Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1161

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01043 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭМ” ХХК-д холбогдох

 

Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй, буруу халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 17 712 360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би “ЭМ” ХХК--д 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг Оюу толгой ХХК-тай манай компани хамтран ажиллах төслийн хугацаагаар байгуулж, инженер засварчин албан тушаал дээр ажилд орж 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ажиллаж байсан болно. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 10 минутанд ээлжийн ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааны хурал дуусаад, тус хурлын өрөөнд байхад хамт ажилладаг инженер Г.Б-тай энгийн дотно байдлаар харилцан ярилцаж байтал тэрээр ард явж байгаад миний араас тэвэрсэн ба би хариуд нь толгойноос нь барьж тавиулах үед Г.Б- хөл эвгүй болчихлоо гэсэн. Эвгүй гишгэсэн гэж бодоод эмнэлэгт очих уу гэж асуутал “гайгүй байна” гэж хэлсэн. Энэ үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан” Н-” болон” С” гэдэг компанийн ажилтнууд болон манай ээлжийн ахлах П.Л зэрэг олон хүмүүс хамт байсан юм. Гэтэл ажлаас халсан тушаалд намайг Г.Б-г “ноцолдож байгаад газар унагаасан” гэж буруутгасан байна. Тэгж ноцолдож газар унагаасан явдал огт болоогүй юм. Би 2018 оны 12 дугаар сарын эхээр 7 хоногийн амралт авсан, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн ажилд намайг очихоос хоёр хоногийн өмнө Г.Б- гүний уурхайгаас дээшээ гарч ирээд ажлын дараа усанд ордог, хувцсаа сольж цэвэрлэгээ угаалганд өгдөг нийтийн усанд ордог газарт усанд орж байгаад халтирч унаад хөлийн тойгны ясаа гэмтээгээд Улаанбаатар хот руу буцсан тухай сонссон. Ажлаас буугаад бид ээлжээрээ Г.Б-г эргэж, аавд нь 6 сард болсон явдпыг тайлбарлаж хэлсэн юм. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би уурхай руу ээлжиндээ явсан ба маргааш нь буюу 12 дугаар сарын 21-ний өдөр цалин буухад миний цалин бага орсон байсан, үүнийг нягтлан бодогчоос асуусан. Нягтлан бодогч хүний нөөцөөс цалинг чинь 12 дугаар сарын 24-ний өдрөөр хаа гэсэн, өөрөө асуу гэж хариу хэлсэн. 2018 оны 12 сард уурхайд ажилд гарахад эрүүл мэндийн хувьд саадгүй, эдгэрсэн, ажилдаа тэнцэнэ гэдэг эмчийн дүгнэлт заавар байсан учир компани ажилд гарахыг зөвшөөрсөн байх журамтай. Амралтын байрандаа, усанд орж байхдаа Г.Б- халтирч унасан нь халуун усны аюулгүй байдал болон нойтон шалны хамгаалалт зэрэг асуудалтай холбоотой байж болох байтал надтай зун тоглож байгаад хөлөө эвгүй гишгэсэн явдалтай холбон намайг шууд буруутган ажлаас халсанд гомдолтой байна. Ажлаас халагдсанаас хойш 2018 оны 1 сард би аавыгаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар группийг нь сунгуулах, шинээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгохоор хамт авч явах, асрах зэргээр 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлэхэд нь сахиж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг ар гэрийн гачигдалтай байдлаас шалтгаалан хэтрүүлсэн байна. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөхийг хүсч, хариуцагч “ЭМ” ХХК- нь намайг ажлаас буруу халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17.712.360 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “ЭМ” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЭМ” ХХК- нь Г.Б-той 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж гүний уурхайн засвар, үйлчилгээний хэлтэст инженер засварчны ажлын байранд ажиллуулсан. Гэтэл Г.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г.Б- нэртэй ажилтантай ноцолдож, урт хугацаагаар эмчлүүлэхэд хүргэж хөлд нь гэмтэл учруулсан төдийгүй энэ үйлдлээ нуун дарагдуулсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу "хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил" гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн ерөнхий захирлын 00/000 тушаалаар цуцалсан болно. Г.Б- хөдөлмөрийн гэрээг зөрчиж, дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан: 10.2.6-т "аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлээгүй", 10.2.9 "ажлын байранд гарсан осол, гэмтлийг санаатайгаар нуун дарагдуулж, мэдэгдэхгүй байсан", 10.2.11 "хамтран ажилладаг болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж дарамталсан, хүчирхийлсэн", 10.2.12 "Компанийн ёс зүйн журмыг зөрчсөн" байна. Г.Б- нь 2018 оны 12  дугаар сарын 8-ны өдөр компанид утсаар ярьж, 12 сарын 9-нд бичгээр гомдол гаргасан үед л илэрсэн юм. Г.Б- Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд ийм зөрчилд ажлаас халах арга хэмжээ авдаг гэдгийг мэдэж байсан. Э группийн ёс зүйн дүрэм, бусад дүрэм, журмыг танилцуулах сургалтад хамрагдсан, мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг сургалтаас гарангуут энэ зөрчлийг гаргасан байна. Иймд Г.Б-ыг ажлаас хууль бусаар, үндэслэлгүй буруу халсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Түүний хүний буруугаас болж манай ажилтан Г.Б- нь 6 сар ажлаа хийж чадахгүй хохирсон байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Г.Б-ыг “ЭМ” ХХК--ийн Инженер засварчин ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч “ЭМ” ХХК--иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15.064.011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.648.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “ЭМ” ХХК--д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б- нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 152.080 буцаан олгож, хариуцагч “ЭМ” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 233.270 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч Ж.Батзориг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Г.Б-, Г.Б- нар ажлын байран дээр ноцолдсон талаар талууд маргаагүй гэж зөв дүгнэсэн атлаа уг үйлдлийн улмаас Г.Б- нь Г.Б-гийн хөлийг гэмтээсэн үйл баримт нотлогдохгүй байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Б-, Г.Б-гийн хөлийг гэмтээсэн нь баримтуудаар нотлогдох ба энэ үйл баримт нь тус компанийн ажилтан н.Э, н.Р нар компанийн хүний нөөцөд өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “Г.Б-д санамсаргүй гэмтэл учруулсан гэдэгтэй маргаагүй байтал уг үйлдлийн улмаас Г.Б- нь Г.Б-гийн хөлийг гэмтээсэн” үйл баримт нотлогдохгүй байна гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Г.Б- нь гэмтлийг санаатай нуун дарагдуулсан, мэдэгдээгүй гэдэг нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. “О Т” ХХК-ийн кемпийн болон уурхайн талбарын дүрэмд осол, гэмтлээс сэргийлэх үүднээс хүний бие махбодь, эд зүйлсэд гэмтэл хохирол учруулахуйц байдлаар ноцолдож, тоглоом наадам хийхийг хориглосон байдаг. Г.Б- дээрх дүрмийг зөрчиж хамт ажилладаг ажилтан Г.Б-д 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан гэмтлийг учруулсан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.9-т ажлын байранд гарсан осол, гэмтлийг санаатайгаар нуун дарагдуулах, мэдэгдэхгүй байх, 10.2.11-т өөртэй хамтран ажиллагчтай зүй бусаар харьцаж, дарамталсан зэрэг ажлаас шууд халахаар заасан ноцтой зөрчлийг гаргасан учир ажлаас халагдсан нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан ажлаас буруу халсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргана гэж заасныг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шүүхийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх ямар ч боломжгүй нотлох браимт байхад нотлох баримтыг үнэлж хуулийг буруу тайлбарлан хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч  Г.Б- нь хариуцагч “ЭМ” ХХК--д холбогдуулж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй, буруу халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17 712 360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Хариуцагч  “ЭМ” ХХК--ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18/255 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Э ёс зүйн дүрэм, дотоод журмын 9.3, Ажлын байрны дарамт ялгаварлаас урьдчилан сэргийлэх журмын 4, Хөдөлмөрийн гэрээний 8.1.3-т зааснаар Г.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил эхлэхээс өмнө Г.Б-г ноцолдож байгаад газар унагасан ба Г.Б- нь 6 сард хуваарьт амралтаараа амрах үедээ эмнэлэгт үзүүлж хөл нь гэмтсэнийг тогтоолгосон. Энэхүү явдлыг нуун дарагдуулж, 2018 оны 12 дугаар сарын         09-ний өдөр илрүүлж, судалсан ба судалгааны явцад Г.Б- нь Г.Б-гийн биед гэмтэл учруулж, цаг тухайд нь мэдэгдээгүй, санаа тавиагүй ба улмаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д “ажлын байранд гарсан осол, гэмтэлийг санаатайгаар нуун дарагдуулах, мэдэгдэхгүй байх буюу ослын талаар худал мэдээлэл өгсөн бол” болон 10.2.11-д “өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамталсан, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан бол” гэх ноцтой зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Г.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 8/

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй ба ийнхүү зөрчил, буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэзээ  гаргасан, гаргасан гэх зөрчил нь  тодорхой тогтоогдсон байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг хангасан байх учиртай.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д “ажлын байранд гарсан осол, гэмтэлийг санаатайгаар нуун дарагдуулах, мэдэгдэхгүй байх буюу ослын талаар худал мэдээлэл өгсөн бол”, 10.2.11-д “өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамталсан, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан бол” хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 12/

 ”ЭМ” ХХК--ийн хүний нөөцийн менежер А.Булган, хүний нөөцийн мэргэжилтэн П.Март нарын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Судалгааны тайланд  “...Г.Б-ын зүй бус үйлдлийн улмаас Г.Б- хөлөө гэмтээсэн байна. Г.Б- нь Г.Б-г өвчний улмаас чөлөөтэй байсан 5 сарын хугацаанд Г.Б-д анхаарал тавиагүй, тэрээр энэ үйлдлийн талаар 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хэнд ч хэлээгүй, Г.Б-ыг шинээр ажилд орсон ажилчидтай үе үе ширүүн харьцдаг, хүмүүсийн талаар эвгүй тоглоом шоглоом хийдэг гэдгийг хамт ажиллагсад нь хэд хэдэн мэдүүлэгт дурдсан, ...энэ нь ноцтой зөрчил гэж тооцогдоно. Иймд Батболдын гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэж дүгнэлт ба зөвлөмж гаргав” гэжээ /хх-ийн 54-58/

 

Г.Б- Г.Б- нар ажлын байран дээрээ 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөр хоорондоо ноцолдсон,  улмаар Г.Б- хөлөө гэмтээсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “ЭМ” ХХК--ийн хүний нөөцийн ажилтнуудын судалгааны тайлан, түүнд хавсаргасан баримтуудаас гадна гэрч Д.Б, Г.Б-, П.Л нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байхаас гадна хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д зааснаар “ажлын байранд гарсан осол, гэмтэлийг санаатайгаар нуун дарагдуулсан, мэдэгдээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэвч  ажил олгогч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан зөрчилд үндэслэн  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан  сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг зөрчжээ.

 

Харин анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 10.2.11-д зааснаар Г.Б- нь өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамталсан, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан гэх үйл баримт нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

 Дээр дурдсан үндэслэлээр Г.Б- нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдсон боловч зөрчил гаргаснаас  хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах тушаал гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсныг хууль бус гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх Г.Б-ыг “ЭМ” ХХК--ийн Инженер засварчин ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 15 064 011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 191/0220 дугаар Комиссын шийдвэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0093134 дугаар актаар тогтоогдсон гэж үзэж  мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоосон ба энэ талаар хариуцагч тал анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 233 271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ