Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймгийн Б шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч С.Г

Хохирогч Л.О

Шүүгдэгч З.У- нарыг оролцуулан Х аймгийн Б Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ын У-т холбогдох эрүүгийн 2540000000052 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ...ы өдөр ....... аймгийн .......суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, ..... настай, эрэгтэй, ..........боловсролтой, .......................мэргэжилтэй, .........ХХК-нд засварчин ажилтай, ам бүл ...., ........хамт ......аймгийн ........ сумын.....дугаар баг .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *********** регистрийн дугаартай, Б.......овогт З-ын У.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.У. нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... аймгийн ....... сумын ...... дүгээр баг,............ тоотод эхнэр ...................... нүүрэн тус газар цохиж зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Л.Ошүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

2540000000052 тоот эрүүгийн хэргээс

Хохирогч Л.О.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өмнөх өдөр болох 24-ний шөнийн 00 болоод Зулбаяр дэлгүүрийн худалдагчийн ажлаасаа тараад ........тоотод байрлах гэртээ ирэхэд нөхөр болох З.Унь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэр үед нөхөртөө хүн ажлаас ирж байхад гэр оронд ууж идлээ гээд уурлаад өөрийн аавын гэр .......7 тоотод 09 цаг болж байхад очсон. Төд удалгүй З.У.. 10 цагийн үед миний араас ирсэн. Намайг ханиа уучлаарай 3 хүүхдээ аваад харья гэж хэлсэн. Тэгэхээр нь би харихгүй, явахгүй гээд хөөсөн. З.У. 10 цагт ирээд 13 цаг хүртэл уучлал гуйсан, би уучлахгүй гээд хөөж туухад, явъя гээд татаж босгохдоо нүүр лүү цохисон ...урд өмнө нь намайг цохиж зодож байгаагүй ...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-н 12, 57 хуу/

Гэрч И.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хүү У нь тамхи татдаг архийг бол хэрэглээд байдаггүй байсан юм саяхнаас хаяа найзуудтайгаа гардаг болсон. Зан байдлын хувьд бол тэр болгон уурлаад байдаггүй, хаяа огцом уурладаг. Ер нь зодоон цохион хийсэн гэж дуулдаж байгаагүй ажлаа хийгээд л явж байдаг. Би багаас нь өдий хүртэл цуг байсан тэр хугацаанд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 59 хуу/

Шүүгдэгч З.У зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдогчоор өгсөн: “Миний таньдаг хүн таараад 0,75 граммын хэмжээтэй Агар нэртэй архийг өөрийн гэр болох .......... тоотод хамтдаа уусан. Манай эхнэр ажлаа тараад гэртээ орж ирээд намайг яагаад архи уугаад байгаан наадахаа боль гэж хэлээд том гэр лүү ороод унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь эхнэр байхгүй байсан, тэр өдөр амардаг өдөр нь байсан болохоор нь хаашаа явсан юм бол гээд хадмын гэрт очиход эхнэр ............... тоотод байсан. Эхнэрийг явъя, гуйгаад байхад явахгүй болохоор нь уур хүрээд баруун гараараа хүзүүдэж аваад зүүн гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуу/

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ХЭН-БОР0725/045 дугаартай

   1.Л.О биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэх дүгнэлт /хх-н 07-08 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.У нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... аймгийн ....... сумын ..... дүгээр баг, ......... тоотод эхнэр Л.О-н нүүрэн тус газар гараараа цохиж зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Хохирогч Л.О “...би уучлахгүй гээд хөөж туухад, явъя гээд татаж босгохдоо нүүр лүү цохисон..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ХЭН-БОР0725/045 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч З.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.О нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс, зан харилцааны доголдол зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

   Шүүхээс шүүгдэгч З.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг  харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт З.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл З.Учрахбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАТБАЯР