| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/03575/И |
| Дугаар | 181/ШШ2022/02830 |
| Огноо | 2022-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2022/02830
| 2022 12 02 | 181/ШШ2022/02830 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 645,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,
Хариуцагч Г.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч Г.Д д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 645,084 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
..."Х " СӨХ нь 2015 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг дүүргийн Засаг даргаас авсан. Энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ-ны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийж хаалганы түгжээ солих, орцны гоёлын заслын ажил, сантехникийн засвар үйлчилгээ, зогсоолын хаалт хийлгэх, жил бүр дулааны шугамын урсгал засвар үйлчилгээг тогтмол хийсээр ирсэн.
Гэвч "Х " СӨХ үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэд, аж ахуйн нэгж байсаар байгаа болно.
Хариуцагч Г.Д нь 509 байрны 13 тоотод амьдардаг бөгөөд 2019 оны 7 дугаар сараас эхлэн 2022 оны 8 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрийг төлөлгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд удаа дараа төлбөр төлөхийг шаардаж шаардах хуудас, албан мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар 2019 оны 7 сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарыг дуустал 16,756 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарыг дуустал 9,956 төгрөг, 2021 оны 2 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал 21,756 төгрөг, 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал 13,956 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 16,756 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарыг дуустал сар бүр 21,756 төгрөг тус тус авахаар тогтоосон болно.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо ээрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй. гэж, мөн зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй. гэж тус тус заасныг зөрчсөн тул хариуцагч Г.Д гээс 2019 оны 7 дугаар сараас эхлэн 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 645,084 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. СӨХ-ны удирдлага 2019 оноос өөрчлөгдсөн. Хариуцагчийн зүгээс ус алдсан гэх асуудлыг албан ёсоор тавьж байгаагүй. Өөрийн хөрөнгөөр засварласан гэх асуудлаа СӨХ-д танилцуулж, холбогдох баримтуудаа гаргаж өгсөн бол СӨХ-ны төлбөрт тооцуулах боломж байсан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариу тайлбартаа энэ талаар дурдсан байна. Мөн хохирол учирсантай холбогдох нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. ... гэв.
2. Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...миний бие Х ы 509-13 тоотод 2014 оноос эхлэн амьдарч байгаа билээ. Орсон цагаасаа СӨХ-ны төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан. Гэвч 2015 оноос борооны ус зайлуулах хоолойг дагаж орж ирсэн ус тагтан дээр тогтосноос хураасан байсан өвлийн хувцас болон бусад эд хэрэгслүүд дахин ашиглах боломжгүйгээр гэмтэж хаягдсан. Уг асуудлыг удаа дараа Х СӨХ-нд мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сард өөрийн мөнгөөр засварласан. 2015-2022 оны хооронд тагтан дээр тогтсон ус байрны хананд нөлөөлж мөөгөнцөр үүсгэн улмаар бид эрүүл мэндээрээ мөн хохирсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ... гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Х СӨХ-ны бүртгэлийн 13/042, 19/109 дугаартай гэрчилгээний хуулбарууд, тус СӨХ-ны дүрмийн хуулбар, бүх гишүүдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 01 дугаар болон 2019 оны 7 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, удирдах зөвлөлийн гишүүд томилох тухай тогтоолын хуулбарууд, удирдах зөвлөлийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02 дугаартай Гүйцэтгэх захирал томилох тухай, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай СӨХ-ны төлбөр батлах тухай шийдвэрийн хуулбарууд, 509 дүгээр байрны 13 тоот харилцагч Г.Д гийн 2019 оны 7 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар дуустал хугацааны СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийг харуулсан Төрийн банкны MN280034341201209466 дугаартай дансны баримт /хх 4-13/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч Г.Д гээс 2019 оны 7 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 645,084 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Г.Д нь орон сууцны борооны ус зайлуулах хоолойг дагаж орж ирсэн ус тагтан дээр тогтосноос эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор ирсэн, энэ асуудлыг СӨХ-нд мэдэгдэхэд тодорхой арга хэмжээ авдаггүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байгаа, улмаар 2022 оны 8 дугаар сард өөрийн мөнгөөр засварласан гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 507-512 дугаар байрны СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажилладаг болох нь тус СӨХ-ны 13/042, 19/109 дугаар гэрчилгээний хуулбар, СӨХ-ны дүрмийн хуулбар, бүх гишүүдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 01 дугаар болон 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, удирдах зөвлөлийн гишүүд томилох тухай тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна. /хх 4-9/
Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 509 дүгээр байр, 13 тоот орон сууцны СӨХ-ны төлбөрийг 2019 оны 7 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал 39 сарын хугацаанд төлөөгүй, 645,084 төгрөг хуримтлагдсан болох нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан 509 дүгээр байрны 13 тоот СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийг харуулсан Төрийн банкны MN280034341201209466 дугаартай дансны баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 12-13/
Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугартай шийдвэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэлэлцэж тогтоосон байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх 11/
5. Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Х СӨХ-ны хувьд хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.Д нь орон сууцны өмчлөгч бөгөөд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээнд маргаагүй, харин орон сууцны борооны ус зайлуулах хоолойг дагаж орж ирсэн ус тагтан дээр тогтосноос эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор ирсэн, энэ асуудлыг СӨХ-нд мэдэгдэхэд тодорхой арга хэмжээ авдаггүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байгаа, улмаар 2022 оны 8 дугаар сард өөрийн мөнгөөр засварласан гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
Гэвч уг шалтгаан нь түүнийг дээрх төлбөрөөс шууд чөлөөлөх үндэслэл болохгүй ба тэрээр СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа, түүний дотроос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон санал гомдлоо тухайн СӨХ-нд гаргах, цаашлаад өөрийн хөрөнгөөр засварласан зардлаа төлбөрт тооцуулах, хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой юм.
Иймд хариуцагч Г.Д гээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 645,084 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар хариуцагч Г.Д гээс 645,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид 20,003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН