| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/02520/И |
| Дугаар | 181/ШШ2022/02512 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2022/02512
| 2022 11 07 | 181/ШШ2022/02512 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Р.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э сургуульд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Э сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Б , түүний өмгөөлөгч Э.Х,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Э д холбогдуулан тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...миний бие 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургуулийн захирал Д.Б-той хөдөлмөрийн гэрээ байгуулж манаачаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс ээлжийн амралттай байх хугацаанд буюу 5 сард ажлаас чөлөөлсөн гэж утсаар мэдэгдсэн. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өөрийн биеэр очиж 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг гардаж авсан. Тус тушаалын үндэслэлд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн байх бөгөөд миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл болон ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй болно. Гэтэл 14 хоногийн дараа бичиг хэргийн ажилтан н.Ганчимэг утсаар залгаж Буруу тушаал гарсан байна, шинээр гарсан тушаалаа ирж аваарай гэсэн. Тус сургуулийн 9 дүгээр ангид манай хүү суралдцдаг бөгөөд түүгээр миний шинэ тушаал болон бусад бичиг баримтыг өгч явуулсан байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б хариу тайлбартаа: ...би Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургуулийн захирлаар ажилладаг. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эцгийн төрсөн дүү болох Н.Норолхоо эгчийн хүсэлтээр түүний хүү Р.Б ийг сургуульдаа манаачаар ажилд авсан. Р.Б тухайлсан албандаа хариуцлагатай байж, ажлаа хэвийн гүйцэтгэж байсан боловч өөрийн зан харилцаа, бусдыг ойлгож хамтран ажиллах тал дээр зарчимгүй, бүдүүлэг байж бусдын эрх чөлөөнд халдах, заналхийлэх, айлган сүрдүүлэх үйлдлүүдийг удаа дараа гаргаж, сүүлдээ гүтгэн доромжлох болсон. Энэ байдал нь нэгдүгээрт; байгууллагын дотоод соёл, эв нэгдлийг эвдсэн, сургуулийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байнга давтагдах болсон. Хоёрдугаарт; захирал миний ах, дүүгийн хүн учир тодорхой арга хэмжээ авах алхам хийхгүй бол ах, дүүгээ хаацайлсан, ашиг сонирхлын илтэд зөрчил болж хувирсан тул байгууллагын эв нэгдлийг хангах, эрх ашгийн зөрчлийг арилгах зэрэг шалтгаануудаар манаач Р.Б , түүнтэй маргалдагч Ч.Мөнхбат нарыг ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон. Ажлаас чөлөөлөх тухай тушаалын тухайд, анхны гаргасан тушаал нь нарийн бичгийн буруутай үйл ажиллагаанаас болж алдаатай гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Дараа нь, би алдаагаа залруулж тушаал гаргаад Р.Б өд хүлээлгэн өгөх гэсэн боловч өөрөө авахгүй, манай хүүхдэд өг гэсэн. Түүнээс биш хүүхдээр нь дамжуулж түүнд албадан өгсөн асуудал байхгүй. Шүүхээс гарах аливаа шийдвэрийг би хүндэтгэн зөвшөөрнө. Гагцхүү цаашид Р.Б тэй хамтран ажиллахгүй болохоо илэрхийлье. ... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 дугаартай Ринзааны Батмөнхийг ажилд авах тухай тушаалын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай Ринзааны Батмөнхийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх 3-6, 9-10, 105/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: Э сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан/, тус сургуулийн захиргаанд нийгмийн ажилтан Ч.Мөнхбатаас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Р.Б өөс 2022 оны 3 дугаар сарын 30, 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд, тус сургуулийн нэр бүхий 23 багшаас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус тус гаргасан өргөдлүүд, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Р.Б тэй 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн жижүүрийн ажлын байрны тодорхойлолт, тус сургуулийн хичээлийн 3 дугаар байрны багш, ажилчдын нэгдсэн хурлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн протокол, тус сургуулийн захирал Д.Б нь нийгмийн ажилтан Ч.Мөнхбат, манаач Р.Б нартай хуулийн дагуу ганцаарчлан уулзсан талаарх 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, тус сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 дугаартай Ринзааны Батмөнхийг ажилд авах тухай тушаалын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай Ринзааны Батмөнхийг ажлаас чөлөөлөх тухай тушаал 2 хувь, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/72 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт /хх 17, 19-53, 56-73, 79, 103-104/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр: Э сургуулийн 2022 оны 3, 4 дүгээр сарын манаачийн хүлээлцэх тэмдэглэлийн дэвтэр болон захирлын зөвлөлийн хурлын протокол тэмдэглэлийн зохих хэсгүүдэд 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт /хх 88-102/ зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...миний бие 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургуулийн захирал Д.Б той хөдөлмөрийн гэрээ байгуулж манаачаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс ээлжийн амралттай байх хугацаанд буюу 5 сард ажлаас чөлөөлсөн гэж утсаар мэдэгдсэн. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өөрийн биеэр очиж 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг гардаж авсан. Тус тушаалын үндэслэлд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн байх бөгөөд миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл болон ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй болно. Гэтэл 14 хоногийн дараа бичиг хэргийн ажилтан н.Ганчимэг утсаар залгаж Буруу тушаал гарсан байна, шинээр гарсан тушаалаа ирж аваарай гэсэн. Тус сургуулийн 9 дүгээр ангид манай хүү суралдцдаг бөгөөд түүгээр миний шинэ тушаал болон бусад бичиг баримтыг өгч явуулсан байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
...би Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургуулийн захирлаар ажилладаг. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эцгийн төрсөн дүү болох Н.Норолхоо эгчийн хүсэлтээр түүний хүү Р.Б ийг сургуульдаа манаачаар ажилд авсан. Р.Б тухайлсан албандаа хариуцлагатай байж, ажлаа хэвийн гүйцэтгэж байсан боловч өөрийн зан харилцаа, бусдыг ойлгож хамтран ажиллах тал дээр зарчимгүй, бүдүүлэг байж бусдын эрх чөлөөнд халдах, заналхийлэх, айлган сүрдүүлэх үйлдлүүдийг удаа дараа гаргаж, сүүлдээ гүтгэн доромжлох болсон. Энэ байдал нь нэгдүгээрт; байгууллагын дотоод соёл, эв нэгдлийг эвдсэн, сургуулийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байнга давтагдах болсон. Хоёрдугаарт; захирал миний ах, дүүгийн хүн учир тодорхой арга хэмжээ авах алхам хийхгүй бол ах, дүүгээ хаацайлсан, ашиг сонирхлын илтэд зөрчил болж хувирсан тул байгууллагын эв нэгдлийг хангах, эрх ашгийн зөрчлийг арилгах зэрэг шалтгаануудаар манаач Р.Б , түүнтэй маргалдагч Ч.Мөнхбат нарыг ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон. Ажлаас чөлөөлөх тухай тушаалын тухайд, анхны гаргасан тушаал нь нарийн бичгийн буруутай үйл ажиллагаанаас болж алдаатай гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Дараа нь, би алдаагаа залруулж тушаал гаргаад Р.Б өд хүлээлгэн өгөх гэсэн боловч өөрөө авахгүй, манай хүүхдэд өг гэсэн. Түүнээс биш хүүхдээр нь дамжуулж түүнд албадан өгсөн асуудал байхгүй. Шүүхээс гарах аливаа шийдвэрийг би хүндэтгэн зөвшөөрнө. Гагцхүү цаашид Р.Б тэй хамтран ажиллахгүй болохоо илэрхийлье. гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Р.Б ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургуулийн захиргаанд нийгмийн ажилтан Ч.Мөнхбатаас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Р.Б өөс 2022 оны 3 дугаар сарын 30, 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд, тус сургуулийн нэр бүхий 23 багшаас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус тус гаргасан өргөдлүүд, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Р.Б тэй 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн жижүүрийн ажлын байрны тодорхойлолт, тус сургуулийн хичээлийн 3 дугаар байрны багш, ажилчдын нэгдсэн хурлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн протокол, тус сургуулийн захирал Д.Б нь нийгмийн ажилтан Ч.Мөнхбат, манаач Р.Б нартай хуулийн дагуу ганцаарчлан уулзсан талаарх 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, тус сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 дугаартай Ринзааны Батмөнхийг ажилд авах тухай тушаалын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай Ринзааны Батмөнхийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/72 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, тус сургуулийн 2022 оны 3, 4 дүгээр сарын манаачийн хүлээлцэх тэмдэглэлийн дэвтэр болон захирлын зөвлөлийн хурлын протокол тэмдэглэлийн зохих хэсгүүдэд 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Ажил олгогч Э сургууль нь ажилтан Р.Б ийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус сургуулийн манаачийн ажилд томилон ажиллуулж, талууд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.
6. Э сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтыг үндэслэн манаач Р.Б ийн өөрийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэжээ.
7. Нэхэмжлэгч Р.Б нь ...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл болон ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй... хэмээн тайлбарлах бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
8. Хэдийгээр хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б нь дээрх тушаалыг ...нарийн бичгийн буруутай үйл ажиллагаанаас болж алдаатай гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Дараа нь, би алдаагаа залруулж дахин тушаал гаргасан... гэж тайлбарлах боловч энэ нь түүний үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүйн гадна, тэрээр Р.Б ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ ...Р.Б нь албандаа хариуцлагатай байж, ажлаа хэвийн гүйцэтгэдэг байсан боловч байгууллагын дотоод соёл, эв нэгдлийг эвдсэн, сургуулийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байнга гаргах болсон, миний хувьд тодорхой арга хэмжээ авах алхам хийхгүй бол ах, дүүгээ хаацайлсан, ашиг сонирхлын илтэд зөрчил болж хувирсан... хэмээн тайлбарласан тул шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлд хамаатуулж дүгнэв.
9. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдол хамаардаг.
Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.
Иймд шүүх Р.Б ийг гаргасан гэх үйлдлийг хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэхийг шалгах нь тухайн маргааныг шийдвэрлэх гол үндэс байна.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.4-т ажил олгогчийн санаачилгаар гэрээг дор дурдсан үндэслэлээр цуцалж болно гэсний 5.4.2-т Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-р зүйлд заасны дагуу., 5.4.4-т ... Хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд., гэж заасан байх боловч чухам ямар үйлдлийг зөрчилд тооцох талаар тодорхой заагаагүй байна.
Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тушаал, шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах, түүнд хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байхыг шаарддаг.
Манай тохиолдолд Р.Б ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд хууль зүйн үндэслэл тодорхойгүйн сацуу, Хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчилд чухам ямар үйлдлийг хамааруулж ойлгох талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй атал ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ийнхүү өөрийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.
Нөгөөтээгүүр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б ын шүүх хуралдаанд гаргасан ...өнгөрсөн хугацаанд тус сургуулийн багш, ажилтнуудаас Р.Б өд холбогдуулан удаа дараа гомдол гаргаж байсан боловч тухай бүр нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан зохих арга хэмжээ /сахилгын хариуцлага/-г авч хэрэгжүүлж байгаагүй... гэсэн мэдүүлэг нь түүний шүүхэд гаргасан ...Р.Б нь байгууллагын дотоод соёл, эв нэгдлийг эвдсэн, сургуулийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байнга гаргах болсон... гэх тайлбарыг няцааж байгаа бөгөөд Р.Б ийн хувьд Хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т заасан ноцтой зөрчлийг гаргаж, түүндээ сахилгын хариуцлага хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б ийг Э сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй юм.
10. Нэхэмжлэгч Р.Б ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: гэсний 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор; гэж тус тус заасныг баримтлан Р.Б ийн нэг өдрийн дундаж цалин хөлсөнд ногдох /887,478+592,835+592,896=691,069.6 : 21.5/ 32,142.7 төгрөгийг /2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны/ 5 сар, ажлын 8 хоногоор тооцож /691,069.6 х 5+8/ 3,712,489.6 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Э сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Р.Б өд олгох үндэслэлтэй байна.
11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилсан.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: гэсний 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; гэж заажээ.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б ийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Э сургуульд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 74,349.8 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б ийг Э сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,712,489.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б өд олгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Э сургуульд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 74,349.8 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН