Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт ******** ын ******** д холбогдох 2526000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

*

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** аймгийн ************** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт *********** аймгийн *********** сумын * дугаар баг *-** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******** овогт ********н ********** /РД:*******************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь ******** аймгийн ******** сумын * дугаар баг *-**тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 17, 2025 оны 02 дугаар сарын 13, 2025 оны 02 дугаар сарын 16, 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр **********ийг байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Янз бүрийн зүйлээс болж маргалдаад, хамт архи уухаараа намайг гар зайл гээд хэл амаар доромжилдог байсан. Тэгээд муудалцахаараа л цагдаа дуудчихдаг байсан. Тэрнээс биш би зодож, нүдээд янз бүр болсон зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр ********** гэртээ орж ирэхэд хоол хийж өгтөл хоолоо асгаад байсан. Тэгэхээр нь би дахиад хийж өгтөл хоолоо идчихээд босож ирснээ миний хамар луу мөргөж, хоолой ам боогоод байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан чинь 20 цагийн орчимд нөхөр ********** “Харзтай” нэртэй архи барьчихсан согтуу орж ирээд телевизор зарсан. Миний данс руу мөнгө хийсэн гээд мөнгө нэхээд уурлаад байсан. Би банк онгойхгүй гэхэд, картаар аваад өг гэсэн. Амралтын өдөр авч болохгүй гэхэд босож ирээд хоёр гарнаас бариад толгой хэсэгт мөргөсөн удалгүй цагдаа ирсэн. Хүүхдүүдийн биед халдсан зүйл байхгүй. Мөн хэл амаар доромжлоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр ********** гаднаас согтуу орж ирээд тамхины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар миний толгой руу алгадаад, түрийтэй гутлаа шидээд миний гуяыг онож  байсан. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр ********** гэрт орж ирээд хоол хийгээгүй байна гэж уурлаад байхаар нь хоол хийгээд өгтөл өмнөөс цацаад босож ирээд үснээс зулгааж, дух руу мөргөсөн. 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр телевизор зарсан мөнгө өг гээд хоёр гарнаас барьж байгаад толгой руу мөргөсөн. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бас согтуу гэрт орж ирээд намайг галын хайчаар цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим ********* сумын * дугаар баг *-** тоотод байх гэртээ байж байсан. Манай нөхөр ********** согтуу орж ирээд хоол унд хийгээгүй байна гэж хэрүүл маргаан хийж миний үснээс зулгаагаад толгой хэсэг рүү цохиж зодчихоод гараад явсан, би цагдаад мэдэгдсэн. Тухайн үед бид хоёр л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/,

 

              Шинжээчийн №167 дугаартай “...**********ийн биед бүсэлхий нуруу, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн өнгө, шинж байдал, шимэгдэлтээс үзэхэд 2025 оны 02 дугаар сарын 13-нд бүсэлхий нуруу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь, 2025 оны 02 дугаар сарын 16-нд баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт гэмтэл тус тус үүсгэгдсэн байх боломжтой. ...хохирол тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Шинжээчийн №134 дугаартай “...**********ийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт, **********ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зодуулсан гэх асуудалд холбогдуулан шинжээч томилсон /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Шинжээчийн №ӨВХ0725/202 дугаартай “...**********ийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...хохирол тогтоогдохгүй...” дүгнэлт, **********ийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зодуулсан гэх асуудалд холбогдуулан шинжээч томилсон /хх-ийн 142-143 дугаар  хуудас/,

 

            Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 2025/ЗШ/31 дугаартай шийтгэвэр. (********** нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр **********ийн биед халдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан) /хх-ийн 52-56 дугаар хуудас/,

 

Хүнийг саатуулсан эрх бүхий албан тушаалтны тогтоол (**********ийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагт эхнэр **********ийг зодсон гэх үндэслэлээр) /хх-ийн 73 дугаар  хуудас/,

 

Хүнийг саатуулсан эрх бүхий албан тушаалтны тогтоол (**********ийг 2025 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 22 цагт эхнэр **********т агсам согтуу тавьсан гэх үндэслэлээр) /хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 118, 243-р хуудас/,

 

Яллагдагчийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 216-217 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол /хх-ийн 247 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч **********ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 234,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 226/, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 227 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч **********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ******** сумын * дугаар багийн *-** тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 17, 2025 оны 02 дугаар сарын 13, 2025 оны 02 дугаар сарын 16, 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр **********ийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...Хохирогчоос нийт 4 удаагийн мэдүүлэг авдаг. Энэ 4 удаагийн мэдүүлэгт цаг хугацааг тодорхой тодруулсан, мөн энэ цаг хугацаанд ямар үйл баримт болсон талаар хохирогчоос тодорхой тодруулсан. ...Энэ талаар хэрэгт авагдсан хүнийг саатуулсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 13, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол, мөн зөрчлийн хэрэг нээх эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийн 31 дугаартай шийтгэвэр, мөн шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр хохирогч **********ийн биед гэмтэл тогтоогдоно. Эдгээр гэмтэл нь хуульд зааснаар хохирлын зэрэг тогтоогдоогүй байдаг. ...Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдэгдсэн учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ********** нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу өөрийн эхнэрийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ үйлдэл нь удаа дараа давтагдсан шинжтэй үйлдлийг гаргасан буюу Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан болох нь эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч ********** нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч **********ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ********** нь ********* аймгийн ********* сумын * дугаар багийн *-** тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 17, 2025 оны 02 дугаар сарын 13, 2025 оны 02 дугаар сарын 16, 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр **********ийг байнга зодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ********** овогт ********** ********** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч **********ийн “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр ********** гэртээ орж ирэхэд хоол хийж өгтөл хоолоо асгаад байсан, тэгэхээр нь би дахиад хийж өгтөл хоолоо идчихээд босож ирсний миний хамар луу мөргөж, хоолой ам боогоод байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Хохирогч **********ийн дахин өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан чинь 20 цагийн орчимд нөхөр ********** “Харзтай” нэртэй архи барьчихсан согтуу орж ирээд телевизор зарсан, миний данс руу мөнгө хийсэн гээд мөнгө нэхээд уурлаад байсан. Би банк онгойхгүй гэхэд, картаар аваад өг гэсэн, би амралтын өдөр авч болохгүй гэхэд босож ирээд хоёр гарнаас бариад толгой хэсэгт мөргөсөн удалгүй цагдаа ирсэн. Хүүхдүүдийн биед халдсан зүйл байхгүй. Мөн хэл амаар доромжлоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, хохирогч **********ийн дахин өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр ********** гаднаас согтуу орж ирээд тамхины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар миний толгой руу алгадаад, түрийтэй гутлаа шидээд гуя руу цохиж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр ********** гэрт орж ирээд хоол хийгээгүй байна гэж уурлаад байхаар нь хоол хийгээд өгтөл өмнөөс цацаад босож ирээд үснээс зулгааж, дух руу мөргөсөн. 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр телевизор зарсан мөнгө өг гээд хоёр гарнаас барьж байгаад толгой руу мөргөсөн. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бас согтуу гэрт орж ирээд намайг галын хайчаар цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-90-91 дүгээр хуудас/, хохирогч **********ийн дахин  өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим ******** сумын * дугаар баг *-** тоотод байх гэртээ байж байсан. Манай нөхөр ********** согтуу орж ирээд хоол унд хийгээгүй байна гэж хэрүүл маргаан хийж миний үснээс зулгаагаад толгой хэсэг рүү цохиж зодчихоод гараад явсан, би цагдаад мэдэгдсэн. Тухайн үед бид хоёр л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/, Шинжээчийн №167 дугаартай “...**********ийн биед бүсэлхий нуруу, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн өнгө, шинж байдал, шимэгдэлтээс үзэхэд 2025 оны 02 дугаар сарын 13-нд бүсэлхий нуруу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь, 2025 оны 02 дугаар сарын 16-нд баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт гэмтэл тус тус үүсгэгдсэн байх боломжтой. ...хохирол тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас/, Шинжээчийн №134 дугаартай “...**********ийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт, **********ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зодуулсан гэх асуудалд холбогдуулан шинжээч томилсон /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Шинжээчийн №ӨВХ0725/202 дугаартай “...**********ийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...хохирол Тогтоогдохгүй...” дүгнэлт, **********ийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зодуулсан гэх асуудалд холбогдуулан шинжээч томилсон /хх-ийн 142-143-р хуудас/, Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 17-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 2025/ЗШ/31 дугаартай шийтгэвэр. (********** нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр **********ийн биед халдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан.) /хх-ийн 52-56 дугаар хуудас/, Хүнийг саатуулсан эрх бүхий албан тушаалтны тогтоол (**********ийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагт эхнэр **********ийг зодсон гэх үндэслэлээр) /хх-ийн 73 дугаар  хуудас/, Хүнийг саатуулсан эрх бүхий албан тушаалтны тогтоол (**********ийг 2025 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 22 цагт эхнэр **********т агсам согтуу тавьсан гэх үндэслэлээр) /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2024 оны 11 дүгээр сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 17, 2025 оны 02 дугаар сарын 13, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус эхнэр **********т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч **********ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

  

Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

            Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж байсан бөгөөд хохирогч нь нас барсан болох нь CVL2562010001002200 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч **********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********ид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч ********** нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас тооцох хохиролгүй, хувийн байдал, ахуй амьдралын тухайд 2-8 насны буюу бага насны 4 өнчин хүүхэдтэй өрх толгойлж үлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын хэмжээ нь 6 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй гэмт хэрэг байгаа. Нэгэнт өрх толгойлж, ахуй амьдралаа авч явж, хүүхдүүдийн амьдралын төлөө явах хүн бол гадаа гарч эр, гэрт орж эм болж энэ хүүхдүүдийн гарыг нь ганзганд хүргэх эцэг хүний үүрэг энэ хүнд оногдсон учраас үүнийг маш сайн ухамсарлаж, ухаанаа зарж амьдрах хэрэгтэй. Хуучин шиг архи дарс ууж явбал амьдрал нь өөдлөхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ял нь орон нутгаасаа гарах боломжгүй, хүүхдүүд өвдөх, сургуульд зөөх, аймаг орон руу явах асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэсэн тохиолдолд энэ ялын хэрэгжилт биелэгдэх магадлал багатай, эрх зүйн байдал нь хүндрэх нөхцөл үүсэх учраас өмгөөлөгчийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Улсын яллагчаас гаргасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх саналыг дэмжиж байна. Хуульд заасан доод хэмжээгээр энэ ялыг оногдуулж, хэрэгт авагдсан баримтуудаар бага насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон эцэг гэдэг нь тогтоогдож байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулах үндэслэл байна. Ийм учраас улсын яллагчийн гаргасан саналаас бага хэмжээнд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй учраас шүүхийн тогтоолд энэ талаар дурдуулж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгч **********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар шүүгдэгч ********** овогт ********** **********ийг хорих ял оногдуулахгүйгээр есөн сарын хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********ид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

 

Шүүгдэгч ********** нь нэг хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч ********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж байсан бөгөөд хохирогч нь нас барсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт ********** **********ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар шүүгдэгч ********** овогт ********** **********ийг хорих ял оногдуулахгүйгээр есөн сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********ид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч **********ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

6. Шүүгдэгч ********** нь нэг хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч ********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж байсан,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ид ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх гэж байгаа талаар шүүхэд дару мэдэгдэхийг, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг нэн даруй сулласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР