гомдлоо гаргаагүй үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч байгууллага цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, уг шалгалтын ажиллагаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талын гаргасан гомдлоор нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллага шалгасан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.

 

9.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 47,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 47,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б нь хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА