| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 03 цаг 44 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай Пробокс (Ргоbox) загварын тээврийн хэрэгслийг 2,42 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 20 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу шинийн 1-ний өдөр би томилгоот хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 3 дугаар сарын 02-ны 03 цаг өнгөрч байх үед Баянхонгор сумын 2 дугаар баг, Эхлэл дэлгүүр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах хугацаанд тус газарт замын хажуу талын усны судас руу ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн Пробокс загварын тээврийн хэрэгсэл орчихсон байсан юм. Тэгээд зогсоод шалгатал тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооны хүрд дээр Л.******* гэх иргэн сууж байсан бөгөөд юу болсон талаар асууж ярилцахад тэрээр дэлгүүр орох гээд ганцаараа машинаа жолоодоод явж байгаад замын хажуу руу орчихлоо хэмээн хэлж байсан юм. Тухайн иргэнтэй ярилцахад тухайн иргэнээс архи, согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан тул түүнийг цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах драйгер багаж үлээлгэж шалгахад 2,42% зэргийн согтолттой байсан тул тухайн иргэний жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд түр саатуулж жолооч Л.*******г гэрт нь хүргэж өгч, цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн Л.******* гэх иргэний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу талын усны судаг руу орсон байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн урд талын гупер нь төмөр гупертэй байсан тул машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 15/ болон эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 07/, илтгэх хуудас /хх-ийн 09-10/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/2071 дугаартай шийтгэвэр /хх-ийн 25-28/, шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 5 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2071 дугаартай шийтгэврээр 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.42 хувийн промиль согтолттой үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 73-91 ******* улсын дугаартай Пробокс /Probox/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч *******ын өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу шинийн 1-ний өдөр би томилгоот хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 3 дугаар сарын 02-ны 03 цаг өнгөрч байх үед Баянхонгор сумын 2 дугаар баг, Эхлэл дэлгүүр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах хугацаанд тус газарт замын хажуу талын усны судас руу ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн Пробокс загварын тээврийн хэрэгсэл орчихсон байсан юм. Тэгээд зогсоод шалгатал тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооны хүрд дээр Л.******* гэх иргэн сууж байсан бөгөөд юу болсон талаар асууж ярилцахад тэрээр дэлгүүр орох гээд ганцаараа машинаа жолоодоод явж байгаад замын хажуу руу орчихлоо хэмээн хэлж байсан юм. Тухайн иргэнтэй ярилцахад тухайн иргэнээс архи, согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан тул түүнийг цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах драйгер багаж үлээлгэж шалгахад 2,42% зэргийн согтолттой байсан тул тухайн иргэний жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд түр саатуулж жолооч Л.*******г гэрт нь хүргэж өгч, цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн Л.******* гэх иргэний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу талын усны судаг руу орсон байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн урд талын гупер нь төмөр гупертэй байсан тул машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан юм...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 02 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 73-91 ******* улсын дугаартай Пробокс /Probox/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Л.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн учир 31 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг дөрвөн сар хорин ес хоногоор тогтоолоо.
Шүүх шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.*******д зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Л.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.7.1330 тоотоос Нэгдсэн эмнэлэг, багийн төв, өрхийн эмнэлэг, төв эмийн сан, Баянхонгор сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.*******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон гучин нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж түүний эдлэх ялыг нэг зуун дөчин ес / 149 / хоног буюу дөрвөн сар хорин ес / 04 сар 29 хоног / хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.7.1330 тоотоос Нэгдсэн эмнэлэг, багийн төв, өрхийн эмнэлэг, төв эмийн сан, Баянхонгор сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ