Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/573

 

 

 

 

 

 

  2021             6              3                                          2021/ДШМ/573

 

 

Х.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Жаргал,

хохирогч Д.Э, З.Ч,  

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлоор Х.Гд холбогдох 1805052671616 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

__________________ овгийн Х.Г, ____ оны _ дугаар сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ____________________________ бүртгэлтэй, /РД:ЧЕ__________/;

 

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан;

 

Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 5, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Эт “байр худалдана” гэж хуурч 4 удаагийн үйлдлээр 2.500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5058213234 тоот дансаар, бэлнээр 7.300.000 төгрөгийг тус тус авч, нийт 9.800.000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Чаас “Эс Ти Жи Эс” ХХК-ийн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас автомашин чөлөөлж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч 10.326.006 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Гыг үргэлжилсэн үйлдлээр “хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 4 хоног, цагдан хоригдсон 6 хоног, нийт 10 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Х.Гас нийт 17.426.006 төгрөг гаргуулж, хохирогч Д.Эт 7.100.000 төгрөг, хохирогч З.Чд 10.326.006 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Г хууль ёсны өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

Хохирогч Д.Эт учруулсан хохирол болох 7.100.000 төгрөгийг төлж барагдуулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэхь заалтад заасан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй юм.

Хоёр дахь үйлдэл болох З.Чыг хохирогчоор тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч гэх З.Чтай мөнгийг нь өсгөж өгөх талаар шүүгдэгч Х.Г иргэний эрх зүйн харилцаанд орж, эхний 5.000.000 төгрөгөнд барьцаа болгож Тоуоtа Prius-20 маркийн суудлын автомашин өгсөн нь, мөн дахин нэмж 5.000.000 төгрөгийг зээлэхдээ 14-41 УБД улсын дугаартай Nissan Patrol маркийн жийп машин барьцаалж авсан нь тус тус хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогддог.

Тухайн 14-41 УБД улсын дугаартай Nissan Patrol маркийн жийп машин нь хохирогч гэх З.Чд өнөөдрийг хүртэл байгаа болно. /Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын өмчийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр өөртөө ашигласан байхыг шаарддаг/

Хохирогчид тухайн автомашины эзэмших эрхийг шилжүүлж байгаа нь хариу төлбөр хийгдсэн байна. Мөн тухайн автомашины өмчлөгч Батжаргалын Баасандоржийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг нь илт байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, 1.3 дахь заалтад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд дээрхи хэргийг бүхэлд нь хянаж, хохирогч З.Чд барьцаалсан 14-41 УБД улсын дугаартай Nissan Patrol маркийн жийп машины өмчлөгч болох Батжаргалын Баасандоржийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогч З.Чд холбогдох үйлдлийг дахин шалгаж, З.Ч нь жинхэнэ хохирогч мөн болохыг нягтлан тогтоох, хэргийн бодит байдалд нийцсэн эсэх талаар дахин шалгаж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хуралдаан болсон орой автомашин өгсөн боловч Отгонбаатар гэх хүн нэрийг нь шилжүүлээд зараад өгнө гээд буцаагаад авсан. Надад одоо байхгүй. ...” гэв.

 

Хохирогч З.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Приус маркийн автомашин өгсөн боловч 2 хоногийн дараа буцааж авсан. Тэрний дараа өгсөн ногоон автомашин надад байгаа боловч нэрийг нь шилжүүлж өгөөгүй. Х.Г ногоон автомашины нэрийг нь шилжүүлээд дээр нь 3.000.000 төгрөг өгчихвөл хохиролгүй болно, түүнийг шоронд явуулах сонирхол бол байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Г “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл болон хэргийн зүйлчлэл тохирсон. Хохирогч З.Чд “Patrol” маркийн автомашиныг өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Өөр хүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалаад мөнгийг нь авсан байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг Х.Г үйлдэл бүрэн хангасан байдаг. Мөнгийг өсгөж өгнө гээд мөнгө авсан байдаг. Анхнаасаа залилах санаа, зорилготой байсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 5, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Эт “байр худалдана” гэж хуурч 4 удаагийн үйлдлээр 2.500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5058213234 тоот дансаар, бэлнээр 7.300.000 төгрөгийг тус тус авч, нийт 9.800.000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Чаас “Эс Ти Жи Эс” ХХК-ийн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас автомашин чөлөөлж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч 10.326.006 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Эийн “...Тэгээд манай захирал Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөхийн газарт таньдаг хүнтэй учраас чи надад мөнгөө шилжүүлээд өгвөл захирал чиний нэр дээр яаралтай шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Түүний маргааш нь намайг мөнгөө шилжүүл гээд байхаар нь би 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 300.000 төгрөгийг 1000 нэрийн барааны дэлгүүрийн баруун талын АТМ-ээс, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5058213234 дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг, Өргөө кино театрын урд талын Хаан банкнаас хэд хоногийн дараа, 3, 4 дүгээр хорооллын эцсийн Оргил төвийн АТМ-ээс 2.000.000 төгрөгийг авч өгсөн. Мөн түүний дараа 2018 оны 5 дугаар сарын сүүл орчмоор байж байхад Гантулга байрны ордер гарчихлаа, одоо 5.000.000 төгрөгөө бэлдээд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед, би өөрийн нагац Байгалжаргал руу яриад байраа тавиад мөнгө аваад өг, би байранд орох гэсэн юм гэж хэлээд байрыг нь Банк бус санхүүгийн байгууллагад түр хугацаанд тавиад 4.000.000 төгрөг аваад 1.000.000 төгрөгийг нь өөрийн найз Амаржаргалаас зээлж аваад тухайн өдрөө шууд Гантулгатай очиж уулзаад 5.000.000 төгрөгөө бэлнээр өгсөн. ...” /1хх 32-33, 59-60/,

 

гэрч А.Бвын “...Отгонбаатар над руу утсаар яриад холбогдоод эхлэхээр нь очиход миний байрыг өөрийнхөө эзэмшил болгож авахаар шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байсан юм. Тухайн үедээ би шүүхээр явж байгаад Отгонбаатарт 8 сая төгрөг төлөөд байраа буцааж авсан юм. ...Одоо тус байр миний нэр дээр байдаг. ...” /1хх 63-64/,

 

гэрч П.Бийн “... 2018 оны 5 дугаар сард Гантулга ах гаднаас орж ирээд Амараа гэх залууд мөнгөө өгсөн юм. Тэгтэл тэр хүн тоолж үзчихээд дутуу байна гэхээр нь би аваад мөнгө тоологч дээр тоолоход 4.900.000 төгрөг болж байсан бөгөөд түүнийг би буцаагаад Амараа гэх хүнд өгсөн. ...Шар үстэй эмэгтэй хүн 2018 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараа орж ирээд Гантулга болон манай захирал нарыг асууж байсан бөгөөд тэр үед нь Гантулга гэх хүн манайд ажилладаггүй талаар хэлээд тэр хүн харин манай захиралтай уулзахаар хэд хэдэн удаа ирсэн. ...” /1хх 65-66/,

 

хохирогч З.Чын “...2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишиг ломбард дээр Гантулга надад “та надад 5 сая төгрөг өгчих, би 5.5 сая төгрөг болгож өгнө” гэж хэлэхэд нь би түүнд “би чамд мөнгө өгөөд нотариатаар орно биз дээ” гэхэд тэгнэ гэж хэлсэн. Би тухайн үед бэлэн 5 сая төгрөг Хишиг ломбард дотор Гантулгад өгсөн. Мөн нэмж 200.000 төгрөг түүнд өгсөн. Гантулга тухайн үедээ “та 5 сая төгрөгийн барьцаанд Тоёота приус-20 машиныг авч бай” гээд ломбардад байсан Тоёота приус-20 машиныг бид хоёрт өгсөн. Нөхөр Энхбат бид хоёр машинаа аваад явсан. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Гантулга тухайн үед “5,5 сая төгрөг чөлөөлчихлөө, манай захирал яриад 10 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэгтэй боллоо, 5,5 сая дээрээ нэмээд 10 сая төгрөг болгоод надад өгчих” гэж хэлсэн. Тэгээд надад бэлэн явж байсан 1.900 ам.долларыг өгсөн. Тэгээд Гантулга нь “приус машинаа авна” гэж хэлээд авчихсан. Оронд нь Гантулга бид хоёрт Ниссан патрол нэртэй жийп автомашин өгсөн. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн барьцаанд бид хоёрт өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Гантулга утасдаад “ногоон Ниссан патрол машиныхаа түлхүүрийг аваад  гараад ир, дотроос нь юм авах гэсэн юм” гэхээр нь түлхүүрээ аваад гартал машин дотроос хоёр ширхэг номер байсныг авчихаад “энэ хоёр машиныг зээлээс чөлөөлөх гэж байгаа юм, 500.000 төгрөг хэрэг болчихлоо, маргааш өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд 500.000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон. Нийт 10.328.400 төгрөгийн хохирол учирсан. …” /1хх 123-124/,

гэрч Д.Сын “...2017 оны 8 дугаар сарын үеэр Гантулга гэдэг хүн манай ломбард дээр ирээд Тоёота приус-20 машин танай ломбардад тавиад 5 сая төгрөг авах гэсэн юм аа гэж хэлээд гуйгаад байсан. Би тухайн үед манайх машин авдаггүй гэж хэлж байсан. Гантулга нь гуйгаад болохгүй болохоор нь түүний авч ирсэн Тоёота приус-20 маркийн саарал өнгийн суудлын автомашиныг барьцаалан 5 сая төгрөг Гантулгад гаргаж өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Гантулга нь З.Ч гэдэг настай эгчийг дагуулан ирж Гантулга нь З.Чаас 5 сая төгрөг аваад надад өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Тоёота приус-20 маркийн машиныг Гантулгад өгсөн. Гантулга уг машиныг З.Ч гэдэг хүнд өгөөд явуулсан. Дахин хэд хоногийн дараа Гантулга нь З.Ч гэдэг хүнтэй хамт манай ломбарданд ирээд хоорондоо уулзаж байгаад яваад өгчихсөн. ...” /1хх 136/,

 

Х.Г яллагдагчаар өгсөн “... Би Отгонбаатарын хамт Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн газарт очоод ... тэр эмэгтэйгээр өргөдөл, хүсэлтийг нь бичүүлээд шилжүүлэх гэтэл ... уг байрыг шүүхийн маргаантай юм байна, шилжүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн. ... Нийт 32 сая төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцсон юм. ...” /1хх 128/,

“... Харин түүний дараа Тоёота приус 20 загварын автомашииныг чөлөөлөхөд мөнгө шаардлагатай байсан бөгөөд тэр мөнгөө бас зээлж аваад төлөх гэсэн боловч боломжгүй болчихоод Патрол загварын автомашиныг тэдгээр хүмүүст өгч зээлээ хаасан юм. ...” /1хх 180/ гэсэн мэдүүлгүүд,

 

хохирлын тооцоо /1хх 138/, автомашины гэрчилгээ /1хх 96/, байрны гэрчилгээний хуулбар /1хх 222/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Гантулгыг “хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Х.Г нь бусдын өмчлөлд бүртгэлтэй, барьцаанд байгаа байрыг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр хохирогч Д.Эт “байр худалдана” гэж хуурч 9.800.000 төгрөгийг,

мөн хохирогч З.Чаас “Эс Ти Жи Эс” ХХК-ийн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас автомашин чөлөөлж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч 10.326.006 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсны улмаас нийт 20.126.006 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Гантулгыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох “...хохирогч З.Чд холбогдох үйлдлийг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...энэ үйлдлийг шүүгдэгч Х.Г нь хүлээн зөвшөөрөхгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж үздэг. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байдаг.

 

Иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан, дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийж, эсхүл итгэл эвдэн хохирогч нарын эд хөрөнгийг өөрийн болгож авах нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжид хамаардаг болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 96/, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 148/ зэргээр хохирогч Э.З.Чаас авсан мөнгөнийхөө оронд барьцаа хэлбэрээр өгсөн 1441 УБД улсын дугаартай “Nissan Patrol” маркийн авто машин нь Батжаргалын Баасандоржийн өмчлөл, эзэмшилд байдаг болох нь нотлогджээ.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж, мөн зүйлийн 111.2.2 дахь хэсэгт “Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж” тус тус заажээ.

 

Хэдийгээр тээврийн хэрэгсэл З.Чын эзэмшилд байх /тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй/ боловч түүнд захиран зарцуулах хууль ёсны эрх үүсээгүй, уг эд хөрөнгийг өмчлөх эрх бүрэн шилжиж очоогүй байх бөгөөд хохирогч З.Ч нь Х.Г машин барьцаанд үлдээж буй үйлдэлд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоожээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Х.Г нь 2017 оны 8 дугаар сарын 30-наас хойш хэрэг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд хохирогч З.Чд автомашиныг шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй, хохирол төлбөр төлөх ажиллагааг хийгээгүй нь сэдлийн хувьд эхнээсээ залилах санаа зорилготой байсан гэж үзэх нөхцөл болж байна.

 

Шүүгдэгч Х.Г үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгөөрөө хохирсон З.Чыг хохирогчоор тогтоосон хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Г өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР