| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/03517/И |
| Дугаар | 102/ШШ2022/04398 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/04398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .......... байранд байрлах, Х ХХК /РД:0000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин суух, Б овогт Д.Г /РД:00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Б овогт Б.Н /РД:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 875,182,438.80 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.Г, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 875,182,438.80 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Д.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н нар нь Х-ны Төмөр зам бизнес төвтэй 2021 оны 05 сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 781,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь 2021 оны 05 сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 дугаартай зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 30,391,324.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 33,262,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 63,654,245.1 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг төлөх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлдэгч нартай байгуулсан 2021 оны 05 сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2022 оны 07 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 751,208,675.4 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 121,596,587.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,357,176.39 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 875,182,438.8 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
1.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 05 сарын 14-ний өдөр БГҮ/202146209386 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, .................. тоот хаягт байрлах, 362 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал зэргийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Х-наас 781,600,000 төгрөгийн зээл аваад цар тахалтай холбоотой зээлийг төлж чадахгүй байсан. Хэрэв миний хүсч байгаа 2 сарын хугацаа олгоод зээлээ дарах, эсхүл хуримтлагдсан хүүгээ төлчхөөд зээлээ гэрээний дагуу үргэлжлүүлэн төлөх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.05.14-ний өдрийн ЗГ/202146209386 тоот зээлийн гэрээ, 2021.05.14-ний өдрийн БГХ/202146209386 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.05.14-ний өдрийн БГҮ/202146209386 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.05.14-ний өдрийн гүйлгээний баримт, Д.Г, Б.Н нарын 0000000000 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын мөнгө төлсөн баримт, Д.Г, Б.Н нарын зээл хүссэн өргөдөл, зээлийн өргөдлийн маягт, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Х-ны 2021.11.12-ны өдрийн 5122/545 тоот мэдэгдэл, 2022.03.22-ны 61/1403 тоот мэдэгдэл, 2022.04.11-ний 61/1830 тоот мэдэгдлийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н нар нь Х-ны Төмөр зам бизнес төвтэй 2021 оны 05 сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 781,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь 2021 оны 05 сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 дугаартай зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 30,391,324.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 33,262,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 63,654,245.1 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээнд заасны дагуу зээлийг төлөх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд банк зээлдэгч нартай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 751,208,675.4 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 121,596,587.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,357,176.39 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 875,182,438.8 төгрөгийг гаргуулна.
2.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр БГҮ/202146209386 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, .................. тоот хаягт байрлах, 362 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал зэргийг тус тус барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Х-наас 781,600,000 төгрөгийн зээл аваад цар тахалтай холбоотой зээлийг төлж чадахгүй байсан. Хэрэв миний хүсч байгаа 2 сарын хугацаа олгоод зээлээ дарах, эсхүл хуримтлагдсан хүүгээ төлчхөөд зээлээ гэрээний дагуу үргэлжлүүлэн төлөх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.05.14-ний өдрийн ЗГ/202146209386 тоот зээлийн гэрээ, 2021.05.14-ний өдрийн БГХ/202146209386 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.05.14-ний өдрийн БГҮ/202146209386 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.05.14-ний өдрийн гүйлгээний баримт, Д.Г, Б.Н нарын 0000000000 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын мөнгө төлсөн баримт, Д.Г, Б.Н нарын зээл хүссэн өргөдөл, зээлийн өргөдлийн маягт, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Х-ны 2021.11.12-ны өдрийн 5122/545 тоот мэдэгдэл, 2022.03.22-ны 61/1403 тоот мэдэгдэл, 2022.04.11-ний 61/1830 тоот мэдэгдэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.Г, Б.Н нартай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 тоот зээлийн гэрээ байгуулж, 781,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ.
6. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 781,600,000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.
7. Нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарч байна.
8. Хариуцагч нар нь 781,600,000 төгрөгийн зээл авсан талаар болон төлсөн мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, харин зээлийн гэрээг цуцлахгүйгээр гэрээний зөрчлийг арилгаж, зээлийн гэрээг хуваарийн дагуу үргэлжлүүлэх санал гаргаж байна.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан.
10. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдсан бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.
11. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчиж, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй зөрчил үүсгэсэн байгаа нь гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
12. Нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гэрээ цуцлахад үндсэн зээлийн үлдэгдэл 751,208,675.40 төгрөг, үндсэн хүү 121,596,587.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,357,176.39 төгрөг, нийт 875,162,438.80 төгрөгийн төлбөртэй бөгөөд гэрээний үүргээ зөрчсний улмаас гарсан зардал 20,000 төгрөг, нийт 875,182,438.80 төгрөгийг үндсэн зээлдэгч Д.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н нараас шаарджээ.
13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
14. Гэрээнд зааснаар зээлийн хүү нь жилийн 18 хувь бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 412 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хариуцагч нар нь 63,654,245.10 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байх ба зээлдэгч нарын төлсөн төлбөрийн 30,391,324.60 төгрөгийг үндсэн зээлд, 33,262,920.50 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрөөс хасч тооцжээ.
15. Хариуцагч нар нь зээлийн болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй тул 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202146209386 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 751,208,675.40 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 121,596,587.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,357,176.39 төгрөг, нийт 875,162,438.80 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.
16. Харин хариуцагч нар гэрээний үүргээ зөрчснөөс үүдэн 20,000 төгрөгийн зардал гарч хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх үүргээ биелүүлж, нэхэмжлэлд хавсаргасан баримтыг нотариатаар батлуулж, 20,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч уг нэхэмжлэлийн нотлох баримтын зардал гэж дүгнэхэд учир дутагдалтай, гэрээндээ энэ талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зардал гарч хохирол учирсан гэж тооцох үндэслэлгүй байна.
17. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГҮ/202146209386 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Х ХХК нь Д.Г-тэй байгуулж, Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 486 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 00000000000000 нэгж талбарын дугаартай, 362 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байна. Энэхүү барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу ипотек үүссэн, уг гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Д.Г байна.
18. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГХ/202146209386 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг Х ХХК нь Д.Г, Б.Н нартай байгуулж, 81,372,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалсан байна. Энэхүү барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх боловч ямар бараа материалыг барьцаалсан болох жагсаалт нь байхгүй, барьцаалсан бараа материал хаана байгаа нь мэдэгдэхгүй, үүргийн гүйцэтгэлийг ямар бараа материалаар хангуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
19. Иймд хариуцагч Д.Г, Б.Н нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйл болох Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 486 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 00000000000000 нэгж талбарын дугаартай, 362 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны зүйл болох бараа материалаар үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 4,603,962 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Г, Б.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 875,162,438.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох бараа материалаар хангуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 486 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 00000000000000 нэгж талбарын дугаартай, 362 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,604,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,603,962 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ