Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, Ерий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК 

Хариуцагч: У******* ОНӨААТҮГ,

Хариуцагч: У******* ОНӨААТҮГ-ын Техникийн нөхцөл олгох комисс,

Гуравдагч этгээд: Ө******* м ХХК нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, Д.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Д.М, шинжээч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч А******* ХХК-аас У******* ОНӨААТҮГ, У******* ОНӨААТҮГ-ын Техникийн нөхцөл олгох комисст тус тус холбогдуулан Ө******* м" ХХК-д олгосон 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг холбохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал: У******* ОНӨААТҮГ-ын Техникийн нөхцөл олгох комиссын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Ө******* м ХХК-ийн орон сууц, цэцэрлэгийн зориулалттай 2-10 давхар 8 барилгын бохир усны шугамын холболт хийх цэгийн байршилт, өндөржилт, шугамын диаметрийг төвийн Ф400 мм-ийн /оросын/ бохир усны гол цуглуулах шугамыг сэргээж холболт хийлгэхээр 515/11 дугаартай техникийн нөхцөлийг баталсан.

Улмаар Ө******* м ХХК-аас хүсэлт гаргасны дагуу У******* ОНӨААТҮГ-ын инженер Ж.Г бохир усны шугамын холболтыг А******* ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт байрлах Ф200 мм-ийн бохир ус цуглуулах шугамд холбохоор техникийн нөхцөлийг өөрчилсөн байна.

3. Процессын түүх: Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр У******* ОНӨААТҮГ-т гомдол гаргаж, хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариу өгсөнөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

4. Нэхэмжлэгч А******* ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Ө******* М ХХК-ийн Ө******* М хотхоны бохир усны холболтыг 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлөөр хуучны оросын гэх ф400 шугамд холбох эрх олгосон. Гэтэл тус техникийн нөхцөлд Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн Ж.Г нь гар цохолт хийж өөрчлөлт оруулж, манай байгууллагын хашаагаар явсан ф200 шугамд холболт хийх эрх олгосноор бидний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан. "А*******" ХХК-ийн зүгээс энэ асуудлаар У*******т 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/237 дугаар албан бичгээр хууль бусаар олгогдсон техникийн нөхцөлийг хууль журмын дагуу шийдвэрлэж, анхны техникийн нөхцөлөөр холболт хийлгэхээр хандсан боловч хариуцагч ямар нэг арга хэмжээ аваагүй тул шүүхэд хандаж хендөгдсөн эрхээ сэргээлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.2 Газрын тухай хуульд зааснаар иргэн хуулийн этгээд газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрынхаа аль ч хэсгийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс анх тухайн шугам сүлжээ явж байгаа газрыг оролцуулан үйлдвэрийн барилга барихаар төлөвлөж байсан боловч, Ус сувгийн удирдах газрын лавлагаагаар барилгажих боломжгүй талбай болохыг мэдсэн учир барилгын зургаа өөрчилж хамгаалалтын зурвасыг баримталж үйлдвэрийн барилга барьсан. Нэгэнт барилга барих боломжгүй тул тухайн газар машин зогсоол, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор спорт талбай хийхээр төлөвлөсөн боловч Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн Ж.Гийн өөрчилсөн комиссын шийдвэрийг дагуу ф400 шугамд холбох байсныг хуучин сийн ф200 шугамд холбосноор М хотхоны 5000 оршин суугчдын бохир усыг татан зайлуулах ачааллаа дийлэхгүй байсны улмаас байнгын засвар үйлчилгээ хийх зорилгоор "К" ХХК нь байхгүй худгийг эрж, хайх ухсан нүхээ тэгшлэхгүй 4-5 метр урттай, 1.5 метр гүнтэй нүх ухсаны улмаас манай ажилчид унаж бэртэх асуудал гарах, мөн газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.

4.3 Барилга байгууламжийн хот суурины ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбох техникийн нөхцөл олгох зөвлөлийн ажиллах журмын /2003/ 2.2.1-д "Техникийн нөхцөл олгох, цуцлах, өөрчлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж зааснаар техникийн нөхцөл олгох, цуцлах, өөрчлөх эрх бүхий байгууллага нь Техникийн зөвлөл байна. Харин Хот суурины ус, хангамж ариутгах татуургын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д "хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж болон дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх" гэж зааж өгснөөр тухайн цэвэр, бохир усны холболт хийх зөвшөөрлийг техникийн зөвлөл олгож энэхүү байгууллагаас гарсан зөвшөөрлийн дагуу холболтыг Ус сувгийн удирдах байгууллага хийхээр байна. Өөрөөр хэлбэл цэвэр бохир усны холболтын шугамын ачаалал, нэвтрүүлэх чадварыг харгалзаж Техникийн зөвлөлөөс техникийн нөхцөл олгож, У******* холболтын хийж, хяналт тавьж ажиллахаар байгаа тул энэхүү асуудлын хүрээнд Ус сувгийн удирдах газрын дээд шатны байгууллага нь Техникийн зөвлөл байх тул Хот суурины ус, хангамж ариутгах татуургын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар холболтыг хийх эрх бүхий байгууллага нь У******* байна гэв.

4.4 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* ХХК нь Б дүүргийн 16 дугаар хороонд байрлах үйлдвэрийн хашааг 2010 оноос эхлээд эзэмшил ашиглалтдаа байлгаад 2012 онд өөр тусдаа этгээдийн нэр дээр байсан газрыг тус тусад нь шилжүүлж авах байдлаар үйлдвэрийн газар бий болсон. Тухайн бохирын шугамтай х*******той маргаан нь 2015 оноос эхэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газар дээр үйлдвэрийн сэндвич барилга бариад тухайн барилгыг ашиглах явцад тохижилт үйлчилгээний ажил хийх шаардлага бий болсон. Тухайн газрыг зориулалтын дагуу бусад байдлаар ашиглах боломж нь тухайн шугам сүлжээтэй х*******той газар хөндөж эхэлсэн. Ө******* м ХХК-ийн ашиглалтад оруулсан сангийн бохирын шугамын ачааллаа дийлэхгүй байдал нь нөлөөлж эхэлсэн. 2011 онд анх Ө******* М ХХК-д 515/11 тоот техникийн нөхцөл олгосон байдаг. Энэхүү техникийн нөхцөлөөр Батлан хамгаалах их сургуулийн замын хажуугаар явж байгаад хуучин оросын гэх тодотголтой 400 гэх диаметртэй хоолойд холболт хийгдэхээр техникийн нөхцөл анх олгогдсон юм. Гэтэл 2012 онд техникийн нөхцөлд өөрчлөлт орохгүйгээр зураг төсөлд өөрчлөлт оруулах байдлаар А******* ХХК-ийн хашаа гэх хуучин с ашиглаж байсан ашиглалтад орсон хугацаа нь тодорхойгүй, ашиглалтын хугацаа, ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй шугамыг хариуцагч байгууллагад албан хүсэлт өгсөн гэх агуулгаар зураг төсөлд өөрчлөлт оруулаад, техникийн нөхцөлд өөрчлөлт оруулахгүйгээр тухайн 200-ийн шугам холбосон байдаг. Энэхүү шугам нь хоногт 1012 м.куб усыг дамжуулах чадалтай гэж анх төлөвлөгдөөд анх олгогдсон техникийн нөхцөлөөр хотхоны гарах бохирыг тооцоолж олгож байсан. Гэтэл одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад одоо тооцохоор сард гарч байгаа 64.000 м.куб усыг хоногт шилжүүлээд үзэхээр 2500 м.куб бүхий бохир ус гараад байгаа юм. Ө******* м ХХК-иас ашиглалтыг хүлээж авсан ******* М гээд орон сууцны контор байгаа. Тухайн хоолойн нийт ашиглалтыг хариуцаж байгаа юм. Гэтэл завсар үйлчилгээ хийхгүй байна гээд буруутгаад байдаг. Гэтэл засвар үйлчилгээ хийхээс гадна энэ шугам нь хоногт 2500 м.куб ус нийлүүлэх чадалтай хоолой биш. Энэ хоолойны хамгийн дээд хүчин чадлыг тооцож үзэхэд хамгийн дээд нь 1430 м.куб бохир усыг гадагшлуулах чадалтай байгаа юм. Энэ хоолой нь өөрөө 5000 оршин суугчтай Ө******* м хотхоны бохир усыг гадагшлуулж чадах хэмжээний хүчин чадалтай хоолой биш байгаа юм. Тийм учраас энэ хоолойд холбосон холболт нь өөрөө хууль бус байна. Мөн техникийн нөхцөл өөрчлөөгүй байхад техникийн нөхцөлийг зөрчиж гүйцэтгэж өөр хоолойнд холболт хийгээд байна. Энэ нь өөрөө нэхэмжлэгчийн газар эзэмших ашиглах эрхийг зөрчөөд байна. 2012 онд техникийн нөхцөлд өөрчлөлт оруулсан гэх н.Г инженерийн гар бичилт нь өөрөө техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах үндэслэл биш юм. Тийм учраас 2012 оны өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны анхны техникийн нөхцөлөөр 400-тай шугам холбож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

5. Хариуцагч У******* ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. "А*******" ХХК -ийн эзэмшиж байгаа газрын урд хэсгээр бохир усны ф200мм-ийн шугам байрлаж "А*******" ХХК, М хотхон, Б зах зэрэг газруудын бохир усыг татан зайлуулдаг. Уг шугам нь нэхэмжлэгч талыг газар эзэмшиж эхлэхээс өмнө уг газарт байрлаж байсан өмнө нь ашиглаж байсан шугам юм. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлд "... анх тухайн шугам сүлжээ явж байгаа газрыг оролцуулан үйлдвэрийн барилга барихаар төлөвлөж байсан" гэж дурдсан бөгөөд тус газрын эрхийг шилжүүлэн авахдаа газрын нөхцөл байдал, мэдээллийг бүрэн судалж аваагүй, өөрсдийн бохир усыг татан зайлуулдаг шугам сүлжээний мэдээллийг мэдээгүй байгаа нь нэхэмжлэгч талын хайхрамжгүй үйлдэл харагдаж байна. Эндээс харахад нэхэмжлэгч тал эзэмшил газраа ашиглаж чадахгүй байгаа Ус сувгийн удирдах газраас шалтгаалаагүй бөгөөд нэхэмжлэгч тал тухай газрын өмнөх эзэмшигч, аль эсвэл газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдэд хандаж газар эзэмших эрхийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой харагдаж байна. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19.3. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөх эрх өөрчлөгдөх нь эдгээр барилга байгууламж, шугам сүлжээний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй" гэж заасан бөгөөд шугам сүлжээний өмчлөгч өөрчлөгдсөнөөр шугам сүлжээний үйл ажиллагааг зогсоох нь үндэслэлгүй юм.

5.2. Шинжээчийн дүгнэлтээр ф200мм бохир усны шугам нь хүчин чадлын хувьд ачааллаа даах бүрэн боломжтой гэж дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14.4. "Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно" гэж заасны дагуу хуульд нийцэж байна. Мөн нэхэмжлэгч "... ачаалалаа дийлэхгүй байсны улмаас байнгын засвар үйлчилгээ хийх зорилгоор "Комфорт М" ХХК нь байхгүй худгийг эрж, хайх ухсан нүхээ тэгшлэхгүй 4.5 метр урттай, 1.5 метр гүнтэй нүх ухсны улмаас манай ажилчид унаж бэртэх асуудал гарах, мөн газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна" гэжээ. Уг ф200мм-ийн бохир усны шугамын ашиглалт, засвар үйлчилгээг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19.2-д Энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно., 15.1.8-д "өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх 15.1.9. "өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх" гэж заасны дагуу тусгай зөвшөөлтэй Комфорт М ХХК болон шугам сүлжээний өмчлөгч хариуцсан ажиллах ёстой байгаа юм. Засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч талд хохирол учруулан, газар Зэмших эрхийг зөрчиж байгаа нь Ус сувгийн удирдах газрын буруутай үйл ажиллаганаас болоогүй харагдаж байна. Манай байгууллагын Б дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэдээллэснээр уг шугам сүлжээнд 2020, 2021, 2022 онуудад эвдрэл, гэмтэл гарсан талаар мэдээлэл ирээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хүчин чадлын хувьд ачааллаа даах бүрэн боломжтой талаар дурдсан байдаг.

5.3. Нэхэмжлэгч тал нь Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.10. "хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах" Газрын тухай хуулийн 48.2. "Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, х*******ны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй." 48.3. Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана. 48.4. Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээнээс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газарыг хязгаарлагдмал эрх нэхэмжлэгчид хадгалагдах юм. Хэрэв газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа бол дээрх тохиолдолд М хотхон, Б захаас шугам сүлжээгээ холдуулах, зөөх талаар шаардах эрхтэй харагдаж байна. Нэхэмжлэгч тал уг шугам сүлжээний нэг хэрэглэгч тул хамтран шугам сүлжээг холдуулж газраа зориулалтын дагуу эзэмших эрх нь нээлттэй байна гэв.

 

6. Хариуцагч У******* ОНӨААТҮГ-ын Техникийн нөхцөл олгох комисс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

6.1 А*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу "Ө******* М" ХХК-д олгосон 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгох, бохирын шугамыг техникийн нөхцөлийн дагуу холбуулахыг хүссэн хүсэлтийг Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөлийн комиссын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцлээ. Манай байгууллагаас "Ө******* М" ХХК-ийн орон сууц, цэцэрлэгийн 2-10 Давхар 8 барилгын бохир усны шугамын холбох цэгийг "Оросын ф400 мм-ийн шугамыг сэргээж холбохоор №515/11 тоот техникийн нөхцөлд тусгасан байна. Гэвч техникийн нөхцөлийн дагуу ажлын зураг боловсруулахад бохир усны ф400 мм-ийн шугам хүртэл хэвгий таараагүй, мөн трасс дагууд цахилгаан дамжуулах 0.4 кВ, 10 кВ-ийн кабель шугам, ф400мм-ийн бороо, хөрсний ус зайлуулах шугам, дулаан. цэвэр усны шугам сүлжээ давхацсан, хатуу хучилттай авто зам байгаа шалтгаанаар бохир усны шугам тавихад төвөгшил өндөр байсан. Уг нөхцөл байдлыг үндэслэн тухайн үед техникийн нөхцөлийн инженер нь холболт, хийсэн "С"-ийн гэх ф200 мм-ийн голчтой вааран шугамыг сэргээн холбохоор ажлын зургийн шатанд, техникийн нөхцөлийн 11-р заалтын (Барилга угсралтын ажлын явцад зураг төсөвт өөрчлөлт орох шаардлага гарвал У*******т хянуулж, зураг зохиогчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ) дагуу зөвшилцсөн байна.

6.2. Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөлийн комиссын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас "515/11 тоот техникийн нөхцөлийн дагуу бохир усны шугамын холболт хийхэд уг төвөгшилтэй байдал өнөөдөр ч арилаагүй, мөн 2011-2016 онуудад үе шаттайгаар угсралтын ажил нь хийгдэж, улсын комиссын актаар баталгаажин ашиглалтад орсон барилгуудын бохир усны шугамын холбох цэгийг өөрчлөх боломжгүй" гэж шийдвэрлэсэн. Харин "А*******" ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн газарт байгаа бохир усны шугамыг төлөвлөж буй барилгажих талбайгаас зөөж шилжүүлэх асуудлыг тухайн шугамыг ашиглагч бусад байгууллагууд болох "Ө******* М" ХХК-ийн орон сууцны барилгуудын ашиглалтыг хариуцагч "Комфорт М Нетворк" ХХК, "М", Б" худалдааны төвүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хүсэлтээ Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөлийн комисс"-т гарган шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн дагуу шугам сүлжээг эзэмшигч нь гарах зардлыг хариуцан шугам сүлжээг зөөх ажлыг хийж гүйцэтгэх боломжтой болно гэв.

7. Гуравдагч этгээд Ө******* м ХХК нэхэмжлэлийг үгүйсгэж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

7.1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д хангагч гэж хэрэглэгчийг цэвэр усаар хангах, тэдгээрийн хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлэхээр заасан. Тус хуулийн 6 дугаар зүйлд хангагчаас олгох техникийн нөхцөлийн шаардлагыг заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.2-д Хангагч ... энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно гэж, 9.3-д Хангагч нь хэрэглэгчийн шугамаас дамжуулан шинээр хэрэглэгч холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгож болно гэж заасны дагуу У******* ОНӨААТҮГ нь Ө******* М ХХК-д техникийн нөхцөл олгосон. Өөрөөр хэлбэл, техникийн нөхцөл олгоход татгалзах шалтгаан байгаагүй, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцээтэй байсан тул техникийн нөхцөл олгосон байна.

7.2 Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, х*******ны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан байна. Б дүүргийн 16 дугаар хороололд орон сууцны барилга барьсан Ө******* м ХХК нь бусдын эзэмшилд байгаа газраар инженерийн шугам татсан болно. Дээрхээс үзэхэд Ө******* М ХХК нь Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам татах эрхтэй, У******* ОНӨААТҮГ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002 оны/-д зааснаар шаардлага хангасан хүсэлт ирүүлсэн, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрч байгаа тохиолдолд татгалзах эрхгүйгээр техникийн нөхцөл олгох үүрэгтэй байсан байна. Иймд У******* ОНӨААТҮГ нь хууль бусаар техникийн нөхцөл олгоогүй байх тул А******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ө******* м ХХК нь анх холболтын ажлыг хийхдээ хуульд заасан журмын дагуу холбогдох баримтуудаа бүрдүүлээд холбогдох судалгааг хийлгэж байж техникийн нөхцөл гарсан байдаг. Үүний дагуу ямар нэгэн байдлаар хууль зөрчилгүйгээр холболтыг хийсэн. Холболтыг хийхдээ бүхий л судалгаа шинжилгээг үндэслэж байж хийсэн. Нэхэмжлэгч компани нь өөрөө Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэж заасан хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй. Өөрөөр хэлбэл, А******* ХХК нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хамгаалалтын зурвас нэвтэрч ажиллагаа хийсэн байгаа юм. Хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй талаар Ус сувгийн удирдах газраас нэхэмжлэгч компанид хамгийн анх 2015.08.30-ны өдрийн 7/1105 тоот албан бичгээр мэдэгдэж байсан. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 52 дугаар талд байна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр өмнө нь байсан худгийг ашиглах боломжгүй болгож, дээр нь барилга барих суурь тавьсаны улмаас суулт өгөөд энэ шугамд гэмтэл бөглөрөл үүсэж байгаа гэдгийг хангалттай нотолсон. ******* м ХХК-ийн захирал н.Баасанбат болон тус компанийн инженер н.Б******* нар бөглөрлийг арилгахад юу болдог талаар маш тодорхой хэлсэн. Маргаан бүхий техникийн нөхцөл бол хууль зөрчөөгүй, бодит үндэслэл дээр тулгуурлаж гарсан гэдгийг нотолно. Нэхэмжлэгч яг энэ асуудлаар У*******т 2018.06.14-ний өдрийн 18/237 дугаар албан бичгээр гомдол гаргасан гэж нэхэмжлэлийн тодруулгадаа дурдаад нэхэмжлэлдээ үндэслээд байна. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас харахад А******* ХХК нь энэ асуудлаар хамгийн анх У*******т 2016.07.19-ний өдөр, 2016.08.15-ны өдөр, 2017.10.02-ны өдөр гомдол гаргаж байсан нь нотлогдоно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг маш тодорхой хуульчлаад заагаад өгсөн. Нэхэмжлэгч нь энэ хугацааг зөрчсөн, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. У******* ОНӨААТҮГ-ын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 515/11 дугаартай Ө******* м ХХК-д олгосон техникийн нөхцөлөөр Орон сууц, цэцэрлэгийн зориулалттай 2-10 давхар нийт 8 барилга, байгууламжийн бохир усны шугамын холболт хийх цэгийн байршилт, өндөржилт, шугамын диаметрийг төвийн Ф400 мм-ийн бохир усны гол цуглуулах шугамд холболт хийх зөвшөөрлийг олгосон.

3. Тус техникийн нөхцөлд тавигдсан төвийн Ф400 мм-ийн бохир усны гол цуглуулах шугаманд холболт хийх шаардлагыг өөрчлүүлэх гуравдагч этгээд Ө******* м ХХК-ийн хүсэлтээр У******* ОНӨААТҮГ-ын инженер Ж.Г 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бохир усны шугамын холболтыг өөрчилж, А******* ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт байрлах Ф200 мм-ийн бохир ус цуглуулах шугамд холбох ажлын зургийг зөвшөөрснөөр холболт хийгдсэн байна.

4. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, Ө******* м" ХХК-д олгосон 2011 оны 515/11 дугаартай техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг холбохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ ...хуульд заасан журмын дагуу техникийн нөхцөлд өөрчлөлт оруулахгүйгээр ажлын зурагт өөрчлөлт оруулсан нь хууль бус, ингэхдээ ашиглалтын хугацаа дууссан бохирын шугамд холболт хийлгэснээр ачааллаа дийлэхгүй байнга, засвар үйлчилгээ хийх болж газраа зориулалтын дагуу эзэмших эрх зөрчигдсөөр байна... гэж тайлбарласан.

5. Хариуцагчаас ...А******* ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах бохир ус цуглуулах шугам нь тухайн хуулийн этгээдийн эзэмших эрх үүсэхээс өмнө ашиглаж байсан шугам, ...газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа нь техникийн нөхцөлд оруулсан өөрчлөлтөөс бус бохирын шугамын засвар үйлчилгээтэй х*******той... гэсэн тайлбарыг гаргажээ.

6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн[1] 11 дүгээр зүйлийн 11.2.-т Захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно., 11.3.-т Техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч нь захиалагч, хөрөнгө оруулагчид мэдэгдэж техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно. гэж заасан.

7. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, У******* ОНӨААТҮГ-ын инженер Ж.Гийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийсэн бичиглэл, гарын үсгээр 515/11 дугаартай техникийн нөхцөл өөрчлөгдөх эрх зүйн дагавар үүсэж, улмаар Ө******* м ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан 5000 айл оршин суух, М хотхоны бохир усыг А******* ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт байрлах Ф200 мм-ийн бохирын ус цуглуулах шугамд нийлүүлэн холболт хийгджээ.

8. Дээрх хуульд зааснаар техникийн нөхцөл өөрчлөх эрхийг У******* ОНӨААТҮГ эдлэх ба хэрэв техникийн нөхцөл өөрчлөгдвөл шинээр олгохоор зохицуулагдсан байна.

9. Гэтэл Ө******* м" ХХК-д олгосон 2011 оны 515/11 дугаартай техникийн нөхцөлийг У******* ОНӨААТҮГ бус инженер Ж.Г дангаараа өөрчилсөн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нийцээгүй боловч энэ нь нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүсэж буй газраа зориулалтын дагуу эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

10. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгохоор заажээ.

11. Нэхэмжлэгчээс ...бохирын шугам бөглөрөхөөр засвар, үйлчилгээ хийх шаардлага үүсэж манай эзэмшлийн газрыг ухах зэргээр газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдаг... гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхээ сэргээлгэхээр техникийн нөхцөлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар маргасан.

12. Гэхдээ техникийн нөхцөлд оруулсан өөрчлөлтөөр нэхэмжлэгч А******* ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоход чиглэсэн ямар нэг шийдвэрийг гаргаагүй тул газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд эзэмшлийн газарт нь бохирын усны шугамын завсар, үйлчилгээ хийж буй нь техникийн нөхцөлөөс бус харин Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д заасан бохирын ус цуглуулах шугамын засвар, үйлчилгээ хийх зурваст газар эзэмшиж буйтай нь х*******той асуудал байна.

13. Түүнээс гадна Ф200 мм-ийн бохирын ус цуглуулах шугам нь нэхэмжлэгч А******* ХХК-д газар эзэмших эрх үүсэхээс өмнө тус газарт байсан бохирын шугам бөгөөд тухайн шугамыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй биш юм.

14. Түүнчлэн нэхэмжлэгчээс ашиглалтын хугацаа дууссан шугамд шинээр холболт хийхийг зөвшөөрсөн нь буруу гэж маргах боловч шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр М хотхоны бохирын усыг маргаан бүхий ф200 мм-ийн голчтой бохир ус цуглуулах шугам татан зайлуулах боломжтойг тогтоожээ.

15. Дээрх үндэслэлээр Ө******* м" ХХК-д олгосон 515/11 дугаартай техникийн нөхцөлд оруулсан өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч А******* ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

16. Шүүхээс томилогдсон шинжээч зардал нэхэмжлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т заасны дагуу хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-аас У******* ОНӨААТҮГ, У******* ОНӨААТҮГ-ын Техникийн нөхцөл олгох комисст тус тус холбогдуулан гаргасан Ө******* м" ХХК-д олгосон 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг холбохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ