Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П******* Б******* ,

Хариуцагч: М******* нарын хооронд үүссэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: М*******аас
П.Б*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2017 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан цэргийн тэтгэвэр 51,021,176 төгрөгийн хохирлыг гаргуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар Цэргийн албан хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга, хурандаа П******* Б*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргажээ.

Нэхэмжлэгч П.Б*******оос тус тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 550872 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин нэхэмжлэлийн шаардлагын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн тус шийдвэр давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байна.

3. Процессын түүх: Нэхэмжлэгч П.Б******* шүүхэд анх Тэтгэвэрт гаргах мэдэгдэл өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цэргийн тэтгэвэр нөхөн гаргах тушаал гаргахыг М*******ад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Улмаар нэхэмжлэгч П.Б*******оос нэхэмжлэлийн шаардлагаа Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Б*******ыг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг  М*******аас гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын шадар сайдад даалгах гэж өөрчилсөн.

Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр М*******ын П.Б*******ыг цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж, бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг М*******ад даалгаж, Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргад ажиллаж байсан П.Б*******ыг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргаагүйгээс орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг М*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 311 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч П.Б******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. П.Б*******ыг Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлж, төрийн жинхэнэ албанаас цэргийн тэтгэвэрт гаргах тухай М*******ын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0956 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон юм. Үүнээс хойш П.Б******* миний бие ажилгүй, тэтгэвэр ч үгүй хохирч хууль ёсны эрх ашиг маань ноцтой зөрчигдсөн билээ. Миний бие 1983 онд ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургууль, 1991 онд Цэргийн академи, 2015 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, цэргийн оператив, стратеги тактик, эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлийн дагуу цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан, ҮБХИС болон ДХИСургуулийн профессор, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн академич, төрийн албаны тэргүүн зэрэг ахлах түшмэл цол зэрэгтэй АНУ, БНЭУ, БНФУ, Швейцарь, Сингапур, БНХАУ, Филиппини, Малайз улсад мэргэжил дээшлүүлсэн ба Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн отрядын дарга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт, ҮБХИСургуульд цэргийн албаны дарга, ХЦДСургуульд Хилийн факультетийн дарга, Онцгой байдлын ерөнхий газар байгуулагдахад анхны Тамгын газрын дарга, ОБСургуулийн захирал, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дэд даргаар ажиллаж 53 жил алба хаахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

4.2. Гэтэл намайг Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын албан үүргээ гүйцэтгэж хөдөө аймагт томилолтоор ажиллаж байхад төрийн алба хаагчдаа хүндэтгэлгүй хандаж үндэслэлгүйгээр албанаас чөлөөлсөн. Тухайн үеийн шадар сайд Ө.Э "намайг өргөдлөө өг албан тушаал, цол бууруулахгүйгээр өөр ажилд томилно" гэж хэлж даруй 2 жил 3 сар хүлээлгэн ажилгүй мөн тэтгэвэргүй хохироосон. Хэрвээ намайг ажлаар хангах боломжгүй байсан бол цэргийн тэтгэвэр тогтоолгохоор шийдвэр гаргах ёстой байхад гаргаагүй орхигдуулсан шадар сайдын хууль бус эс үйлдэхүйгээс надад дараахь хохирол учирсан болно.

4.3. Хэрэв намайг албан тушаалд томилохгүй байсан юм бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Цэргийн албаны эрх зүйн тухай хууль, Тэтгэвэр тэтгэмжийн хууль, Онцгой байдлын хуулийн дагуу намайг тэтгэвэрт гаргах бүрэн эрх нь Шадар сайдад байсан. Дотоод хэргийн сургуульд мэргэжлээрээ хоёр жил шахуу ажиллаад 2021 оны 8 дугаар сард тэтгэвэрт гарснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа тэтгэвэр гэж өөрчилсөн. Намайг 2017 онд томилолтоор явж байхад ажлаас чөлөөлсөн тушаал гарч байсан. Надад мэдэгдэл өгөөгүй, намайг чөлөөлөхдөө хууль зөрчөөд тушаал гаргаж тэтгэвэрт гаргасныг шүүх хүчингүй болгосон. Хэрвээ томилохгүй байсан юм бол тэтгэвэрт гаргах тушаал гаргах нь Шадар сайдын бүрэн эрхийн асуудал байсан. Би олон жил цэргийн алба хаасан ёс зүйтэй байя гэж бодсон юм.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 46.2-т Төрийн жинхэнэ алба хаагчийг дараах үндэслэлээр ажлаас чөлөөлнө. 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн алба хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана, 61.1.1 ...албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах... гэж заасан. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага 21.1-д цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

4.5. Монгол улсын шадар сайд нь дээрх хуулийн заалт болон хуулийн хүчин төгөлдөр болсон 128/ШШ/2017/0956 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн тушаалаа дахин хуульд нийцүүлэн гаргаж, М*******ын 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр тушаалын хавсралтаар баталсан байгууллагад алба хаах журмын 7.1-д "Онцгой байдлын асуудал эрхэлсэн тэтгэвэр тогтоолгох алба хаагчид тухайн анги байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэл өгнө, мэдэгдэх хуудасны хугацаанд тухайн алба хаагч тэтгэвэрт гаргахад шаардагдах баримт бичиг, материалыг бүрдүүлж анги байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө" гэсэн заалтуудыг зөрчин төрийн жинхэнэ алба хаагч би тэтгэвэр авах эрхээ эдэлж чадаагүй хохирсон юм. Иймд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас надад учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 1 өдөр хүртэл хугацаанд олгогдох байсан цэргийн тэтгэвэр 49.007.943 (дөчин есөн сая долоон мянга есөн зуун дөчин гурван)-ийг буруутай албан тушаалтнаас гаргуулж өгнө үү.

4.6. Эрүүл мэнд, нийгмийн даатгал бичилт хийгдээгүйгээс одоо болтол Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж чадахгүй мөн Төрийн алба хаагчдад олгогдох 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан жил тасарсан шалтгаанаар одоо болтол бүрэн бодуулж авч чадаагүй хохирч байна.

4.7. Нэхэмжлэгч П.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн 1-р шаардлага нь 2017 оны 9-р сард тэтгэвэр тогтоолгож, 2020 оны 1 дүгээр сар хүртэл авах ёстой байсан тэтгэврийг хохиролд тооцож гаргуулах гэж ойлгох нь зөв. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тодорхойлохдоо П.Б******* намайг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргах ёстой байхад гаргаагүй орхигдуулсан шадар сайдын хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол гэж тодорхой бичсэнийг анхаарна уу.

4.8. 49,950,000, төгрөгийн тэтгэвэр гэж нэхэмжилсэн нь 2017 оны 9-р сараас 2020 оны 1-р сар хүртэл тогтоогдох ёстой тэтгэвэр болно. Өөрөөр хэлбэл 2012-2016 оны цалингийн дундажийг 1,850 000 төгрөг гэж тооцож, тэтгэвэр аваагүй 27 сараар үржүүлж тооцсон болно.

4.9. Нэхэмжлэлийн шаардлагадаа 49,007,946 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Хан-уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд тэтгэвэр тогтоогдох байсан бол хэдэн төгрөг тогтоох байсан талаар тодруулгыг авахад 51,021,176 төгрөгийн тэтгэвэр тогтоогдохоор байна гэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа 51.021.176 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

4.10. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийгдээгүйгээс одоо болтол Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж чадахгүй, мөн Төрийн алба хаагчдад олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан жил тасарсан шалтгаанаар одоо болтол бүрэн бодуулж амжаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэл дурдсан нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гэж огт тодорхойлоогүй болно. гэжээ.

5. Хариуцагч М*******аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч П.Б******* нь Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад М*******ын 2017 оны 74 дүгээр тушаалаар чөлөөлөгдөж, уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 8 хоног /57 нас хүртэл/ ажилласнаар тооцож, тус хугацааны цалин 550872 /таван зуун тавин мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

5.2. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0956 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хуульд заасан ахлах офицерын алба хаах хугацааг 52 наснаас сунган ажилласан 5 жилээр тооцоход нэхэмжлэгч П.Б******* 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул шүүхээс цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй юм." гэжээ.

5.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн талаар баримт байхгүй, мөн үүний дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгөөгүй зэргээс үзэхэд үргэлжлүүлэн төрийн цэргийн болон цэргийн сургуульд ажиллах сонирхолтой байсан нь Монгол Улсын Ерөнхий сайдад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, Шадар сайдад 2017 оны 10 дугаар сарын 18, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус тус өргөдөл гаргасан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр, тэтгэвэрт гаргах тушаал гаргаагүй, нэхэмжлэгчийн өөрийн үйлдлээс одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.4. Нэхэмжлэгч 2017 оны 9-р сараас 2020 оны 1-р сар хүртэлх тэтгэвэр 49.950.000 төгрөг /2012-2016 оны цалингийн дундаж 1.850.000х27 сар/-ийн хохирол нэхэмжилжээ. Дээрх тоон үзүүлэлтүүд нь үндэслэлгүй бөгөөд 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багт ахлах багшаар ажиллаж хурандаа" цолны нэмэгдэлд /ТТ14-5-аар 991783 төгрөгийн 36% нь 357.041,88 төгрөг/ 7.140.837,6 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /ТТ14-5-аар 991783 төгрөгийн 10% нь 99.178,3 төгрөг/ 1.983.566 төгрөг, нийт 9,124,403,6 төгрөг авч байсан бөгөөд хэрэв тэтгэвэр тогтоолгосны дараа ажилласан бол дээрх нэмэгдлүүдийг авах боломжгүй байсан. Мөн цалин, хөлсөө бууруулахгүй байх зорилгоор тэтгэвэрт гарахгүй өөр байгууллага, албан тушаалд томилогдон ажиллах хүсэлтэй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.5. Шүүхийн шийдвэрийн хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр П.Б*******ын ажилласан хугацаа буюу арван хоногийн цалинг картын хамтаар М*******ад хүргүүлсэн. Мөн хүчингүй болсон 74 дүгээр тушаалыг дахин хууль нийцүүлэн гаргуулахаар Шадар сайдад тушаалын төслийг 2018 онд хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч хэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа Шадар сайдтай уулзахад ажилд томилно байж бай гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Мөн П.Б******* нь Монгол улсын Ерөнхий сайдад 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Үндэсний Батлан Хамгаалах сургуульд ажиллах хүсэлтэй байна гэх өргөдлийг, 2018 оны 7 дугаар сард Шадар сайдад Үндэсний Батлан Хамгаалах сургуульд ажиллах хүсэлтэй байна гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан. Шадар сайдын зүгээс болон Шадар сайдын албаны зүгээс хуульд заасны дагуу хийх ёстой баримт бичгүүдийг үйлдэж Онцгой байдлын ерөнхий газар луу явуулж тэтгэвэрт гаргах тушаал шийдвэрүүдийг гаргуулах зуур П.Б******* нь өөрөө тухайн үйл ажиллагаанд саад болсон, тухайн захиргааны актыг гаргах нөхцөл байдлыг бүрдүүлээгүй гэж үзэж болохоор байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 128/Ш/2017/0956 дугаар шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч өөрөө тэтгэврийн асуудлыг орхигдуулсан нь цааш ажиллах хүсэлтэй байсныг харуулдаг. Мөн дээр дурдсанаар холбогдох албан тушаалтнуудад цэргийн сургуульд багшаар ажиллая гэсэн хүсэлт гаргаж байсан нь нэхэмжлэгч 62 нас хүртлээ ажиллах сонирхолтой байсныг харуулдаг.

5.6. Дараагийн асуудал нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгоод 2020 оны 1 дүгээр сараас Дотоодыг хамгаалах их сургуульд багшаар ажилласан бол П.Б******* нь цэргийн алба хаагчийн цалин хөлсөн дээр цолны нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл авахгүй ажиллах журамтай. Үндсэндээ 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл тэтгэвэрт гарсан байсан бол хурандаа цолны нэмэгдэлгүй ажилласан бол авсан цалин хөлснөөс 9.124.403 /есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гурван/ төгрөг хасагдах ёстой байсан. Хэрэв энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдвал нийт дүнгээс энэ дүн хасагдах ёстой гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...иргэн миний бодлоор П.Б******* нь үндэслэлтэй нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед тушаал шийдвэр албан ёсоор гарч мэдэгдээгүй учир хохирлоо нөхөн авах эрхтэй. Харин хариуцагч нь хохирлыг хуулийн дагуу тооцож олгох ёстой гэж үзэж байна. Нөхөн олгохдоо хуулийн хэмжээг баримталж хянаж тооцох нь зөв байх... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч П.Б*******оос Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах үүргээ биелүүлээгүй М*******ын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд олгогдох байсан цэргийн тэтгэвэр 51,021,176 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж, үндэслэлээ ...Монгол улсын шадар сайд намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг шүүхээс тогтоосон тул тэтгэвэрт гаргах тушаалаа дахин хуульд нийцүүлэн гаргах үүрэгтэй байсан, .... гэтэл намайг ажилд томилно гэсэн хүлээлт үүсгэж, тэтгэвэрт гаргах тушаал гаргахгүй хохироосноос төрийн жинхэнэ алба хаагч миний тэтгэвэр авах эрх зөрчигдсөн... гэж тайлбарласан.

3. Хариуцагч М*******аас ...П.Б******* тэтгэвэрт гарах хүсэлт гаргаж байгаагүй, үргэлжлүүлэн цэргийн алба хаагчаар ажиллах сонирхолтой байсан нь Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад тус тус гаргасан өргөдлөөр нотлогдоно... хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, М*******ын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга, хурандаа П.Б*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор мөн оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тэтгэвэрт гаргасан.

5. Үүнийг эс зөвшөөрч П.Б*******оос шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр М*******ын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Б*******ыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хуульд заасан ахлах офицерын алба хаах насны дээд хязгаар 57 нас хүрсэн үндэслэлээр цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

6. Ийнхүү нэхэмжлэгч П.Б*******ыг тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлсөн шийдвэр хүчингүй болсон боловч хариуцагч М*******аас цэргийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл цэргийн албанаас чөлөөлсөн аль нэг шийдвэрийг гаргаагүй, харин нэхэмжлэгчээс цэргийн алба үргэлжлүүлэн хаах хүсэлт гаргаснаас тэтгэвэрт гарах хүсэлтээ илэрхийлж байгаагүй, энэ үйл баримтын тухайд талууд маргаангүй.

7. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.-д Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана., 11.6.-д Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно., 22 дугаар зүйлийн 22.1.-д Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө:, 22.1.5.-д алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; гэж заажээ.

8. Хуулийн тус зохицуулалт болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас үзэхэд маргаан бүхий энэ тохиолдолд буюу цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг тэтгэвэр тогтоолгохоор хэрхэн албан тушаалаас нь чөлөөлөх журмыг зохицуулаагүй байна.

9. Иймд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэхээр байх ба Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. гэж заажээ.

10. Уг хуулийн заалтаас үзвэл, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах сонгох боломж томилох эрх бүхий этгээдэд байх ба энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч хүсэл зоригоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байхыг шаардаж байна.

11. Харин төрийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн албан хаагч үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан ч захиргааны санаачилгаар түүнийг албан тушаалаас чөлөөлөх журамтай, энэ тохиолдолд хүсэлт гаргах нь ач холбогдолгүй бөгөөд ийм хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд гаргаснаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар үүсэхгүй учраас тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөхөөс өөр шийдвэр гаргах боломж томилох эрх бүхий этгээдэд байхгүй, зайлшгүй тэтгэвэрт гарах хүсэлтийг шаардахгүй байхаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зохицуулжээ.

12. Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр П.Б*******ыг цэргийн албанаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон, мөн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэгч үргэлжлүүлэн цэргийн алба хаах боломжгүй, иймд М*******аас П.Б*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах үүрэгтэй байсан.

13. Гэтэл тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй хэмээн хуульд заагаагүй үндэслэл зааж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчээс үргэлжлүүлэн цэргийн алба хаах хүсэлт гаргасан ч Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д зааснаар цэргийн албанаас чөлөөлөгдөх зохицуулалттай тул ...үргэлжлүүлэн цэргийн алба хаах хүсэлт гаргасан тул албан тушаалаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгч өөрөө шийдвэр гаргахад саад учруулсан... гэсэн тайлбар үндэслэлгүй.

14. Дээрх үндэслэлээр хариуцагч М*******аас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч П.Б*******ын тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн, хэрэв хуульд заасан журмын дагуу түүнийг цэргийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан бол нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгон авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан тул иргэдийн төлөөлөгчийн ...тухайн үед тушаал шийдвэр албан ёсоор гарч мэдэгдээгүй учир хохирлоо нөхөн авах эрхтэй. Харин хариуцагч нь хохирлыг хуулийн дагуу тооцож олгох ёстой гэж үзэж байна. Нөхөн олгохдоо хуулийн хэмжээг баримталж хянаж тооцох нь зөв байх... гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

15. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан.

16. Нэхэмжлэгчээс цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тэтгэвэр тогтоолгон авах ёстой гэж маргасан, гэвч шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр М*******ын 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчаас шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхийн шийдвэр гаргасан тус өдрөөр нэхэмжлэгч П.Б*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх тушаалыг гаргах ёстой байсан гэж үзэх нь бодит байдалд нийцнэ.

17. Тиймээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн тодорхойлсноор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд П.Б******* нийт 44,566,544 төгрөгийн тэтгэвэр авах байсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн хийсэн тооцооллоор нотлогдож байна.

18. Тодруулбал, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд 636,416 төгрөг /2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тогтоогдох тэтгэвэр 1793547 төгрөг : 31 өдөр = нэг өдрийн тэтгэвэр 57856 төгрөг, 57856 төгрөг * 11 өдөр = 636,416 төгрөг/-ийн тэтгэвэр,

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 43,930,128 төгрөгийн тэтгэвэр, нийт дүнгээр 44,566,544 төгрөгийн тэтгэврийг нэхэмжлэгч авах байжээ.

19. Харин 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр М*******ын дээрх тушаал хууль бус болох нь тогтоогдоогүй байсан учраас хариуцагчийг тухайн өдөр шийдвэр гаргах байсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын тус хугацаанд хамаарах 6,454,632 төгрөгийн хохирлыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20. Иймд хариуцагч М*******ын хуульд заасан үүргээ биелүүлээгүй, П.Б*******ыг өндөр насны тэтгэвэрт тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөөгүй хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгон авах эрх зөрчигдөж, дээрх хугацаанд хамаарах тэтгэврийг авч чадаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйллийн 100.1-д заасан үндэслэлээр өөрт учирсан 44,566,544 төгрөгийн хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

21. Хариуцагчаас ...нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тэтгэвэрт гарсан бол Дотоод хэргийн их сургуульд ажиллах боломжгүй байсан, ...багшаар ажиллахдаа цэргийн алба хаасны нэмэгдэл авах ёсгүй байсан учраас шаардсан хохирлоос цалингийн нэмэгдлийг хасах ёстой... гэх тайлбаруудын тухайд, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгож чадаагүй хугацаанд өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагчийг зөвтгөх, хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болох учиргүй бөгөөд тухайн этгээд өөр байгууллагад ажиллаж олсон цалин орлогыг түүний төлөх ёстой хохиролд суутган тооцох үндэслэлгүй.

22. Түүнчлэн шүүхээс хариуцагч М*******ыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээс П.Б*******ыг тэтгэвэрт гаргах тушаал гаргахыг даалгаж шийдвэрлээгүй тул ...Дотоод хэргийн их сургуулиас тэтгэвэрт гарсан тул түүнээс өмнө тэтгэвэр авах боломжгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

23. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан, түүнчлэн шүүхээс зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.2-т зааснаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч П.Б*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй М*******ын хууль бус үйл ажиллагааны улмаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авах байсан цэргийн тэтгэвэр 44,566,544 төгрөгийн хохирлыг хариуцагч М*******аас гаргуулан нэхэмжлэгч П.Б*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,454,632 төгрөгийн хохирлыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М*******аас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА