| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2021/02045/И |
| Дугаар | 181/ШШ2022/02243 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2022/02243
| 2022 10 07 | 181/ШШ2022/02243 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Т -ын,
Хариуцагч: М ХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 1,827,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч: "М " ХК -ийн,
Нэхэмжлэгч: Э.Т-т холбогдох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,662,240.85 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Т , түүний өмгөөлөгч Б.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 1,827,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Э.Т би автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг "М " ХК-тай өөрийн эзэмшлийн 79-10 УАЕ улсын дугаартай, Тoyota Harrier маркийн автомашиныг 1 /нэг/ жилийн хугацаатай тус тус гэрээ байгуулсан.
Миний бие 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зам тээврийн осолд орж, тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан бөгөөд тухайн цаг мөчид "М "-н шуурхай алба, цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу ирж үзлэг, хэмжилт хийн эвдрэл, гэмтэлийг баримтжуулсан бөгөөд жолооч миний буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг шалгаж тогтоосон.
Үүний дагуу "Ашид билгүүн ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэж, бусдын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг миний бие жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар нөхөн барагдуулсан.
Мөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд "Ашид билгүүн" ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-г хүргүүлсэн. Үнэлгээгээр зах зээлийн үнийг 30.000.000 төгрөгөөр тодорхойлж, эд ангийн эвдрэл хохирлын үнэлгээг нийт 5.490.000 төгрөгөөр тогтоосон.
Улмаар "М " ХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 5.490.000 төгрөгийг гаргуулахтай холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж хүлээлгэн өгсөн. Гэтэл "М " ХК-иас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн хэдий ч 3.662.240 төгрөгийг олгосон бөгөөд үлдэх 1.827.760 төгрөгийг зах зээлийн үнэлгээнд харьцуулж хувь тэнцүүлэн, нөхөн төлбөрийг 86,67 хувиар тооцож, үүнээс гэрээнд заасан өөрийн хүлээх хариуцлага 10 хувийг хасаж, мөн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайланд дурдсан урд буфер, баруун урд крылонд үүссэн хохирол зэргийг хасаж шийдвэрлэсэн байдаг.
Хэрэв "М " ХК нь 859003282 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу 79-10 УАЕ улсын дугаартай автомашинд нөхөн төлбөр олгох эсэх тал дээр ямар нэгэн маргаан байхгүй бол тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгох үүрэгтэй. Гэтэл хөндлөнгийн үнэлгээний компаниас тухайн автомашины зах зээлийн ханшийг 30.000.000 төгрөг гэж тодорхойлоод байхад ямар ч үндэслэлгүйгээр хувь тэнцүүлэн 86,67 хувиар бодон багасгаж, өөрийн хүлээх хариуцлагыг хасан тооцож байгаа нь даатгуулагч миний эрх ашгийг хохироож байна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн "Ашид билгүүн" ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-ийн 1 дүгээрт Буфер /урд/ солих, мөн 10 дугаарт Крыло /баруун урд/ засах хэмээн дурдагдсан байхад хохирол учраагүй буюу бичигдээгүй гэх үндэслэлээр хасаж, тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Даатгуулагч Э.Т миний бие даатгалын компаниас гаргасан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороо"-нд гомдол гаргасан боловч 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 09/405 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний журмаар шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэлээ.
Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/03284 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу даатгалын 859003282 дугаар гэрээ болон баталгааг нотариатаар баталж хавсаргаж өгсөн болно. Иймд "М " ХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 859003282 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ буюу баталгааны дагуу тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 1,827,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр "М " ХК-тай 22С2020002362 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн эзэмшлийн 79-10УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болж даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учирсан.
Дээрх ослын улмаас учирсан хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэгч "Ашид билгүүн" ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181 дугаар тайлангаар 5,490,000 төгрөг тодорхойлсон бөгөөд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 30,000,000 төгрөг хэмээн тогтоосон.
Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээнд 79-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг 26,000,000 төгрөг байхаар талууд тохиролцож даатгалын хураамжийг төлсөн.
Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 дахь хэсэгт "Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно. гэж заасны дагуу манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнд даатгалын үнэлгээг хувь тэнцүүлэн нийт учирсан хохирлын 86,67 хувийг олгохоор шийдвэрлэсэн. Мөн урд буфер, баруун урд крылонд үүссэн хохирол нь тухайн ослоос үүсээгүй тул 795,000 төгрөгийг хасаж тооцон, даатгалын гэрээгээр тохиролцсон өөрийн хүлээх хариуцлага болох 10 хувийг хасаж нийт 3,662,240.85 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон.
Манай компанийн зүгээс хууль болон гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч М ХК нь нэхэмжлэгч Э.Т т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,662,240.85 төгрөгийг буцаан гаргуулах тухайн сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...нэхэмжлэгч Э.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "М " ХК-тай 22С2020002362 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн эзэмшлийн 79-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.
Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болж даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учирсан.
Э.Т ын буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол гарсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байдаг. Тодруулбал,
Нэг. Албан журмын даатгагчдын холбооны нэгдсэн программд Тээврийн цагдаагийн албаны д/ч Б.Мөнхбатын ирүүлсэн цахим тодорхойлолтод "Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсэгт "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэж заасныг зөрчсөн;
Хоёр. "М " ХК-ийн шуурхай албаны 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 22001124 дүгээр үзлэгийн тэмдэглэлээр "А тээврийн хэрэгсэл буюу 79-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь давхар цагаан зураас давж буцаж эргэх үедээ чигээрээ явж байсан Б тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн";
Гурав. Нэхэмжлэгч Э.Т ын "М " ХК-ийн нөхөн төлбөрийн 20202389 дүгээр хуудаст бичсэн өргөдөлд "2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн орой ... явж байгаад үргэлжилсэн цагаан зураас давж буцаж эргэх явцад 42-59 УБД улсын дугаартай автомашин ирж мөргөсөн. Уг осол нь 79-10 УАЕ улсын дугаартай автомашины буруу байсан болно" гэж бичсэн зэргээр тус тус нотлогдож байгаа болно.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт болох Замын тэмдэглэлийн 1.4 дэх хэсэгт "1.3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн хос шугам тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.25 дахь хэсэгт "даатгуулагч, зөвшөөрөгдсөн этгээдийн санаатай болон хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт "Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болно гэж тус тус заасан бөгөөд даатгуулагчийн хэт хайхрамжгүй, хохирол учрах бүрэн боломжтой нөхцөлийг бүрдүүлсний улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй талаар тухайлан гэрээнд зааж даатгуулагчтай тохиролцсон байдаг.
Гэтэл нэхэмжлэгчийн буруутай, хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас тохиолдол гарсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байхад манай компанийн нөхөн төлбөрийн албанаас хариуцлагагүй үйлдэл гаргаж, даатгалын нөхөн төлбөрт 3,662,240.85 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Э.Т ын харилцах дансанд шилжүүлсэн байна.
Ийнхүү тус тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн байхад нөхөн төлбөрийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгосон байгаа нь манай компанид бодитоор хохирол учруулж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Э.Т аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,662,240.85 төгрөгийг буцаан гаргуулж, "М ХК-д олгож өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 859003282 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ байгуулагдсан тал дээр хэн аль нь маргаан байхгүй. Харамсалтай нь 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зам тээврийн осол болж, улмаар даатгалын зүйл болох 79-10 УАЕ улсын дугаартай, Тoyota Harrier маркийн автомашинд их хэмжээний хохирол учирсан байдаг. Үүний дагуу "Ашид билгүүн" ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэснээр, 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлангаар эд ангийн эвдрэл хохирлын үнэлгээ-г нийт 5,490,000 төгрөгөөр тогтоосон.
Улмаар "М ХК-д тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 5,490,000 төгрөгийг гаргуулахтай холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлэн хүлээлгэн өгөхөд даатгалын компаниас даатгалын тохиолдол мөн гэж үзэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,662,240 төгрөгийг олгочхоод одоо буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:
Нэг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан:
Тээврийн цагдаагийн албанаас ирж үзлэг, хэмжилт хийн эвдрэл, гэмтлийг баримтжуулсан бөгөөд жолооч Э.Т ын буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг шалгаж тогтоосон, үүний дагуу бусдын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаараа барагдуулсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт зам тээврийн осол гарсан нь Э.Т ын буруутай үйлдлийн улмаас учирсан болохыг эрх бүхий албан байгууллагаас тогтоосон, мөн бид зам тээврийн осол гаргасан тал дээр маргаан байхгүй. Харин ч буруутайг илэрхийлэн М ХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулахтай холбоотой өргөдөл бичиж өгсөн бөгөөд даатгалын компани өргөдлийг хүлээн авч, нөхөн төлбөрийн зарим хэсгийг олгож шийдвэрлэсэн.
Хоёр. Манай компанийн нөхөн төлбөрийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгосон байгаа нь манай компанид бодитоор хохирол учруулж байна гэжээ.
Даатгалын компани даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд гагцхүү хурлаас гарсан шийдвэрийн үндэслэн нөхөн төлбөрийн ажилтан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн болно. Гэтэл даатгалын компани дан ганц нөхөн төлбөрийн ажилтан шийдвэрлээд, уг төлбөрийг шилжүүлсэн мэтээр тайлбарлан, бүхэл бүтэн 2 жилийн дараа компанид хохирол учруулсан байна гэж шаардаж байгааг ойлгохгүй байна.
Мөн даатгалын компани ажилтны хариуцлагагүй байдлаас болж компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт аудиторын шалгалт хийгдэх хуулийн зохицуулалттай ба 94.9 дэх хэсэгт Шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтан компанид хохирол учруулсан нь тогтоогдвол шалгалтын хөлсийг буруутай этгээд хариуцан төлнө. гэж заасны дагуу ажилтны буруутай гэдэг нь хяналт шалгалтаар тогтоогдсон талаар нотолбол зохино. Өөрөөр хэлбэл, компани жил бүр санхүүгийн тайланг баталгаажуулахын тулд ээлжит болон ээлжит бус шалгалтыг хийх бөгөөд 2020 оны хяналт шалгалтаар нөхөн төлбөрийн ажилтны хариуцлагагүй үйлдлийн улмаас Э.Т т нөхөн төлбөр 3,662,240.85 төгрөгийг олгосон, үүний улмаас компанид хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон байх ёстой.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасны дагуу ажилтны буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг компани өөрөө хариуцах агуулга, мөн хуулийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ЗГ1004200153 дугаартай Зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, мөн өдрийн ЗБ1004200153 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ний хуулбар, 79-10 УАЕ улсын дугаартай, Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, М ХК-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 859003282 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа бүхий даатгалын гэрээний хуулбар,
Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашины эвдрэл гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хувилсан/, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн Э.Т т ирүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 9/405 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Э.Т ын Хаан банк дахь 5954308694 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 21/29 дугаартай тодорхойлолт бүхий албан бичиг, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5-23/ зэргийг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас нотлох баримтаар: М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл бүхий баримтын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 22001124 дугаартай Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл-ийн хуулбар, автомашины эвдрэл гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-иас М ХК-д ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 20/1048 дугаартай хүсэлт бүхий албан бичиг, Албан журмын даатгагчдын холбооны программаас татсан Цагдаагийн тодорхойлолт, М ХК-ийн 20202389 дугаартай нөхөн төлбөрийн хуудас /хх 43, 57-58, 68-70, 115-117/ зэргийг гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр: Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-ийн хуулбар, нэхэмжлэгчийн гар утсанд бичигдсэн 2:37 минутын болон 0:33 минутын дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг компакт дискэнд 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 83-84, 109-111/ зэргийг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр: Албан журмын даатгагчдын холбооны программд 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тус программаас татсан Зам тээврийн осол /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт /хх 131-136/ зэргийг тус тус бүрдүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Дундголын замд гарсан зам тээврийн ослын актыг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газар болон Тээврийн Цагдаагийн албанаас гаргуулахаар мэдэгдсэн боловч холбогдох материал архивт байхгүй гэсэн хариуг тус тус ирүүлсэн /хх 81, 91/ ба шүүх хуралдааны явцад Х.Алтансүхийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Т ын нэхэмжлэлийг болон хариуцагч М ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- хариуцагч нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг бүрэн олгох үүрэгтэй байтал хөндлөнгийн үнэлгээний компаниас тодорхойлсон тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг багасаж нөхөн төлбөрийг 86,67 хувиар тооцсон, үүнээс гэрээнд заасан гэх өөрийн хүлээх хариуцлагын 10 хувь болон тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайланд дурдсан урд буфер, баруун урд крылод үүссэн хохирлыг үндэслэлгүйгээр хасаж тооцсон тул нөхөн төлбөрт 1,827,760 төгрөгийг гүйцээж гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
- Иргэний хууль болон даатгалын гэрээнд заасны дагуу тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнд даатгалын үнэлгээг хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг 86,67 хувиар тооцсон, мөн өөрийн хүлээх хариуцлага болох 10 хувийг хассан, урд буфер, баруун урд крылод үүссэн хохирол нь ослын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлд тусгагдаагүй байсан тул тухайн ослоос үүсээгүй гэж үзээд 795,000 төгрөгийг хассан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ:
- нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буюу өөрийн буруутай, хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн байхад манай компанийн нөхөн төлбөрийн ажилтны хариуцлагагүй үйлдэл гаргаж, үндэслэлгүйгээр түүнд нөхөн төлбөр олгосон байх тул нөхөн төлбөрт олгосон 3,662,240.85 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг нэгэнт эрх бүхий байгууллагаас тогтоосон учир энэ талаар маргаан байхгүй, даатгалын компани нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг хурлаар хэлэлцсэний эцэст шийдвэрлэж нөхөн төлбөрийн зарим хэсгийг олгосон гэж ойлгосон, ажилтны буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг компани өөрөө хариуцаж, тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа гэсэн үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Т нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ЗГ1004200153 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 20,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 79-10 УАЕ улсын дугаартай, Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн ба зээлийн гэрээний 4.8-д заасны дагуу хариуцагч М ХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 859003282 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа бүхий даатгалын гэрээ /цаашид даатгалын гэрээ гэнэ/-г байгуулж, 79-10 УАЕ улсын дугаартай, Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийг нэг жилийн хугацаатай, Ган жолоо эрсдлийн багцаар даатгуулсан, гэрээг байгуулахад тухайн тээврийн хэрэгсэл Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийн хуулбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 5-13/ зэргээр,
даатгалын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 20 цагийн үед, Э.Т нь тухайн тээврийн хэрэгслийн жолоодон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дунд голын замд зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэж заасныг зөрчсөнөөс эсрэг урсгалд Б.Мөнхтөрийн жолоодон явсан 42-59 УБД улсын дугаартай Nissan Patrol загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлж, зам тээврийн осол гаргасан болох нь зохигчийн тайлбар, М ХК-ийн 22001124 дугаартай даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлийн хуулбар, Албан журмын даатгагчдын холбооны программд 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тус программаас татсан Зам тээврийн осол /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт /хх 58, 131-136/ зэргээр,
дээрх зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох 79-10 УАЕ улсын дугаартай, Toyota Harrier загварын тээврийн хэрэгсэлд 5,490,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, автомашины эвдрэл гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 68-70, 83-84/ зэргээр,
М ХК нь даатгалын нөхөн төлбөрт 3,662,240.85 төгрөгийг даатгуулагч Э.Т т 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон болох нь Хаан банк дахь 5954308694 дугаарын дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх 18-21, 57/ зэргээр тус тус тогтоогдож байна.
7. Талууд даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу даатгуулагч хураамжаа төлсөн эсэх, даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан эсэх асуудлаар маргаагүй.
Харин нэхэмжлэгчээс олговол зохих нөхөн төлбөрийн хэмжээ, тооцооллын талаар, хариуцагчаас даатгуулагчийн санаатай болон хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэх үндэслэлээр маргаж мэтгэлцсэн.
8. Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд ... эдлэх ... даатгуулагч шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэгт Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна. гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 432 дугаар зүйлийн 432.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өөрийн эзэмшлийн 79-10 УАЕ улсын дугаартай, Toyota Harrier загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагчаас даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, өөрийн буруутай болон хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн тул түүнд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байсан гэж маргасан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг ... олгохоос татгалзаж болно:, 8.5.1-д даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; гэж заасан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д зааснаар даатгуулагч /нэхэмжлэгч Э.Т / нь даатгалын тохиолдол бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Зам тээврийн ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж, жолооч Э.Т ыг Замын хөдөлгөөний дүрмийн Арав /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/-ын 10.9-т Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Б.Мөнхтөрийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж осол гарсан болохыг тодорхойлсон.
Энэхүү тодорхойлолтоор даатгалын гэрээнд нэрлэн заасан эрсдэл /1.Хөдөлгөөний үеийн осол: бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх/ үүссэн нь нотлогдож байх бөгөөд даатгуулагчийн сонгосон Ган жолоо эрсдлийн багцын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу ... нөхөн төлбөрийг олгоно. гэж, Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 дахь хэсэгт Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно. гэж тус тус заасан.
Даатгалын гэрээний 12.6.5-д Даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг аль ч үед даатгалын тохиолдол болох үеийн зах зээлийн үнийг суурь болгон мөн үеийн даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлэх зарчмыг баримтлан тогтооно. гэж, 12.1.28-д Өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ (ӨХХХ) даатгуулагчид олгохоор тооцсон нөхөн төлбөрийн хасагдах хэмжээ буюу өөрөөр хэлбэл учирсан хохирлынхоо тодорхой хэсгийг даатгуулагч өөрөө хариуцахыг; гэж тус тус заасан ба даатгалын мэдээлэл хэсэгт даатгалын үнэлгээ 26,000,000 төгрөг, ӨХХ 10% байхаар тохиролцжээ.
Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн осолд өртсөн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 30,000,000 төгрөгөөр, эвдрэл хохирлын үнэлгээг 5,490,000 төгрөгөөр тус тус тогтоосон. Үүнээс автомашины буфер /урд/, крыло /баруун урд/ зэрэгт учирсан эвдрэл хохирлын үнэлгээ болох 795,000 төгрөгийг нөхөн төлбөрөөс хасаж тооцсоныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргасан бөгөөд осол гарах үед тухайн эд ангиудад хохирол үүссэн болохыг нотлох зорилгоор өөрийн гар утсанд бичигдсэн 2:37 минутын болон 0:33 минутын дуу-дүрсний бичлэгт үзлэг хийлгүүлсэн. /хх 109-111/
Гэвч үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүйн гадна, 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 22001124 дугаартай Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлд дээрх эд ангиудын эвдрэл тусгагдаагүй, нэхэмжлэгчийн хувьд уг тэмдэглэлтэй танилцаад үнэн зөвийг баталгаажуулан гарын үсгээ зурсан байна. /хх 58/
Эдгээрээс үзвэл, даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ болох 5,490,000 төгрөгөөс буфер /урд/, крыло /баруун урд/ зэрэгт учирсан эвдрэл хохирлын үнэлгээ нийт 795,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,695,000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын 10 хувийг хасвал /4,695,000-469,500/ 4,225,500 төгрөг болох бөгөөд үүнээс нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн /26,000,000:30,000,000/ 86,67 хувиар тооцож 3,662,240.85 төгрөгийг даатгуулагчид олгосон нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 9/405 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай шийдвэр /хх 17/-тэй нийцэж байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...гэрээнд зааснаар өөрийн хүлээх хариуцлагын 10 хувийг хасаж тооцсонд маргахгүй... гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Э.Т ын хариуцагч М ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 1,827,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М ХК-ийн нэхэмжлэгч Э.Т т холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,662,240.85 төгрөгийг буцаан гаргуулах тухайн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 1,827,760 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Т аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,662,240.85 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн хариуцагч М ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН