| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0282/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/299 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Хулан,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2538000000332 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газарт оршин суух хохирогч Б.Н-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н- руу аяга шидэж улмаар түүний эрүүл мэндэд баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газарт оршин суух хохирогч Б.Н-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н- руу аяга шидэж улмаар түүний эрүүл мэндэд баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 341 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 тал/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 38 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 52 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,000,000 төгрөгийг хохирогч Б.Н-д төлсөн, хохирогч нь эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 55 тал/ боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд учирсан 78,408 төгрөгийг шүүгдэгч Н.Б-аас нэхэмжилснийг шүүгдэгч Н.Б- нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 53 тал/-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Б-ыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 10 сантиметрийн диаметрийн хэмжээтэй цагаан өнгийн хагархай шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч Б.Н-д хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си Ди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт
заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Н- нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3,000,000 (гурван сая) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн 2538000000332 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 10 сантиметрийн диаметрийн хэмжээтэй цагаан өнгийн хагархай шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч Б.Н-д хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си Ди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР