Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/02828

 

 

 

 

 

2022 12 02

181/ШШ2022/02828

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

Гуравдагч этгээд Ц.Б д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч "Т " ХХК нь НШШГГ т холбогдуулан тус компанийн өмчлөлийн 45-38 УБС улсын дугаартай, Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг шинжээч томилон 10,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгөлдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1624 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ц.Б ийг "Т " ХХК-ийн үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,912,126 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийн өмчлөлийн 45-38 УБС улсын дугаартай, Toyota Prius загварын тээврийн хэрэгсэл болон 50-21 УАС улсын дугаартай, Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сард хураан авсан байсан.

50-21 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд битүүмжлэн, 45-38 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа журмын хашаанд Төв аймгаас авчран 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 4-240/16638 тоот мэдэгдлээр уг тээврийн хэрэгсэл 10,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг бидэнд мэдэгдлээ.

Манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийг үнэлсэн дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур, үндэслэлгүй үнэлж, компанийн хөрөнгийг үнэгүйдүүлэн, төлбөрт гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаад гомдолтой байна. Тодруулбал:

Манай компани 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн, 45-38 УБС улсын дугаартай, NHW 207815275 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр 2021 оны 3 дугаар сард худалдан авсан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураан авах хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байсан.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 45-38 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээч томилон, үнэлгээг тогтоох ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн эрх үүргийг эдлүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахгүй, шинжээч томилох тогтоолыг танилцуулахгүй, үнэлгээ гаргах үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээ хийх компанийн талаар мэдэгдэхгүйгээр үнэлгээг тогтоож, зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлэн манай компанийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд ...баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, ...холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах", "...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрхтэй талаар, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт ...орчуулагч, хэлмэрч, шинжээч, тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэх" талаар тус тус заасан байна.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчийг татгалзан гаргах эрхийг манай компанид эдлүүлээгүйгээс гадна, 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн 4-240/16638 тоот мэдэгдэлд хавсаргасан "Ф ХХК-ийн "Хөдлөх өмчийн үнэлгээний тайлан гэх хуулбар 6 хуудас баримтад хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин, үнэлгээчний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл огт байхгүй, үнэлгээчинд эрх үүрэг танилцуулсан, шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байгаа эсэх талаар тайлбарласан баримт байхгүй байна.

Түүнчлэн Хөдлөх өмчийн үнэлгээний тайлан" гэсэн 6 хуудас, 13 нүүр бүхий хуулбар хуудасны эхний нүүрт ...тус үнэлгээний тайлан 11 хуудас хавсралтыг хамруулаад нийт 16 хуудаснаас бүрдсэн... гэсэн байх боловч бидэнд дутуу буюу үнэлгээчин Н.Ц гэх гарын үсэг, тэмдэг болон "Ф ХХК-ийн тэмдэг хуулбар байдлаар түүвэрлэсэн хуудсыг ирүүлсэн нь үнэлгээний тайлан хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна. гэснийг зөрчсөн байна.

Хэрэв Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тээврийн хэрэгслийг үнэлэн, үнэлгээг тогтоох гэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу түүнчлэн томилогдсон хөрөнгийн үнэлгээний компани, үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээ хийхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно." гэж заасны дагуу Олон улсын болон үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоогүй, ямар үндэслэлээр зөвхөн "зах зээлийн харьцуулалтын арга"-г сонгон үнэлгээ хийж байгаа нь Хөдлөх өмчийн үнэлгээний тайлан гэсэн 6 хуудас, 13 нүүр бүхий хуулбарт тусгагдаагүй, бидний зүгээс ойлгох боломжгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн өмчлөлийн 45-38 УБС улсын дугаартай, NHW 207815275 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг шинжээч томилон 10,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс хүлээн зөвшөөрч байх тул үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1609 дүгээр шийдвэрээр "Т " ХХК-ас 16,912,126 төгрөгийг гаргуулж Ц.Б өд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул 45-38 УБС, 50-21 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилж, 45-38 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, талуудаас үнийн санал авахад төлбөр авагч талаас үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр "Ф ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 10,400,000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний мэдэгдлийг талуудад танилцуулан 2022 оны 10 дугаар сарын 18- ны өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдааг зарласан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 13208 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна.

Шийдвэр шүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б өөс шүүхэд тайлбар гаргаагүй.

 

4.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01609 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1624 дүгээр магадлалын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т ХХК-д хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4-240/16638 дугаартай мэдэгдэл, хавсралтаар 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн "Хөдлөх өмчийн үнэлгээний тайлан-гийн хуулбар /хх 7-27/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.2. Хариуцагчаас нотлох баримтаар: 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ГХ2022/00084 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01609 дүгээр шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1624 дүгээр магадлалын хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 22280256 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т ХХК-д хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-184/6161, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-240/14961, 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4-240/16638 дугаартай мэдэгдлийн хуулбарууд, тус газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 240/22280256, 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22280256/06, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22280256/240-01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22280256/07, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22280256/240/02 дугаар эд хөрөнгө хураах тухай, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 8/32 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбарууд, 2022 оны 6 дугаар сарын 2, 23-ны, 2022 оны 8 дугаар сарын 5, 10, 25-ны, 2022 оны 9 дүгээр сарын 1, 8, 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбарууд, 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Т ХХК-иас НШШГГ т Үнийн санал хүргүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61/22 дугаартай албан бичгийн хуулбар, Ц.Б өөс НШШГГ т 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан болон шинжээчид хууль тайлбарласан тухай 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн тэмдэглэлийн хуулбарууд, Ф ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Хөдлөх өмчийн үнэлгээний тайлан-гийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 22280256/240 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын хуулбар, 50-21 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 43-110/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримт шүүхэд гаргаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан тус компанийн өмчлөлийн 45-38 УБС улсын дугаартай, Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг шинжээч томилон 10,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн бөгөөд гуравдагч этгээдийн хувьд зохигч талуудын аль нэгийг дэмжсэн байр суурь илэрхийлээгүй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01609 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1624 дүгээр магадлалаар Ц.Б ийг Т ХХК-ийн үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,912,126 төгрөгийг Т ХХК-иас гаргуулан Ц.Б өд олгож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг "Т " ХХК-д даалгахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 181/ГХ2022/00084 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна. /хх 12-19, 43-58/,

 

6.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т ХХК-ийн өмчлөлийн 45-38 УБС улсын дугаартай, Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22280256/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22280256/07 дугаар тогтоолоор хурааж, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 8/32 дугаар тогтоолоор Н.Ц ийг шинжээчээр томилсон байна. /хх 66-83/

 

6.3. Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК нь дээрх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 10,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд НШШГГ нь уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч хуулийн этгээдэд 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4-240/16638 дугаар мэдэгдлээр хүргүүлж, танилцуулсан байна. /хх 20-27, 85-101/

 

7.1. Нэхэмжлэгчээс үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан гомдлоо 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

7.2. Нэхэмжлэгч дээрх гомдолдоо ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураан авахдаа хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, шинжээчийг татгалзан гаргах эрхийг эдлүүлээгүй, Н.Ц ийг шинжээчээр томилсон атлаа Ф ХХК-иар үнэлгээг хийлгүүлсэн, ирүүлсэн үнэлгээний тайлангийн бүрдэл дутуу, эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн... гэх үндэслэлүүдийг заажээ.

 

8.1. Төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд хамаарах бөгөөд төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад энэхүү арга хэмжээний талаар мөн зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаанд, дарааллын дагуу холбогдох албан тушаалтанд нь гомдол гаргаагүй байна.

 

Үүний үр дагаврыг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул энэ талаарх гомдлын үндэслэлийг шүүх хянахгүй.

 

8.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, шинжээч томилох тухай 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 8/32 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 43 дугаар зүйлийн 43.7, 43.8-д заасан эрхийг хязгаарласан зөрчил гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...төлбөр төлөгч хуулийн этгээдийн холбогдох хүмүүст нь утсаар мэдэгдэж байсан... гэж тайлбарлах боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байхад хариуцагч үгүйсгэх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Мөн дээрх тогтоолоор Н.Ц ийг шинжээчээр томилсон атлаа Ф ХХК-д уг тогтоолыг гардуулж, улмаар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тус компаниар гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хөдлөх өмчийн үнэлгээний тайлангийн 1.1.1-д Энэхүү үнэлгээний ажлыг гүйцэтгэгч нь: МУ-ын компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Ф ХХК юм. гэж заасан байх бөгөөд эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээч гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд дээр дурдсан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул шүүх 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Ф ХХК-ийн үнэлгээг эдгээр үндэслэлээр хүчингүй болгов.

 

Харин нэхэмжлэгч нь ...зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн... гэх үндэслэлээ нотолж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон дүгнэлтийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм.

 

Түүнчлэн НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулж байгаа тул үнэлгээний тайланд тусгай зөвшөөрөл хавсаргаагүй, даатгалын мэдээлэл тусгагдаагүй үндэслэлээр үнэлгээний тайланг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Т ХХК-ийн өмчлөлийн 45-38 УБС улсын дугаартай, Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг 10,400,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН