Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Б.Даваахүү,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-ад холбогдох эрүүгийн 2538001330280 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Г-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотод байрлах Э.М-ын гэрт хохирогч Э.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн хана, хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538001330280 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотод байрлах Э.М-ын гэрт хохирогч Э.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн хана, хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г-ын: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Хохирогч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай хамтран амьдрагч 2 найзтайгаа хамт гэрт 11 цагийн үед ирсэн. Тэгээд манай гэрт нөхөр тухайн хоёр найзтайгаа гэрт архи уусан. Тэгсэн тэр хэд нилээн архи уугаад байж байгаад манай хамтран амьдрагчийн найз болох Э.Г- нь намайг зүгээр сууж байхад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэр Э.Г-тай жаахан маргалдсан. Удаагүй манай хамтран Э.Г- хоёр гарч яваад удаагүй эргэж орж ирэхдээ нэг том Нийслэл гэх нэртэй пиво аваад ирэхээр нь манай эгч гэрт байсан юм эгч бид хоёр авч ирсэн тэр том пиво хувааж уусан. Тэгсэн нь манай хамтран амьдрагч хоёр найзтайгаа муудалцаад гадаа гарч хоорондоо зодолдоод эргэж гэр дотор орж ирж хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би тэд нарт хандаж та нар гэр оронд орж ирж хэрүүл маргаан хийгээд гарч битгий зодолдоод бай гадуур дүүрэн айл гэж хэлсэн. Тэгсэн хоорондоо гэрт маргалдаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирж байх хооронд би Э.Г- гэх найзыг гэрээс гаргах гэсэн чинь намайг цохиж авсан. Тэгээд би тэр Э.Г-тай ноцолдсон чинь намайг нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж авсан. Тэгээд цагдаа ирэхээс өмнө гараад зугтаасан тийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12 тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр гэртээ байхад манай М-гэх найз намайг хүрээд ирээч гэж дуудахаар би ... тоот болох Э.Г-гийн гэрч очсон. Тэгээд гэрт очсон чинь Э.Г- нэг пиво нэг архи авч ирээд тэрийг нь бид нар хувааж уусан. Тэгээд ууж байсан чинь Э.Г- ирсэн. ...би яваад өгсөн. Эргээд нэг цагийн дараа очсон чинь Э.Г-гийн нүд нь хөхөрсөн нилээн хөхөрсөн байсан би аль нүдэн нь хөхөрсөн байсныг одоо мэдэхгүй байна. Тэгээд би Э.Г-гээс нүдийг чинь хэн ийм болгосон юм гэж асуусан чинь Э.Г-, Э.Г- намайг зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Намайг сүүлд очиход Э.Г-, М-хоёр байхгүй байсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20-21 тал/,

Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар цэргийн баярын өдөр байсан болохоор ...манай найзууд манайд архи уусан. Тэгээд уугаад байж байсан чинь Э.Г- манай эхнэртэй маргалдаад манай эхнэрийг Э.Г- чи манай ахтай унтсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад хоорондоо барьцалдаад зогсож би салгах гэсэн чинь манай эхнэр над руу дайраад байсан. Тэгээд удаагүй манай намайг Э.Г- цохьчихлоо гэхээр нь би хэн цохисон бэ гэж хэлсэн чинь Э.Г- би цохисон юм гэж өөрөө надад хэлсэн. Би эхнэрийг нүүрийг харсан гайгүй харагдахаар нь больсон чимээгүй байсан юм. Тэгсэн манай эхнэр уурлаад ...Э.Г-, Б.Б- бид гурав гараад явсан. Тэгээд бид гурав гэрээс гараад ... орсон байж байсан чинь орой эхнэр араас хүрээд ирсэн. Тэгээд нүд аймаар хавдсан байхаар нь нүд чинь яасан юм бэ асуухад өдөр Э.Г- цохисноос болоод ийм болчихлоо гэж хэлсэн тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн: “...Иргэн С.Э.Г-гээс ... сумын ... тоотод 2025 оны 03 дугаар сарын 18- ны өдөр бусдад зодуулсан гэх гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г- нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн үзлэг 23,760 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээний багцаар 79,375 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс амбулаторийн тусламж, үйлчилгээ 47,520 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс амбулаторийн үзлэг 23,760 төгрөг, нийт 174,415 төгрөгний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Э.Г- /РА03230414/-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 29, 31, 50 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дугаартай: “Э.Г-гийн биед баруун ухархайн хана, хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,

2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 43-44 тал/,

Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз болох Э.М- нь гэртээ намайг хүрээд ирээч цэргийн баяраар ганц юм авахуулъя гэхээр нь нэг шил архи аваад очье гээд хэлтзл би ганц шил юм уухгүй ээ гэж хэлэхээр нь нэг хороп пиво авч өгсөн. Тэгээд таксигаар гэрт нь очиж хүргэж өгөөд явах гэсэн чинь буугаад ир гээд гэрт нь ороод нэг пиво уусан. Би нэг пиво уугаад сууж байх үед Б.Б-, Э.М-, Э.Г- нар хоорондоо маргалдаад байсан бөгөөд Э.Г- эгч нь бид гурав луу аяга шидээд байхаар нь Б.Б- нь Э.Г-д хандаж чи одоо ямар сонин юм бэ гэж хзлсэн чинь Э.М- нь Б.Б-ыг чи миний авгайг юу гээд байгаа юм бэ гэж хэлээд зууралдаад авахаар нь би салгах гээд голоор нь орсон тэгсэн чинь миний толгойны ар хэсэг рүү нэг хүн цохихоор эргэж хараад л шууд л нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Г-, гэрч Б.Б-, Э.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотод байрлах Э.М-ын гэрт хохирогч Э.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн хана, хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Г-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Г-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Г-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Э.Г-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Г-ын хохирогч Э.Г-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Э.Г- “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/ өгсөн байх боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Г-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 26, 29, 31, 50 талд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Иргэний нэхэмжлэгч томилох тухай” албан тоот, нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Э.Г-аас 174,415 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 51-54, 69-71 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Г- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Э.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч Э.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2538001330280 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Г-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Г-аас 174,415 (нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арван тав) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

6. Эрүүгийн 2538001330280 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Э.Г- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР