Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/03820

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/03820

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт С Н /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо   тоотод оршин суух Д овогт Н Н /РД:  /

 

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч С.Н, хариуцагч Н.Н

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Н.Нт холбогдуулан түрээсийн гэрээний барьцааны төлбөр 3,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

1.1. 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 5 дугаар хороо *тоот хаягт байршилтай пабын зориулалтаар ажиллуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, түрээсийн гэрээний барьцаанд 3,500,000 төгрөг байршуулсан.

 

1.2. 2018 оны 3 дугаар сард түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах болохоо мэдэгдсэний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд түрээсийн эд хөрөнгөд ямар нэг хохирол учруулаагүй болно.

 

1.3. Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн ба түрээсийн эд хөрөнгийг худалдаж байгаагийн улмаас гэрээ цуцлагдахаар болсон тул 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг авахгүйгээр тохирсон. Хариуцагч нь мөнгөний асуудалтай байгаагаас барьцааны 3,500,000 төгрөгийг түр хугацаанд хойшлуулахаар болсон бөгөөд одоо хүртэл өгөөгүй байна. Иймд барьцааны 3,500,000 төгрөгийг шаардсан гэжээ.   

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Пирамид пабыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчид түрээслүүлсэн бөгөөд сарын төлбөрийг 3,500,000 төгрөгөөр тохирсон.

 

2.2. 2018 оны 3 дугаар сард пабаа зарахаар болж, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг цуцалж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны төлбөрийг авахгүйгээр барьцааны 3,500,000 төгрөгийг суутган авахаар болж тооцоо дууссан.

 

2.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын түрээсийн төлбөрийг багасгаж сарын 2,500,000 төгрөг байхаар тохирсон байсан ба үүний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буцаан шилжүүлсэн. Бидний хооронд тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, кассын болон бэлэн мөнгөний орлогын баримтууд, Голомт банкны орлогын баримт, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, Капитрон банкны зээлийн дансны хуулга, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, харилцах дансны хуулга, “Капитрон банк” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 27/68 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-5-28, 34-46 дугаар тал/

 

4. Хариуцагчаас Капитрон банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /ХХ-ийн 52-54 дүгээр тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 5 дугаар хороо *тоот хаягт байршилтай *-ийн Пирамид пабыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, түрээсийн гэрээний барьцаанд 3,500,000 төгрөг байршуулсан. Гэрээний хугацааг сунгаж, пабыг ажиллуулж байсан боловч 2018 оны 3 дугаар сард пабыг худалдахаар болсны улмаас 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Гэрээ дуусгавар болсон хэдий ч барьцааны төлбөрийг буцаан өгөөгүй тул 3,500,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчид 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн ажиллуулж байсан пабыг нэг сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан, гэрээний дагуу түрээсийн төлбөр болон барьцааны төлбөр хүлээн авсанд маргахгүй. Харин гэрээ цуцлагдах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг авахгүй гэж хэлээгүй, ийм тохиролцоо хийгээгүй, энэ хугацааны түрээсийн төлбөрт барьцааны 3,500,000 төгрөгийг тооцож авсан. Нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй гэсэн байна.   

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

 

С.Н нь Н.Нын пабын зориулалтаар ажиллуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийг тухайн зориулалтаар нь ажиллуулах зорилгоор нэг сарын хөлсийг 3,500,000 төгрөг, хөлсийг сар бүрийн 1-ний өдөр төлөх, гэрээний хугацааг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тохирч 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээг бичгээр байгуулжээ. Энэхүү гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээг байгуулсан асуудлаар болон хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. /ХХ-ийн 22-24 дүгээр тал/

 

Дээрх гэрээний гол нөхцөлийн талаарх тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн асуудлаар тэд маргаагүй ба уг гэрээний түрээслүүлэгч талыг төлөөлж У.С оролцсон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд түрээсийн гэрээг Н.Нтай бичгээр хийгээгүй нь зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.    

 

Гэрээний хугацааг талууд 2 удаа сунгасан байх ба гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдаж буй үндэслэлээр түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлаж 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дуусгавар болгосон, энэ хугацаанд түрээсийн төлбөрт 210,000,000 төгрөг төлөгдсөн, барьцааны зүйлд 3,500,000 төгрөг хүлээн авсан асуудлаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй байхаар тохирсон, гэрээний хугацаанд түрээсийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй үндэслэлээр барьцааны зүйл болох 3,500,000 төгрөгийг шаардсан бөгөөд уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “тухайн хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй гэж тохироогүй, 2018 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг авахгүйгээр барьцааны мөнгийг суутгаж тооцоог дуусгасан, харин С.Нгийн хүсэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацааны төлбөрийг нэг сарын 2,500,000 төгрөг байхаар тохирсон ба уг хугацааны төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, одоо ямар нэг тооцоо байхгүй” гэж маргав. /ХХ-ийн 25-28, 7-21 дүгээр тал/        

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааг “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл барьцааны эрх гэж барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс буюу барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар, мөн гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг олгодог. Талууд гэрээгээр “барьцааны төлбөрийг 3,500,000 төгрөг” гэж тогтоосон гэж байгаа боловч энэхүү тохиролцоо нь барьцааны гэрээний агуулгагүй байна. Харин түрээслэгч нь түрээслүүлэгчид гэрээ байгуулсны нотолгоо болгон түрээслүүлэгчийн шаардсанаар нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээгээр гэрээний үүрэгт урьдчилан мөнгө өгсөн байх тул үүнийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчин нь гэрээ байгуулсны нотолгоо болгож гэрээний үүрэгт оролцуулан төлж буй төлбөр бөгөөд үүнийг гэрээ дуусгавар болоход үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцно эсвэл үүргийг гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгэгчид буцаан олгох мөнгө юм.   

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 210,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба уг үүргийг биелүүлсэн буюу түрээсийн төлбөр бүрэн төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан банкны болон кассын орлогын баримтуудаар, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /ХХ-ийн 7-21 дүгээр тал/

 

Гэрээний талууд хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлаж болох бөгөөд гэрээ цуцласан нь үндэслэлтэй эсэх болон 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлаж, дуусгавар болгосон асуудлаар зохигч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй ба уг төлбөрийг төлөхгүй байхаар тохирсон гэсэн тайлбараа нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж заасан. Иймд гэрээг дуусгавар болгохдоо түрээслүүлэгч нь дэнчингийн 3,500,000 төгрөгийг авч үлдсэн нь үндэслэлтэй.

 

Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульд заагаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж ойлгоно. Уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэжээ. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхээ 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь дэнчингийн 3,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нт холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА