Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

            Шүүгдэгч: Ц.Одхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хатан овгийн Цогдэлгэрийн Одхүүд холбогдох 201716000035 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Архитектур мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ГХБХБГ-т зураг төсөл, хот төлөвлөлтийн магадлал хариуцсан мэргэжилтэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3 дугаар баг, 20-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хатан овгийн Цогдэлгэрийн Одхүү /РД:КЮ86121798/

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Одхүү нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 3 дугаар багийн нутагт байрлах Нутгийн удирдлагын ордны зүүн замд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Говь гурван сайхан зам ХХК-ний эзэмшлийн 16-83 ӨМҮ улсын дугаартай Sonata маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Б.Бумнасан, насанд хүрээгүй хүүхэд Б.Санжаадамба нарыг мөргөж зам тээврийн осол гаргаад зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Одхүү мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явсан. Удирдлагын ордны зүүн талаар машинтайгаа 20 километр цагийн хурдтай явж байсан. Тэр замаар хөл хөдөлгөөн их байдаг. Шатны хажуу талд саарал өнгийн машин байсан. Хойноос нь хүүхэд тэвэрсэн хүн гэнэт гарч ирэхэд би баруун талруугаа дараад боржур даваад зогссон. Тэгээд би сандраад араас нь гүйж очоод та яасан бэ гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Хүүхэд нь уйлж байсан болохоор би хүүхдийнх нь эрүүл мэндийг хамгийн түрүүнд бодоод шууд эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг дээр ирээд томаграфикийн зураг авахуулъя гэхэд 12 цагт авна гээд би хүүхдийн аав, ээжтэй өдөржин эмнэлэг дээр байсан. Тэгээд зураг авхуулахад хүүхдийн биеийн байдал зүгээр гарсан” гэв.

Яллагдагч Ц.Одхүү мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ... “Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө Нутгийн удирдлагын ордны зүүн талын засмал замаар урд талын урсгалаас хойд зүг рүү машинаа байрлуулж тавих гээд явж байхад зүүн гар талаас гэнэт хүүхэд тэвэрсэн хүн гүйгээд гарч ирсэн. Би машиныхаа рулээ баруун гар тийш  шахаж дарсан боловч мөргөсөн. Би хамгаалалтын бүсээ тайлаад машинаасаа буугаад  зүгээр үү ахаа гэж хэлэхэд тэр хүн зүгээрээ гээд цаашаа хүүхдээ тэврээд цэцэрлэг рүү явахаар нь араас гүйж очоод эмнэлэг явъя гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдээгүй иргэний үүргээ биелүүлээд эмнэлэг явъя гэж тухайн хүнийг хүүхэдтэй нь авч яваад эмнэлэгт авч очсон. Би тухайн үед машинд мөргүүлсэн хүүхдийг бодоод хурдан эмнэлэг явъя гэж бодоод эмнэлэг явсан. Өглөөгүүр Нутгийн удирдлагын ордны орчимд хөдөлгөөн их байдаг учраас маш хяналттай 20 орчим километр цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 85 дугаар хуудас/

Гэрч Л.Бумнасан мэдүүлэхдээ... “Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 08 цаг 55 минутын үед хүүхдээ 1 дүгээр цэцэрлэгт хүргэхээр удирдлагын ордны зүүн талын засмал зам дээр машинаа байрлуулчихаад машины цонхоор машин ирж байна уу гэж харахад машин байхгүй байхаар нь хүүхдээ тэврээд зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлээд миний ухаан балартаад нүд бүрэлзсэн байсан. Манай хүүхэд миний тэврээс мултраад машины урд талын шил мөргөөд газар унахдаа духаа цөмөлсөн байсан. Би сорж гаргаад хүүхэд уйлаад байхаар нь аргадаад замаас цааш гараад хүүхдээ аргадаад байж байгаад жолоочтой би уулзаад эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг очсон. Гарцгүй газраар гарч явсан юм. Урдаас хойшоо чиглэлтэй машин ирж мөргөсөн. Жолоочийг холбоо барих боловуу харилцан тохиролцож болох юм боловуу гэж бодоод нэлээн хүлээгээд ярихгүй ирж уулзахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/

Гэрч Ц.Золбоо мэдүүлэхдээ... “Би өглөө 1 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх гээд Говь сэндсийн зогсоол дээр машинаа байрлуулж тавьчихаад машины хаалгаа онгойлгоход хүүхэд орилох чимээ гарахаар нь харсан чинь Одхүүгийн машин байсан. Одхүү машиныхаа хажууд зогсоод сандарсан байдалтай машины урд талд нь нэг хүүхэд уйлаад аав нь сэгсэрсэн байдалтай байж байсан. Одхүүгийн машины урд талын салхины шил нь хагарсан байдалтай байсан. Эмнэлэг явахуу яахуу гэж хэлэхэд аав нь цаашаа цэцэрлэг рүү хүүхдээ тэврээд орж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  56 дугаар хуудас/

Гэрч Т.Батцэнгэл мэдүүлэхдээ... “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Одхүү нь Санжаадамбыг эмээтэй нь дагуулаад над дээр ирээд Одхүү хэлэхдээ би машинтай явж байгаад хүн мөргөчихлөө хүүхэд үзүүлэх гэсэн юм гэхээр би Одхүүг цагдаад мэдэгдсэнүү гэж асуухад Одхүү мэдэгдсэн гэж хэлсэн. Их сандарсан байдалтай байсан. Би Санжаадамбын эмээ болон Одхүү нарт цагдаад заавал мэдэгдэх ёстой байдаг шүү гэж хэлсэн. Маргааш өдөр нь Бумнасан гэж хүн толгой өвдөөд байна гэж над дээр ирсэн. Яасан юм гэж асуухад өчигдөр өдөр машинд мөргүүлсэн хүүхдийн аав нь байна. Би машинд бас мөргүүлсэн юм гээд ганцаараа ирсэн. Одхүү цагдаад мэдэгдсэн гэсэн болохоор би цагдаад мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/

Гэрч Ө.Дугармаа мэдүүлэхдээ... “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагийн үед ажил дээрээ байж байгаад нөхөрлүүгээ утсаар юм асуух гээд залгахад манай нөхөр Бумнасан хүү бид хоёр машинд мөргүүлээд гэртээ байж байна гэхээр нь би хүүхэд гайгүй юу гэхэд манай нөхөр гайгүй орон дээр хэвтэж байна. Чи эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм гэж асуухад манай нөхөр жолоочтой хамт эмнэлэг дээр очсон. Эмч байхгүй байна 10 цагаас эмч нь ирнэ гэсэн. Тэгээд гэмтлийн эмчид үзүүлсэн чинь томографикийн зураг авахуулна гэж эмч хэлсэн. Машинаар мөргөсөн Одхүү гэдэг залуу нь манай хүүхдийн толгойны зураг нь гарсан дараа яваад өгсөн. Ахиж ирж уулзаж хүүхэд болон манай нөхрийн биеийн байдлыг асуухгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.01 №102 дугаар дүгнэлт:

  1. Л.Бумнасангийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.01 №103 дугаар дүгнэлт:

  1. Б.Санжаадамбын биед духны зүүн хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт: Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Чулуунбаатарын 2017.02.11-ний өдрийн №05 тоот дүгнэлт

1. 16-83 ӨМҮ улсын дугаартай Хюундай соната-7 маркийн автомашины жолооч Ц.Одхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

2. Явган зорчигч Л.Буманасан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарамгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Удирдлагын ордны зүүн талын асфальтан хучилттай замыг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн гаталсан явган зорчигч Л.Бумнасангийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

4. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 29 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.02.16 №794 дүгээр автомашины техникийн үнэлгээний тайлан: 2009 онд үйлдвэрлэгдсэн 2014.11.17-нд орж ирсэн Hyundai Sonata маркийн автомашины урд салхины шил 200000 төгрөг, шууд бус зардлын дүн 20000 төгрөг нийт дүн 220000 төгрөг. /хх-ийн 38 дугаар хуудас/

2017.03.14-ний өдрийн №11 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1. Жолооч Ц.Одхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р /жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ заалтыг зөрчөөгүй.

2. Уг зам тээврийн осол нь явган зорчигч Л.Бумнасангийн буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. Л.Бумнасан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Чулуунбаатарын 05 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Гэхдээ 16-83 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Ц.Одхүү нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-ийн Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна. Үүнд 2.5в “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгуллагад мэдэгдэж..осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. /хх-ийн45 дугаар хуудас/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл 2017.01.27 №90 /хх-ийн 01 дүгээр хуудас/

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмлэглэл 2017.01.30, Замын цагдаагийн газрын “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”, зам тээврийн ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-18 дугаар хуудас/  

Цэнгэлийн Одхүү /регистрийн дугаар:КЮ84121798/ В ангилалын №310912 дугаартай жолооны эрхийн үнэмлэхтэй. /хх-ийн 30 дугаар хуудас/

Цогдэлгэрийн Одхүү /регистрийн дугаар:КЮ86121798/ эрхийн үнэмлэхгүй /хх-ийн 31 дүгээр хуудас/

2017.02.11-ний өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/

2017.03.14-ний өдөр Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл “Сэжигтэн Ц.Одхүү нь зам тээврийн осол гаргасан газраа зааж өгий гэснээр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас хөндлөн явж Даланзадгад сумын төв Нутгийн удирдлагын ордны зүүн засмал дээр ирээд Ц.Одхүү би урд талын урсгалаас хойшоо чиглэлтэй явж байгаад гэнэт хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн гүйгээд гарч ирэхэд харсан гэх газар зааж хэмжихэд Нутгийн удирдлагын ордны шатнаас 3.80 метр шатны булангаас шатны дунд хэсэг хүртэл 2.90 метр байв. Ц.Одхүү нь мэдүүлэхэдээ явган хүн гүйгээд гарад ирэхээр нь би тормосцоглоод баруун гар тийшээ шахаж зогссон гэх газар зааж харуулаад хэмжихэд 3.83 метр байв. Би замын боржур даван зогссон байсан гэх газраа зааж уг газрыг хэмжихэд мөргөсөн гэх газраас замын баруун гар талын боржур хүртэл 50 сантиметр байв” /хх-ийн 46 дугаар хуудас/

2017.03.14-ний өдөр Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “Гэрч Л.Бумнасан нь автомашинд мөргүүлсэн гэх газраа зааж өгий гэснээр Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас хөдлөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас хөндлөн явж Даланзадгад сумын төв Нутгийн удирдлагын ордны зүүн засмал дээр очоод ертөнцийн зүгээр би хойд талын урсгалаар урагшаа машинтайгаа ирж нутгийн удирдлагын зүүн талын шатны хажууд машинаа байрлуулан тавьсан гэх газрыг зааж уг шатны урд талын булангийн хэсгээс машин байрлуулсан хэсэг хүртэл 90 сантиметрээс1.54 сантиметр Л.Бумнасан нь би тухайн үед машиныхаа хойд талаар хүүхдээ тэврээд зам хөндлөн гарч байгаад дайруулсан гэх хэсгээ зааж хэмжихэд уг шатны гол хэсэг 5.30 метр, шатны урд талын булангаасшатны дунд хэсэг хүртэл 1.90 метр, автомашинд мөргүүлсэн гэх хэсгээс шатны урд талын булангийн хооронд 6.60 метр хэмжээтэй замын нийт өргөн 5.95 метр байв./хх-ийн 51 дүгээр хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас/

2017.03.29-ний өдрийн №23 дугаар Прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 70 дугаар хуудас/зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Одхүү нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 3 дугаар багийн нутагт байрлах Нутгийн удирдлагын ордны зүүн замд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Говь гурван сайхан зам ХХК-ний эзэмшлийн 16-83 ӨМҮ улсын дугаартай Sonata маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Б.Бумнасан, насанд хүрээгүй хүүхэд Б.Санжаадамба нарыг мөргөж зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Зам тээврийн осолд холбогдсон жолооч замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д зааснаар а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы хэрэгслээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг мөн дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолоочийн үүргээ биелүүлээгүй байна.

          Шүүгдэгч Ц.Одхүүд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Эрүүгийн шинэчлэн найруулсан хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

          Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэдэг ойлголт нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 11 дүгээр зүйл Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах гэмт хэрэгт байхгүй тул шүүгдэгч Ц.Одхүүд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч Ц.Одхүү цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДиг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Одхүүгийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 болгон зүйлчлэсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын 2 ширхэг CD-г хэрэгт хугацаа дуустал хадгалсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одхүү цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөр хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Одхүүд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ