| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/03623/И |
| Дугаар | 102/ШШ2023/00032 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .............. тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ............. тоот хаягт үйл ажиллагаа явуулах, Г ХХК /РД:0000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах, М ХХК /РД:0000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,338,193 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,224,800 төгрөг, гарсан зардал 113,393 төгрөг, нийт 1,338,193 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай байгууллага тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэдэг. М ХХК-д бараа нийлүүлээд үлдэгдэл төлбөр явсаар байгаад 1,338,193 төгрөг болсон. Хариуцагч талыг өр төлбөрөө барагдуулаач гээд өчнөөн холбогдсон ч сүүлдээ утсаа авахаа больсон. Ажил дээр нь очихоор байхгүй аргаа бараад шүүхэд хандсан. Үлдэгдэл төлбөр 1,224,800 төгрөг, олон удаа мөнгөө шаардаж очиж шатахууны зардал гаргасан 113,393 төгрөг, нийт 1,338,193 төгрөгийг хариуцагч М ХХК-иас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Г ХХК-ийн өр төлбөрийг өөрийн дансны хуулгаас шүүж үзээд тус компанийн захиралтай биечлэн уулзаж эвлэрэх хүсэлтэй байна. Өр төлбөртэй гэдэг дээр маргаагүй, харин төлөх төлбөр дээр ярилцах саналтай байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022.07.05-ны 116,900 төгрөгийн шатахууны баримт шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай байгууллага тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэдэг. М ХХК-д бараа нийлүүлж, үлдэгдэл төлбөр нь 1,224,800 төгрөг болсон. Ажил дээр нь олон удаа мөнгөө шаардаж очин шатахууны зардал гаргасан. Иймд шатахууны зардал 113,393 төгрөг, нийт 1,338,193 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулна гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Г ХХК-ийн өр төлбөрийг өөрийн дансны хуулгаас шүүж үзээд тус компанийн захиралтай биечлэн уулзаж эвлэрэх хүсэлтэй байна. Өр төлбөртэй гэдэг дээр маргаагүй, харин төлөх төлбөр дээр ярилцах саналтай байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, шатахууны баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Г ХХК нь М ХХК-д гэрийн тэжээвэр амьтны хуурай хоолыг нийлүүлж, талууд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэн, 1,224,800 төгрөгийн төлбөртэй болохоо баталгаажуулсан байна.
6. Шүүхээс Г ХХК, М ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
7. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрийн тэжээвэр амьтны хуурай хоолыг нийлүүлж, хариуцагч нь төлбөр төлөх үүрэг хүлээсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
8. Хариуцагч нь гэрээ байгуулагдсан, өр төлбөртөө талаар маргаагүй бөгөөд харин төлөх төлбөрийн хэмжээний талаар баримт шүүж гаргана гэсэн боловч тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан төлбөрөөс хойш төлөлт хийсэн талаар баримт гаргаж мэтгэлцээгүй болно.
9. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
10. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахдаа компани руу очиж шатахууны зардал гарсан гэж 113,393 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 116,900 төгрөгийн шатахууны баримт гаргажээ. Шүүхээс энэ баримтаар хариуцагчаас үүргээ шаардаж удаа дараа очсон, ийм хэмжээний зардал гарсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжилсэн мөнгөн дүн, баримтын дүн зөрүүтэй зэргээс хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 113,393 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзэхгүй.
11. Иймд хариуцагч М ХХК-иас 1,224,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113,393 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 33,945 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М ХХК-иас 1,224,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113,393 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,945 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ