| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/01143/И |
| Дугаар | 181/ШШ2022/02186 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2022/02186
| 2022 10 03 | 181/ШШ2022/02186 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 70,370,440 төгрөг, алдангид 35,185,220 төгрөг, нийт 105,555,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
Гэрч Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Н товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь Л ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 70,370,440 төгрөг, алдангид 35,185,220 төгрөг, нийт 105,555,660 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Э ХХК болон Л ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 16/17 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж, худалдагч тал бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч тал бетон зуурмагийг хүлээн авч, үнийг нь төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэрээний дагуу захиалагч тал М250 маркын 193 м.куб бетон зуурмагийг 27,879,700 төгрөгөөр, М300 маркийн 471 м.куб бетон зуурмагийг 79,411,800 төгрөгөөр тус тус худалдан авсан буюу нийт 664 м.куб бетон зуурмагийг 107,291,500 төгрөгөөр авсан бөгөөд худалдагч тал бетон зуурмагийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд нийлүүлж дууссан. Захиалагч гэрээний нийт үнээс 36,921,060 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 70,370,440 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлж манай компанийг хохироосоор байгаа.
Гэрээний 6.1-д төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд захиалагчийн төлөх алданги хуульд заасан хэмжээ буюу 35,185,220 төгрөг болсон.
Дээрх төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, захирал Ж.Буянхишиг нь компаниа бусдад шилжүүлж төлөөлөх эрхгүй болсон нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч компанийн хаягийг дахин шинээр олж уг нэхэмжпэлийг гаргаж байна.
Иймд бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 70,370,440 төгрөг, түүний алданги 35,185,220 төгрөг нийт 105,555,660 төгрөгийг хариуцагч Л ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ. /хх 1/
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Буянхишиг нь Л ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд хувь хүн болох Ж.Буянхишигийн нэрээр дээрх гэрээг байгуулаагүй, хариуцагч Л ХХК-ийг төлөөлж гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан тул компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулж бетон зуурмагийг авсан. Иргэний хуульд зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах зохион байгуулалтын нэгдэл байдаг бөгөөд хариуцагч компани эрх зүйн чадвартай, хууль болон дүрэмдээ заасан удирдлагаараа дамжуулан эрх зүйн харилцаанд орсон. Мөн Компанийн тухай хуульд зааснаар компанийн эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцах бөгөөд бусад этгээдийн өмнө хариуцах зохицуулалт байхгүй. Мөн Компанийн тухай хуульд компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч компанид хохирол учруулсан бол компани хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан. ... гэв.
2. Хариуцагч Л ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай компани нь 2014 онд гадаад худалдаа болон фермэрийн аж ахуй эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүрэнжав овогтой Эрдэнэлхам, Ажнай цэгц ХХК-ийн нэр дээр Компанийн эрх шилжүүлэх гэрээ хийж Л ХХК-ийг шилжүүлж авсан билээ. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Э ХХК-тай хийсэн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ нь манай талд компанийн эрхийг шилжүүлж өгөхөөс өмнөх үйл явдал тул тус хэрэгт манай компани хамааралгүй гэж бид үзэж байна... гэжээ. /хх 20/
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Э ХХК болон Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 16/17 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02518 дугаар Л ХХК-ийн захирал Ж.Б-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэрийн хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хаяг тогтоосон тодорхойлолтын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШЗ2019/10786 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгсон итгэмжлэл, бетон зуурмаг нийлүүлсэн талаарх анхан шатны баримтуудын хуулбар, Ж.Одончимэгийн Хаан банк дахь эзэмшлийн 5021517053 дугаартай дансы хуулга /хх 3-14, 54-100, 126-131/ зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: Л ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, хурлын протокол, Компанийн нийт хувьцааны 50 хувийг Ажнай цэгц ХХК-д шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбарууд, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 21-45/ зэргийг гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Гэрч Ж.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- хариуцагч Л " ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 16/17 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрт 70,370,440 төгрөг, алдангид 35,185,220 төгрөг нийт 105,555,660 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: тус гэрээ нь манай талд компанийн эрхийг шилжүүлж өгөхөөс өмнөх үйл явдал тул бидэнд хамааралгүй гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э ХХК нь Л ХХК-тай байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 16/17 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний дагуу М250 маркийн 193 м.куб, М300 маркийн 471 м.куб, нийт 664 м.куб бетон зуурмагийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн гэрээний хуулбар, бетон зуурмаг нийлүүлсэн талаарх анхан шатны баримтуудын хуулбар /хх 5-7, 54-103/ зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Л ХХК нь дээрх гэрээний дагуу 107,291,500 төгрөгийн үнэ бүхий 664 м.куб бетон зуурмагийг хүлээн авсан асуудлаар маргаагүй бөгөөд бетон зуурмагийн үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс хойш биелүүлээгүй, одоо 70,370,440 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд тооцоо нийлсэн тухай акт /хх 9/-ыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлджээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:-ийн 5.1.4-т үнэн зөв байх; гэж,
- 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. ... гэж,
- 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:-ийн 14.4.3-т бүх өр төлбөр; гэж,
- 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:-ийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; гэж тус тус заасанд үндэслэн шүүх эдгээр байгууллагын нягтлан бодогч, захирал нарын гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэхээр байна.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-т захиалагч төлбөрийг хугацаа хожимдуулан хийсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай танцэх алдангийг худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6/
Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасанд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн энэ зохицуулалт болон гэрээний дээрх заалтын дагуу хариуцагчаас алдангид 35,185,220 төгрөг нэхэмжилсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.
5. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, худалдан авагч тал гэрээний дагуу бетон зуурмаг хүлээн авсан эсэх, үлдэгдэл төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй зэрэг үйл баримтад маргаагүй.
Харин хариуцагчийн зүгээс дээрх гэрээг тус компанийн тухайн үеийн захирал Ж.Буянхишиг байгуулж, тооцоо нийлсэн бөгөөд бид компанийн эрх шилжүүлэн авах үед өр төлбөртэй байсан эсэх асуудлыг мэдээгүй учир хариуцахгүй /хх 20, 52/ гэх байр суурийг илэрхийлж компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, түүнтэй холбогдох бусад баримтууд /хх 17, 21-45/-ыг гаргаж өгсөн.
Ж.Буянхишиг нь 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Л ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан болох нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, тус ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хуулбар /хх 8, 25/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тухайн цаг хугацаанд тэрээр хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохынхоо хувьд тус компанийн нэрийн өмнөөс Э ХХК-тай гэрээ байгуулж, бетон зуурмагийг хүлээн авсан байна.
Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Ж.Б, С.А, Б.М, A нар нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг Ажнай цэгц ХХК болон С.Эрдэнэлхам нартай байгуулж шилжүүлсэн, одоо тус компанийн хувьцааг Ажнай цэгц ХХК болон С.Эрдэнэлхам нар эзэмшдэг болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж тодорхойлсон бөгөөд Л ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 5900972 дугаарын регистр авч, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд болсны хувьд өөрийн удирдлагаар дамжуулан эрх зүйн харилцаанд орсон байна.
Иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө өөрөө хариуцдаг тул Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлага 2017 онд солигдсон үйл баримт нь компанийн дотогш чиглэсэн маргаанд хамаарахаас бус гадагшаа чиглэсэн харилцаанд буюу хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй, ач холбогдолгүй тул шүүх нэхэмжлэгчийг худалдсан бетон зуурмагийнхаа үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Талуудын байгуулсан гэрээний 1.2-т хугацааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил байхаар тохирсон учир Э ХХК-д гэрээний үүргийг шаардах эрх 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг тоолоход 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар харагдаж байна.
Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор буюу 2017 ондоо шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас энэхүү нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлж чадаагүй, улмаар хариуцагчийн хаягийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар тогтоолгосон, уг хаягийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргахад хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд солигдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ингээд 2019 оны сүүл үеэс цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн хөл хорио тогтоосны улмаас хариуцагчийг хаягийг олох ажиллагаа удааширч, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр энэхүү нэхэмжлэлийг гаргасан хэмээн тайлбарлаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02518 дугаар Л ХХК-ийн захирал Ж.Буянхишигийг эрэн сурвалжлах тухай шийдвэрийн хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хаяг тогтоосон тодорхойлолтын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШЗ2019/10786 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 10-13/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Иймд Лелминерал ХХК-иас Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх Э ХХК-ийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй тул мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс дахин шинээр тоологдоно.
Иймээс нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Л ХХК-иас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 70,370,440 төгрөгийг гэрээнд заасны дагуу тооцогдсон алданги 35,185,220 төгрөгийн хамт шаардах эрхтэй тул шүүх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 105,555,660 төгрөгийг Л ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр дээрх дүгнэлтэд хүрсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 36,921,060 төгрөгийг зарим хэсгийг дансаар хүлээж авсантай холбогдох Ж.Одончимэгийн Хаан банк дахь эзэмшлийн 5021517053 дугаартай дансы хуулга /хх 126-131/-ыг маргаанд ач холбогдолгүй буюу талууд нэгэнт тооцоо нийлсэн акт үйлдсэн, үүнтэй маргаагүй үндэслэлээр үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 685,729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
8. Шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Л ХХК-ийн оршин байх Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хамелтон төв 301 тоот хаягаар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлэхэд уг хаяг тус хороонд байдаггүй талаар Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа /хх 114, 116-119/ ирсэн бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэнгийн 80114871 дугаарын утсаар холбогдож мэдэгдэхэд би тус компанийг төлөөлөхөө больсон, би хуралд оролцохгүй гэсэн хариуг өгсөн. /хх 115/
Хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Ням-Аюуш нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт /хх 125/-д гарын үсэг зурсан боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 105,555,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 685,729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН